Фитнессийн мэргэжлийн багш жин хасах тэжээллэг хоолны жорыг хуваалцлаа

Ингэж нэг хаврын улирал айлчилан ирлээ! Гэвч цаг агаар хараахан хаврын урийг сануулахгүй байх шиг. Нэг өдөр нь нарлаг, маргааш нь хүйтэн жиндүү гээд л ямар хувцас өмсөхөө шийдэхээс гадна дахиад нэг чухал асуудал үлдэж байна. Энэ бол өдөр бүр юу идэж уух вэ гэдэг асуулт.
Яагаад гэвэл хавраар бид өөрсдөө ч мэдэлгүй ихээхэн тамирдаж ядардаг шүү дээ. Иймд энэ улиралд амин дэмээр баялаг, тэжээллэг, мөн бага илчлэгтэй хоолны сонголтонд тань хачир нэмэхээр “Family fitness club”-ийн багш М.Галсайхантай хамтран дараахь жорыг хүргэж байна.
М.Галсайхан багш “Өдөрт зарцуулж байгаа илчлэгийн хэмжээнээс бага хоол идэж, энерги болон задруулснаар жин эрүүлээр хасагдах нөлөө болдог.
Хооллолт болон илчлэг зарцуулалт гэсэн хоёр ухагдахуун урвуу хамааралтай. Мөн хоолны давс, амархан задрах нүүрс усыг багасгах нь жин хасах явцыг эрчимжүүлж, дасгал хөдөлгөөн хийснээр бодисын солилцоо түргэсч,дархлаа чадамж дээшилж, биеэс хортой бодис гадагшлахаас гадна, эрүүл гоолиг биеийг бүтээдэг гэдгийг санах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.
Эрхэм уншигч та М.Галсайхан багшаас зөвлөгөө авахыг хүсвэл 88038340 утсаар ажлын цагуудад холбогдоорой.
Roasted chicken буюу шарсан тахиа
Өнгөрсөн хүйтэн саруудад тахиаг уламжлалт аргаар шарж ногоотой хамт идэх ч сайхан байсан л даа. Гэхдээ улирал маань хаврын урь орж байгаа учраас илүү амин дэмээр баялаг ногоонуудтай хольж шарах нь зохимжтой. Тухайлбал, гоньд, улаан манжин, гадиск, сонгино, амтат чинжүү, спаржа (asparagus)-г хачиртаа багтаагаарай.
Төмсөнд дуртай бол...
Та жигнэсэн төмсөнд дуртай бол энэхүү төмсний салатыг санал болгоё: Төмс нь витамин С, кали, эслэгээр маш баялаг. Энэ хүйтэн хаврын өдрүүдэд супер-фреш, эрүүл жигнэсэн төмсний салатыг сонгож гэр бүлээ дайлаарай.
Үүнийг хийхдээ: төмсөө 20 минут жигнэж болгоод, тусгай бэлдэж жижиглэж хэрчсэн шарсан тахиа эсвэл гахайн махтайгаа хамт шарх ба үүн дээрээ амтат чинжүү, ногоон сонгино, давс, бага зэргийн перец хийж амталж өгнө.
Грилдэж шарсан сэндвич
Та грилдэж шарсан сэндвичэнд дуртай бол үүн дээрээ нэрс нэмнэ гэвэл ямар вэ? Тиймээ, нэрс, та зөв сонссон. Өөрөөр бол нэрстэй, грилдсэн бяслагтай сэндвич юм. Энэхүү сэндвич нь амттайгаас гадна, амин дэмээр баялаг учраас хаврын ядарсан дархлааг маань дэмжихэд их тустай шүү.
Үүнд: 2 зүсэм талх, цагаан бяслаг (Mozzarella, Monterey, Swiss), бууцайны хэдэн навч, тал аяга хөлдөөсөн нэрс, 1 халбага балзамикын цуу, 1 цайны халбага бор сахар хэрэгтэй.
Эхлээд нэг жижиг саванд нэрс, балзамикын цуу, бор сахраа хольж, бага галаар, болтол нь удаан буцалгана. Ойролцоогоор 5 минут буцалгах ба үүний дараа жимсээ шүүж авна. (шүүсийг нь та коктейль эвсэл панкейк хийхдээ хэрэглэж болно). Дараа нь шүүсэн нэрсээ талхан дээрээ тавьж, дээрээс нь бууцай болон ахиухан бяслаг тавиад, дахин нэг зүсэм талх тавиад шарах шүүгээндээ 5 минут грилдэхэд бидний сэндвич бэлэн боллоо.
Хурдан бас амархан Грек салат
Хурдан бас амархан Грек салат (ердөө л 5 минут): Хавар болоод бие махбодь маань сульдаж ядраад, өглөө босох гэдэг хүндхэн зүйлтэй өдөр бүр тулгарч байна уу. Сэрүүлгээ дахин дахин хойшлуулсаар байгаад цагаа тулгах шахам босч, яаран ажил, сургуульдаа дэгдэж байна уу. Тэгвэл энэхүү салат нь таны үнэт цагийг хэмнэж, амин дэмээр баялаг учир дархлаа чадамжаа дээшлүүлж хаврын ядаргааг илааршуулах ид шидтэй учир өглөө бүр хийж идэхийг зөвлөж байна.
Үүнд: 1 ширхэг ногоон чинжүү, 1 аяга жижиг улаан лооль, 1 ширхэг өргөст хэмх, 1\2 улаан сонгино, бага зэргийн фета-бяслаг, 2 цайны халбага улаан дарсны цуу, 2 хоолны халбага оливын тос, бага зэргийн хуурай базилик хэрэгтэй.
Ногоонуудаа угааж, ногоон чинжүү, өргөст хэмхээ дөрвөлжилж хэрчээд, үүн дээрээ жижиг улаан лоолио хийж, сонгиноо жижиглэж нарийхан хэрчиж хийгээд холино. Үүн дээрээ бяслаг, улаан дарсны цуу, оливын тос, базиликаа хийж хутгаад бидний салат бэлэн боллоо.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.