Аяллын тэмдэглэл: Hong Kong-д өнгөрүүлсэн 10 цаг

Аялал бүр гайхалтай, шинэ, соргог бүхнээр дүүрэн байдаг. Энэ удаагийн аялал ч гэсэн тийм байгаасай гэж хүсэн чимадоноо чирсээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын зүг хөдөллөлөө.
Улаанбаатараас Хонг Конг хүртэл 4цаг 30минут нисдэг. 1-р сард очсон учир Хонг Конгд ойролцоогоор 15-18 градус дулаантай байсан. Хавар намрын хувцастай явахад тун тохиромжтой.
Хонг Конг-н онгоцны буудлын шалганаар гарахын тулд орох хуудас бөглөх шаардлагатай байдаг тул шалганаар гарахдаа бөглөх гэж сандарч байснаас онгоцонд олон цаг явахдаа бөглөчихвөл их зүгээр. Онгоцны үйлчлэгч нараас асуугаад аваарай.
Би хамгийн анх гадаад уруу ганцаараа явж байхдаа энийг хэрхэн бөглөдгийг мэдэхгүй их сандарч байсан. Надтай адил хүн байж магадгүй гэж бодлоо.
- Эцэг/эхийн нэр
- Хүйс
- Өөрийн нэр
- Гадаад пасспорт дээр байдаг код ( E….. гэж байгаа)
- Пасспорт олгосон байгууллага
- Яс үндэс
- Төрсөн он сар өдөр
- Төрсөн газар
- Хонг Конгд байхдаа байрлах газрын хаяг
- Гэрийн хаяг
- Нислэгийн дугаар (Билет дээр бичгдсэн)
- Хаанаас ирсэн...
- Гарын үсэг гэсэн дарааллаар бичнэ. Бүх үсгээ томоор бичих шаардлагатай шүү.
Маш олон онгоц нэг дор буудаг болохоор үнэхээр олон хүнтэй байдаг. Хамт явж байгаа хүмүүсдээ анхаарал халамж тавьж яваарай. Ерөнхийдөө шалганаар гарах, ачаа авах гэх мэт зүйлсд ойролцоогоор 1 цагийг зарцуулдаг. Буудал их том учир терминал хооронд метрогоор явдаг.
Онгоцны буудлын гадаа такси хариуцсан ажилтанд хаашаа, хэдэн хүн явах мэдээллээ хэлнэ. Хонг Конгд 4, 5 болон түүнээс олон хүний мөн тэргэнцэртэй хүнд зориулсан такси тус тусдаа байна мөн ачааны их бага хэмжээ, тооноос шалтгаалж төлөх мөнгө нэмэгддэг. Ерөнхийдөө таксинууд нь их үнэтэй байдаг. Хэрвээ хүүхэдгүй, цөөхүүлээ явж байгаа бол автобус болон метро хэрэглэх нь хямд тусна.
Бид Хонг Конгд байрлах Big Buddha-г зорьсон юм. Big Buddha- руу cable car, автобус, такси гэх мэт зүйлс явдаг. Өвлийн улиралд cable car ажилладаггүй учир бид онгоцны буудлаас 5хүний таксинд суун Big Buddha хүртэл явахад HKD $193 болж байсан. Ойролцоогоор 1 цаг орчим явсан.
Буцахдаа бид автобусанд суухаар болсон. Ойролцоогоор 15-20минутын зайтай автобуснууд явдаг юм байна лээ. Чиглэлийн дугаар нь 23 ба том хүн HKD $17 байсан. Энэхүү автобусанд сууснаар хамгийн эцсийн буудал дээр нь буухад онгоц маань буудал байдаг арлын төвд очих ба дэлгүүрүүдтэй ойролцоо бууна.
Хонг Конг өртөг өндөртэй газар. Тиймээс усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг л үнэтэй ч гэсэн хүнсний зүйлсээ авах, хоолонд орох, бас бус зүйлс цуглуулах гээд л үрэхээс өөр аргагүй болж
Хонг Конгд 10 цагийг өнгөрүүлэн бид бүхэн Вьетнам улсын нийслэл болох Ханой хотыг зорьсон. Дараагийн дугаартаа Ханой хотоор аялсан тэмдэглэлээ хүргэх болно. Асууж лавлах зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.