Жингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө

Манай гариг дээр гурван хүн тутмын нэг нь байх ёстой жингээсээ илүүдэлтэй гэсэн судалгаа бий. Гэтэл тэдний цаана жиндээ хүрэхгүй, жингийн дутагдалтай хүмүүс их байдгийг бид анзаардаггүй. Юу ч идээд жин нь нэмэгдэхгүй, маш туранхай, тарган хүн хүссэн хувцсаа өмсөхөд хэцүү байдаг бол жингийн дутагдалтай хүмүүс хүссэн хувцсандаа өөрийнхөөрөө сайхан харагдаж чаддаггүй. Иймд жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хэн бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.
Байх ёстой жингээсээ бага байна гэдэг чухам юу гэсэн үг вэ?
Энэ бол ерөнхийдөө таны бие эрүүл биш байгаагийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл, биед тань хэрэгтэй өөх тос, уураг хангалтгүй байгааг хэлж байна. Зарим хүн байгалиасаа л туранхай байдаг ч маш эрүүл чийрэг байх нь чи бий. Гэтэл заримд нь эсрэгээрээ. Ялангуяа, эмэгтэйчүүдийн дунд хэт туранхай байх тохиолдол эрчүүдийнхээс 2-3 дахин их байдаг аж.
Эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
Энэ бол дэлхий дээрх эрүүл мэндийн томоохон асуудал мөн. Нэгэн судалгаагаар жингийн дутагдалтай байх нь эрчүүдийн эрт нас барах эрсдэлийг 140, эмэгтэйчүүдийн хувьд 100 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Харин таргалалт энэхүү эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг онцлох хэрэгтэй. Бас нэгэн судалгаагаар жингийн дутагдалтай байдал нь эрчүүдийн хувьд цагаасаа эрт нас баралтад хүргэдэг бол эмэгтэйчүүдэд тийм ч аюултай биш гэж үзсэн нь бий.
Түүнлчэн жин багатай байснаар дархлааны систем алдагдаж, элдэв халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Үүнээс улбаалан үе мөчний өвчин, үрэвслүүд нэмэгдэх талтай.
Ер нь жин багатай хүмүүсийн дунд булчингийн сулрал, олдмол сэтгэцийн өвчин тусах зэрэг эрсдэл түгээмэл байдаг аж.
Юу нөлөөлдөг вэ?
Эрүүл бус байдлаар жингийн дутагдалд хүрэх нь хэд хэдэн шалтгаантайг анагаах ухаан тогтоожээ. Тухайлбал:
Буруу хооллолт: Өөрийгөө хэт тарган гэж бодох, хоолонд дургүй болох. Нэг ёсны сэтгэцийн өвчин.
Бамбай булчирхайн асуудал: Бамбай булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа нь бодисын солилцоог хурдасгаснаар жингийн дутагдал үүсэх.
Чихрийн шижин: Чихрийн шижин өвчний үед жингийн бууралт бий болдог.
Хавдар: Хорт хавдар бие дэх илчлэгийг байнга шатааснаар жингээ алдах магадлалыг бий болгодог.
Халдвар: Янз бүрийн шимэгч, сүрьеэ өвчин, ДОХ.
Иймд та жин багатай бол эмчид хандаж чухам юунаас болж жингээ ийнхүү алдаад байгаагаа тодруулаарай. Үүний дараа та шалтгаанаа олж чадвал жин хасагдахаас сэргийлж чадна.
Жингээ эрүүл аргаар хэрхэн нэмэх вэ?
Жингээ нэмэхийг хүсвэл эрүүл аргыг сонгох нь маш чухал юм шүү.
Нарийн боов, хийжүүлсэн ундаа зэрэг нь жин нэмдэг ч эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Харин үүний оронд булчингийн массаа эрүүлээр нэмэх аргыг сонгоорой. Учир нь өөх тос, таргалалт хэвийн жинтэй хүмүүсийг ч зүрхний өвчин, чихрийн шижинд хүргэх эрсдэлтэй.
Шатааж чадах хэмжээнээсээ илүү илчлэг ид
Биедээ хэрэгцээт хэмжээнээсээ илүү их илчлэгтэй хүнс хэрэглээрэй. Та аажимдаа жин нэмэхийг хүсвэл өөрийн идэх ёстой илчлэг дээр өдөр 300-500 ккал нэмсэн хүнс идэхэд хангалттай. Харин хурдан хугацаанд жин нэмье гэвэл өөрийн идэх хэмжээн дээр 700-1000 ккал нэмсэн хүнс идэх хэрэгтэй.
Уургаар баялаг хоолыг түлхүү ид
Таны хоол хүнсэнд заавал байх ёстой зүйл бол уураг. Булчин уургаас бүрэлддэг, харин хэт их илчлэг нь өөх л хуримтлуулдаг юм шүү. Судалгаагаар уургийн өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс илчлэгээ шатааж булчин болгож чадаж буйг нотолжээ. Уургийн өндөр агууламжтай хүнс бол мах, загасны мах, өндөг, шош, самар зэрэг юм.
Нүүрс ус, өөх тосыг ч бүү орхи
Олон хүн жингээ хасахын тулд нүүрс уснаас татгалздаг. Харин та жингээ нэмэхийг хүсч байгаа бол үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлээрэй. Өдөрт дор хаяж 3 удаа илчлэг сайтай, нүүрс устай, өөх тостой хоол идэж байгаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.