Л.Сайнбат:Заан, арслантай амьтны хүрээлэнг Монголдоо байгуулна

2017.05.29
|
9,608
Та тус хүрээлэнд очвол тогос шувуу Монголд хэрхэн өсч үржиж буйг харна. Бас чонын сүрэг хэрхэн идээшин дассаныг, алдарт анаконда могой хэрхэн эх оронд маань тухлаж буйг үзнэ. Үүнээс гадна сүүнд хачин дуртай бяцхан бамбарууштай танилцаж, онгон байгальд ховорхон таарах шилүүстэй “уулзана”.

“Талын жононгууд” ХХК-ийн захирал Л.Сайнбаттай ярилцлаа. Тэрээр анх 20-иод төрлийн амьтантайгаар 2010 оноос амьтны хүрээлэнгээ ажиллуулж эхэлжээ. Харин хоёр жилийн өмнөөс Төв аймагт 5 га газарт өнөөдрийн хүрээлэнгээ өргөжүүлэн тэлжээ. Ус, цахилгааны аль нь ч байгаагүй энэ газарт Л.Сайнбатын гэр бүл усан сан, тоглоомын талбай, 50-иад төрлийн 100 гаруй амьтны хүрээлэн, тэр ч бүү хэл 6D кино театр хүртэл байгуулсан байна.

Та тус хүрээлэнд очвол тогос шувуу Монголд хэрхэн өсч үржиж буйг харна. Бас чонын сүрэг хэрхэн идээшин дассаныг, алдарт анаконда могой хэрхэн эх оронд маань тухлаж буйг үзнэ. Үүнээс гадна сүүнд хачин дуртай бяцхан бамбарууштай танилцаж, онгон байгальд ховорхон таарах шилүүстэй “уулзана”.

 

-Танайх амьтны хүрээлэнгийн чиглэлээр ажиллаж буй анхдагч байгууллага юм байна, тийм үү?

-Тийм. Бид амьтдаа зундаа хүмүүст үзүүлээд, өвөлдөө цэвэр тэжээж байгаа юм. Өвөлдөө амьтдын хоол хүнс, дулаан байр зэргээр нэлээд зардалтай. Ийм болохоор өвөлдөө алдагдалд ороод, зундаа тэр зардлаа нөхдөг гэх үү дээ. Одоо бол амьтны хүрээлэн ашигтай биш алдагдалтай ажиллаж байгаа. Гэхдээ Монголд олон амьтантай болоод өргөжөөд эхэлбэл ашигтай болох байх л даа.

-Амьтны хүрээлэн ажиллуулна гэдэг хүнээс маш их сэтгэл шаарддаг байх. Амьтан гэдэг маань бараа биш шүү дээ.

-Энгийн нохой тэжээхэд л ямар байдаг билээ дээ. Хүмүүс манайд зочилж ирээд амьтдыг үзэхдээ зарим халуун өдөр амьтад унтана, нозоорно. Гэтэл хүмүүс тэдгээр амьтдыг заавал урд нь сэргэг босоо явж байх ёстой юм шиг боддог.

Бид бас саяхан эндхийн малчин айлуудаас өнчин хурга, ишиг авч угжиж тэжээж байна. Яг л хөхүүл хүүхэдтэй хүн шиг л амьтаддаа санаа зовж, тэднийгээ даарчих вий, өлсчих вий гэж санаа зовдог доо. Амьтан гэдэг чинь өвдчихлөө гэж хэлэхгүй шүү дээ. Тиймээс бид Мал эмнэлэгтэй гэрээтэй ажиллаж, амьтдаа байнга хянуулж ажиллуулдаг.

-Та яагаад амьтны хүрээлэн байгуулах болсон юм бэ?

-Би 4 хүүхэдтэй хүн. Анх хүүхдүүддээ амьтан авч өгч амьтанд хайртай болгоё гэж бодсон юм. Яваандаа хүүхдүүдээ хараад бусад хүмүүсийг ч гэсэн амьтанд хайртай болгох, байгаль эх орныхоо экологитой танилцахад амьтны хүрээлэн маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас Монголдоо амьтны цогц хүрээлэн байгуулах мөрөөдлөө хэрэгжүүлж яваа минь энэ.

 

-Танайд шилүүс байдаг гэж дуулсан юм байна?

-Тийм ээ. Саяхан Багануурт хавханд ороод гэмтчихсэн шилүүсний тухай мэдээлэл гарсан байсан юм. Харин тэр шилүүсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын газраас манайд өгсөн юм. Энэ амьтан маань байгальдаа амьдрах чадваргүй болчихсон гэсэн үг л дээ. Хөл нь шархадчихсан ирсэн болохоор бид эмчилж, эдгээгээд, тухайн амьтандаа зориулж 2 сая орчим төгрөгөөр дэлхийн амьтны хүрээлэнгийн жишиг байр бариад байна.

-Амьтны хүрээлэн байгуулж ажиллуулахын хамгийн сайхан нь юу байна вэ?

-Онцолж хэлэхэд, манайд дандаа гэмтсэн амьтан ирдэг юм л даа. Тэднийгээ бид эмчлээд, хооллоод, зориулалтын байранд нь байлгаж, эрүүл саруул сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ зорьж байна. Бас зөвхөн амьтны хүрээлэн гэлтгүй хүүхдийн тоглоом, тоглоомын талбай, хоолны газар, 6D кино театр ажиллуулж байна. Нэг ёсондоо амьтан гэлтгүй хүүхдүүдийг давхар баярлуулж байна гэж ойлгодог. Хүүхдүүд гадаа нь тоглочихоод орж ирээд амьтан хараад баярлаад нүд нь сэргэж байгааг харах үнэхээр сайхан санагддаг. Тэгэхээр амьтан, хүүхдүүдийг зэрэг баярлуулна гэдэг маань их том буян байх л гэж боддог юм. Үүндээ бид их урамшдаг даа.

-Танай хүрээлэнгийн санхүүжилт өөрсдөөсөө цэвэр гарч байна уу, эсвэл гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдээс тусламж авч байна уу?

-Бид цэвэр өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа. Гадаад, дотоодын янз бүрийн хандив, тусламж нэг ч удаа авч байгаагүй. Дандаа өөрсдийнхөө зээл, санхүүжилтээр л ажиллаж байна. Яваандаа энэ чиглэлээрээ дагнаад дэлхийн стандартад нийцсэн, байгалиараа амьтдыг тэжээх, жуулчдын нүдийг хужирласан амьтны хүрээлэн байгуулах зорилттой байна. Одоохондоо яалт ч үгүй өөрсдийнхөө санхүүжилтэд тулгуурлаж байна.

-Тэгвэл цаашдаа Монголдоо жуулчдыг татах амьтны хүрээлэн болж өргөжиж хөгжихийн тулд та бүхэнд хэрэгтэй зүйл нь юу байна вэ?

-Юун түрүүнд амьтдынхаа тоо толгойг нэммээр байна. Баавгай гэхэд ганцхан л байна. Уулнаас очоод баавгайнхаа ижлийг олж ирэх хэцүү. Уг нь эднийгээ хостой нь байлгамаар байгаа юм. Бас өвлийн асуудал маш хүнд. Өвлийн томхон байртай болох төлөвлөгөөтэй байна. Ингэвэл бид өвөл зунгүй л хүмүүст үзүүлэх боломжтой, хамгийн гол нь тухайн амьтдаа тааваар нь тэжээх боломжтой болох юм.

-Ингэж өргөжин тэлж, амьтдынхаа төрөл, тоо толгойг нэмэхэд тулгамдаад байгаа бэрхшээл нь юу байна вэ?

-Яамнаас биднийг гадаад, дотоодын амьтдын хүрээлэнтэй холбоод өгвөл боломж их байна. Гадаадаас янз бүрийн амьтан оруулж ирэхэд тусалдаг ч юм уу. Бид гадаадаас амьтан оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл хэрэг болдог. Мазаалай гэхэд, Монголд 20-иодхон үлдчихлээ. Тэднээс бид нар шиг хүмүүст өгөөд тэжээлгэчихэж болно шүү дээ. Хятад улс анх хорин хэдхэн пандатай үлдчихээд тэдгээрийгээ үржүүлээд одоо дэлхийн зоопаркуудад зарж байна шүү дээ. Энэ чинь бас Хятад улсаа сурталчилж байна. Яг үүн шиг мазаалайгаа бид иддэг ч юм шиг, үгүй ч юм шиг тэжээл тавьчихаад алсаас ажаад суугаад байна. Амьдрах орчин нь хязгаарлагдчихсан энэ амьтнаа хамгаалахад үнэхээр хэцүү байна. Нүднээс далд юу ч болох билээ. Хатаж үхэж байхад нь ч мэдэхгүй байх нь байна шүү дээ. Үүн дээр нь бидэнд анхаараад, даалгаад өгвөл бид мазаалайгаа дэлхийн амьтан болгохыг хүсч байна.

-Та гадаадаас амьтан нутагшуулж тэжээж, дотоод, гадаадын жуулчдад үзүүлэхийг хүсч байна гэсэн. Чухам ямар амьтдыг нутагшуулахыг хүсч байна вэ?

-Халуун орны амьтад Монголд амьдарч чадна гэдгийг бид үзлээ. Анаконда могой, тогос гээд л. Богд хааны үед байсан юм чинь зааныг ч Монголдоо амьдруулж болно. Үүн дээр салбарын яамны дэмжлэг их хэрэгтэй байна.

-Үүнд заавал салбарын яамны оролцоо тийм чухал байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Хил гаалиас авахуулаад хэцүү шүү дээ. Би нэг газар очоод мянга ярилаа ч Монгол Улсыг төлөөлж байна гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Заавал яамны төлөөллөөр дамжуулан уулзаж байж бүтдэг ажил юм.

-Та бүхэн яамандаа хандаж үзсэн үү?

-Ц.Оюунгэрэл сайдын үед хандаж үзсэн ч хариу ирээгүй. Саяхан бас хэд хэдэн удаа бичгээр хандсан ч хариу ирээгүй байна.

-Хүмүүс ямар амьтныг илүүтэй сонирхож байна вэ?

-Хүмүүс ихэнхдээ тогос шувуу, баавгай, анаконда могойг бас их сонирхоно.

-Танайх Монголдоо анх удаа тогос шувууг үржүүлсэн гэсэн. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-Тогос шувуу Монголын нөхцөлд өөрсдөө өндгөө дардаггүй юм байна. Энэ жил бид өндгийг нь цацагт хяруул шувуунд даруулж дэгдээхийг нь гаргаж авсан. Цацагт хяруул маань яг л өөрийнхөө дэгдээхий шиг өндгийг нь дардаг юм байна.

-Анаконда могойтой юм байна. Хаанаас авчирсан бэ. Энэ маань бас л халуун орны амьтан биз дээ?

-Тийм ээ. Энэ бол халуун орны могой шүү дээ. Энэ могой маань долоо хоногт 1 удаа амьд хулгана иддэг. Тиймээс бид хулганаа бид өөрсдөө үржүүлж байна. Үүнээс гадна манайд цаа буга байна. Хүмүүс цаа бугыг зөвхөн Хөвсгөлд л амьдардаг гэж боддог. Харин бид 4-5 жил тэжээж байна. Энэ амьтан маань маш их эмзэг учраас зундаа сэнс тавьж өгөх зэргээр арчилдаг даа.

-Амьтантай ойр өсөх нь хүүхэд багачуудад ямар нөлөөтэй байдаг юм бол?

-Ер нь амьтан тэжээсэн хүүхэд их зөөлөн сэтгэлтэй болдог. Яг өөрөө гардаад тэжээж байгаа учраас. Манайд нэг ирчихсэн хүүхэд дахиад ирэх хүсэлтэй болчихдог. Тиймээс ч бид яваандаа хүрээлэнгээ цогцолбор болгохоор зорьж байна. Амралтын газартай, хүүхдийн тоглоомтой, хоолны газартай байлгахаар төлөвлөж байна.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Цаашдын ажилд чинь амжилт хүсье.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар