Цоожтой хаалганы цаана үлдсэн нэгэн бүсгүйн түүх

2017.05.30
|
24,082
Ойр орчмын бүх хүмүүс нь сал гэж охиныг ятгадаггүй гэж та бодсон уу. Эсвэл нийтлэл дээрх бүсгүй та бүгдээс зөвлөгөө хүссэн гэж бодсон уу.

Энэ бүсгүйтэй ижил нөхцөл байдалд байгаа зуу зуун бүсгүй байгаа атлаа яагаад хүчирхийлэгчээс зүгээр яваад өгч чаддаггүй юм болоо гэж бодож үзсэн үү.

Энэхүү нийтлэлийн өмнөх хэсгийг ЭНД –ээс уншаарай.

Эрхэм уншигч та өмнөх нийтлэлд өгүүлсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн сонголтыг мэдэх хүсэл төрж  байв уу?

Та магадгүй гадарлаж байгаа байх... мэдээж хос хоёр эргэн нийлсэн.

Өмнөх нийтлэлийн доор уншигчдын ирүүлсэн сэтгэгдэлд “эртхэн салах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө дийлэнх байлаа. Яагаад салж чадахгүй эргээд нийлсэн шалтгааныг танд тайлбарлахыг минь зөвшөөрнө үү.  

Ойр орчмын бүх хүмүүс нь сал гэж охиныг ятгадаггүй гэж та бодсон уу. Эсвэл нийтлэл дээрх бүсгүй та бүгдээс зөвлөгөө хүссэн гэж бодсон уу.

Энэ бүсгүйтэй ижил нөхцөл байдалд байгаа зуу зуун бүсгүй байгаа атлаа яагаад хүчирхийлэгчээс зүгээр яваад өгч чаддаггүй юм болоо гэж бодож үзсэн үү.

Магадгүй хүчирхийлэлд өртсөн эмэгтэй сална гэж шийд гаргасан ч салаад явах дээрээ юу тэднийг зогсоодог юм бол…

Харгис залуу эрүүл үедээ эхнэрээ зодсоноос болж эмэгтэй энэ удаад сална гэж шийдсэн. Гэхдээ гэрээсээ өөрийн гэсэн зүйлсээ цуглуулаад, охиноо аваад хаачихаа мэдэхгүй мухардалд орж, цоожтой хаалганы өмнө зогдтусан бодол болон зогссон юм.

Яагаад гэж үү? Өсч төрсөн гэр орон байхгүй юм уу гэж гайхаж байна уу?  

Мэдээж эцэх эхийн гэр орон байгаа. Гэхдээ тэр өссөн гэрээсээ гараад 10-аад жил болсон. Хэдий эцэг эхийн гэр, тэнд өсч том болсон хэдий ч эмэгтэйд хөндий хоосон, айлд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Дээрээс нь энэ олон удаагийн салж нийлэх, хэрүүл маргааны дараа хос хоёр буцаад л нийлдэг нь тэдний аав ээж, ах дүү, найз нөхдөд нь байдаг л үзэгдэл мэт болж, тэдний хэрүүлээс дөжрөө гэдэг зүйл ойр орчмын хүмүүст нь үүссэн байлаа.

Магадгүй хувцас хунараа аваад төрхөмдөө буцаад очлоо гэж бодоход хүн амьтан эцэг эхийг минь муу хэлж гоочилно доо гэх айдас, ажлын газрынхан нь нэг дор ажилладаг учраас төдхөн мэдээд амны зугаа болгож ярих вий гэж эмэгтэй эмээж байлаа.

Нэгэнт сална гэж шийдсэн бол харгис нөхөртэйгөө хамт нэг дор ажиллаж болохгүй болно. Мэдээж нөхөр нь ажлаасаа гарна гэж байхгүй тул өөрөө ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болно. Ажилгүй болвол охиноо хэрхэн өсгөх вэ, ажил төрөлгүй надад мөнгө хэн өгөх вэ, эцэг эхдээ дарамт нэмнэ гэхчлэнгээр хойшдын тухай бодох бүрт ирээдүйн зураглал харанхуйлж байлаа.

Ийм нөхцөл байдалд таны зөвлөгөө салах хэрэгтэй гэсэн байр суурь хэвээрээ байна уу?

Үүн дээр нэмэгдээд охин нь том болсон. Нэгдүгээр ангийн сурагч. Энэ хүүхэд ээж аав хоёрыгоо муудах бүрийн дараа эвлэрүүлэх гэж оролдоно. Ээжээ та аавыг уучилчих л даа, хоёулаа аавгүй амьдрах юм уу, манай найзуудад бүгдэд нь аав байдаг, би ганцаараа аавгүй хүүхэд болох юм уу гэж ээжээсээ ам асуудаг охиноо яах вэ.

Хөндлөнгийн бид хүртэл энэ асуултуудын араас хэлэх үгээ барж, ээрч муурч байхад хүчирхийлэлд өртсөн хүлцэнгүй эмэгтэй яах учраа олох болов уу.

Харгис залуу сална гэхэд нь зүгээр суухгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэрээр эхний удаад гуйна, уйлна дуулна, дахиад л хамгийн сүүлчийн удаа уучлаач, дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй, би ухаарсан, та хоёр байхгүй бол амьд явж чадахгүй гэнэ. Үүнийгээ үргэлжлүүлж заналхийлж эхлэнэ. Та хоёр нэгэнт надтай хамт байхгүй гэж байгаа бол би байхгүй гэсэн үг, тийм болохоор та хоёрыг дуусгаад өөрийгөө хөнөөнө гэж сүрдүүлнэ. Сүүлдээ бүр өөртэй нь муу харилцаатай байдаг хадам аав ээжээ хүртэл хөнөөнө, чамайг хамгаалдаг найз нөхдийг чинь ч хядна гэнэ.

Энэ сүрдүүлэг бол харгис хүчирхийлэгч бүрийн хэлдэг зүгээр л худлаа сүрдүүлэг гэдгийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэй үнэн юм шигээр хүлээж авдаг сэтгэхүйн эмгэг байдалд хүргэдэг байна. Ийм сүрдүүлгийг эмэгтэй миний хайртай дотны хүмүүс аюулд учирлаа хэмээн хүлээн авдаг гэсэн үг юм. Хайртай дотны хүмүүс нь өөрөөс нь болж зовох вий гэж айна.

Та энэ байдлыг өөр дээрээ бодоод үзээрэй. Энэ олон асуудлууд өөрийг тань тойрч байхад яаж шууд л салаад явж чадах вэ.

Тиймээс бид эдгээр хөөрхийлөлтэй эмэгтэйчүүдийг зүгээр сал гээд сууж болохгүй гэдгийг та ойлгож байгаа байх. Магадгүй энэ эмэгтэй хүчирхийллийн эсрэг төвүүдэд хандаж, түр хоргодох байранд байрлалаа гэж бодъё л доо. Нэг сар байлаа, тэгээд гарах хугацаа болно. Одоо хаачих вэ? “Ямар ч байсан байж бай асуудал шийдэгдэнэ, цаг хугацаа хэрэгтэй” гэж зарим нь тайвшруулж магадгүй байх. Ийм хоосон тайвшрал энэ эмэгтэйд хэрэгтэй гэж үү.

Бид яаж туслаж чадах вэ?

Би юу хийж чадах вэ, магадгүй миний ганц охин ийм байдалд ирээдүйд орвол яах болоо. Магадгүй хөгшин бид хоёр унаад өгсөн байвал охин минь хаачихаа мэдэхгүй зовох нь байна даа гэж өөр дээрээ нэг тусгаад бодоод үзээрэй. Эрхэм уншигч таныг хүчирхийллийн эсрэг, эсвэл зүгээр л сайн үйлс хийгээсэй гэж хүсэж байна.

Сайн санаачлагын нэг жишээг танд сонирхуулмаар байна: Түр хоргодох байранд байрлаж буй эмэгтэйчүүдийн хэрэглэх хоол хүнс, хувцсыг улсаас гаргадаг шүү дээ. Манай улс нийгэмд тусламж шаардлагатай хүмүүстээ тэр бүр бүгдийг нь бэлтгэж өгөх сэтгэл дутдаг хойно, түр хоргодох байранд байрлаж байгаа эмэгтэйчүүд хувцсаа бие биендээ дамжуулж өмсдөг  байна. Өөрөөр хэлбэл эгчийнх нь хувцас багадвал дүүд нь дамжуулж өмсүүлдэг монгол уламжлал энэхүү хоргодох байранд үйлчилдэг. Хувцас яах вэ гэж бодож байж магадгүй юм. Тэгвэл хувцас гэдэг тодорхойлолтонд дотуур хувцас хүртэл ордог гэдгийг тодотгомоор байна. Бид хүний дотуур хувцсанд хүрэх нь битгий хэл, харахаас гутдаг биш билүү.

Тэгвэл энэ байдлыг судалж мэдсэн нэгэн найз маань Монголдоо Дотуур хувцасны хувийн бизнес эрхэлдэг жирийн нэгэн эмэгтэй бөгөөд ажилчидтайгаа нийлж, компанийхаа зүгээс түр хоргодох байранд амьдарч буй бүсгүйчүүдэд зориулж 400 хос дотуур хувцас бэлэглэсэн юм. Энэ бол бидний нийгмийн хариуцлага шүү дээ. Энэ эмэгтэй туслахыг л хүссэн. Өөрийгөө ийм тийм юм өгсөн гэж зарлахыг хүсээгүй. Бид ийм л сэтгэлгээтэй болох хэрэгтэй байна.

Сайн үйлс хийснээ зарлах эсэх нь таны дур ч гэлээ, сайн үйлс хийж, бусдадаа туслаж, тусламж дэмжлэг шаардлагатай газарт нь чин сэтгэлээсээ өөрийнхөө чадлаараа туслаж чадвал бидний нийгэм одоо байгаагаасаа илүү хүнлэг болох юм биш үү.

Энэ нийтлэлийг олон хүнд түгээгээсэй гэж уншигч танаас хүсэж байна. Олон хүн бусаддаа туслах сэтгэлийн галыг ноцоогоосой. Энэ гал дүрэлзсээр олон байгууллагыг хамарч нийгмийн хариуцлагатай, хүнлэг үзэлтэй байгууллагуудын тусламж хэрэгтэй газрууддаа итгэл найдвар бэлэглээсэй.

Нийтлэлийн төгсгөлд гол дүрийн эмэгтэй маань цоожтой хаалганы цаана шийдлээ ололгүйгээр үлдсэн гэдгийг сануулмаар байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#