Захидал ирлээ:Эх хүнийг бүү гомдоо, охин минь

2017.03.26
|
997
Эмэгтэй хүн эх хүний зовлонг амсаж амжаагүй насан дээрээ байлаа гээд эмзэг ядарсан эхийг дарамталж, шахаж болно гэсэн үг биш ээ. Хэзээ нэгэн цагт чи миний зовлонг ойлгох өдөр ирнэ.

Сайн байна уу. Монголжингоогийн уншигч ээжүүд, эмэгтэйчүүд минь. Та бүхэндээ өөрт тохиолдсон зүйлээ хуваалцаж, сэтгэлээ онгойлгох гэсэн юм. Тиймээс энэ захидлыг бичиж, дотор минь бодогдоод байгаа гомдлыг жаахан ч гэсэн тайлах гэсэн юм.

 

Би гурван жилийн өмнө нэгэн жижигхэн компани байгуулсан юм. Улсын бүртгэлд бүртгүүлж, нэр усаа баталгаажуулахаар зөвшөөрлөө авахаас яг долоо хоногийн өмнө ээж минь гэнэт нас барж миний амьдрал тэр чигээрээ хөмөрсөн гэхэд болно. Дээрээ нэг ах, доороо нэг дүүтэй би ээжээсээ хойш ганцаараа энэ амьдралыг үүрэх үүрэгтэй үлдсэн байлаа. Гэхдээ яг үнэндээ энэ үүргээ одоо л биелүүлэх гэж тэмтчин явж байна л даа. Яагаад гэхээр, ээжтэйгөө өглөө нь очиж баахан инээлдэж байгаад гарсны дараа орой нь “Ээжийн чинь зүрх зогсчихлоо” гэдэг мэдээг сонсох хэчнээн аймшигтай байсан гээч.

 

Ингээд л би гэдэг хүн энэ хагацлыг давж гарах гэж хэчнээн ч хичээгээд нулимс минь барагдахгүй, сэтгэлээр асар их унаж, сүүлдээ бие өвдөж хэвтэрт оров. Яг энэ үед хэвлийдээ хүүхэд тээж эхэлснээ мэдсэн юм. Ингээд миний бие сэтгэл гутралаасаа болоод элэгний өөрчлөлтөнд орж, элэг бас С вирустай учраас маш сайн амралт хэрэгтэй гэсэн юм. Үүгээр ч зогссонгүй. Сэтгэл гутрал гэдэг зүйл жирэмсэн эхэд шууд нөлөөлдөг юм байна. Хэвлий дэх үр минь нэг сар гарантай байхад эхэс ховхорч, би гэдэг хүн 6 сар тасралтгүй хэвтэж байж хөөрхөн хүүгээ төрүүлж чадсан юм. Байнга бие өвдөөстэй, умай тонустай, хүүхдээ цагаас нь өмнө төрүүлчих гээд хүсээгүй зүйлс цээжин дотор минь оволзож байлаа.

 

Яг л энэ үедээ өдөр бүр ээжийгээ бодон залбирдаг байсан юм. Хүмүүс нэгэнт тэнгэрт одсон хүний араас их уйлж болдоггүй гэсэн болохоор, бас жирэмсэн хүн их уйлбал улам тонус нэмэгддэг гэснээс ч тэр нулимсаа чадлаараа л барьдаг байлаа.

 

Ингэж төрөн төртлөө бараг л 2 жилийг хоосон өнгөрөөсөн хэрэг болсон юм. Компани маань дөнгөж байгуулагдаад байсан болохоор хэдэн оюутан охид авч ажиллуулсан юм. Компанийн үйл ажиллагааг нөхөр маань удирдаж, миний өмнөөс тэдгээр охидыг цалинжуулдаг байв. Гэвч сүүлийн 7 сар нөхрийн маань компани энэ хямрал гээч хар нүхэнд унаж, ажилчид нь ажлаасаа хоёр гурваараа гарч, манай жижигхэн компани ч орлогогүй таг зогсов. Ингэснээр бид ажилчид болох оюутан охидод сүүлийн 3 сарын цалинг нь өгч чадаагүй байлаа.

 

Зарим нь намайг ойлгож, “Та боломжтой болохоороо өгөөрэй. Хүүхдээ томрохоор та компаниа хөл дээр нь босгочихож чадна аа. Танд бид итгэж байна” гэж урам зориг өгөхөд нь хэрэндээ баярладаг байлаа. Харин нэг охин нь ойр ойрхон мөнгөө нэхнэ. Яалт ч үгүй сайн ажилласан, бас  сэтгэлтэй хүүхэд болохоор бид яаж ийж байгаад л мөнгийг чинь өгнө гэж хэлдэг байв. Хүү маань тэр үед 7 сартай байсан, бас хүүхэд хараад өгөх хүн надад байгаагүй болохоор шууд гараад ажил бүтээж, мөнгө олж чадахгүй байлаа.

 

Ингээд хүү минь 8 сар хүрэхэд сүүлийн 3 сарынхаа цалинг аваагүй ажилтан охид бараг үзэгдэхээ больж, ажил ч бараг зогссон байв. Өнөөх нэг оюутан охин маань дахиад л мөнгөө нэхлээ. Надад аваад өгөх мөнгө битгий хэл хүүдээ авч өмсгөх живхний мөнгө ч барагтай байсан үе.

 

Хүнийг ингэж дахин дахин нэхэж шаардуулж байхаар гэж бодоод 8 сартай хүүгээ аваад ажлаа бүтээхээр хэд хэдэн байгууллагын үүдийг сахиж, уулзах боломжтой хүнтэй нь уулзсаар овоо нааштай хэдэн мэдээтэй боллоо. Одоо л мөнгө нь орж ирэх байх даа гэсээр баярлаж суутал олон хүнтэй газраар нялх хүүхэд авч явсан болохоор үр минь ханиад хүрч, бүр хоолой нь идээлснийг би анзааралгүй явлаа.

 

Шөнө тухтай унтдаг хүү минь 02.00 цагт сэрж, бие нь яг л пийшин шиг халуу дүүгэж, бөмбөгөнөтлөө халуурч байв. Халууны шилээр үзтэл хэдийнэ 38.9 хэм. Юу хийхээ мэдэхгүй би баахан сандарч, бушуухан халуун бууруулах лаа хийгээд, эг маггүй уйлах үрээ тэврэн өрөөн дундуур бараг л гүйхээрээ алхав. Бараг цаг уйлагнасны эцэст унтсан үр минь өглөө бас л халуураад эхлэв.

 

Дахиад лаа хийгээд өрхийн эмнэлэг рүү явж хүүгээ үзүүлэв. Тэд Азитрин гэдэг таблектэн эм, бас халуун бууруулах эм, шингэн зүйл сайн өгөхийг зөвлөөд 2 хоногийн дараа үзүүлээрэй гэв. Эмээ 2 өдөр өгч байхад хүү минь халуурсан хэвээр л байлаа. Бүр 39.4 хүртэл халуурсан учир шууд дүүргийнхээ хүлээн авах тасагт очиж хүүхдийн эмчид нь үзүүлэв. Ингэхэд хоолой нь нэг талаараа идээлсэн байгааг эмч хэлээд бидэнд тариа тариулахыг зөвлөж, би ч тэр зөвлөмжийг дагалаа. Энэ хооронд зөвхөн өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг авахын тулд 24 мянган төгрөг үрсэн бол энэ удаад тариа, хөвөн, спирт, хросол авахад 30 мянган төгрөг урсав. Хүү минь зөвхөн халуурахаас гадна ойр ойрхон чацга алдаж, заримдаа бөөлжиж байв. Ингэхэд өдөрт 6-8 удаа баастай өмдийг нь угаах, баах болгоных нь дараа хросол өгөх, цагийн тариаг нь хийх, шөнө халуурч уйлагнах хүүхдээ бараг л унтах завгүй тэвэрч зогсох зэргээр хэдэн өдрийг өнгөрөөв. Хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл хүний орчлонд байдаггүй гэдгийг ямар ч эцэг эх хүлээн зөвшөөрөх байх.

 

Яг ингэж бөмбөгнөн чичрэх хүүхдээ тэврээд сууж байтал өнөөх цалингаа аваагүй оюутан охин дахин холбоо барив. “Би л ганцаараа шахам ажлаа хийж байна. Яг одоо цалингаа авмаар байна. Сэтгэл гаргаж ажилласан хүнтэйгээ ингэж харьцаж болдог юм уу” гэж байна. Би хариуд нь “Яг одоо маш хэцүү байна. Удахгүй мөнгөтэй болно. Мөнгө орж ирэнгүүт чамд өгнөө. Битгий санаа зов. Бас ийм бардам сэтгэлээр ажил хийх хэрэггүй шүү дээ” гэсэн ухааны юм хэлэв. Харин тэр миний үгийг сонсохыг хүссэнгүй, бүр 3 хоногийн дотор цалинг нь бодож өгөхийг шаардав.

 

Тэгэхэд би “Эгчид нь одоо маш хэцүү байна. Хүүхэд өвдчихсөн болохоор сүүлийн 30 мянган төгрөгөө хүүхдийнхээ эмэнд зарцууллаа. Би чамд худлаа хэлэхгүй. Чи ч бас ээж болох хүн. Нэг л өдөр над шиг өвдсөн хүүхдээ тэврээд өмнөөс нь би өвдөхгүй яав даа гэж шаналж суухад чинь хажуунаас хүн мөнгө нэхээд байвал ямар хэцүү байх вэ. Түр хүлээж байгаач” гэтэл тэр “Би ээж болоогүй байгаа юм чинь таны хэлснийг яаж ойлгохов дээ. Би яг одоо мөнгөө л авмаар байна” гэж хэлсэн юм. Энэ үг надад түүнд цаашид юу ч хэлэх хэрэггүй гэдгийг ойлгууллаа.

 

Харанхуй шөнө хүүхэд нь халуундаа шаналан эг маггүй уйлахад эх хүний өвчүүний цаана өр нь урагдаж, сэтгэл нь өмөрч, өөрөө өмнөөс нь өвдөхгүй яав гэж өөрийгөө түмэнтэй буруутгадаг юм. Ялангуяа, хүүхэд төрүүлсний дараа эх хүн хамаг цаг зав, эрүүл мэнд, бүх зүйлээ хүүхдэдээ зориулдаг болохоор мөнгө олох, орлоготой байх тухай мөрөөдөх ч эрхгүй болдог.

 

Одоо ч гэсэн надад хүүдээ живх авах мөнгө алга. Цагаан сарын хэвийн боов дуусч байгаа болохоор боов идье гэж нэхэх үрсдээ нэмж хаанаас боов боорцог авч өгөхөө мэдэхгүй байна. Яагаад гэвэл манайд гурил алга. Осолдохгүй үмх мах хөргөгчинд байгаа болохоор амжиж бэлдсэн жаахан бантагнасан гурилаараа хүүхдүүддээ бантан хийж өгөх гээд сууж байна.

 

Эх хүн хэзээ ч өдөр бүр мөнгөгүй, санхүүгийн чадваргүй, орлогогүй, навсайсан, нэвсгэр байдаггүй юм шүү дээ. Хүүхэд минь ой гарантай болоод хүнд даатгаад үлдээхэд асуудалгүй болоход нь бид ажилдаа эргэн орж, дахин цэцэглэдэг. Тэр хүртэл ямар ч эмэгтэй хүн хэчнээн хүсээд ч ганц бие байсан үеийнх шигээ, залуу халуун насных шигээ мөнгөтэй бол мөнгөтэй, өнгөтэй бол өнгөтэй байж чаддаггүй юм. Гэхдээ энэ бол түр зуурынх гэдэг нь аз юм шүү.

 

Яг ийм эх хүний эмзэг үед өөрөө эх хүн болохгүй юм шиг зан гаргасанд нь одоо ч тэр охинд сэтгэл дотроо гомдох юм. Ээж аавын нөмөр гэдэг гайхамшигтай сайхан диваажинд амьдарч байгаа болохоор минийх шиг их ачаа хөсөг тэр хүнд байхгүй. Хүссэнээрээ дэвж, хүссэн газраа хүрэхэд нь элдэв хязгаар байхгүй болохоор өөрийнхөөрөө дэвж яваа сайхан нас. Гэхдээ эмэгтэй хүн бүр ээж болж, үрийнхээ төлөө цаг минут бүрийг зориулах өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг хэлье. Хэвлийд чинь амилж, алтан умайгаас чинь унасан тэр хүн чамаас хэчнээн дахин үнэтэй гэдгийг мэдрэх бүртээ чи энэ хорвоог хайрлахын дээдээр хайрлаж, бяцхан үрсдээ аз жаргалтай ирээдүйг ургуулахыг хичээдэг юм.

 

Ийм болохоор эмэгтэй хүн эх хүний зовлонг амсаж амжаагүй насан дээрээ байлаа гээд эмзэг ядарсан эхийг дарамталж, шахаж болно гэсэн үг биш ээ. Хэзээ нэгэн цагт чи миний зовлонг ойлгох өдөр ирнэ. Тэр үед ээж хүний нуруун дээр төрүүлсэн хүүхэд бүхэн нь бас тэдний бүх ертөнц оршдог гэдгийг мэдэрнэ. Ингээд л эх хүний цээжин дотор ямар их эмзэглэл оршдгийг ойлгоод надад хэлсэн үгэндээ сэтгэл дотроо уучлал эрнэ гэж горьдож байна.



 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар