Ээжүүд ямар ихийг туулж өнөөдрийг бүтээснийг та мэдэх үү...

2017.05.09
|
13,311
Байрны зээлээ төлөх гэж ядартлаа ажилласан нөхрөө сэрээхгүй гэсэндээ үүр шөнөөр халуурсан өвчтэй хүүхдээ энгэртээ тэвэрч хоноод маргааш нь дахиад л дуусдаггүй гэрийн ажлаа эхлүүлж, албан ажилдаа ханцуй шамлан ордог.

Цэцэрлэгийн насны хоёр хүүхэд, бас 10 сартай бяцхан хүүгийн ээж миний амьдрал ингэж өрнөдөг. Гурван жаахан хүүхэд зэрэг хоолой нь идээлж, бөмбөгөнтлөө чичрэхэд хэдэн төгрөгөөр эм авч, ээж нь ямар их ядардгийг та мэдэх үү. Байрны зээлээ төлөх гэж ядартлаа ажилласан нөхрөө сэрээхгүй гэсэндээ үүр шөнөөр халуурсан өвчтэй хүүхдээ энгэртээ тэвэрч хоноод маргааш нь дахиад л дуусдаггүй гэрийн ажлаа эхлүүлж, албан ажилдаа ханцуй шамлан ордог.

Хүүхдүүд өвдөж, халуурч хоносны маргааш газар дайвалзаад л, нүд аргаад л ирдэг юм. Гэхдээ л ээжүүдэд хүүхдүүд нь эрүүл байвал ядрах юу ч биш л дээ.

Нөхөр маань хувийн аж ахуй эрхэлдэг болохоор өглөө 6 цагт ажилдаа яваад шөнө дундтай уралдаж гэртээ ирдэг хүн. Харин би өглөө 8 цагт гэрээсээ гардаг. Гэхдээ ингэж гарахын тулд нөхрөө ажилдаа гарахаас нь урьтаж босох хэрэг гардаг. Нөхрийнхөө хувцсыг индүүднэ, хоол ундыг нь бэлтгэнэ, бага хүүгээ ажил дээрээ авч очиход шаардлагатай зүйлсийг нэг бүрчлэн бэлтгэнэ.

 

 

Өдөр идэх зутан шөл, бантанг нь хийж тагтай саванд савлаад, халуун усаа жижиг халуун саванд авна. Мэдээж, сүү, жигнэмэг, өөрийнх нь тагтай цайны болоод хоолны аяга халбагыг нь авна. Эдгээрээ нэг уутанд бүгдийг нь хийсний дараа живх, солих хувцас, нойтон салфетка зэргээ ч бас багтаах хэрэг гарна. Арай гэж бага хүүгийнхээ бэлтгэлийг базаасны дараа өөрийнхөө бэлтгэлийг хангана.

 

 

Нүүрээ будна, үсээ янзална, хувцсаа сонгоно. Гэхдээ яг одоо өмсөж болохгүй. Яагаад гэвэл яг гарахын өмнө бага хүү маань хувцсаа муухай болгох, гулгих, живхэндээ баах гээд олон “асуудал” үүсэх эрсдэлтэй учраас бүх зүйл жин тан болсны дараа л би хувцасладаг. Баачихсан байвал живхийг нь сольж, хошногыг нь угаана. Мэдээж, хоёр томынхоо хувцсыг бэлдэж өмсгөнө, өглөөний цайг нь уулгана гээд ажил хөвөрнө.

Ингэж нэг бүх бэлтгэл хангагдсаны дараа томчуудыг нь цэцэрлэгт нь хүргэж өгөөд багыгаа аваад ажилдаа явлаа. Миний ажил бол өдөржин албан өрөөнд сууж компьютер ширтдэгээс өөр л дөө. Хүмүүстэй уулзаж, тэдний аж амьдрал, сайн туршлагыг олон нийтэд хуваалцах, түгээхэд чиглэдэг гэдэг утгаараа сонирхолтой гэж хэлж болно. Гэлээ гээд нялх хүүхэд аваад хүнтэй уулзана гэдэг тийм ч амар даваа биш гэдгийг та гадарлаж байгаа байх.

 

 

Жишээ нь, өнөөдөр нэг хүнтэй уулзаж байгаад хүүхдээ тэврэх гэж байгаад гар утсаа плитан шалан дээр унагаад нүүрийг нь хагалчихсан. Харин хүү минь бидний яриаг анхааралтай сонсч байснаа гэнэтхэн л уурлаж ундууцах үед сатааруулдаг зэвсэг маань ажлын минь дэвтэр, ном, бас бүдүүн харандаа, мэдээж хүүхдийн тоглоом.

Зарим хүн нялх хүүхэд аваад яаж ажил хийдэг юм гэж гайхах байх. Гэхдээ хүүхэд харах хүнгүй байлаа гээд тухайн эмэгтэй ажил хийх боломжгүй хүн гэсэн үг биш биз дээ. Хүүхдийнхээ хоол унд, живх, дулаан хувцас, аюулгүй байдал, тэрэг гээд дэд бүтцийг нь хангачихсан байхад яагаад заавал гэрт өдрийг өнгөрөөх ёстой гэж… Харин ч нялх хүүхэдтэй ч гэсэн ажил хийж, амьдрал ахуйгаа сэргээх гэж оролдож яваа ээжүүдэд олон нийт итгэл, урам зориг өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.

 

 

Тэр эмэгтэй тантай ажил ярих гэж уулзахын тулд өнөө өглөө хэдэн цагт боссоныг та мэдэх үү. Өчигдөр таныг зурагтынхаа удирдлагыг атгаад буйдандаа тухлаж байхад тэр халуунтай хүүхдээ тэврээд эмийг нь өгч хажуугаар нь бага хүүдээ хоолыг нь өгөх гэж яг л 4 гартай юм шиг ажилласан. Таныг 22.00 цагт унтахаар дулаан хөнжилдөө хэвтэж байхад тэр хүүхдүүдийнхээ баастай өмдийг угааж, нөхрийнхөө ажлын хувцсыг угааж, индүүдэж байсан. Дараа нь тэр өглөө ажилдаа авч явах хоолныхоо орцыг, бас нөхөр хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлтгэдэг. Гэхдээ л тэр өглөө нь ажилдаа хоцролгүй таны өмнө юу ч болоогүй юм шиг сууж байгаа.

Тэр дөнгөж гэрээсээ гарахын өмнөхөн нялх хүүхэд нь энгэр лүү нь гулгичихсан болохоор дахиад л хувцсаа солих хэрэгтэй болсон. Ингээд л магадгүй тань шиг сайхан хувцаслаж чадаагүй байх. Хэрэв та түүний хувцаслалтын талаар юм хэлэх гэж байгаа бол үүнийг нэг бодоод үзээрэй.

 

 

Ээжүүд ийм олон зүйлийг давж байж хайртай хүмүүсийнхээ бас өөрийнхөө өнөөдрийг бүтээдэг юм шүү дээ.

Эрчүүд ажлаасаа ирээд зөөлөн буйдан дээрээ тухлан хэвтдэг бол ээжүүд хүүхдүүдийнхээ хоолыг бэлдэж, эмийг өгч, гэрээ цэвэрлэж, маргааш нь дахиад л үргэлжлэх уртаас урт дуусдаггүй ажилдаа бэлддэг юм.

Ийм их ажилтай ч гэсэн ээжүүд хайртай хүмүүсийнхээ төлөө бууж өгөлгүй өнөөдрийг бүтээсээр л байна. Та тэдэнд урам өгөөрэй. Хэчнээн их ажил амжуулж байгааг нь бодоод сайхан инээмсэглэл, халуун дотно үгээрээ дэмжээрэй.

Таны хэлсэн ганцхан сайхан үг хэчнээн олон ээжийг хүүхдүүддээ өгөх аз жаргалаар шагнадгийг та төсөөлдөг ч болоосой…

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар