Эрүүл аргаар жингээ хасахдаа би юу ойлгосон гээч...

Харин саяхнаас энэ дэглэмээр дамжуулан жингээ хурдан хугацаанд хасч чадсан хүмүүсийн талаар сонсоод ямар ч гэсэн энэ бүлгэмд элсч үзэхээр шийдсэн юм. Энэ дэглэмээр бол боловсруулсан хоол хүнснээс татгалзаж, цавуулаггүй, бас нүүрс ус бага зүйлсийг идэх хэрэгтэй юм байна лээ. Энэ дэглэмийг санаачилсан хоолны мэргэжилтэн 2 долоо хоногийн идэх хоол хүнсний жагсаалтыг бичсэн байсан нь авууштай санагдсан. Тиймээс 2 долоо хоногийн хугацаанд хэрхэн жингээ хасахад туслах хоол хүнсний найрлага, орцыг судалж үзээд дараахь дүгнэлтэд хүрсэн юм.
Эрүүл хоол үнэтэй
Энэ дэглэмийг бариад эхний долоо хоногоо өнгөрөөхдөө л би хэтэвчээ хэрхэн нимгэрч байгааг анзаарсан юм. Ингэхдээ өмнө нь долоо хоногоор цуглуулдаг байсан хүнсний зардлаас 3 дахин үнэтэй хоол хүнс авсан юм даа. Ингээд нэг долоо хоног шувтрахад би бараг л цалингийн зээл авч байж энэ дэглэмийг дуусгахаас аргагүй юм шиг хэцүү байдал үүссэн гэхэд болно. Яагаад гэвэл өчигдөрхөн дэлгүүрээс авсан элэгний нухаш, эсвэл зүсмэл боорцог энэ жагсаалтанд багтаагүй байлаа.
Харин оронд нь бүхэл үрийн тариа орсон бараг л гурилын агууламжгүй хоол хүнс, хадгалалт удаан даадаггүй цэцэгт байцаа, элдэв үр, шош, бууцай зэрэг багтсан байв.
Эрүүл хоол бэлтгэхэд цаг хугацаа их орно
Яг үнэндээ эрүүл хоол бэлтгэхэд маш их цаг ордог юм байна. Ганцхан утсаар залгаад пицца авч болох байсан бол одоо олон ногоо цэвэрлэж, байцаагаа чанаж, болгож, бас дээрээс нь махаа гэсэхийг хүлээнэ. Одоо миний хувьд ихэнхдээ миний оройн хоолоо хэрхэн бэлтгэдэг болсон гээч:
Гэртээ 18.00 цагт ажлаасаа ирнэ. Нэг цаг орчим хугацааг оройн хоолоо бэлтгэхэд зарцуулна. Телевизийн олон ангит цувралаа үзэнгээ 19.00 цаг гэхэд хоолоо иднэ. Ингээд 20.00 цаг гэхэд аяга тавгаа угаана. Харин дараа нь 21.00 цаг гэхэд маргаашийнхаа өглөөний цайны зүйлсийг бэлтгэдэг. За тэгээд, 22.00 эсвэл 23.00 цаг гээд унатахаар хэвтэнэ, эсвэл блог уншина.
Өглөөний хоолонд овъёос орсон хоол хүнс, бүхэл үрийн хоол хүнс нэн тустай юм билээ.
Хоол хүнсэндээ ач холбогдол өг, үнэ цэнэтэй байлга
Яг үнэндээ мянга мянган төгрөгийг нэгэнт л хоол хүнсэндээ зарцуулж, биедээ шингээж байгаа бол хоол хүнснийхээ үнийг тооцох нь зөв юм билээ. Хэн ч мөнгөө жорлонгийн цаас болгохыг хүсдэггүй. Тэгсэн хэр нь идэж байгаа зүйлдээ тийм ч их ач холбогдол өгдөггүй нь харамсалтай ч юм шиг. Хэрэв хүн чанартай бас амттай хоол хүнс хэрэглэвэл амьдрал ч тэр хэрээр дагаад өнгөлөг, хөөрхөн, бас сайхан болох нь дамжиггүй. Энэ л бодол надад хоол хүнснийхээ үнэ цэнэ, ач холбогдлыг үнэлэх шалтгаан болсон юм даа. Бас эмх замбараагүй идэх биш ихээхэн төлөвлөгөөтэй байх ёстойг ч ухаарсан даа.
Эрүүл хоол цатгалан мэдрэмж төрүүлдэг
Хоол идчихээд байхад л өлсөөд байгаа юм шиг санагддаг уу. Энэ чинь л асуудал даа. Энэ бол таргалах үндсэн шалтгаан, бас хоол хүнсний буруу сонголт гэдгийг ойлгосон. Чихэр, чипс, хиам, лаазалсан хүнс зэрэг нь хоолны дуршил нэмж, өлсөөд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг юм байна. Харин эрүүл хоол хүнс хэрэглэж дадвал маш сайхан цатгалан мэдрэмж төрөөд зогсохгүй бараг л өлсөхгүй дээ. Илүү ногоон, илүү эрүүл, илүү шинэ хоол хүнс цатгалан мэдрэмж төрүүлдэг гэдгийг санах хэрэгтэй юм билээ.
Шим тэжээл гэдэг чинь чухал
Бидний дийлэнх нь пиццаг тэжээлтэй гэж боддог байх. Үгүй дээ, пицца, түргэн хоол, лаазалж, нөөшилсөн хүнсний илчлэг нь их болохоос биш тэжээллэг чанар нь дэндүү бага байдгийг мэдэж авсан. Үүний оронд амин дэм сайтай, илүү байгалиараа байгаа хүнсийг хэрэглэх хэрэгтэй юм билээ. Ялангуяа, идэж буй хүнсэнд маань амин дэм, уураг хоёр заавал багтсан байх ёстой.
Заавал сайн тогооч байх албагүй...
Та хоол хийхдээ маруухан байж мэдэх юм. Гэхдээ энэ нь эрүүл хоолны дэглэмд огтхон ч нөлөөлөхгүй шүү. Та ногоон навчит салад хийхэд тогоочийн ур чадвар хэрэггүй ээ. Харин мэдрэмж, сэтгэл ханамж л хэрэгтэй.
Жингээ хурдан хасахад маш тустай
Энэ дэглэмийг бариад 7 хоноход л жингээ огцом хаяж байгаагаа мэдэрсэн юм даа. Цаашдаа ч энэ дэглэмээ барих хүсэлтэй байна. Магадгүй энэ дэглэмийн талаар асуух асуулт байвал сэтгэгдэл хэсэг үлдээгээрэй. Таны асуултанд хариулахдаа би баяртай байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.