И.Алтанцэцэг: Булбарай, цагаан гар, өнгөлөг, бөх хумсыг зөв арчилгаа л бүтээдэг

2017.05.02
|
27,867
Эмэгтэй хүн бүрийн хамгийн сайхан гоёл бол мэдээж сайхан гар, сайхан хумс. Тэгвэл гараа өдөр бүр цэмцгэр, цагаан, булбарай байлгаад зогсохгүй хумсаа өнгөлөг, толигор, бат бөх байлгахын тулд бид юу мэдэх ёстой вэ.

Энэ талаар “Orange” салоны маникюрчин И.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрээр мэргэжлээрээ 7 жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Энэ хугацаанд 200 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болжээ.

 

Хумс бол тухайн хүний эрүүл мэндийн толь болдог

 

-Бүсгүйчүүд бидний ихэнх нь өдөр тутмын ажилдаа түүртээд гар хуруу, тэр дундаа хумсаа засуулж янзлуулах асуудлыг хойш нь тавиад сурчихсан байдаг л даа. Иймд маникюрын талаар товчхон ойлголтыг манай уншигчдад хүргэхгүй юу?

-Би бүр анхны ойлголтоос нь ярьж өгмөөр байна л даа. Юу гэхээр, хумс нь хүний дайвар эрхтэн, үүрэг нь хурууны үзүүрийг механик гэмтлээс хамгаалах юм. Мөн хумс нь эхийн хэвлийд байх 3 дахь сараас үүсч, төрөхөд бүрэн хөгжиж дууссан байдаг.

Маникюр анх Дундад Ази буюу Хятадаас гаралтай. Тухайн үеийн сурвалжит хатагтай нар хадамд гарахдаа чигчий болон ядам хуруундаа үзүүртэй шовх хэлбэртэй зүйлийг зүүж ураг барилддаг байсан. Он цаг өнгөрөхийн хэрээр тухайн металл зүүлтийн хэлбэр дүрсийг сайжруулж, дээр нь хээ хуар зурах зэргээр дэлгэрч зөвхөн сурвалжит эмэгтэйчүүд гэлтгүй энгийн ард иргэдийн дунд тархаж улам сайжирсаар өнөөгийн маникюр гэдэг урлаг үүссэн юм билээ.

Одоо үед хумс засах багаж тоног төхөөрөмж сайжирч, хумсны аксессуар жижиг эдлэлүүдийн тоо хүрээ тэлсээр урлаг болтлоо хөгжөөд байна. Тухайн хүн өөрөө бүрэн маникюр хийх их хэцүү. Хумсны арын зэтрийг дутуу авснаас арьс нь шамрах, цус шүүрч эмзэглэх, арьс нь арзайх, мөн хумсны хэлбэр алдагдаж далбайж өргөсөх зэрэг гоо зүйн үзэмжинд нөлөөлдөг. Тогтмол маникюрт орсноор хумсны хэлбэр засарч, хумсны толио томрох, зөв авсан тохиолдолд арын зэтэр зөв ургана.

Мэргэжлийн маникюрчид тухайн үйлчлүүлэгчийн сонирхол, зан төлөв, хувцаслалт, мэргэжлийн онцлог, стиль имижид тохируулан зөвхөн тухайн хүнд тохирсон өнгө, хумсны хэлбэр, хээ, хумсны аксессуар зэргээр бүхэл бүтэн урлагийг хумсан дээр буулгадаг. Хумс нь 90-115 хоногт бүрэн шинэчлэгддэг. Маникюрт 14-17 хоногт орох нь хамгийн зөв хугацаа болдог.

Харин миний хувьд эмэгтэй хүний гар, хумс гэдэг бол тухайн хүний нэрийн хуудас болдог гэж хэлэх дуртай.

 

-Би өөрөө эмч хүн л дээ. Мэргэжлийн онцлогоос болоод  ч тэр үү хамгийн түрүүнд асуух зүйл маань хумс засаж янзлах багаж хэрэглэлийн ариутгал, халдваргүйтгэлийн талаар асуумаар байна. Учир нь хумсны олон төрлийн халдварт өвчин байдаг. Ялангуяа хумсны мөөгөнцөр нь багажаар дамжих эрсдэл өндөр шүү дээ?

-Тийм ээ. Манай салон маникюрын халдваргүйтгэлийн автоклавтай. Нэг үйлчлүүлэгчид  хэрэглэсэн багажаа автоклавдаа хийгээд ариутгадаг. Дараагийн үйлчлүүлэгч орж ирлээ гэхэд дахин шинэ халдваргүйжүүлсэн ариун багажаар үйлчилдэг. Мөн мэргэжлийн маникюрчид хумсны эмгэгийг зайлшгүй ялган таньдаг байх ёстой.

Тухайн үйлчлүүлэгчийн хумс ямар эмгэгтэй байна гэдгийг эхний ээлжинд оношлоод нарийн мэргэжлийн арьсны эмч рүү явахыг зөвлөдөг. Жишээ нь, хумсны мөөгөнцөр өвчтэй хүний хумс их зузаарч тавхайрсан, өнгө нь шарласан, мөн үрэхэд амархан үүрч бутарч унаад байдаг.

Харин хумсны механик гэмтлүүдийн тухайд, хумсны зэтэр гэмтэх буюу хумсны толионы арын мах гэмтэж амархан цус гараад байдаг. Энэ тохиолдолд тэжээлийн тос сайтар түрхэж, байнгын мэргэжлийн маникюрчнаар зөв засуулсан тохиолдолд эдгэрнэ.

Мөн хумсанд хөндлөн, босоо янз бүрийн атираанууд үүсдэг. Энэ нь янз бүрийн бодисын солилцооны эмгэгүүд, жирэмслэлт, стресс зэрэгтэй холбоотой байдаг юм. Энэ тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөдөг.

Хумс бол тухайн хүний эрүүл мэндийн толь болдог. Гэмтэлтэй, эмгэгтэй хумсан дээр будаг тогтохдоо муу байдаг учраас хамгийн түрүүнд дотор эрхтэний эмгэг байгаа бол түүнийгээ эмчилж эрүүлжүүлэх шаардлагатай.

 

 

Шарласан хумсыг давсны уусмал, лемоны шүүсээр цайруулдаг

 

-Зарим хүмүүсийн хумс шарлачихсан байдаг. Заавал будахгүй л бол таагүй харагдаад байдаг шүү дээ. Тиймээс шарласан хумсны тухайд ямар арчилгаа байдаг вэ?

-Хумс шарлах нь чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэх, хамгаалалтын суурь будаг тавилгүй хумс будах зэргээс үүсдэг. Дулааны улиралд будагтай хумс нь нарны хэт ягаан туяаг өөртөө их татдаг учраас хумсаа будахын өмнө заавал хумсны суурийг тавих хэрэгтэй.

Харин нэгэнт шарласан хумсыг хувь хүн өөрөө арчлах шаардлагатай. Гэрийн нөхцөлд давсны уусмалаар арчиж болно. Үүнийг бэлтгэхдээ нэг аяга халуун бүлээн буцалсан ус, нэг цайны халбага давс, нэг дусал иодын уусмалыг нэмж хутгаад уусмалаа бэлтгэнэ. Үүнийгээ орой бүр хөвөнд шингээж хумсаа арчих нь үр дүнтэй. Мөн лемоны шүүсийг хөвөнд шингээж арчих нь шарласан хумсыг цайруулах үр дүнтэй байдаг.

 

Цаасаар уртасгаж хийсэн шилэн хумс нааж, миррор будалт, ялтсаар чимэглэсэн байдал

-Манай найз бүсгүйн хумс их амархан хугарчихдаг. Харин миний хумс их нимгэн, туялзаад байх хандлагатай байдаг. Ийм хумсыг яаж бат бөх болгох вэ, бас ямар арчилгаа байдаг вэ?

-Эрдэс бодис, А, С, Е амин дэм дутагдах, мөн цус багадах зэргээс болж хумс нимгэрч амархан хугарамтгай болдог. Тиймээс поливитамин, эрдсүүдийг агуулсан витаминуудыг хэрэглэх хэрэгтэй. Мөн нарийн мэргэжлийн эмчид хандан цус багадалтыг оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй.

Хумс нимгэрсэн тохиолдолд зөгийн бал нэг цайны халбага, нимбэгний шүүс, өндөгний шарыг хольж сайтар хутгаж өтгөн зуурмаг бэлтгэнэ. Энэ уусмалдаа хумсаа 10-20 минут тогтмол дүрсэн тохиолдолд хумс бат бөх болж, өнгө нь сэргэдэг.

Мөн хумсны сэтэр гэмтэх, арьс сөрөх, хумсны хоёр хажуу талын мах гэмтэх, зузаарах зэрэг тохиолдолд заавал тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй. Хумсанд зориулсан тэжээлийн тоснууд гадуур худалдаанд өргөн байдаг шүү дээ.

 

-Дулааны улиралд бүсгүйчүүд бидний санааг зовоодог өөр нэг асуудал бол гар харлах, үрчлээтэх. Үүнээс сэргийлэх, гарын арьсыг цайруулах арга юу байна вэ?

-Наранд ил байснаас үүдэлтэй харладаг. Жишээ нь, машин барих, удаан хугацаанд наранд ил байх, мөн угаалга цэвэрлэгээ хийхдээ гарын арьсыг хамгаалах зорилгоор бээлий өмсөхгүй байх зэрэг нь том шалтгаан болдог. Тиймээс гэрийн эзэгтэй нар маань угаалга цэвэрлэгээ хийхдээ заавал бээлий өмсөж занших хэрэгтэй.

Манай салон дээр лааны парафентай амараах массажтай үйлчилгээ байдаг. Энэ нь гарын арьсыг цайруулж, хөгшрөлтөөс хамгаалах, хумсанд тэжээл өгөх, арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. Энэ үйлчилгээ нь гарын тэжээлийн тосыг түрхэж массаж хийгээд, дараа нь парафен лаандаа дүрж царцаасны дараа хэт ягаан туяагаар төөнөгч халдаг гарын бээлий өмсөж амраадаг. Үүнийг зөвхөн гарын арьс харласан гэлтгүй үе мөч өвддөг, төрсний дараа амархан гар хөлийн үзүүр даарах гээд байдаг зовиуртай бүсгүйчүүд хэрэглэхэд тохиромжтой. Үнийн хувьд  10,000 төгрөг. Хавар болон зуны улиралд парафен үйлчилгээ авсан бүсгүйчүүд эхний 3 цагийн хугацаанд нарны хэт ягаан туяанаас гарын арьсаа хамгаалах хэрэгтэй.

 

Учир нь парафен гэдэг бол лааны тос учраас наранд ил удаан байх тохиолдолд маш хурдан харладаг. Тийм болохоор үйлчилгээний дараа гадуур гарах, ялангуяа машин барьдаг бол хамгаалах бээлий өмсөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Мөн гэрийн нөхцөлд гарын арьсандаа тохирсон саван, тосыг сонгож байх хэрэгтэй. Нүүрэндээ тавьдаг маскаа, гарандаа бас тавьж байх хэрэгтэй. Жишээ нь, 2 ширхэг өндөгний шар, хоёр халбага зөгийн бал, 2 хоолны халбага сүү эсвэл тараг зэргийг хольж бүлээн алчуураар ороож 15 минут тавиад хүйтэн бүлээн усаар угааж, гарын тосоо түрхэж болно.

Гарын арьсыг 7 хоногт дор хаяж 1 удаа гуужуулж байх хэрэгтэй. Гуужуулах массаж хийж байхдаа хурууны үений арьсыг зөөлөн үрэх шаардлагатай. Учир нь хэт дарж, ширүүн үрвэл үений арьс харлах үндэс болдог. Өглөө гэрээсээ гарахдаа нарны тос түрхэж байх шаардлагатай.

 

Өсгийний арьс хагарч, цус шүүрвэл алимны нухаш маш сайн эмчилж, зөөллөдөг

 

-Хөлийн арьс арчилгааны талаар асуумаар байна л даа. Дулааны улиралд бүсгүйчүүд бид хөлийн өсгийний арьс зузаарах, эвэр ургах, хагарах зэрэг асуудлуудтай тулгардаг. Энэ тал дээр ямар үйлчилгээ байдаг вэ?

-Педикюрын үйлчилгээнд хөлийн хумсыг засаж янзлах, эвэр авах, хумсны шигдээсийг авах зэрэг үйлчилгээнээс гадна, парафентай амраах массаж, хэт ягаан туяагаар төөнөгч халдаг оймс өмсөх үйлчилгээнүүд байдаг.

 

Ер нь мэргэжлийн педикюрчин дээр үйлчилгээ авснаар арьсыг нь зөөллөж, зузаарсан арьсыг авахуулж, массаж хийлгэснээр хөлийн цусан хангамж сайжирч, арьсны тэжээл нэмэгдсэнээр хөлийн арьс зузаарч эвэрших бэрхшээл арилдаг.

Манайхны хувьд усанд орсны дараагаар хуурайгаар хөлийн зузаарч эвэршсэн арьсаа шууд үрснээс арьсны өнгөц болон гүний давхаргаа гэмтээх аюултай байдаг. Педикюрт орох цаг завгүй бүсгүйчүүдэд зөвлөхөд сонгины хальсыг томоор нь хуулаад зузаарч эвэршсэн хөлийн арьсан дээрээ тавьж, алчуураар даруулж боож хоноод, өглөө босоод сайтар угааж хатаагаад тальк түрхэнэ.

Өсгийний арьс хагарч, цус шүүрсэн тохиолдолд хоёр ширхэг алимыг нухаж, тал аяга сүүнд хийж сайтар хутгаж өтгөн зуурмаг бэлтгэж, хагарсан өсгийн дээрээ тавьдаг. Үүнийгээ 15 минутын дараа бүлээн усаар угаагаад, хуурайгаар үрэх юм уу, эсвэл тэжээлийн тос түрхэж болно.

Хөлнөөс эвгүй үнэр гараад байдаг зовиуртай хүмүүс  30 секунд халуун бүлээн усанд дүрээд, дараа нь 30 секунд хүйтэн усанд дүрэх зэргээр ээлжилж дүрснээр энэ зовиур арилах, мөн ядаргаа тайлах үйлчилгээтэй.

Мөн бага зэргийн буцалсан бүлээн усанд лемоны шүүс дусааж, нэг халбага сода хийж уусмал бэлтгээд дүрж болдог. Үүний дараа арьс зөөлөрдөг учраас хөлийн үрүүрээр үрж болно.

 

-Хөлийн хумс шигдэж ургаж маш зовиуртай байдал үүсдэг. Энэ тал дээр педикюрын арчилгаагаар энэ зовиуртай эмгэгээс салах арга байдаг уу?

-Хөлийн хумсны шигдээс нь хөлийн хумсаа буруу авах, хэт бариу гутал өмсөх зэргээс шалтгаалж үүсдэг, мөн удамшлын нөлөөтэй ч бий. Хөлийн хумсны ургалт гарынхтай харьцуулвал ургалт нь удаан байдаг. Тиймээс улиралд нэг удаа мэргэжлийн педикюрчнаар зөв засуулж, шигдэж ургасан хумсны хэсгийг авахуулснаар зовиур арилна.

Ер нь 3 удаагийн педикюр арчилгааны дараагаас шигдэж ургахаа больдог. Харин хумс шигдэж ургаснаас тухайн хэсэг газар үрэвслийн процесс даамжирч идээлж, улайж хавдсан тохиолдолд мэргэжлийн мэс заслын эмчид үзүүлж, идээг гадагшлуулж, халдваргүйжүүлэх шаардлагатай гэдгийг хэлье.

Хөлийн хумсыг зөв авах гэдэг нь гол хэсгийг нь тэгшлээд, хоёр хажуу талыг нь бага зэрэг дугуйруулж авна гэсэн үг юм шүү дээ. Хэт дугуйруулж авснаар шигдэж ургах шалтгаан болдог.

 

-Маникюрын асуултандаа эргээд орох нь зүйтэй байх. Энэ жилийн хувьд бүсгүйчүүдийн дунд дэлгэрч буй хумсны тренд загвар, өнгөний тухайд юу хэлэх вэ?

-Энэ жилийн хувьд бүсгүйчүүд маань өнгөний хувьд зөөлөн буюу макарон өнгөөр будуулах сонирхол их байна. Мөн хэт урт хумснаас татгалзах хандлага ажиглагдаж байна. Будагны хувьд гелэн будгаар будуулах нь их байгаа. Учир нь тогтоц удаан, 21-30 хоног арилахгүй байх давуу талтай.

Энэ хаврыг ажиглахад бүсгүйчүүд маань хумс хийлгэх сонирхол ихсэж байна. Сүүлийн үед EMI-гийн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүд маш ихээр сонирхож байгаа. Жишээ нь Чёрный тюльпан гэх бүтээгдэхүүн нь хээг төвийлгэн тавиад металл өнгөөр төвгөр хээг буддаг. Энэ нь маш тансаг, уран, дахин давтагдахгүй бүтээл болдог.

 

Гелэн будагны тогтоц удаан буюу 21-30 хоног тогтоцоо барьдаг

 

-Хиймэл хумсны хувьд ямар ямар төрлүүд байдаг вэ. Мөн танай салон дээр ямар төрлийн хумсыг түлхий хийж байна вэ?

-Хиймэл хумсны хувьд  акрилан хумс, гелэн хумс, торгон хумс гэсэн 3 төрөл байдаг. Сүүлийн үед түлхүү хийгдэж байгаа хумсны хувьд цаасаар уртасгасан шилэн хумсыг бүсгүйчүүд их сонирхож байгаа. Энэ нь хумсны толиог гэмтээхгүй гэдгээрээ сайн талтай. Мөн маш хөнгөхөн, яг өөрийн хумс шиг сайн сууж өгдөг, хэлбэрээ хүссэнээрээ гаргах боломжтой.

Үнийн хувьд америк акрилан хумс 60,000 төгрөг, хятад акрилан хумс 30,000-40,000 төгрөгийн хооронд хийдэг.
 

-Гелэн будагны хувьд?

-Гелэн будагны тогтоц удаан буюу 21-30 хоног тогтоцоо барьдаг. Гелэн будагны дор заавал гелэн будагны суурийг тавьж өгөх шаардлагатай. Энэ нь дээр хэлсэнчлэн хумс шарлахаас сэргийлдэг.

Гелэн будгийг гэрийн нөхцөлд өөрөө будах ямар ч боломжгүй. Тийм болохоор маникюрчнаар будуулах шаардлагатай. Үнийн хувьд 25,000-30,000 хооронд байдаг.

Гелэн будагны төрлүүд сүүлийн жилүүдэд маш олон болж байгаа. Жишээ нь: термо-лак нь биеийн халуун болон орчны температурын нөлөөгөөр өнгөө өөрчилдөг. Хамелон-лак нь гэрлийн нөлөөгөөр өнгөө өөрчилдөг бол фосфортой-лак буюу неон-лак нь бүдэг гэрэлтэй орчинд тод гэрэлтэж харагддаг.

Мөн хагас гелэн будгууд байдаг. Энэ нь энгийн будгуудыг бодвол тогтоц удаантай, ойролцоогоор 10 хоног тогтцоо барьдаг.

Хумсны будган дундаас маникюрчдын дуртай будаг бол апаль будаг юм. Учир нь хүссэн өнгөө гаргах боломжтой, тухайн гаргах өнгө нь дахин давтагдахгүйгээс гадна, маникюрчин хүний төсөөлөл, хийсвэрлэлээр урлагийн бүтээл бий болдог.

 

-Бүсгүйчүүд бид хумсны жижиг гоёл, чимэглэлүүдэд маш дуртай байдаг. Эдгээр чимэглэлүүдийн талаар асуумаар байна?

-Шигтгээ, наалт, хээ, миррор буюу металл саа, элсэн саа, соронзон наалт, плёнкин хальс, мөн бүх будгийг матте болгодог будаг гэх зэргээр гоёл чимэглэлийн аксессуарууд маш их байдаг. Гол нь тухайн мэргэжлийн маникюрчин үйлчлүүлэгчтэйгээ маш сайн ярилцаж, юу хүсэж байгааг нь мэргэжлийн ур чадвараа гарган урлаж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг  өндөр байлгах нь хамгийн чухал.

 

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, мөн бага насны хүүхдүүдэд зориулсан хумсны будаг гэж байдаг уу?

-Манай салон дээр жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан амьсгалдаг будаг гэж байдаг. Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй будаг байдаг. Мөн бага насны хүүхдэд зориулсан угаахад арилдаг будаг байдаг. Энэ төрлийн будгийг хүүхэд амандаа хийх болон идэх зэрэгт ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хортой химийн найрлагагүй будаг байдаг.

 

-Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн хувьд маникюрт орох хандлага их байгаа гэж дуулсан юм байна?

-Тийм ээ. Эрчүүдийн хувьд маникюрт орох хандлага сүүлийн жилүүдэд их байна. Ялангуяа оффисын ажил хийдэг, олон хүмүүстэй уулзах, зөвлөгөөн хийдэг, хурал семинарт оролцдог эрчүүд дийлэнх нь байдаг. Эрүүдийн маникюрын үйлчилгээнд хумс өнгөлгөө, хумсны мах авах зэрэг үйлчилгээ байдаг.

Б.Бямбаханд

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар