“Аз жаргалын эрэлд” киноноос л мэдэрч болох амьдралын 6 үнэн

2017.05.14
|
8,155
Гэр оронгүй болж, гудамжинд, бүр бие засах өрөөнд бяцхан хүүгээ тэврээд хононо гээд та төсөөлөөд үз дээ… Энэ л үед жинхэнэ амьдралын төлөөх тэмцэл, эрхэлж нялхарч болохгүй, бас гомдоллох эрхгүй өдрүүд эхэлдэг юм...

Энэ бол миний үзэх дуртай хамгийн сайхан кинонуудын нэг. Магадгүй энэ бүтээлийг нэг л үзчихсэн байхад хэзээ ч мартагдахгүй байж ч мэдэх юм.

Амьдралыг эерэг сайхнаар харж, хамгийн сайн сайхан бүхэнд өөрийн болоод бусдын сайхан сэтгэлийн хүчээр хүрсэн Крис Гарднер хэмээх бодит хүний түүхээс энэхүү киног сэдэвлэжээ.

Маш шургуу хичээл зүтгэлтэй ажилладаг бөгөөд хүүгийнхээ өмнө аав гэдэг хүний хариуцлагаа ухамсарлаж, хэчнээн ядуу байсан ч хүсэл мөрөөдөл, хийж бүтээх урам зоригоо алдахгүй байх нь ямар гайхалтай үр шимийг амьдралд чинь авчирдгийг энэ киногоор Крис танд ойлгуулахыг хүссэн юм.

Крисийн туулсан үнэн түүх магадгүй энэхүү киноноос ямар нэг хэмжээгээр өөр байж болох ч хамгийн чухал нь түүний няцашгүй зориг, тэвчээр, хатуужил, хүсэл мөрөөдөл нь үнэн юм.

Зүсэм талхны ч мөнгөгүй болоход эхнэр нь түүнийг орхиод явахад амьдрал тэр чигээрээ өөрийнх нь эсрэг боссон юм шиг өдрүүд ар араасаа үргэлжилнэ… Гэр оронгүй болж, гудамжинд, бүр бие засах өрөөнд бяцхан хүүгээ тэврээд хононо гээд та төсөөлөөд үз дээ… Хүмүүст түгээмэл хэрэглэгддэггүй нэг төхөөрөмжийг эмч нарт худалдах гэж, түүнийгээ хулгайчид хүртэл алдаад буцааж олж авах гэж хөлсөө урсган хэдэн гудамж, магадгүй хэдэн метро дамжин хөөцөлдөж байгааг та киноноос харна. Яагаад гэвэл яг одоо түүнд байгаа ганц хөрөнгө нь тэр хөрөнгө. Тэглээ гээд тэр хүүтэйгээ хамт гуйлга гуйж, эсвэл орон гэргүйчүүдийн асрамжид хоног төөрүүлэх амьдралыг сонгоогүй юм шүү...

Эцэст нь, Крис брокерийн компанид ажилд орох 6 сарын сургалтад бүртгүүлэх аз завшааныг олж авна.

Хүүтэйгээ гудамжинд, ариун цэврийн өрөөнд, бүр орон гэргүйчүүдийн асрамжинд хоног төөрүүлдэг гашуун үнэн дүр төрхөө өнөөх компанийн удирдлагуудад харуулж, өөрийгөө яахаа алдсан амьтан гэж хэлүүлэхгүйн тулд асар их тэмцэл түүнийг хүлээж байсан юм.

Хүүгээ улсын өдөр өнжүүлэхэд өгөөд өөрөө хэний ч мэдэхгүй харанхуй гудамжинд хоноод маргааш нь сэтгэл дүүрэн амьдралтай хүн шиг сургалтын өрөөнд юу ч болоогүй юм шиг орж ирэх тэр агшныг та өөртөө төсөөлж чадах уу…  

Түүний авьяас, чадвар, хувь хүний тэмүүлэл, зан чанар нь брокерийн фирмийн эздийг суудлаас нь өндийлгөж чадсанаар Крис ажилд орох гэрээ байгуулж, амжилтынхаа үүдийг цэлийтэл нээж чадсан юм. Эндээс л бид амьдрал ямар үед гайхамшигтайгаар өөрчлөгдөх дараагийн шат руугаа хүрдгийг ойлгох хэрэгтэй биз ээ. Энэ нууцыг илүү ойлгохын тулд энэ 6 зүйлийг мэдэх ёстой.

1. Хүүхдээ ганцаараа өсгөнө гэдэг маш хэцүү. Бараг л кино эхлэхээс авахуулаад эхнэр нь нөхөр, хүүхэд хоёроо орхиод явчихдаг. Ингэснээр Крис ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асрах том давааг туулах болно. Хүүтэй тэр маш их хайртай учраас няцашгүй зориг, хүсэл тэмүүлэл нь бүгд хүүгийнхээ төлөө хийсэн зүйлс байлаа.

2. Ядуу амьдрал түүний хүсэл мөрөөдлийг зогсоож чадаагүй юм шүү. Тэр амжилт бол зөвхөн түүний хичээл зүтгэлээс хамаардаг болохоос биш үүнд хувь заяа, аз зэрэг зүйлс огтхон ч хамаагүй гэж итгэсэн юм. Тэр мөрөөдөлтэй. Түүнийгээ биелүүлж чадсан билээ.

3. Аав, хүү хоёрын харилцаа. Жүжигчин Уилл Смит хүүтэйгээ хамт энэ киног бүтээсэн нь маш сайн хэрэг болсон гэж би боддог юм. Ингэснээр кино илүү амьд, илүү үнэн дүр төрхийг бий болгож чадсан байх. Крис хүүтэйгээ аав нь гэхээсээ илүү найз шиг нь харьцдаг. Тэдний харилцаа яг л нас биед хүрсэн эрчүүдийнх шиг байсан болохоор ойлголцоход илүү амар ч байсан байж мэднэ. Улмаар хүү нь ааваараа бахархах нөхцлийг ч бүрдүүлж чадсан биз.

4. Амьдралд хэцүү, тэсшгүй зүйлс байдаг. Та баян, чинээлэг хүн бол магадгүй ядуу тарчиг амьдралын амтыг хэзээ ч төсөөлж чадахгүй байх. Гэвч бидний ихэнхэд нь амьдрал заримдаа маш хэцүү болж, хатуужил, тэвчээртэй байхыг шаарддаг. Тэгвэл Крис эхлээд байшингаа алдаж, дараа нь дэн буудалд хонож, эцэстээ орон гэргүйчүүдийн асрамжийн төвөөсөө хүртэл хөөгддөг. Хүүтэйгээ хамт метроны бие засах өрөөнд хүртэл хононо. Амьдрал түүнийг хөл дороо гишгэлж, хувь заяа түүнийг ёстой л адагт нь хүртэл бассан юм. Энэ дунд тэр амьдралын хамгийн гашуун амтыг амталсан болохоор аз жаргалын амтыг хайсан билээ.

5. Амьдрал хөмрөөд ирсэн ч тайван байдлаа алдаж болохгүй. Тэр 6 сарын сургалтаа төгсөж, өнөөх эмнэлгийн төхөөрөмжүүдээ ч борлуулж дууссан юм шүү. Ингээд л түүнд хийх зүйл үлдсэнгүй, ирээдүй түүнийг хаана аваачихыг тэр мэдэхгүй…

6 сарын сургалт нь дуусахад тэр юу болохыг төсөөлж чадахгүй байлаа. Ингээд далайн эрэгт очиж унтах, эсвэл зочид буудалд сайн нойр аваад үлдэхийг л хүсч байсан байх. Эндээс юу харагдаж байна гэхээр та яг одоо юу болохыг мэдэхгүй, урдах зам чинь хаашаа эргэх нь мэдэгдэхгүй байлаа ч үргэлж сайхан зүйлийг төсөөлж сэтгэлээ тайван амгалан байлгаж сураарай. Учир нь таны хичээл зүтгэл таны хүртэх ёстой гавьяаг заавал танд өгдөг юм шүү.

6. Чадах бүхнээ хийсний дараа л та хүссэнээ авна. Киноны төгсгөл хэсэгт Крис эмнэлгийн төхөөрөмжүүдээ зарж дууссан ч татварт хамаг орлогоо алдаж буйг та үзнэ. Ингээд түүнд үлдсэн сонголт нь брокерийн фирмийн сургалтанд сууж, шалгалтанд орж, өөрийнхөө хамаг л чаддаг сайн гэсэн ур чадвараа дайчлах зам үлдэнэ. Ямар ч мөнгөгүй, очих газаргүй түүнд хүлээлт л ганц найз нь болж байлаа…

Киноны төгсгөлд тэр хүсэн хүлээсэн, гайхамшигт цэгтээ хүрнэ. Тэр юу болохыг мэдээгүй байхад ажилтай болсон гэсэн ганцхан сайхан үгийг сонсоно. Ингээд л түүний хамаг бэрхшээл, зовлон шийдвэрлэгдэж чадна. Менежерүүд түүнээс асуулт асуудаг хэсэг кинонд бий. Тэд “Крис, энэ шалгалт чамд амархан байсан уу” гэж асуухад тэр “Үгүй ээ, эрхэм ээ. Амархан байгаагүй” гэж хариулдаг. Энэ ганцхан хариулт нь Крис аз жаргалд хүрэх зам нь ямархан байсныг хэлээд өгч байна.

 

Танд энэ нийтлэл таалагдвал цааш олон хүнд түгээж, олон хүнд урам, зориг, найдвар хуваалцаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар