Э.Нямхүү:Амаржсан 6 эмэгтэй тутмын нэг нь сэтгэл гутралд орж байна

2017.05.15
|
32,449
Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн багийн сэтгэл зүйч Э.Нямхүүтэй ярилцлаа. Сэтгэл гэдэг зүйл нүдэнд харагдаж, гарт баригдаггүй болохоор ихэнх хүмүүс сэтгэлээ өвчилсөн эсэхийг мэддэггүй. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн өвчилчихвөл хүний амьдралын амжилт, аз жаргал, баяр хөөр бүх зүйлд сөргөөр нөлөөлж эхэлдгийг бидний олонх нь мэддэггүй. Иймд сэтгэлээ үргэлж эрүүл байлгаж, түүнийг хамгаалахын тулд бид юуг мэдэх ёстой вэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн багийн сэтгэл зүйч Э.Нямхүүтэй ярилцлаа. Бид эмэгтэйчүүдийн жирэмсэн болон төрсний дараахь сэтгэл гутралын талаар онцгойлон хөндсөн юм.

 

Энэ мэдрэмж хэдэн цаг, хэдэн өдөр үргэлжилж болно

 

-Жирэмсний болон төрсний дараахь сэтгэл гутралын талаар ярилцлагаа эхэлмээр байна. Яагаад эмэгтэйчүүд маань энэ үедээ сэтгэлээрээ өвдөөд байна вэ?

-Эхлээд сэтгэл гутрал гэдэг зүйлийг тайлбарлая. Ихэнх хүмүүс уйтгарлаж гунигласан мэдрэмжээ илэрхийлэхдээ сэтгэлээр гутарч байна гэдэг. Энэ мэдрэмж хэдэн цаг, хэдэн өдөр үргэлжилж болно. Сэтгэл гутралын үед уйтгар гуниг маш хүчтэй мэдрэгдэж удаан хугацааны турш үргэлжилж, улмаар өдөр бүр хийдэг зүйлстээ ч түүртэж эхэлдэг. Энэ нь таны ажил, амьдрал, сэтгэл санаанд тааламжгүй байдлыг бий болгохыг сэтгэл гутрал гэж ойлгож болно.

 

 

Эмэгтэйчүүд уг нь гэр бүлдээ сайн сайхныг авчрах гэж л жирэмсэн болж, хүүхэд төрүүлсэн шүү дээ. Ийм байтал тэр хүн сэтгэл гутралд ороод байна гэдэг нь нэг талаасаа тухайн хүний дотоод сэтгэлийн будилаан, стрессийг хэрхэн даван туулах чадвар, нөгөө талаас гэр бүлийнхний дэмжлэгтэй холбоотой юм. Төрсний дараах сэтгэл гутрал хэд хэдэн шинжээр илэрдэг. Эрч хүчгүй болох, хоолны дуршил өөрчлөгдөх, өөрөөр хэлбэл хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох, нойрны хямралд орох, шийдвэр гаргах чадвар буурах, өөрийгөө үнэ цэнэ багатайгаар мэдрэх, аливаад хандах хандлага нь өөрчлгөдөж сөрөг болох, өөрийгөө гэмтээх санаа агуулах, эсвэл амиа хорлохыг оролдох.

Шалтгааныг нь аваад үзвэл зарим эмэгтэйчүүд маань жирэмсэн болоод л бүх хүн өөрийг нь хүндэлнэ, хайрлана, би хүндтэй хүн болно гэж боддог. Гэтэл нийгэм, гэр бүл, нөхөр, бүр эргэн тойрныхоо хүмүүсийн хувьд тийм байж чадахгүй байж болно. Заримдаа эргэн тойрныхон нь, нөхөр нь “Хийх ажилгүй гэртээ сууж байж...” гэдэг хандлагаар харьцаад байж болно. Гэтэл тэр ээж маань өдөржин хүүхдээ хараад ядарчихсан байхад нөхөр нь ирээд “Хоолоо хийхгүй яасан юм…, гэрээ цэвэрлэхгүй яасан юм... , юун анхиагүй юм...” гэж хандах…

Эсвэл төрсний дараах эдийн засгийн хямрал байж болно. Өмнө нь ажлаа хийгээд, орлоготой, хэрэгтэй юмаа түвэггүй худалдаад авчихдаг байсан бол хүүхэд гаргаад өөрийн гэсэн  цалин орлогогүй болж хүссэн зүйлээ авч чадахгүй хүний гар харах болдог. Нөхрөөсөө мөнгө гуйхаар “Чи өдөржин гэрт зүгээр сууж байж мөнгөөр яах гэж байгаа юм...”, “Би та нарыг л тэжээх гэж зүтгэж байна” гэх зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлж эхэлдэг. Ингэснээр тухайн эмэгтэй хүүхэд төрүүлснээсээ болоод өөрөө буруутан болчихсон юм шиг байдал үүсээд байдаг.

 

-Таны хэлсэн шиг ийм сэтгэл зүйн дарамтыг мэдрээд эхэлсэн, ийм нөхцөл байдалд орсон бүсгүйчүүд байгаа бол та тэдэнд юу гэж зөвлөх вэ. Бүсгүйчүүд бид ийм үеийг хэрхэн даван туулах вэ?

-Амаржсан 6 эмэгтэй тутмын нэг нь сэтгэл гутралд ордог гэсэн судалгаа бий. Үүнийг шийдэх арга нь гэр бүлийн амьд харилцаагаа л сайжруулах юм. Гэр бүлийн амьд харилцаа сайжирч байж тухайн хүн гэр бүлдээ хүндтэй хүн юм байна гэдгээ мэдэрнэ шүү дээ. Түүнээс биш хүүхэд гаргасандаа л буруутай юм шиг харьцаад байвал ямар ч хүн хямарч эхэлнэ. Та халуун  буцалсан усанд гараа дүрээд байж чадахгүйтэй адил хүн таагүй  зүйлд хар аяндаа сөрөг хариу үйлдэл гаргаж эхэлдэг. Энэ нь нойрондоо муудах, уурлах бухимдах, тайван биш болох зэргээр илэрч байдаг.

Жишээ байна л даа. Нэг нь өлгийтэй, нөгөө нь дөнгөж хөлд орж байгаа хоёр нялх хүүхэдтэй эмэгтэй байна. Гэрээс гарч дуртай юмаа авч идье гэхээр мөнгө байхгүй, хааяахандаа ч гэсэн гараад дэлгүүр орох гэхээр хүүхдийг нь хараад өгөх хүн байхгүй гээд л уурлаж бухимдаж эхэлнэ. Үүнийг нь эргэн тойрныхон нь ойлгож, дэмжихийн оронд “Энэ чиний л үүрэг” гэж байгаа юм шиг хандаад байвал тэр эмэгтэй өөрийн эрхгүй сэтгэл гутралд орж, эрч хүчгүй,  шийдвэр гаргах чадвар, анхаарал төвлөрөлт нь буурч өөрийн гэсэн үнэ цэнээ ч алдахад нөлөөлдөг.

Ийм үед өөртөө эерэг бодлыг суулгаж, аливаад хандах хандлагаа өөрчилж сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж гэр бүлийн гишүүдтэйгээ сэтгэл санаагаа хуваалцаж та ганцаараа биш гэдгээ л мэдрээд сурчихвал аливаа асуудал маш амархан шийдэгддэг юм шүү.

 

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах дасгалууд байна

 

-Тэгэхээр сэтгэлээ зөв удирдах ёстой гэсэн үг үү. Үүнд яаж суралцах вэ. Сэтгэл санаагаа зөв удирдаж, гутралд орохгүйн тулд бид юу хийх вэ?

-Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах дасгалууд байна. Дээрх жишээнд дурдсан эмэгтэйн хувьд хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй бол хүүхдүүддээ уурлана, юм авч шиднэ, хамгийн сүүлд нь нөхрийгөө ирэхийг хүлээнэ. Хүүхдээ тэр бүр загнахгүй ч байж болно. Харин нөхөр лүүгээ байн байн залгаад “Ирэх болж байна уу”, “Надад амттан авчраарай” гэх зэргээр уурлана. Энэ нь эргээд л өөрт нь бас даратмтыг бий болгох гээд байдаг талтай.

Энэ нь эмэгтэйчүүд маань жирэмсэн болон төрсний дараахь гэсэн хэсэгхээн  хугацаанд л өөрт үүсээд байгаа сэтгэл зүйн хямрлыг давж тэвчиж чадахгүй байгаатай холбоотой гэсэн үг л дээ.

Яагаад гэвэл хэвийн үедээ та өсгийтэй гутлаа өмсөөд, дуртай амттанаа  идээд, дуртай үедээ найзуудтайгаа уулздаг байсан бол жирэмсэн болон хүүхэдтэй болсноор энэ эрх нь түрхэн зуур хязгаарлагдаж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.

 

-Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд бид хүүхдээ харж байгаа цаг хугацаагаа үүрд мөнх үргэлжлэх юм шиг бодоод байдаг учраас л хямраад байдаг юм байна, тийм үү?

-Тийм. Дандаа л хүүхэд нь хормойноос нь зуурч, дандаа л хүүхдийнхээ баастай өмдийг угаах юм шиг санадаг. Стрессээ даван туулах хамгийн эхний алхам бол аливааг эергээр харах, байгаагаар нь хүлээж авах.

 

 

Та өөрөө яах гэж тэр хүүхдийг төрүүлсэн бэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Та гэр бүлдээ аз жаргал бэлэглэх гэж, үр удмаа үлдээх гэж л хүүхэд төрүүлсэн шүү дээ. Насан туршид чинь энэ хүүхэд жаахан байхгүй.

Нөгөөтэйгүүр та хүүхдээ эрүүл саруулаар өсгөж, хүмүүжүүлж байгаадаа маш их баярла. Энэ бол хамгийн чухал зүйл.

Дээрээс нь та найзуудтайгаа утсаар ярьж болно. Аль болохоор Facebook зэрэг Social-ийн сөрөг мэдээллээс хол байх хэрэгтэй.

Гэтэл манай эмэгтэйчүүд яадаг билээ, гэртээ солонгос олон ангит киногоо үзнэ, Facebook-ээ ухаад сууж байдаг. Ингээд өнөөх олон эмэгтэйчүүдийн групп рүүгээ ороод тэндээс сөрөг мэдээллийг авчихаад түүнийгээ өөр дээрээ тусгаад байдаг. “...Яанаа, манай нөхөр оройтоод байгаа юм байна ш дээ. Төрсний дараа ингээд л нөхөр хуураад яваад өгдөг юм байна ш дээ...” гээд яриад эхэлдэг. Магадгүй хүүхэд гаргасных нь дараа нөхөр нь хаяад явчихсан эмэгтэй ч байж болно. Эсвэл дандаа тийм тохиолдол ч байхгүй шүү дээ. Энэ мэт сэтгэл түгшилтүүд явсаар яваандаа сэтгэл гутралд хүргэдэг. Түүнээс биш хүн шууд л сэтгэл гутралд орчихдоггүй.

 

-Тэгвэл нэгэнт сэтгэл гутралд орчихсон, амьдралыг сөргөөр хараад эхэлчихвэл яах вэ. Яаж өөрийгөө эндээс татаж гаргах вэ?

-Манай ээжүүд ганцаараа л бүхнийг болгох гээд байдагт бүх зүйлийн учир оршиж байгаа юм. Өөрөөсөө өөр хүнд хүүхдээ харуулахгүй, бүх зүйлийн цөм нь зөвхөн өөрөө л юм шиг бодоод сүүлдээ туйлддаг. Иймээс нялх хүүхэдтэй ээжүүд маань юун түрүүнд хүүхдийг нь хааяа харж өгдөг хүнтэй болох мөн хүүхдийнхээ эцгийг хүүхдээ харах, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх боломжид татан оруулах хэрэгтэй. Өдрийн ядаж ганцхан цагийг ч гэсэн та өөртөө зарцуулах хэрэгтэй. Хүүхдүүдээ унтаж байх хооронд та Facebook ухаж, солонгос кино үзэж байж магадгүй. Үүнийхээ оронд та сайхан амьсгалын дасгал хийх хэрэгтэй.

Амьсгал бол таны ухаан санаагаа удирдах гол зүйл гэдгийг эхлээд хэлье.

Амьсгалын дасгал хийх арга:

Та хэвлий дээрээ эхлээд баруун  гараа тавиад дараа нь зүүн гараа тавиад, тэгш сайхан суугаарай.

1.      3 секундийн турш хамраараа амьсгалаа гүнзгий дүүртэл аваад хэвлийгээ урагш төмбийлгөнө.

2.     3 секундийн турш амьсгалаа түгж.

3. 3 секундийн дараа амаараа амьсгалаа гаргана. Амьсгалаа гаргахдаа хэвлийгээ хойш татна. Энэ дасгалыг өдөрт 3-5 удаа 10-20  минут тогтмол хийх

 

Хамарны дасгал:

Эрхий болон долоовор хуруугаа хамар дээрээ нэг нэгээр нь ээлжлэн хүргээд урт гүнзгий амьсгал авна. Ингэхдээ хэвлийгээ урагш төмбийлгөнө. Тэр хэвэнд нь түгжээд, амьсгалаа гаргана. Сүүлд нь хэвлийгээ хойш нь татна.

Чихний омог имрэх дасгал:

Хүн бүхэн чихнийхээ омгийг халуу оргитол нь маш сайн имэрч байх ёстой. Энэ дасгал хүнийг маш сайхан тайвшруулж өгдөг юм шүү.

Гялгар уутанд будаа хийж имрэх арга:

Өөр бас нэг арга байна. Гялгар уутанд будаа хийчих. Түүнийгээ зөвхөн хурууныхаа өндгөөр имэр. Ингэхэд маш сайхан тайвширдаг. Их энгийн байгаа биз дээ.

 

Хүн бүр өөрсдийгөө дотроо нэг хогийн савтай байдаг гээд ойлгочих хэрэгтэй

 

-Ийм сайхан дасгалууд зааж өгсөнд их баярлалаа. Манай уншигчдын дунд үнэхээр хэцүү байдалд ороод бухимдаад сууж байгаа хүмүүс ч байж болох юм. Хэнд хандахаа мэдэхгүй үе зөндөө байдаг шүү дээ. Ийм байдалд орчихвол гарах арга нь юу вэ…

-Бүр ярилцаж болохгүй, таныг үнэхээр ойлгохгүй байгаа бол та цаасан дээр хэцүү байгаа зүйлээ дахин дахин бич. Дахин дахин бичээд түүнийгээ дахин дахин унш. Жишээ нь, Батаатай муудалцчихсан бол, Батаад хэлвэл хэрүүл болох гээд байгаа бол Батаад хэлж байна гэж бодоод хэлэх гэсэн бүх үгээ бичээд яг л тэр хүнд хэлж байгаа юм шиг унш.

 

 

Ингээд сэтгэл чинь нэг сайхан уужирсныхаа дараа ураад хаячих. Ер нь хүн бүр өөрсдийгөө дотроо нэг хогийн савтай байдаг гээд ойлгочих хэрэгтэй. Бид тэр хогийн саваа өдөр бүр цэвэрлэж байх ёстой. Гэтэл бид тэгж чадахгүй байгаагаас л стресс нэмэгдсээр гэнэт л нэг өдөр тэр дотор байсан гомдол, бухимдал нь дэлбэрч гарч ирдэг. Ойр тойрныхон нь түүнийг “Энэ одоо яачихсан юм бэ” гээд гайхдаг бол тухайн хүн маань өөрөө “Би уг нь ийм хүн байгаагүй юм аа. Яагаад ийм болчихов оо” гэж эхэлдэг. Шалтгаан нь та өдөр бүр хогийн саваа цэвэрлэхгүй явсаар байгаад нэг л өдөр тэр сав чинь дэлбэрсэн гэсэн үг юм.

 

-Төрсний дараа зарим эмэгтэйчүүдээс нөхөр нь салах, өөр хүнтэй нийлэх зэрэг тохиолдол байдаг. Энэ юунаас болоод байна вэ. Тухайн эмэгтэйн төрөлт, сэтгэл гутрал нөлөөлөөд байна уу?

-Энэ бол сэтгэл гутралтай холбоотой асуудал биш л дээ. Гэр бүлийн амьд харилцаа, үл ойлголцол явагдаад байна гэсэн үг. Тэр хүмүүс нэг нэгэндээ хайртай гэж л гэрлэсэн байгаа шүү дээ. Гэхдээ тэр гэр бүлд тулгамдаад байгаа түр зуурын асуудлыг хоорондоо ярилцаж, шийдвэрлэх арга замаа олж чадахгүй яваад байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, стресс. Тэгэхээр стресст өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Жишээ нь, хадам ээж чинь орж ирээд таныг загнавал та яах вэ… Эмэгтэйчүүдийн ихэнх нь яг энэ үед шууд гомддог.

Тэгээд орой нь нөхөртөө тэр бухимдлаа гаргадаг. Иймд яг тэр үед та гэр бүлийнхээ тайван амгалан байдлыг авч үлдэхийн тулд тэр хүний хэлж байгаа үгийг өөрийнхөө хогийн саванд оруулахгүйн тулд “ТАГГҮЙ, ЁРООЛГҮЙ САВ” бай. Таггүй, ёроолгүй саванд хэчнээн ч ус хийсэн дүүрэхгүй биз дээ. Яг үүн шиг танд онцын шаардлагатай зүйл биш л бол та тэр зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд сурчих.

 

-Үүнээс улбаалаад гэр бүлийнх нь амьдралд хадмууд нь их оролцдог тухай эмэгтэйчүүд их ярьдаг. Тэгвэл энэ асуудлыг бид ерөнхийд нь яаж эерэг, зөвөөр шийдвэрлэж сурах вэ?

-Сүүлийн үед монголчууд маань гэр бүл гэдэг тусдаа ойлголт юм байна гэдгийг илүү ойлгодог болжээ. Гэхдээ танд ийм асуудал тохиолдоод байгаа бол үүнд та хүлээцтэй ханд. Бусдын үгийг сонсож сурахад буруудахгүй. Хүн өөрийгөө “Би зүгээр байна, би зөв хийж байна” гэж боддог л доо. Магадгүй бидэнд алдаа байж болно шүү дээ. Тэр хүн яг юу яриад байгааг ойлгохыг хичээ. Магадгүй тэр дунд хэрэгтэй юм байвал тэрийг нь та биелүүлчих. Тэгвэл дахиж  маргаан үүсэхгүй ч байж болно Харин хэрэггүй зүйлсийг нь тоохгүй өнгөрөөгөөд сурчих.

 

 

-Эмэгтэйчүүд бидний нэг тулгамдсан асуудал нь уур бухимдал. Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй хайртай хүнээ гомдоох үгийг ууртай үедээ хэлчихсэн байдаг. Ийм үедээ бусдыг голд нь ортол гомдоочихгүйн тулд яах вэ?

-Би дээр амьсгалын дасгал зааж өгсөн учраа одоо хэлье л дээ. Эмэгтэйчүүд бид хэвлийгээрээ амьсгалах ёстой байтал дандаа өрцөөрөө амьсгалж байдаг. Уншиж байгаа эмэгтэй та эхлээд хэвлий дээрээ гараа тавиад өөрөө амьсгалаа чагнаад үзээрэй. Амьсгалаа авахад хойшоо татагдаж, амьсгалаа гаргахад урагшаа төмбийж байгаа бол энэ буруу амьсгал. Ихэнх эмэгтэйчүүд ингэж буруу амьсгалдаг учраас тэртэй тэргүй өрцөн дээр байгаа амьсгал нь дээшээ давхцаад, сэтгэл нь хөөрөөд ирэхэд амьсгал бачуурч амархан уйлаад, зүрх дэлсээд явчихдаг. Ингээд л удирдлагаа алдчихдаг. Далд ухамсарт маань нуугдасан  “Энийг ярьчихвал хэрүүл болно” гэсэн бодол яг тэр үед хүчтэй гарч ирээд хүсээгүй үгсээ хэлж эхэлдэг. Ингээд л сүүлдээ заавал хэн нэгнээс уучлалт гуйх шалтгаан бий болж ирдэг. Тиймээс та эхлээд уур бухимдлаа зохицуулж сурахын тулд амьсгалаа зөв аваад сурчих.

 

-Заримдаа бүр тайвширч чадахгүй үе гардаг шүү дээ. Тэр үед эргээд хэвийн байдалдаа орохын тулд яах вэ?

-Яг ийм үед өөрийнхөө хамгийн очих дуртай газраа очоод нүдээ аниад хөгжим сонсоорой. Эсвэл нүдээ аниад хамгийн аз жаргалтай байсан үеэ бодоорой. Энэ бол маш үр дүнтэй арга. Манай сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа эмэгтэйчүүд “За, та хамгийн жаргалтай байсан үеэ бодоорой” гэхээр тэд маань шууд л уйлаад эхэлдэг. “Хамгийн сайхан байсан цаг үеэ бодлоо, тэндээ байж байгаад ирлээ, үнэхээр сайхан байна” гэдэг.

 

Үнэхээр танд хэцүү байвал та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй

 

-Сэтгэлдээ тулгамдсан асуудлуудаа даван туулахын тулд бид сэтгэл зүйч дээр очих үнэхээр хэрэгтэй юу?

-Нийгэмд сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг сайн таньж мэдээгүйн улмаас өвдлөө л бол эмнэлэг, сэтгэл санаа тавгүй л бол муу ёр гээд, лам, бөөгийн засал хийлгэж хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө, итгэл найвдараа алдаж байна. Үүний оронд та эхлээд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, нарт хандаад үз. Яагаад гэвэл магадгүй таны сэтгэл гэдэг эрхтэн өвдсөний улмаас таны сэтгэл санаа тавгүйтээд байж болно шүү дээ. Тиймээс үнэхээр танд хэцүү байвал та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй эмийн бус эмчилгээ болох сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээнд явах хэрэгтэй. Бас амьсгалын дасгалуудаа хий. Бидний бас  нэг алдаа  түр  зуурын бэрхшээлийг, өвдөлтийг сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүрд дандаа байх юм шиг санаж гутардаг. Тэгж болохгүй. Энэ бүхэн аяндаа хэвэндээ орно гэдгийг ойлго.

 

 

-Хүн өөрийгөө мэддэггүй. Тэгвэл өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгээ мэдэх энгийн арга бий болов уу?

-Юун түрүүнд нийгмээс тусгаарлагдах. Цочимтгой аймхай болно. Утас дуугарахад л цочих, дээр хэлсэнчлэн амьдрал утгагүй мэт санагдаж эхэлдэг. Бас “Би ийм хүн байгаагүй юм сан” гэсэн мэдрэмж төрнө. Энэ үед  мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Манайхан өрхийн эмнэлгийг зөвхөн даралтыг нь үздэг газар гэж боддог. Гэтэл та өрхийн эрүүл мэндийн төвийнхөө эмчид  хандаж сэтгэл санааныхаа тавгүй байдлаасаа хуваалцаж хаанаа хэнд хандахаа асууж  өөрт байгаа асуудлаа зөв шийдэх замаа олж болно шүү. Хүмүүс сэтгэл түгшилттэй байгаагаа мэдэхгүй маш өөр өөр эмнэлгээр явдаг. Мэдрэлийн, зүрх, судасны эмч дээр очно, эсвэл бөө, лам дээр очдог. Ингэж хугацаа алдааж явж байгаад эмгэгтэй болсныхоо дараа сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид  хандаад байна.

 

-Тэгвэл  сэтгэл зүйн зөвлөгөө хэр удаан хугацааны дараа үр дүнгээ өгдөг юм бол?

-Хугацааг хэлэхэд хэцүү. Та өөрөө хэр удаан хугацаанд сэтгэл гутралын асуудалтай явсан юм бэ, түүнийгээ даван туулахад танд хэр их нөөц бололцоо байгаа юм бэ гэдэг нь л чухал. Танд зайлшгүй мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй. Гэтэл хүмүүс сэтгэл зүйчтэй уулзах, сэтгэл заслын эмчилгээнд явна гэдэг маш санаа зовоохоор зүйл гэж боддог. Хэн нэг нь өөрийг нь сэтгэл заслын эмчилгээнд явж байна гэдгийг мэдчих вий гэж айдаг. Энэ тийм санаа зовоохоор зүйл биш. Судалгаагаар 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Тэгэхээр зөвхөн та биш гэдгийг санаж өөрийгөө бусдаас тусгаарлах хэрэггүй гэдгийг санах  хэрэгтэй   

Ярилцлагынхаа төгсгөлд хүний сэтгэц эрүүл бол бие эрүүл байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Уншигч та бүхэнд аз жаргал хүсье

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар