Эрчүүдийн хэлээр:Халамжтай бүсгүйчүүд л хайрыг авардаг байх

-Та бидэнд захидал илгээж, эрхэмсэг хэрнээ эгэлхэн монгол бүсгүйтэй танилцах хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Таны захидал монголжингоо бүсгүйчүүдэд маань хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд ямар нэг өөрчлөлт гарав уу?
-Их зүйл өөрчлөгдөөгүй. Бараг юу ч өөрчлөгдөөгүй гэвэл хилсдэхгүй байх. Нэг найзынхаа зөвлөснөөр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш цэнгээнт бүжгийн сургалтанд 7 хоногт 2 удаа явж эхэлснээс хойш амьдрал арай өнгөтэй болж байгаа. Гэхдээ л хайж байгаа бүсгүйтэйгээ учраагүй л явна.
-Тэгвэл бидэнд захидал бичсэнээр та өөрийнхөө хувь хүнийхээ хувьд ямар нэг өөрчлөлтийг мэдэрсэн болов уу?
-Тийм ээ. Мэдэрч эхэлсэн. Ямартаа ч өөрийгөө ялан дийлэхэд суралцаж явна даа.
-Бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг юм бол. Та тэр талаар юу гэж боддог вэ?
-Үүнийг л би уг нь мэдмээр байгаа юм. Заримдаа цуг ажилладаг эмэгтэйчүүдээ ч ойлгоход бэрх байдаг. Олон эмэгтэйг сонсоод ажиглаж байхад бүсгүй хүн эр хүнээс халамж, хайрыг л их хүсдэг гэдгийг ойлгосон доо.
-Тэгвэл эмэгтэйчүүд гэр бүлээ халуун дулаан уур амьсгалтай, бат бөх байлгахын тулд өөрөөсөө шалтгаалах зүйлсээс юуг хийж чадах юм бол?
-Ер нь эмэгтэй хүн л амьдралын халуун дулаан бүхнийг өөрөөсөө бий болгодог гол хүн нь гэж боддог. Халамжтай л байвал эрчүүд бид чинь тийм их юм хүсдэггүй шүү дээ.
-Тэгвэл эрчүүдийн хувьд та юу хэлэх вэ?
-Эрчүүдийн хувьд ханиа халамжаар дутаахгүй, хүнд хүчир ажил хийлгэхгүй, өмсөх зүүхээр нь дутаахгүй явах хэрэгтэй гэж боддог.
-Хүүтэйгээ уулзаж байна уу. Хүү чинь тантай хэр дотно байдаг вэ?
-Хүү минь над дээр байдаг юм аа. Ээж бид гурав хамт амьдардаг. Ээжтэйгээ уулзалгүй л яахав. Гэхдээ аавдаа илүү сайн. Хүүгээ аль болохоор сайн ойлгож, ойр дотно байхыг хүсдэг дээ. Найз нөхөдтэй нь ч холбоотой байдаг. 7 хоног бүр найзуудыг нь гэртээ урьж, дуртай PLAYSTATION тоглоомыг нь тоглуулж, дуртай киног нь үзүүлдэг.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тэгэхээр одоо таны ярилцлагыг уншиж байгаа нийт хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Миний ярилцлагыг уншиж байгаа эрхэм хүн та элэг бүтэн, дутах гачих зүйлгүй сайхан амьдралтай байх. Аль эсвэл өнчин, өвчин зовлонтой, ганц бие, эмзэг бүлгийн дутах юм ихтэй нэгэн ч байж болох юм. Гэхдээ хүн өөрийн гэсэн хань ижлээ зөв олж, сонгож чадвал ямар ч зовлон бэрхшээл амьдралд тохиолдсон хатуу биш байх болов уу. Амьдралын хамгийн гол зүйл бол ханиа олох гэдэгт би итгэж байна.
-Тэгвэл сүүлчийн асуултаа танд үлдээе.
-Намайг хайрлах, ойлгох эмэгтэй хаана нэгтээ байж л байгаа. Даанч уулзах цаг мөчийг болтол уулзалдахгүй байх. Сэтгэл зүрхээ л чагнана даа.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.