Х.Бадамгэрэл:Өөртөө бууж өгдөггүй эмэгтэй гоо үзэсгэлэнгээ бүтээдэг

2017.05.17
|
39,806
Гоо үзэсгэлэн, амжилтыг хослуулж яваа залуу бүсгүйчүүдийн хүчирхэг төлөөлөл болсон “Андра” академийн гүйцэтгэх захирал, топ модель, мисс Х.Бадамгэрэлтэй ярилцлаа. Түүний маш энгийн дүр төрх, яриа хөөрөө ярилцлагыг маань бүр ч амттай болгосон юм.

 

Миний хань эцэг хүнийхээ үүргийг сайн мэддэг биелүүлдэг хүн

 

-Асуултаа таны саяхан уншиж дуусгасан номнуудаас эхэлье гэж бодлоо. Та хамгийн сүүлд Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам" романыг уншиж дуусгасан бол одоо зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хоёр дахь роман болох “Үүлэн хээтэй орчлон” романыг уншиж эхэлж байгаа гэж байсан…

-Тийм. “Ногоон нүдэн лам" романаа уншиж дуусгаад “Үүлэн хээтэй орчлон”, “Хотол цагаан гүнж” номнуудаа хамтад нь уншиж эхлээд байна. Хоёулаа нэг зохиолчийн бүтээл шүү дээ. Саяхан зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг эгч маань намайг “Хотол цагаан гүнж” номынхоо нээлтэнд урьсан. Энэ сайхан номын мялаалгыг нь хүртсэндээ баяртай байна. Эдгээр номынхоо дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзанын бүтээлүүдийг шимтэн уншина гэж төлөвлөж байна.

 

-Алдар нэр, нийгмийн байдлаасаа үл хамааран эмэгтэй хүн бүр гэртээ ээж, эхнэр, гэрийн эзэгтэй байдаг. Харин таны хувьд ээж хүнийхээ хувьд өглөөг хэдэн цагаас угтаж, өөртөө болон гэр бүлдээ хангалттай цаг гаргаж байна даа?

-07.00-7.30 цагт босохгүй л бол амжихгүй талдаа шүү. Тэгж байж өөрийгөө бэлдэж өөртөө цаг гаргаж, тухайн өдрийнхөө төлөвлөгөөнд анхаарч амждаг. Харин хүү минь 08.40 цагт сэрдэг. Цаг хагасын хугацаанд нүүрээ будаж, хувцсаа өмсөж амждаг. Хүүгээ боссоны дараа шүдийг нь угаалгаад, хамрыг нь цэвэрлэнэ. Хүү минь даахиа авахуулаагүй болохоор үсийг нь самнах гэж бас нэлээн асуудал болно доо. Миний хань эцэг хүнийхээ үүргийг сайн мэддэг биелүүлдэг хүн. Бид хоёр хүүгээ ээлжилж хүргэж өгнө, хааяа хоёулаа хамтдаа ч хүргэнэ. Ингээд бодохоор нэг нэгнийхээ ажлыг сайтар ойлгож ачааллаас нь хуваалцаж чаддаг нь ажил үүргээ амжилттай, сэтгэл санаа амгалан байх бас нэг бололцоог бүрдүүлж байгаа юм шүү дээ.

Долоо хоногт 2-3 удаа нөхөр маань хүүгээ унтуулдаг. Тэр хооронд нь би усанд хэвтэж, өөртөө анхаарах, гэрийн ажлуудаа амжуулах, хувцсаа индүүдэх гэх мэт ажлуудаа амжуулах боломжтой болдог. Хань минь миний ажлыг сайн ойлгодог, намайг ямар байх ёстойг мэддэг учраас сэтгэл санаагаар үргэлж урамшуулж чаддаг.

 

-Хань ижил, гэр бүл нь өөрийг нь сайн ойлгодог бол тухайн хүний ажил амжилттай, сэтгэл санаа нь ч дээшээ байдаг байх.

-Хэрэв эрэгтэй хүн миний ярилцлагыг уншиж байвал таны үүрэг юу вэ гэдийг хэлмээр байна. Зөвхөн хойморт бодь хүн суугаад байх ёстой юм уу. Үгүй шүү дээ, ар гэр, эхнэртээ тусалж, эцэг эх гэдэг үүргээ хамтдаа үүрэлцэж нэг нэгнээ дэмжин гэр бүлийн үнэ цэнийг бий болгох нь таны үүрэг юм шүү. Бас гэр бүлийн зарим ажлуудад сэтгэл гарган оролцож, хань ижилдээ урмын сайхан үг хэлдэг, баярлуулж чаддаг, хань ижлийнхээ хүсэл зорилго мөрөөдлийг нь дэмжиж, алдаа оноо, амжилтыг нь хуваалцаж сайн зөвлөгч  байх нь гэр бүлийн ноён нуруу эр хүн танаас гарах их ухаан халамж, гэр бүлийн бат бөх байхын гол тулгуур юм шүү. Энэ бүхнийг эргэцүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. Эрэгтэй хүн, эр хүн хоёрын хооронд их ялгаа байна шүү дээ. Мөн аав болох амархан ч аав байх гэдэг маш том үүрэг хариуцлага үнэ цэнэ юм шүү.

 

-Та бол зөвхөн гэргий хүн, ээж хүн гэдгээсээ илүүтэйгээр загварын ертөнцийн томоохон төлөөлөл. Иймд гоо сайхнаа хадгалж, залуу насаа илүү өнгөлөхийн тулд ямар дадал хэвшил баримталдаг вэ?

-Би ус сайн уухыг хичээдэг. Хааяа ус бага уух тохиолдол гарна. Тэгэхэд арьс шууд л хуурайшаад эхэлдэг.

Гэртээ орж ирэнгүүтээ будгаа арилгадаг. Эхлээд хоол ундаа идчихээд будгаа арилгана гэсэн ойлголт байдаггүй, шууд л ариун цэврийн өрөөнд ордог. Будгаа арилгахад хамгийн чухал нь сайн цэвэрлэх юм. Нүүрээ сайн цэвэрлэсний дараа юм түрхэхгүй арьсаа жаахан амьсгалуулж байгаад хүүгээ унтуулахын өмнө, эсвэл дараа нь маскаа тавьдаг. Одоогоор өдөр бүр тавьдаг маск хэрэглэж байгаа. Энэ бол хаврын улиралд авдаг арга хэмжээ. Улирлаасаа шалтгаалан өөрийнхөө арьсыг сайн чагнаж юу хэрэлэвэл болох, юуг болохгүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

 

 

-Ямар маск тавьж байгаа вэ?

-MILD-аас авсан маск хэрэглэж байгаа. Би MILD-ийн маскуудыг дажгүй сайн гэж боддог. Миний арьс их эмзэг, мэдрэмтгий харшламтгай, хэт хуурай. Ялангуяа, хавартаа холцруутаад хуурайшчихдаг юм л даа. Тэр маскийг хэрэглэснээс хойш арьс минь маш сайхан чийглэг зөөлөн болоод миний хүссэн тэжээлийг өгч чадаж байгаа. Эмэгтэй хүн арьс нь цэвэрхэн гоё байвал бас л өөртөө итгэлтэй урам зоригтой байдаг шүү дээ.

 

Эрчүүд бүсгүйчүүдийг харж амьдралыг илүү хайрладаг байх

 

-Таны хүзүү их сайхан харагдах юм аа. Ихэнх хүмүүсийн хүзүү хэдийнэ ганц нэг үрчлээ тогтчихсон байдаг...

-Баярлалаа. Би маскаа түрхэхдээ үлдсэнийг нь хүзүүнээсээ эхлээд бүх биендээ түрхчихдэг. Энэ аргыг дотны эгч маань зааж өгч байсан юм. Өөрөө их сайхан эмэгтэй бий. Ингэснээр арьсыг сэргэх боломж олгодог. Биеийн арьс ч гэсэн нүүрний арьс шиг арчлаад байвал улам л чийгшилтэй сайхан болно шүү дээ.

 

-Эмэгтэйчүүдийн маань дунд нэг дутагдал байдаг юм шиг ээ. Би ч яах вэ, хүүхэд л гайгүй байвал гээд, эсвэл би ч яах вэ, нөхөр маань хувцастай байвал гээд… Ерөнхийдөө өөрийгөө орхигдуулах гээд байх шиг анзаарагддаг?

-Би л хүүхэд гаргачихсан юм чинь таргалахаас өөр аргагүй, би хүүхэд гаргасан юм чинь сэвхтэхээс өөр аргагүй гэх зэргээр өөртөө бууж өгөөд байна гэсэн үг л дээ. Миний бодлоор эмэгтэй хүн цаанаасаа л гоё сайхныг мэдрүүлэх гэж төрсөн болохоор эрчүүд бүсгүйчүүдийг харж амьдралыг илүү хайрладаг байх. Эр нөхрөө хайрлаж, улам их амжилт бүтээлд хүргэхийн тулд, гэр бүлээ үргэлж халуун дулаан аз жаргалтай байлгахын тулд эмэгтэй хүн хатан ухаантай байх ёстой юм болов уу. Би залуу хүн болохоор энэ тал дээр тийм ч их зүйлийг мэдэхгүй л дээ. Гэхдээ мундаг эмэгтэйчүүдтэй уулзаад ярилцаж байхад эмэгтэй хүн өөрийгөө хэзээд гаргуунд нь гаргаж болохгүй, эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарах ёстой гэдгийг ойлгож ухаарч явна. Би өөрөө ч тэр үзэл бодолдоо бат зогсдог. Эмэгтэй хүн хүнтэй суугаад, хүүхэд гаргасныхаа дараа юун түрүүнд өөрийгөө хайрласан хэвээрээ байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж чадаж байж та эргэн тойрныхондоо анхаарал тавих  сэтгэл зүй бэлтгэгддэг болов уу гэж боддог юм. Өөрийгөө та мартчихвал эргэн тойрны чинь хүмүүс ч гэсэн таныг тэгсгээд л мартчихдаг юм шиг санагддаг. Өөртөө анхаарахад заавал их мөнгө төлөх шаардлагагүй шүү дээ. Ядаж л зөв амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Эрт босч, эрт унтдаг, магадгүй ус сайн хэрэглэж, юу идвэл таргалдаг, юу идвэл жингээ хасдаг гэх мэт өөрийн онцлог зүйлсээ сайн мэддэг байх ёстой гэж боддог. Эр хүн тэгээд гэртээ ч, гадаа ч өөртөө анхаардаг, үзэсгэлэнтэй, ухаалаг, уужуу эмэгтэйг хэзээд хайрлах болов уу.

 

-Та хувцаслалтандаа брэндийг чухалчилдаг уу. Эсвэл энгийн байхыг хүсдэг үү?

-Хүн үнэтэй юм хэрэглэснээрээ чанар нь танигддаг уу гэвэл, би үгүй гэж хэлнэ. Хамгийн гол нь зөв хэрэглээтэй байх, цаг үедээ зохицуулж зөв цэвэрхэн хувцаслах хэрэгтэй. Брэнд хөөх бол цаг зуурын бөгөөд ач холбогдолгүй хэрэг гэж бодож байна. Тухайн цаг мөчид таныг төгс илэрхийлж чадах тийм л цэгцтэй өөрт таатай, зөв зохицуулсан хувцас өмсөх нь илүү чухал.

Бас нэг зүйлийг бодоход хүн залуу насыг хайрлах ёстой юм байна гэдгийг би их мэдэрч байна. Залуу нас өөрөө их товчхон бас цаг хугацаатай. Ирээдүйдээ юу үлдээх вэ гэдэгтээ илүү ухаанаа чилээх нь зүйтэй юм болов уу.

 


 

 

Өсгийтэй гутлан дээр алхана гэдэг жингээ хасч, биеэ чангалах маш сайн дасгал болдог

 

-Хооллолт бол гоо сайхнаа хадгалах хамгийн чухал дадал хэвшлийн нэг байх. Таны өдөр тутмын хооллолтын хандлага, дадал хэвшлээс сонирхмоор байна.

-Ер нь хэт орой хоол идэхгүйг хичээдэг. Ажил тараад оройтож гэртээ ирвэл шөлтэй хоол байвал идчихдэг. Хуурга байвал идэхгүй, хуурга ерөнхийдөө оройд бол ходоодыг хэт ачааллуулж ихэнх хүнийг таргалуулдаг. Үүний оронд тараг уугаад л унтчихдаг. Хэт орой хоол идвэл ходоод амрахгүй, өглөө арьсан дээр ямар нэг асуудал үүсэх эрсдэлтэй. Ер нь 19.00 цагаас хойш хоол идэх нь эрсдэлтэй ядаж л таргалахгүй гэхэд ходоодд шөнөжин ажиллаж сайн амраагүйгээс маргаашийн бүтээмж огцом буурна, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Магадгүй шөлтэй хоол идлээ гэхэд, хуураагүй, усанд буцалгасан байвал арай дээр л дээ. Гэвч бас л орц найрлага нь чухал. Би яг тийм ийм гээд хэлэх дэглэм барьдаггүй. Ойр ойрхон бага багаар идэж, ус их сайн уухыг хичээдэг. Бас өдөрт нэг гадил заавал иддэг. Энэ жимс эмэгтэй хүнд маш тустай. Суралцагч нартаа ч гэсэн ингэж зөвлөдөг. Биедээ уураг, чухал амин дэм авахад хамгийн сайн үр дүнтэй жимснүүд гэвэл гадил болон авакода.

 

-Тэгвэл дасгал хөдөлгөөн, сургуулилтын тухайд юу хийж байна даа?

-“Андра” академи дээрээ лекцийн болон алхааны хичээлүүд тогтмол хуваарьтайгаар ордог. Өсгийтэй гутлан дээр алхана гэдэг жингээ хасч, биеэ чангалах маш сайн дасгал болдог. Тэгэхээр би 12 жилийн турш энэ дасгалыг хийгээд амьдарч байна гэсэн үг шүү дээ. Одоо иогоор хичээллэж байна. Бас экстрем спортод дуртай. Ууланд авиралт, мотоцикл унаж сурах зэргийг сонирхож судалж байгаа.

 

-Орчин үед хүмүүс их стресс, бухимдалтай болчихсон юм шиг ээ. Энэ нийгмийн стресс, бухимдлыг та хэрхэн даван туулж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хамгаалж байна вэ?

-Ер нь намайг уурлуулах гэж их зовно доо. Их тэвчээртэй юм уу даа. Гэхдээ дотны хүмүүстээ бол уурлах нь мэдээж. Түүнээс биш ажил хэргийн төвшинд ч юм уу, ойр дотно биш хүмүүстэй маргах зэрэгт их тэвчээртэй тайван ханддаг. Уншсан номнууд минь их тусалдаг юм шиг санагддаг. Уурлахаараа, эсвэл хэн нэгний өмнө биеэ барьж чадахгүй болох гээд байвал уншсан номнуудаа их эргэж санадаг. Бас бясалгал хийдэг. Бясалгал маань хүн өөрийгөө таньж мэдэхэд сургадаг. Хүн өөрийгөө таньж мэдчихвэл уурлахаа больчихдог юм гэж бясалгалын багшаасаа сонсож байлаа. Би ч гэсэн өөрийгөө таньж мэдэх үйл явцыг сурах гээд л хичээж явна.

 

-Гэр бүл дотор сайдах, муудах зүйл бишгүй л байлгүй. Тэр бүхнийг яаж эв зүйгээр нь шийддэг вэ?

-Маргалдах үе гарна. Хэрэлдэх ч үе бий. Тэгж байж амьдрал сонирхолтой шүү дээ. Тийм үед “Энэ хүнтэй хамт амьдарч байгаа нь миний амьдралын маш том үнэ цэнэтэй цаг хугацаа” гэдгийг мартаж болохгүй юм шиг санагддаг. Иймд аль болохоор үгэндээ ач холбогдол өгөхийг хичээдэг. Нээрээ л салахгүй юм бол “Сална” гэж яриад ч хэрэггүй биз дээ.

Бид хамт амьдраад 7 жил болжээ. Манай нөхөр намайг ууртай байгааг харцнаас минь л мэдэрдэг. Би ч бас нөхрийгөө мэдэрч сэтгэлд нь дэм болохыг хичээдэг.

 

Дэлхийн загварын ертөнц өвөрмөц, содон, этгээд дүр төрхийг эрэлхийлж байна

 

-Таны үүсгэн байгуулсан ”Андра” загварын агентлаг Хувь хүний хөгжлийн академи болж өргөжсөн байна лээ. Зөвхөн загвар, балет гэхгүй хувь хүний хөгжлийн тусгай ур чадваруудыг олон нийтэд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэх нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Бид нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, олон нийт, нийгэмд эерэг хандлага, хувь хүний хөгжлийн ур чадваруудыг эзэмших гүүр болохыг хичээж байна. Ийнхүү академи болж өргөжсөнөөс хойш хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудаар хүрээгээ тэлж байна. Гэр бүлийн маань найз, Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Андра” академийн үйл ажиллагаанд хүч нэмж байна. Урлаг болоод хувь хүний хөгжил талаасаа хичээлүүдийнхээ төрлийг ч улам нэмэхээр төлөвлөж байна. Энэ дотроо мэдээж загварын агентлаг, балетын сургалт ажиллаж байгаа.

 

-Тан шиг загвар өмсөгч болохыг мөрөөддөг охид зөндөө байгаа байх. Тэдэнд хандаад ирээдүйн жинхэнэ “Би”-гээ бүтээхийн тулд юун түрүүнд юу мэдэх ёстойг хэлж өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд хүсэл мөрөөдлөө тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд тэр мөрөөдөл нь үнэхээр загварын салбар бол өөрийн сонголтоор мэргэжлийн бас зөв газартаа хандах хэрэгтэй. Мэргэжлийн хүнээс нь үг сонсч байж загвар өмсөгч гэж хэн бэ гэдгийг ойлгоно, суралцана. Гудамжинд явж байгаа нэг хөөрхөн охиныг дуудаад шууд сурталчилгаанд зургаа авахуул гэвэл чадахгүй шүү дээ. Энэ маань мэргэжил учраас эзэмших ёстой ур чадвар, зарцуулах ёстой цаг хугацаатай, гаргах ёстой золиос гэж байгаа. Загвар өмсөгч гэдэг бол мэргэжил юм. Иймд үүнд туйлширч, нэгэн хэвийн байдлаар хандаж огт болохгүй. Загварын ертөнц 4-5 жилийн өмнөхөө бодвол орвонгоороо өөрчлөгдөж байна. Монголчууд л хөөрхөн царайтай л бол загвар өмсөгч эсвэл мисс гэж ойлгодог. Нэг ёсондоо загвар өмсөгч, мисс хоёроо ялгадаггүй. Гэтэл мисс гэдэг маань цол, загвар өмсөгч гэдэг нь мэргэжил. Мисс өөрийгөө илүү дөвийлгөх ёстой бол загвар өмсөгч хүн загвар зохион бүтээгчийн бүтээлийг дөвийлгөх ёстой. Энэ ялгааг нь мэдэхгүй болохоор л бид загвар өмсөгч гэхээр мисс шиг хөөрхөн байх ёстой гэж бодоод байна.

Саяхан энэ нь “NEXT TOP MODEL” дээр анзаарагдлаа шүү дээ. Хөөрхөн байх ёстой л гээд байдаг. Гэтэл дэлхийн загварын ертөнц өвөрмөц, содон, этгээд дүр төрхийг эрэлхийлж байгааг загварынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа учраас ялагчийг бид хүлээн зөвшөөрсөн. Финалд үлдсэн 3 охин гурвуулаа ялагч. Өөр өөрийн гэсэн өнгө төрх ур чадвартай мундаг охид. Аав ээжийн сайхан охидыг бид тэр нь сайн, тэр нь муухай гэж доромжилж шүүж өөрсдийнхөө судалгаагүй бодлоо тулгаж болохгүй. Аливаад ул суурьтай өөрийн үзэл бодолтойгоор дүгнэлт өгч сурах хэрэгтэй.

 

-Цагаа харамгүй зориулан ярилцсан Танд баярлалаа. Сүүлийнхээ асуултыг танд үлдээе.

-Уншиж буй хүн бүртээ хандаад хэлэхэд, том мөрөөдөлтэй, эрэмгий зоригтой, хийнэ гэсэн зүйлдээ тууштай байгаад, эх орондоо хэрэгтэй хүн болоорой. Эх оронч байна гэдэг бол цээжээ дэлдэж, өнгөрсөн түүхээрээ хэт өөрсдийгөө дөвийлгөхийн нэр биш. Түүхээ уншиж судалсан бол өнгөрснөөсөө суралцаж, өнөөдрөө хайрлаж, маргаашаа үнэлж, үнэ цэнэтэй болгож бүтээж сурах хэргтэй. Ирээдүйгээ, өнөөдрөө хайрлаж, үнэ цэнэтэй хандаж сураарай. Ингэвэл бидэнд бүтэхгүй, болохгүй зүйл байхгүй. Та бол монгол хүн. Бидэнд бахархах түүх байгаа, үүнтэй адил үр хүүхэддээ үлдээх ирээдүйгээ бахархалтай, үнэ цэнэтэй болгож бодитоор бий болгох цаг иржээ. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Ярилцсан Танд баярлалаа.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар