5000 ам.доллараа нэг тэрбум болгож чадсан бүсгүйн түүх

Нийтлэлч: Гантуул
2017.04.16
|
17,290
Хуульч болохоор төлөвлөж байсан бүсгүй элсэлтийн шалгалтандаа унаснаар амжилтын зам нь нээгдсэн ч байж мэдэх юм. Гэхдээ ингээд л шууд мөнгөтэй болчихоогүй юм шүү.

Энэ тухай мэдэх хүртлээ би Spanxийн триког зүгээр л өдөр бүрийнхээ хувцаснаас өөрөөр төсөөлж байгаагүй билээ. Бэлхүүсийг илүү нарийхан харагдуулдаг, биед эвтэйхэн, тухтай энэ трико сүүлийн 5 жил миний хамгийн хайртай “найз” болоод байгаа.

 

Гэхдээ эмэгтэйчүүдийн галбирыг тодотгогч энэхүү брэнд таны гарт хүртлээ хялбар зам туулаагүй гэдгийг эхлээд танд хэлье. Энэ триког зохион бүтээгч Sara Blakely хэмээх эгэл жирийн бүсгүй хэдхэн жилийн өмнө хэний ч анхааралд өртөж байсангүй. Эгэл жирийн л энэ америк эмэгтэйг хэн ч 2012 оны тэрбумтан болно гэж төсөөлөө ч үгүй биз. Тэрээр 2014 онд дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байсан юм шүү.

Хуульч болохоор төлөвлөж байсан бүсгүй элсэлтийн шалгалтандаа унаснаар амжилтын зам нь нээгдсэн ч байж мэдэх юм. Гэхдээ ингээд л шууд мөнгөтэй болчихоогүй юм шүү. Walt Disney World-д бүхэл бүтэн 3 сар ажилласан ч түүний цаг хугацаа зүгээр л салхинд хийснээс ялгаагүй болж үлдсэн гэдэг. Дараа нь “Данка”-гийн факсын машин зардаг ажилд оров. Байгууллага болгоны хаалга тогшиж, бараагаа зарах гэж чармайх тийм л нэгэн хэвийн уйтгарт өдрүүд өнгөрсөөр байв.

 

Флоридагийн халуун бүгчим цаг агаарт борлуулагчийн ажил хийнэ гэдэг амар биш ээ. Ялангуяа, эмэгтэй хүнд. Тэр халуунд байнга өмд өмсөөд байх боломжгүй, бошинз өмсмөөр байсан ч урт трико углаад явна гэдэг яршигтай ажил. Нэгэн удаагийн ажилчдын өдөрлөг дээр Сара эмэгтэйчүүдэд халуун цаг агаарт хүссэн бошинзоо өмсөөд явахад нь туслах түвэггүй, өмсөхөд хялбар, хамгийн гол нь бошинз өмсөхөд үнэхээр таатай хувцас хэрэгтэйг олж харсан юм. Тэр үед Сара дөнгөж 25 настай байлаа.  

 

27 настайдаа Сара Атланта руу нүүв. Гэвч тэрээр Данка-д факсын машин зарсан хэвээр байв. Ингээд тэрээр дараагийн хоёр жилийг 5000 ам.доллар цуглуулж, толгойд нь багтсан өнөөх эмэгтэйчүүдийн яршиггүй, эвтэйхэн хувцсыг зохион бүтээхэд зарцуулсан юм. Оюуны өмчийн газраас лавлахад, эмэгтэйчүүдийн богино триконы зохиогчийн эрх авсан тохиолдол бүртгэгдээгүй байв.

Үнэндээ зохиогчийн эрх авахад 3000-5000 ам.доллар төлдөг зохицуулалт түүнд үнэхээр хэцүү санагдаж байсан гэдэг.

 

Тиймээс тэрээр Хойд Каролина руу нүүв. Энэ бол Америкийн оймсны үйлдвэрлэлийн гол төв гэж болохоор газар байлаа. Өөрөөр хэлбэл, түүний санааг хэрэгжүүлэх үржил шимт хөрс нь болж чадах байв. Нэлээн олон компаниар орж санаагаа танилцуулсан ч хүлээж авах хүн олдсонгүй.

 

Ингээд хоёр долоо хоног баахан тэнэсний дүнд нэгэнт санааг нь хэрэгжүүлж, үйлдвэрлэлд оруулахгүй юм байна гэж бодоод Хойд Каролинагаас буцахаар шийдэв. Гэртээ ирээд байтал Хойд Каролинагийн оймс үйлдвэрлэгчээс түүнд цахим шуудан ирснийг хүлээн авлаа. Энэхүү шууданд гурван охиноосоо дэмжлэг авсан нэгэн эрхэм түүний санааг хэрэгжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байсан юм.

Ингэж түүний санаа биеллээ олж, өдгөө арван төрлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн хайртай триког тэрээр үйлдвэрлэн гаргаж байна.

 

Гэхдээ тэр бүтээгдэхүүнээ хэрхэн нэрлэхээ эхэндээ мэдэхгүй л байлаа. Бас яаж тэр их мөнгийг төлж зохиогчийн эрх авах нь тодорхой бус байсан ч санааг нь өндрөөр үнэлсэн түнш нь эдгээр асуудлыг зохицуулж чадсан юм.

Харин бүтээгдэхүүний нэрний хувьд “Coca-Cola”, “Kodak” зэрэг брэндүүдийн нэрэнд нэг ижил зүйл байгааг тэрээр олж мэдэрчээ. Энэ бол тэдний нэрийг илүү тодотгож буй “К” үсэг байсан юм.

К үсэг түүний бүтээгдэхүүний нэрийг тодорхойлох ёстой гэж тэр боджээ. Нэгэн удаа автобусанд зорчиж явтал гэнэт л “Spanx” гэдэг нэр толгойд нь ороод ирж. Ингээд л эргэлзээгүйгээр үүнийг брэндийнхээ нэрээр сонгосон гэдэг.

 

Компани ингээд л хөл дээрээ босчихоогүй юм шүү. Блейкли брэндээ хэрхэн эмэгтэй хүн бүрийн хэрэглээ болгох вэ гэж өдөр бүр толгой гашилгадаг байсан нь мэдээж.

Нэгэн удаагийн ажил хэргийн уулзалтын үеэр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний томоохон борлуулагч, үйлдвэрлэгч Neiman Marcus Group түүний санаачлагыг дэмжиж, худалдан авахаар тохиролцсон аж. Улмаар Блэйклигийн триконууд захын дэлгүүрүүдээс авахуулаад томоохон худалдааны төвийн лангуун дээр өрөөстэй байх болов.

 

2000 оны арваннэгдүгээр сард Opra Winfrey Блэйклигийн триког “Хамгийн сайхан бүтээгдэхүүн” хэмээн нэрлэсний дараа Блэйкли “Данка”-гаас нэгэнт салах ёстойгоо ойлгожээ. Спанкс триконы борлуулалт эхний жилдээ л 4 сая ам.доллар олсон бол дараагийн хоёр жил нь 10 сая “ногоон”-д хүрэв. 2001 онд тэрээр QVC-д 8000 трико нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

2003 оны аравдугаар сард Блэйкли өөрийн бүтээгдэхүүнээ эмэгтэйчүүдийн өндөр өсгийтийн хамгийн тухтай өмсгөл болгохоор шийджээ. Ингээд 2014 онд тэрээр “Форбс”-ийн нэрлэсэн дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн нэгээр тодорсон билээ.

Хувийн амьдралын хувьд Блэйкли хамт ажиллаж байсан Jesse Itzler хэмээх залуутай амьдралаа холбожээ. Тэдний хуриманд Matt Damon,  Olivia Newton-John нар уригдаж байжээ. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн амжилтын туршлагаас мэдэхийг хүсвэл та бидэнтэй үргэлж хамт байж, биднийг дагаарай. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар