Төрснийхөө дараа жингээ хурдан хасч чадсан ээжүүдийн туршлага

2017.06.19
|
10,626
Маш олон эмэгтэйчүүд эргээд хэвийн жиндээ орж, бүр зарим нь өмнө байснаасаа ч илүү гоо үзэсгэлэнтэй болсон байдаг нь гайхмаар. Тэгвэл ийм гайхамшигтай бас хүчирхэг ээжүүдийн туршлагаас хуваалцъя.

Эх хүн болж хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралын хамгийн сайхан мөч байдаг билээ. Ингэхдээ бүсгүйчүүд маань зөвхөн сэтгэл санаа гэлтгүй бие мах бодиороо ч асар их золиос гаргаж байж шинэ амьдралын үргэлжлэлийг хэвлийдээ тээж төрүүлдэг хамгийн хүчирхэг бас гайхамшигт хүмүүс юм. Тэгвэл амаржсан ээжүүдийн өмнө тулгамддаг тэр олон бэрхшээл, золиосын нэг нь яах аргагүй жингийн илүүдэл, таргалалт. Гэхдээ маш олон эмэгтэйчүүд эргээд хэвийн жиндээ орж, бүр зарим нь өмнө байснаасаа ч илүү гоо үзэсгэлэнтэй болсон байдаг нь гайхмаар. Тэгвэл ийм гайхамшигтай бас хүчирхэг ээжүүдийн туршлагаас хуваалцъя.

 

Г.Наранцэцэг:Турах үнэхээр амархан гэж бод

-Би маш энгийн дасгалуудыг хийдэг байсан. Шатаар дээш, доошоо гүйх, маш их алхах гэх мэт. Үүнээс гадна хамгийн гол нь хэтрүүлэхгүй тохируулж идэх нь чухал. Хооллолтын хувьд:

Өглөө : Геркүлэстэй каш

Өдөр : Хүссэн хоолоо иднэ. Гэхдээ их хэмжээгээр ходоодоо дүүртэл идээд байж болохгүй. Бага багаар ойр ойрхон зайтайгаар иднэ.

Орой : Өлсөөд байвал маш хөнгөхөн зүйлсийг идэхэд болно шүү.

Турах үнэхээр амархан гэж бод. Хамгийн гол нь өөрийгөө голж болохгүй. Яахав дээ махлаг л байгаа биз хичээвэл удахгүй гунхсан сайхан охин болж чадна. Өөрийгөө төгс бүсгүй гэдгээ мэдэр.

 

О.Долгорсүрэн : Эрүүл аргаар 15 кг хасч чадлаа

-Би 4 сарын хугацаанд 15 кг хассан. 6 цагаас өмнө хоол иддэг. Мөн орой тогтмол дасгал хийдэг. Хүмүүс турсныхаа дараа дасгал хөдөлгөөнөө багасгачихдаг болохоор хурдан таргалдаг гэж би боддог. Хэвийн хоолондоо орсон ч багахан хэмжээний дасгал тогтмол хийвэл жингээ барьж чадна. Одоо би 53-55 кг-ын хооронд байгаа. Хүссэн хэмжээндээ хүртлээ тэс тэвч тэгвэл чи ялна. Тэсэхийн аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ шүү дээ. Амжилт хүсье.

 

Б. Маралмаа:Хооллолт 80 хувь, дасгал хөдөлгөөн 20 хувь

-Миний бодлоор жингээ хасахад эрүүл хооллолт 80 хувь, дасгал хөдөлгөөн 20 хувь юм шиг санагддаг.

Төрөөд удаагүй байгаа болохоор хоолны дэглэм хамаагүй барьж болохгүй байсан л даа. Тэгээд эхний 1 сар дан мөөгтэй, далайн байцаатай давсгүй хар шөл уудаг байсан. Гурилан бүтээгдэхүүн хий дэмий хөөлгөдөг болохоос сүү оруулдаггүй. Үүний оронд ус, шингэн юм сайн уудаг байсан. Төрсний дараа өөрөөрөө төрсөн бол 2 сарын дараагаас дасгал хийдэг. Би сар гаран болоод гэдэсний таталт, өгзөг, гуяны дасгал хийсэн. Гол нь өөрийгөө ядраалгүйгээр бага багаар дасгаж хийж байсан шүү. Хөхүүл байсан болохоор ч тэр үү жингээ хурдацтай хаясан. Одоо бараг хуучин жиндээ орж байгаа болохоор иддэгээрээ идээд, орой 6 цагаас хойш юм идэхгүй байгаа.

Би уг нь 52 кг жинтэй байсан ч жирэмслээд 76 кг хүрсэн хүн шүү дээ. Энэ маягаар явахад би 3 сарын дараа 57 кг-тай болсон.

Хамгийн түрүүнд гурилан бүтээгдэхүүнээ зогсоогоорой. Тэгж байж л турна шүү.

 

Г.Алтанзул: Гуяараа турах хамгийн амархан

-Хэзээ ч дасгал, хоолны дэглэмээ хойш тавьж болохгүй. Дараа гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Эхэлсэн зүйлийнхээ хамгийн эцсийн үр дүнг л үзэх хэрэгтэй. Би фитнесд явж, хоолны дэглэм барьдаг байсан.

Хоолны дэглэмийн хувьд :

* Бага багаар ойр ойрхон хооллох. Манай эмэгтэйчүүд маш их өлсөж өлсөж маш их хэмжээгээр нэг дор иддэг. Энэ нь маш буруу зүйл бөгөөд таргалалтын хамгийн том шалтгаан юм.

* Биеийн жинг харгалзан өдөртөө уух ёстой усныхаа хэмжээг тогтоон усыг хэрэглэх хэрэгтэй. Танд BONAQUA APP туслах болно.

Дасгалын хувьд :

* Хүйтэн улиралд бол фитнес дээрээ , одоо дулаарч байгаа юм чинь өглөө 5 цагт босоод гадаа гүйдэг.

* Дасгал заадаг утасны апп-уудыг сайн ашиглаарай. Маш их хэрэгтэй шүү.

Миний онцлог бол хамгийн түрүүнд гуяараа таргалдаг. Гуяараа турахыг хүсэж байгаа бүсгүйчүүдэд зөвлөхөд кардио буюу бие халаалтын, хамгийн их кклр хасдаг дасгалуудыг сайн хийгээрэй. Мөн шатаар өгсөж буух нь гуянд маш их нөлөөлнө.

 

Г.Угалзцэцэг : Өөрийгөө ялна гэдэг хамгийн том ялалт

-Жин хасах гэж байгаа бол хоолоо сойх биш эрүүл хооллож дасгал хөдөлгөөнтэй хослуулах хэрэгтэй. Өөх тос, давс, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

Хоолоо хуурч шарахгүй, чихэр, давс гурил өөх тосыг хасаад хооллох. Мөн хоол тэжээлээс авах ёстой нүүрс ус, уургийг зөв зохистой хэрэглэх. Хүнсэндээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Фитнесээр хичээллээд 3 сар 6 сар цаашлаад жилийн дараа та толинд хараад “Би чадсаан” гэж дотроо хэлэх нь хамгийн гайхалтай мэдрэмж шүү. Чи нэг л амьдарна. Зүгээр л өөртөө сэтгэл хангалуун амьдар.

 

Б.Номундарь: 2 сарын хугацаанд 20 кг хасч чадлаа

-Амттан, бэлэн бүтээгдэхүүнүүд, хийжүүлсэн ундаа, гурил, будаагаа хасаарай. Эдгээр зүйлсээ хассан тохиолдолд жингээ хурдан хасах боломжтой юм. Үхрийн болон тахианы махаар их хэмжээний ногоо оролцуулан сайхан шөл, хуурга, салат гээд маш олон төрлийн хоолоо хийгээд идчихэж болно. Мөн чанасан өндөг, хар талх, жимс, тараг, төмснөөс бусад бүхий л хүнсний ногоонуудыг идэх боломжтой. Хамгийн гол нь өлсөхгүйгээр, эрүүл хүнсээр, зөв хоолыг хийж идэх нь хамгийн чухал.

Би нийтдээ 60 хоног буюу 2 сарын хугацаанд л зөв хоолож, тогтмол дасгал хийсэн. Энэ хугацаандаа 20 кг илүүдэл жингээсээ салж чадсан.

Та өөрөө л өөрийнхөө төлөө хичээхгүй бол нэг л өдөр гэнэтхэн ид шидийн юм шиг зүйл болчихгүй. Тиймээс сайхан харагдахын тулд, өөртөө таалагдахын тулд хичээгээрэй. Мөн маргааш гэж хэзээ ч битгий хойшлуулаарай. Яг одооноос , өнөөдрөөс эхлээрэй. Амжилт!

 

Б.Болор:Хэзээ ч “Би турахаасаа өнгөрсөн” гэж бодож болохгүй

-Би ер нь их олон жилийн өмнөөс жин нэмсэн юм. Тэгээд л нэг өдөр 100 кг болсон байсан даа. Тэгээд ноднин 7-р сарын 25-нд жингээ хасахаар шийдсэн.

Би нүүрс усыг бараг 100 хувь хасч, уураглаг хүнс тэжээл хэрэглэсэн. Бас нимбэгтэй ус уудаг байсан. Сахар, давс, гурил, будаа, жимсийг ч бүр хорьсон. Ааруул ч иддэггүй байсан. Аарууланд малын гаралтай тослог их байдаг. Эхний хагас жил өөртэйгөө маш хатуу тэмцсэн л дээ.

Эхэндээ бараг хоёр сарын дотор 20 кг хасаад үлдсэн нь удаан хасагдсан. Жин буурах тусмаа хасахад хэцүү болдог юм билээ. Их жин эхэндээ эрчтэй бууж байгаад гацдаг. Ер нь бол жилийн дотор 34 кг хассан.

Хэзээ ч “Би турахаасаа өнгөрсөн” гэж бодож болохгүй. Тарган хүн бүр л турахыг дотроо хүсдэг. Гол нь тууштай байх хэрэгтэй. Бас жин хасна гэдэг хоолоо хасаад эсвэл дасгал хийгээд л болчихдог зүйл биш. Цогц арга хэмжээ авах, сэтгэл зүй, цаг хугацаа бас хөрөнгө оруулалт, золиос шаарддаг. Өөртөө маш чанд хатуу үнэнч байх нь хамгийн чухал.

 

Ц.Сарантунгалаг: Би 16.00 цагаас хойш хоол иддэггүй

-Би багын унаган махтай хүүхэд байсан. Нэг л өдөр турахаар шийдээд эгчдээ хэлсэн. Эгч маань ч намайг дэмжиж, турах явцад ч их урмын үг хайрладайг байсан. 16.00 цагаас хойш хоол иддэггүй. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэсэн. Ихэнхдээ шөл уудаг байсан. Жишээлбэл далайн байцаатай шөл, гурвалжин будаатай шөл гэх мэт. Мөн хоолондоо байцаа их хэрэглэдэг байсан. Байцаа нь гэдэс цэвэрлэх үр дүнтэй. Нимбэгтэй ус их уудаг. Ер нь өдөртөө их ус уух хэрэгтэй.

Шоколад, сахар, гурилан бүтээгдэхүүн, амттан идэхээ больсон.

2 сар фитнесд явсан. Зам дээр гүйх, дугуй жийх мөн өдөр бүр доорх дасгалуудыг хийдэг байсан. хөлний дасгалуудыг 1 өдөр, хэвлийн дасгалуудыг дараагийн өдөр гэх мэтээр хийдэг. Ингээд 2 сарын дотор 11 кг хасч 72 кг- 61 кг болсон.

 

Б.Хулан:Гурил, цагаан будаа, амттангаас татгалзаарай

,

-Хамгийн гол нь тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Миний хувьд өглөө босоод заавал хүйтэн ус уудаг. Мөн хар талх, өндөг, ногооны салат гэх зүйлсийн цадатлаа иддэг. Өдрийн 15.00 цаг хүртэл өлсдөггүй. Өдөртөө хар мах, гурвалжин будаа, хөц будаа, тахианы цээж мах гэх мэт зүйлсээр хоол хийгээд иддэг. Тэгээд 16.00 цагаас хойш юм иддэггүй. Аль болох шингэн зүйл сайн уугаад өлсөөд байвал жимс ногоо иддэг. Гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, амттан гэх мэт зүйлсийг идэхэээс татгалзах хэрэгтэй.

Би өдөр бүр дасгал хийдэг шүү. Нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд маань өөрийнхөө биеийг гаргуунд нь гаргачихдаг. Тэгж болохгүй шүү. Цаг зав олдвол л хөдлөөд бай. Би оройдоо хүүхдээ салхилуулахдаа дээсээ бариад гардаг шүү. Одоогийн байдлаар 1 сарын хугацаанд 60-52кг болсон байна.

 

 

Б.Уянга:Дэглэм барих биш харин зөв хооллож сурах хэрэгтэй

-Хүүхэд гаргаснаасаа хойш хэвийн жингээсээ 30 кг нэмсэн. Яаж турах вэ гэж их бодсны эцэст фитнесд явсан. Фитнес дээр цана гэж байдаг, цана нь гүйлтийн замаас илүү үр дүнтэй санагдсан.

Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон доо. Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг. Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй. Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг.

Би 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 4 сар хүртэл яг 6 сарын хугацаанд 25 кг турсан.

Энэ 6 сарын хугацаанд ганц зүйлийг ойлгож авлаа. Хүн дэглэм барьж турах хэрэггүй. Зүгээр л зөв хооллож сурах хэрэгтэй юм байна лээ. Би өглөөдөө 4 стакан ус уудаг , өдөртөө ямар ч хамаагүй хоол иддэг. Гэхдээ хүнд хоолнууд биш. Шарсан хайрсан юм бага гэсэн үг. Орой 6 цагаас хойш юм идэхийг боддоггүй. Үнэхээр өлсөөд байвал тараг уудаг. Бүх охид бүсгүйчүүд маань ч гэсэн өдөртөө ингэж хооллож сураасай гэж хүсэж байна.

 

 

Х.Хэрлэн: 14.00 цагаас хойш махан хоол иддэггүй

-Би анх 60 кг байсан. Охиноо гаргаад 81 кг болсон. Төрснөөс 6 сарын дараа 75 кг болсон байсан. Тэр өдрөөс хойш л таргалалттай эрчимтэй тэмцэж эхэлсэн дээ. Би маш олон тураах дэглэм барьсан. Гэхдээ ямар ч дэглэм барьсан 14.00 цагаас хойш махан хоол иддэггүй.

Эхэндээ их хэцүү. Хоол харвал идчихмээр санагдаад л. Гэхдээ хүн тэсч тэвчиж чадвал бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна лээ. 14.00 цагаас өмнө би өөрийн хүссэн зүйлсээ иддэг байсан. Гэхдээ амттан маш багаар, харин ногоо, мах их иддэг байлаа.

Хоолоо сайн тохируулаарай. Мөн тэсвэр тэвчээр гаргалгүйгээр сайхан болно гэдэг бүтэшгүй зүйл. Хичээл зүтгэл их зүйлийг бүтээдэг юм шүү. Бүгд тэвчээртэй тууштай байгаарай.

 

С.Амина: 14 хоногт 10 кг жин хасч чадлаа

-Би 18.00 цагаас хойш ер нь хоолоо хассан. Ус их уудаг болсон. Би анх жирэмсэн болохоосоо өмнө 50 кг байсан юм. Дараа нь жирэмслээд төрсний дараа 75 кг болтлоо нэмсэн. Хүү маань 4.1 кг гарсан. Эмнэлгээс гараад гэртээ очоод жингээ үзтэл 68 кг болсон байсан. Хүүгээ овоо болгоод хичээлдээ явсан л даа. Ингээд фитнесст 14 хоног явсны дараа анх 65 кг байсан жин маань 53 кг болтлоо буурсан байсан. Гэхдээ булчин суусан юм байлгүй, 56 кг болж хэлбэлзэж эхэлсэн л дээ.

Өглөө босоод нэг өндөгтэй талх жаахан цайтай уугаад өдөр нь гэртээ ирж хүссэн хоолоо хийгээд идчихдэг байсан. 18.00 цагаас өмнө хоол хийж иддэг. Ер нь үхрийн махтай хоол ихэвчлэн иддэг. Бас тараг уудаг байсан. Тараг уухаар маргааш нь 2-3 удаа хүндээр бие засчихдаг. Би өмнө нь өтгөн хатдаг, долоо хоногт ганц л удаа хүндээр бие засдаг байсан бол зөв хооллоод ирэхээр бие цаанаасаа цэвэрлэгдээд ирдэг юм байна.

Хамгийн гол нь тэвчээр юм байна лээ. Шантарч болохгүй шүү. Тэвчээртэй байгаарай гэж хэлье. Ээжүүд бол хамгийн хүчтэй хүмүүс шүү дээ, тиймээс зорилгодоо хүрээрэй.

 

Ж.Цогзолмаа:Хоолоо сойхгүйгээр 20 кг хасаарай

-Би хоёр дахь хүүхдээ төрүүлээд 25 кг жин нэмсэн. Хөхөндөө сүү оруулах гэж байна гээд талх, нарийн боов, шар будаатай цай, жигнэмэг их иддэг байсан нь таргалах гол үндэс болсон юм билээ. Хүн таргалаад ирэхээр өөрийн эрхгүй их иддэг болчихдгийг ойлгосон доо. Ингээд нэг өдөр дээд сургуулийн багшаасаа давсгүй хоолны дэглэмийг сонссон. Хэрэгжүүлж болохоор юм шиг санагдаад шууд л туршиж үзсэн.

Нийт 2 сар 20 хоног буюу 50 хоногийн дотор 19 кг турсан. Одоо дахиад 6 кг турах хэрэгтэй байна.

Ер нь талх, хуурай идэх юм, бүх төрлийн будаа, газтай ундаа, жүүс, гадил, усан үзэм, төмс зэрэг хүнснээс татгалздаг. Харин үхрийн өөхгүй мах, бүх төрлийн байцаа, лууван, алим, тараг, ааруулыг хүссэнээрээ иддэг. Бас ус маш сайн уудаг. Хүн заримдаа цангаад байгаа эсвэл өлсөөд байгаагаа ялгаж чаддаггүй юм шиг санагддаг. Тиймээс ус сайн ууж байх нь зөвхөн цангаа тайлаад зогсохгүй бие махбодод маш их ашиг тустай. Бие дэх хорыг гадагшлуулахад их үр нөлөөтэй санагдсан.

Тиймээс бүсгүйчүүд маань өөртөө үнэнч байгаад амттай, гурилан юм идэхгүй байвал 20 кг-ыг 2 сард ч хасч чадна шүү гэж хэлмээр байна.

 

О.Баярцэцэг:Туръя гэвэл амттанг “алгасах” тэвчээртэй байгаарай

-Гурав төрөхдөө гурвуулан дээр нь эргээд турж чадлаа. Одоо гэдсээ арилгах үлдлээ. Анхны төрөлт дээр 15 кг жин нэмсэн. Хүүхдээ хөхүүлээд сургуульдаа явсаар нэг л мэдэхэд яс арьс болтлоо турчихсан.

Бага хүүхдээ төрүүлээд би 27 кг нэмж, 87 кг болсон. Охин маань хоёр сартайдаа угжаар хооллодог болсон болохоор турна гэж шийдээд 18.00 цагаас хойш юм идэхээ байсан.

Одоо 64 кг болж турж чадсан. Турах бүрт л гэдэс сул үлдээд байдаг болохоор гэдсээ гоё болгох дасгал хийж байгаа. Өөртөө нэг сарын хугацаа өгсөн. Талд нь орчихоод байна. Үр дүнг нь үзэх гээд хичээж байна даа.

Амттанг өдрийн цагаар идэж болно. Гэхдээ маш багаар идэхэд болно. Миний ах “Амттан идээд яг сайхан амтлаад ирэнгүүт амнаасаа гаргаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй” гэж хүүхэд байхад хэлдэг байсан юм. Тэрийг бодоод нэг их амттан идээд байдаггүй юм. Ээж минь ч гэсэн шүдийг минь хайрлаад тэгж их амттан өгч сургаагүй. Би сая төрснийхөө дараа л анх удаа шүдний эмнэлэг орлоо. Буруу ургасан агт араагаа авахуулахдаа үнэндээ төрөхдөө өвдсөнөөс ч илүү өвдсөн. Тэгээд шүдээ бүр их хайрласан даа.

 

 

 Одко:Хүссэн жиндээ хүрэхэд хоёр сар л хангалттай 

-Давсгүй хоол идэж, жаахан өлсөх тэвчээр гаргасан. Тэгээд л боллоо. Орой хоол идэхгүй байхад л ер нь тураад эхэлдэг юм даа.

Би жирэмсэн болоод л огцом жин нэмж таргалсан. Гэхдээ бусад эмэгтэйчүүдийг бодоход жирэмсэн байхдаа ийм ч юм идмээр байна, тийм ч юм идмээр байна гэдэггүй байсан ч 54-86 кг болтлоо таргалчихсан.

Өглөө босоод л ус уугаад, өтгөнөө сайн гаргадаг. Гурвалжин будааг тарагтай хольж хэд хоног идээд овоо хэдэн кг хассан. Ингэж овоо хасангуутаа дуртай юмаа 13.00 цагаас өмнө идээд түүнээс хойш юм идэхгүй. Ус уугаад л, үнэхээр өлсөөд хэцүү байвал алим авч идээд овоо жин хассан. Одоо сул гэдсээ л арилгачихвал болох гээд байна.

Ногоон ногоог түлхүү идвэл их сайн турдаг юм байна лээ. Би байцаа, өргөст хэмх л иддэг. Мах дутагдаад хэцүү байвал махтай хуураад л идчихнэ. Би л лав энэ хоолоо 14.00 цагаас хойш иддэггүй. Түүнээс хойш өлсөхөөрөө тараг, алим, гурвалжин будаатай тараг иддэг дээ.

Би 80 кг-аас 62 кг болж турж чадсан. Өөрийгөө өөрчлөхөд их хугацаа орохгүй ээ. Ердөө хоёр сар л хангалттай.

Бидэн шиг хүүхдээ хараад завгүй байдаг ээжүүд хоолоо зохицуулахаас өөр аргагүй юм байна. Амттай юм нүдэнд харагдаад идмээр санагдаад байвал өглөө босоод иднэ гэж бодоод тэвчээрэй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж чадна, болно гэдгээ өдөр бүр өөртөө шивнэж байгаарай.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар