Б.Амармөнх: Жингээ хасах эхний зарчим бол “Цагаар хоолло, өлсөж болохгүй”

2017.03.29
|
22,554
“Family fitness club”-ийн багш, дасгалжуулагч Б.Амармөнхтэй ярилцлаа.Тэрээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 5-р байр, 2016 оны Монголын мистер тэмцээний 3-р байрын шагналтай. Бид фитнесс хоол болоод түүний ач тус, жингээ хасах эрүүл зөв дадлын талаар ярилцсан юм. “Family Fitnes club”-д усан спорт, аэробик, йога, бага насны хүүхдүүдэд таквендогийн хичээл заадаг зэрэг төрөлжсөн үйл ажиллагаа явагддаг юм байна.

“Family fitness club”-ийн багш, дасгалжуулагч Б.Амармөнхтэй ярилцлаа.Тэрээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 5-р байр, 2016 оны Монголын мистер тэмцээний 3-р байрын шагналтай. Бид фитнесс хоол болоод түүний ач тус, жингээ хасах эрүүл зөв дадлын талаар ярилцсан юм. “Family Fitnes club”-д усан спорт, аэробик, йога, бага насны хүүхдүүдэд таквендогийн хичээл заадаг зэрэг төрөлжсөн үйл ажиллагаа явагддаг юм байна.

 

-Танай фитнесс төвийг зорин ирж байгаа залуучууд, бүсгүйчүүдийн эн тэргүүндээ тавьж орж ирдэг зорилго нь юу байдаг юм бол. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай фитнессийн нэр өөрөө “Family fitness club” шүү дээ. Энэ утгаараа бид гэр бүлдээ, хайртай хүмүүстээ эрүүл энх амьдралыг бэлэглэх уриатай байгууллага. Иймд манайхыг зорьж ирж байгаа хүмүүсийн нэлээдгүй нь эрүүл амьдралын дадлыг өөртөө бий болгох сонирхолтой байдаг. Тухайлбал жингээ хасах хүсэлтэй нэг нь байхад эсрэгээрээ жин нэмэх, эрүүл мэнддээ анхаарч хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хүсэлтэй хүмүүс ч бий. Энэ хүмүүс мэргэжлийн тамирчид шиг бэлтгэл хийдэггүй ч зөв амьдралын хэвшил, дадалд тэмүүлж, өөрийгөө ялан дийлэхийн төлөө мэрийж зүтгэж байгааг харах сайхан байдаг. Мөн өөрийгөө дайчлаад хүссэн үр дүндээ хүрч чадсан хүмүүсийг хараад улам их урам зориг авдаг даа.

-Хүмүүсийг хараад байхад аль нэг томоохон баяраас өмнө гэнэт маш хурдан хугацаанд жингээ хасах хүсэлтэй байдаг юм билээ. Үнэхээр тэдний боддог шиг, сард их жин хасах боломжтой юу. Бас энэ нь хэр эрүүл дадал юм бол?

-Хүмүүс ер нь аливаа баяр ч юм уу, шинэ жил, март гээд тэмдэглэлт ойг тохиолдуулаад хурдан хугацаанд жингээ хасна гэж их яарч орж ирдэг л дээ. Бодит байдал дээрээ тийм зүйл бараг боломжгүй юм.

Яагаад бараг гэсэн бэ гэж асууж магадгүй юм. Тухайн хүн сард 10-20 кг хасна гээд ороод ирлээ гэж бодъё л доо. Тэгэхээр энэ хүн яг л фитнесс тамирчин шиг 7 хоногт маш олон цаг хүнд ачаалалтай бэлтгэл хийхээс гадна, маш хатуу хоолны дэглэмд орох шаардлага гарна. Ийм их ачаалал гэнэт авахаар маш их ядарна, эмзэг мэдрэмтгий болно, хүний сэтгэл зүй их хямрана, сэтгэлээр унана, стресст өртөнө гээд бэрхшээлүүд бий. Тиймээс яарч хурдан жин хасна гэхгүйгээр фитнессийг зүгээр л өөрийн нэг хэсэг болгочих хэрэгтэй. Энэ нь тийм их цаг шаарддаггүй, та 7 хоногт ердөө л 6 цагийг өөртөө зарцуулахад л хангалттай. Ингэж чадвал эрүүл сайхан харагдана, эрүүл чанартай амьдарна шүү дээ.

 

-Жингээ хасахад хооллолт 80 хувийн ач холбогдолтой байдаг гэж дуулсан юм байна. Тэгвэл жин хасахад хамгийн үр дүнтэй хооллолт юу вэ? Фитнесс хоол идэх нь маш үр дүнтэй гэдэг юм билээ. Энэ талаар ярьж өгөөч?

-Жингээ хасахаар зорьж байгаа хүмүүст өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол цагаар хооллолт, өөрөөр хэлбэл, өлсөж болохгүй гэдэг зарчим юм. Хоолны гол орц нь тахианы цээж мах. Ер нь фитнесс хоол өөрөө их хэцүү, бас цагийг яг барихыг шаарддаг. Яг цагаараа хооллоод, үүнийгээ фитнесстэйгээ хослуулвал үр дүн хурдан гардаг.

Танай сайтын дийлэнх уншигчид бүсгүйчүүд учраас эмэгтэй фитнесс хооллолтын дарааллыг хүргэе.

Өглөөний хоол 08.00 цагт нэг аяга хар кофе, нэг аяга овъёосыг буцалсан бүлээн усанд дэвтээж, өндөгний цагаан 3 ширхгийг иднэ.

08.00 цагийн хооллолтын дараагаар 2 цаг тутамд хооллох ба дараагийн хооллоно. Дараагийн хоол 10.00 цагт байх ба тахианы цээж мах 100гр, хачирт нь навчит ногоонууд, броколи, төмс, лууван байж болно.

12.00 цагт мөн л адил 100гр тахианы цээж мах, хачирт нь ногоонууд байна.

Харин дараагийн хоол 15.00 цагт идэхээр төлөвлөнө. Энэ үед арай хүнд хоол иднэ. Үүнд 100 гр үхрийн махтай, ногоотой шөл байвал зүгээр. Бүх хоол давсгүй байх ёстой.

Үүний дараа 17.00 цагт тахианы цээж махаа хачиртайгаа иднэ. Хамгийн сүүлийн хоолоо 20.00 цагт идэх бөгөөд хамгийн хөнгөн хоол байх ёстой. Ингэхдээ шинэ ногооны салатаа нэг халбага оливын тосоор амтлаад идэх хэрэгтэй.  

 

-Фитнесс дасгал хийхийн өмнө болон дараа нь заавал хоол идэх хэрэгтэй гэж дуулсан. Ингэхдээ юу идвэл зүгээр вэ?

-Бэлтгэлийн өмнөх заавал нүүрс-ус идэх хэрэгтэй. Нүүрс-усыг авалгүй бэлтгэл хийх нь бие организм их ядрахаас гадна, булчингийн масс багасаад, өөхний хэмжээ ихэсдэг. Жишээ нь нэг амтлаг төмсийг, япон бор будаатай хамт идэх хэрэгтэй.  Өдөртөө 3 литр ус ууж байх шаардлагатай. Бэлтгэлийн дараа хүн маш их энерги зарцуулсан байдаг тул их ядарсан, их хөлс хүчээ дайчилсан байдаг шүү дээ. Үүнийг богино хугацаанд нөхөх зорилгоор Вэй гээд уураг байдаг. Вэй уургийн гол үйлчилгээ нь энергийг богино хугацаанд нөхөх юм.

 

-Нэгэнт уурагны тухай ярьсан юм чинь нэмэлтээр уух боломжтой уургуудын талаар ярьж өгөөч?

-Фитнессээр хичээллэдэг болон жин хасах гэж байгаа хүмүүс заавал уураг уух ёстой. Amino гээд уураг байдаг. Фитнесс дасгал хийгээд жин хасч байгаа хүмүүс их ядардаг. Харин amino уургийн үйлчилгээ нь булчингийн энергийг богино хугацаанд сэргээж өгдөг. Ингэснээр булчингийн ачаалал даах чадвар нэмэгдэж, ядрах зовиур арилдаг. Хэрэглэхдээ бэлтгэлийн дундуур 250 мл усанд нэг халбагыг хийж найруулж уудаг.

Мөн казень гээд уураг байдаг. Үүнийг орой унтахдаа уудаг. Энэ уураг нь хамгийн удаан шингэдэг уураг юм л даа. Хоолны дэглэмдээ арайхан дасаагүй байгаа хүмүүсийн хувьд оройд өлсөх мэдрэмж төрж, унтаж чадахгүй сэрэх гэх мэт зовиур гарч ирдэг. Харин энэ уургийг ууснаар өлсөх зовиур арилдаг.

 

-Танай төвд явсан хүмүүсээс хоолны дэглэм болон фитнессээ хослуулснаар галбираа алдахгүй хамгийн их жин хассан дээд амжилт нь хэдэн кг байсан бэ?

-Хоолны зөв дэглэмээ бариад, фитнессээ тогтмол хийж, булчингийн массаа алдалгүйгээр, зөв галбиртай турсан дээд амжилт нэг сард 10 кг байсан.

 

-Бас нэг зүйл байна л даа. Зарим хүмүүс маш олон сараар фитнессээр хичээллээд л байдаг. Гэвч үр дүн гардаггүй. Үнэхээр огт турдаггүй хүн гэж байдаг юм уу. Эсвэл өөр зүйл байна уу?

-Хүмүүс хамгийн түрүүн зорилгоо тодорхойлж, багштайгаа харьцсанаар өөртөө тохирсон хөтөлбөрөөр зөв хоолны дэглэм барих шаардлагатай.

Багштайгаа харьцдаггүй, өөрөө дур мэдэж дасгал хийх гэж оролддог, дасгалын суурь мэдлэг муутай, мөн буруу хоолны дэглэм барьдаг гэхчилэн хувь хүний алдаатай холбоотойгоор үр дүн гарахгүй тал байдаг.

Хүмүүс жин хасах гэж байна гээд бүр хоолоо хасах юм уу, огт юм идэхгүй байснаар булчингийн массаа алддаг. Өлссөн юм уу, хоосон ходоодтой бэлтгэл хийснээр булчингийн эсийн доторх энерги шавхагдаж хүн их ядарч булчингийн масс багассдаг. Харин эсрэгээрээ өөхний хэмжээ багасдаггүй.

-Тэгвэл нэг сар хатуу хоолны дэглэм бариад, тогтмол фитнесс хийгээд үр дүндээ хүрлээ гэж бодоход үүнийгээ яаж цааш нь хадгалах вэ?

-7 хоногийн 6-7 өдөр бэлтгэл хийгээд, хоолны дэглэмээ бариад зорилгодоо хүрсний дараа цаашид хоолны дэглэм зөөлөрч, бэлтгэл хийх өдөр багасах байдлаар явдаг. Дандаа тахиа байсан бол үхрийн мах руу ордог ч юм уу, бага зэргийн давс хэрэглэнэ гэхчилэнгээр  хоолны дэглэм нь зөөлөрдөг. Бэлтгэл хийх өдөр цөөрч 7 хоногийн 3-4 өдөр гэх мэтээр хасагдаад явдаг. Зорилгодоо хүрчихлээ гээд бүр хаявал эргээд л таргална гэдгийг анхаараарай.

 

-Гэхдээ хоолны дэглэм барихад сэтгэл зүйн бэлтгэл чухал юм шиг ээ. Тэгэхгүй бол хоолоороо өөрийгөө удирдана гэдэг амаргүй зүйл байх?

-Мэдээж хамгийн гол зүйл бол сэтгэл зүйгээ бэлтгэх асуудал. Анх фитнессээр хичээллэхээр орж ирж байгаа хүмүүс ямар дасгал хийх болон ямар хоолны дэглэм барих  талаар огт төсөөлөлгүй орж ирдэг тал бий. Эдгээр хүмүүст зөвлөхөд өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тогтмол дасгал хийх шаардлагатайгаас гадна, хатуу хоолны дэглэм баримтлана гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Миний хувьд над дээр хичээллэх гэж орж ирж байгаа үйлчлүүлэгчтэйгээ маш сайн ярилцаж, зорилгыг нь сонсож, хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөний зөв техник, тактикын талаар ярилцаж, фитнессийн талаар ойлголттой болгосноор сэтгэл зүйг нь бэлдэх зорилгоор эхний нэг сар дасгалыг зөв хийлгэж сургаад, дараа сараас нь хоолны дэглэм рүү оруулах байдлаар бэлддэг.

Фитнесс гэдэг спорт бол бусад спортоос ялгаатай нь биен дээр бие бүтээдгээрээ ялгагддаг. Шувтан мөртэй хүн байлаа гэхэд сайхан ханагар мөртэй болох боломжтой, бөгтгөр байлаа гэхэд тэгш сайхан нуруутай болох боломжтой, өгзгөө сайхан болгох боломжтой гэх мэтээр ялгаатай шүү дээ. Хүссэн зорилгодоо хүрсэн байхад тухайн хүнд өөртөө итгэл дүүрэн, гоо сайхнаа гайхуулан алхах, урам зоригтойгоор эрүүл урт удаан амьдах сайхан шүү дээ. Гол нь өөрийгөө ялан дийлэх учиртай юм шүү дээ.

 

-Ийм сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе?

-Манай фитнессийн тоног төхөөрөмжүүд ази хүний биеийн онцлогт зориулсан гэдгээрээ маш их онцлогтой. Мөн агааржуулалтын хувьд хамгийн сүүлийн үеийн агааржуулах системтэй, олон хүн хичээллэхэд ачаалал үүсэхгүй, агааржуулалт маш сайтай, цэвэр тохилогоороо бусад фитнессээс ялгаатай. Иймд биднийг зорин ирэх хүн бүхнийг чин сэтгэлийн үйлчилгээгээр угтаж, өөрийгөө ялан дийлж гоо сайхнаа бүтээхэд тань мэдлэг, чадвар, зөвлөгөөгөөр цаг үргэлж тусалж чадна. Үүний үр дүнд та бүхэн хүссэн хугацаандаа хүссэн үр дүндээ хүрч чадна гэдгийг батлан хэлье.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар