Төмсний талаар таны төсөөлөө ч үгүй 9 ач тус

2017.04.03
|
19,782
Тийм ээ, бид төмсийг таргалуулдаг, цардуул ихтэй гэдгээр нь мэднэ. Гэхдээ энэ хүнс үнэхээр бидний төсөөлдөг шиг ашиг тус маруухан юм гэж үү… Тэгвэл таны тэр бүр мэдэхгүй зүйлийг энд хуваалцаж байна.

Тийм ээ, бид төмсийг таргалуулдаг, цардуул ихтэй гэдгээр нь мэднэ. Гэхдээ энэ хүнс үнэхээр бидний төсөөлдөг шиг ашиг тус маруухан юм гэж үү… Тэгвэл таны тэр бүр мэдэхгүй зүйлийг энд хуваалцаж байна.

Төмс бол дэлхий даяар маш өргөн тархсан, витамин, эрдэс бодис, амин чухал органик нэгдлүүдийг агуулсан шим тэжээл, энергийн эх үүсвэр юм. Төмс нь 70-80% ус, 17% орчим цардуул, А, B, P бүлгийн амин дэмүүд болон кальци, фосфор, төмөр, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд ялангуяа витамин С, калийг их хэмжээгээр агуулдаг. Төмсний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдолоос дурдвал:

1. Хоол боловсруулалтыг сайжруулна. Хялбар шингэх нүүрс-ус агуулсан тул хүнд хоол шингээж чаддаггүй ахмад настан, хүүхэд мөн уураглаг хүнс идэхийг хориглосон өвчтөн хэрэглэхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн эслэг их агуулдаг тул ходоодны шүүс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөн хаталтаас шалтгаалан бий болдог бүдүүн гэдэсний хавдараас ч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

2. Арьс арчилгаа. Арьсны гоо сайханд тустай С болон В бүлгийн витаминууд, түүнчлэн кали, магни, фосфор, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд төмсийг үрээд зөгийн балтай хольж маск тавихад нүүрэн дээрхи батга, сэвх толбо арилдаг арилдаг байна. Нухсан төмс болон төмсний ус нь тохой болон гарын арьсыг маш сайн цэвэрлэж зөөлрүүлдэг ажээ.

3. Чийг бамаас сэргийлнэ. Витамин С дутлаас болж үүсдэг завьж хагарах, буйл хавдах цус гарах гэх мэт шинж тэмдэгүүд нь танд чийг бам өвчин туссаныг илтгэнэ. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхийн тулд С витамин агуулдаг хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнийг хангахад тохирох хамгийн хямд эх үүсвэр бол төмс юм.

4. Үрэвсэлт өвчний үед. Зөөлөн, шингэц сайтай тул биед түргэн шингэж, витамин C, кали, витамин B6 зэрэгийн агууламж нь үрэвслийг дарахад нөлөөлдөг. Жишээ нь амны шархлаатай хүмүүсийн эдгэрэлтэнд маш сайн нөлөөлдөг хүнс юм. Үе мөчний үрэвслийг чанасан төмсөнд агуулагдах эрдэс болох кальци, магни нь багасгах нөлөөтэй байдаг байна.

5. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан болон хүрэн өнгийн төмснүүд нь флавнойд антиохидант /ургамлын будагч бодис/, витамин А агуулсан байдаг нь олон төрлийн хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Түүнчлэн витамин А, С өндөр агууламж нь хоёулаа хорт хавдрын аюулаас таны биеийг хамгаалж чадах антиоксидант чанартай билээ.

6. Цусний даралт ихсэлт. Төмсөнд агуулагдах кали нь судасний ханыг тэлэх нөлөөтэй, эслэг нь цусан дахь хлостериныг бууруулах нөлөөтэй тул цусний даралт ихсэлтийг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ нүүрс усны агууламж өндөртэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг.

7. Тархины үйл ажиллагаанд сайн. Тархины хэвийн үйл ажиллагаанд цусан дахь глюкозын түвшин, хүчилтөрөгчийн хангамж, омега-3, В бүлгийн витаминууд, зарим гормон, амин хүчил, төрөл бүрийн тосны хүчлүүд гээд л маш олон шим тэжээлийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Төмс дээр дурдсан бараг бүх шаардлагад нийцэж чаддаг тул тархинд хэрэгцээтэй хүнсний нэг болдог. Жишээлбэл цусан дахь глюкозын түвшингээ хангалттай түвшинд байлгах нь ядаргаанаас сэргийлж, суралцах болон өндөр гүйцэтгэлтэй ажиллахад хамгийн их нөлөөлдөг.

8. Зүрхний өвчлөлөөс сэргийлэх. Витамин, эрдэс, эслэг болон каротинойдын агууламж нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд ач холбогдолтой.

9. Бөөр өвчлөл. Эрдэс, давс ихээр агуулсан ус ууж хэрэглэх, давс ихтэй хоол тогтмол идэх нь бөөр чулуужих эрсдэлийг дагуулж байдаг. Цардуул нь бие дэх илүүдэл давс, тэр дотроо хлорт натрийг идэвхтэй гадагшлуулах үйлчилгээтэй, мөн биед хуримтлагдсан бусад хортой бодисыг ч өөртөө шингээж гадагшлуулдаг тул урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн бөөрний өвчтэй хүмүүст уураглаг хоол хүнс хэрэглэхийг хязгаарладаг тул уураг бага агуулсан төмсийг хэрэглэхийг зөвлөдөг.

 

Дээр дурьдсанаас гадна олон олон ашиг тустай чанар бий боловч зөв хэрэглэхэд анхаарах зүйлс бий.

·        Нүүрс ус ихээр агуулдаг тул хэтрүүлэн хэрэглэх нь таргалуулах эрсдэлтэй.

·        Биед хэрэгтэй эрдэс, витамин эслэг нь ихэвчлэн хальсандаа агуулагддаг тул аль болох хальстай нь болгож идэх нь биенд         илүү ашиг тустай.  

·        Төмсийг жигнэж болгох нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Чанах явцад  аминдэмийнх нь 30% нь шөлөнд уусдаг бол харин         ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо ганц хувийг л алддаг байна.

·        Тосонд шарсан, хуурсан төмс нь тэжээллэг чанараа алдаж, тос их шингээж хэт их хоосон илчлэгтэй болдог тул эсрэгээрээ         эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Шарсан төмсөнд  6-8 грамм биед шингэдэггүй натураль биш тосны хүчлийг агуулагддаг.         Эрдэмтэдийн судалгаагаар шарсан төмс ихээр хэрэглэсэн хөхүүл эхийн сүүний чанар буурсан, чихэрийн шижин өвчний         эрсдлийг нэмэгдүүлдэг, дархлаа бууруулдагийг тогтоожээ.

·        Төмсөн дэх C аминдэм төмөртэй урвалд орж задардаг тул зэвэрдэггүй ган хутга, зориулалтын арилгагч зэрэгээр цэвэрлэж         байхыг зөвлөдөг байна.

·        Ургаж байхдаа наранд ил гарч, ногоорсон төмсөнд соланин хэмээх  гашуун амттай хорт бодис үүссэн байдаг тул хүнсэнд         хэрэглэхгүй байх хэрэгтэй.

·        Түүнчлэн шинэ ургацын төмс нь зооринд хадгалагдсаныг бодвол витаминлаг чанараараа илүү байдаг байна.

Х.Пүрэвсүрэн

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар