Эмчээс асууя: Хэт халууны өдрүүдэд нарших болон даралт ихсэхээс ингэж сэргийлээрэй

2017.06.29
|
5,884
Удахгүй үндэсний их баяр наадмын сар гарч Монгол түмэн бид “Эрийн гурван наадам”-аараа дэнж хотойтол өргөн дэлгэр тэмдэглэнэ. Үндэсний их баяр наадмын гол хүнс бол баярын “хуушуур”, “айраг”, “хорхог”, “шорлог” амттай сонсогдох дээрх хоол хүнсийг бид гар дээрээс худалдан авах шаардлага гардаг. Мөн хэт халуун, бөгчим өдрүүдэд хүүхэд болон настай хүмүүст наршихаас авахуулаад даралт ихсэх, зүрх судасны хүндрэлийн эрсдэл бий болдог. Тэгвэл дээрх асуудлаар БЗЭ-ийн НХӨСТ-ийн Д.Адъяасүрэн эмчээс асууцгаая.

Хоол хүнсийг хадгалах горим алдагдсанаас хоолны хордлого болон элдэв гэдэсний халдварт өвчний өвчлөл нэмэгддэг. Тэгвэл халуун дулааны улиралд аливаа халдварт өвчнөөс бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.

Халуун дулааны улиралд  аль болох хаана, хэзээ, яаж бэлтгэсэн нь тодорхойгүй хадгалах горим нь алдагдсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авахгүй байх шаардлагатай. Зайлшгүй авах тохиолдолд үйлдвэрлэсэн он, сар , өдөр, сав баглаа боодол нь бүтэн эсэх, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл, борлуулж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж худалдан авалт хийх хэрэгтэй.

 Амархан муудах чанартай өндөг, майонез, торт зэргийг авахаас татгалзах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх хэрэгтэй. Хоол идэх бүрийн өмнө гараа угааж, ариун цэврийг сахих болон эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэж сурах хэрэгтэй.

Баяр наадмын үеэр эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн дунд ямар эмгэг зонхилдог вэ? Дээрхи зонхилж буй эмгэгүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Иргэд бид юуг анхаарах шаардлагатай вэ?

Баяр наадмын үеэр Баянзүрх эмнэлгийн хулээн авахаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ходоод гэдэсний хямрал, нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэх, архины хордлогын шалтгаан байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга нь зөв хооллолт, хоол хүнсийг тохируулж хэрэглэх, бэлтгэх хадгалах горим алдагдаагүй, баталгаатай хүнсийг сонгож хэрэглэх шаардлагатай.

Ходоод гэдэсний хямралын шинж тэмдгүүд болох дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, халуурах, толгой өвдөх зэрэг зовиур ажиглагдвал цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж авахад бэрхшээлтэй, хол газар байгаа тохиолдолд суулгалт, бөөлжилт бүрийн дараа хангалттай хэмжээний шингэн сэлбэх давсны уусмал буюу бидний ярьж заншсанаар “хоросол”-ийг найруулж уугаарай. Энэ нь алдсан шингэн, эрдсийг нөхөж өгдөг.

Шингэн сэлбэх давсны уусмал найруулахдаа: 1 литр буцалсан усанд  1 цайны халбага давс, 8 цайны халбага элсэн чихэр хийж бэлтгэдэг. Мөн ширгээсэн ус, будааны шүүс, цэвэр ус зэргийг хамт ууж болно.

Хэт халуунд удаан байснаар наранд цохиулах эмгэг байдал үүсдэг. Ялангуяа нялх хүүхдүүдэд шингэн алдах байдлаар илэрдэг. Энэ эмгэг байдлын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Эцэг эхчүүдийн авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгнө үү?

Нарны хэт ягаан туяанд, хэт халуун бөгчим өдрүүдэд удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж илэрдэг. Дотор муухайрч огиудас хүрэх, дотор бачуурч нозоорох, хэвлийгээр өвдөх, суулгах, бага зэрэг халуурах, нүд харанхуйлж, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ аль болох нарны шууд тусгалд удаан тоглуулахгүй байх, гадаа тоглож байгаа хүүхдэд нарны хаалт, нүдний шил зүүлгэх, малгай өмсүүлж, байнга норгож байх, тод өнгийн нимгэн хувцаслаж, гар, хөл, хүзүү зэргийг халхалсан хувцас өмсгөх, шингэн хангалттай уулгаж байх, сүүдрэвч эсвэл саравч зэрэгт тоглуулж байх хэрэгтэй.

Хэрвээ наршилтын шинжүүд ажиглагдвал шингэн сайн уулгаж, хүзүү, суга, цавинд хүйтэн жин тавьж сэрүүцүүлэх, сүүдэртэй сэрүүн газарт байлгах, толгой биеийг угааж, усаар шавьшиж болно. Дээрх шинжүүд гүнзгийрч хүүхдэд зовиур нэмэгдвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ойрын өдрүүдэд хэт халж байгаатай холбоотойгоор настай хүмүүс гэлтгүй иргэдийн дунд даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Хэрхэн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгнө үү?

Хэт халуун бөгчим өдөр хүний биеийн температур 37 хэмээс дээш гарч хөлс ялгаралт нэмэгдснээр эрдсийн солилцоо хямарч, цус өтгөрөлт болохоос гадна, бүх биеийн судас тэлснээр эрхтнүүдийн цусны эргэлтийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох, агаарын даралтын өөрчлөлт зэргээс шалтгаалж өвчин эмгэгтэй гэлтгүй эрүүл хүмүүст хүртэл  хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг.  Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өдрийн хэт халуун наранд удаан хугацаагаар явахгүй байх, гэр орондоо сэнс тавих, агаар чийгшүүлэгч ашиглах зэргээр чийглэг, сэрүүн нөхцөл бүрдүүлэх, артерын даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй хүмүүс эмээ тогтмол ууж, даралтаа тогтмол хэмжиж, хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Хэрвээ эрүүл мэндэд ноцтой шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй. Манай иргэдийн дунд амнаас ам дамжсан, буруу зөвлөгөө өгөх явдал байдаг. Жишээ нь: Харвахын өмнө архи уу гэх зэрэг буруу зөвлөгөөнүүдийг дагаж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол байдаг тул иргэд маань анхаараарай.

Мөн наранд түлэгдсэн үед арьс улайж, хорсох зовиур илэрдэг. Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Наранд гарахаасаа өмнө нарны хамгаалалттай тосыг 30 минутын өмнө түрхэж байх, малгайг байнга норгож өмсөх, нарнаас хамгаалах шүхэр хэрэглэж занших хэрэгтэй.

Нэгэнт арьс түлэгдэж  улайгаад, цэврүү үүсэж, хорсох зовиур илэрч байгаа тохиолдолд тухайн арьсны хэсэгт хүйтэн жин тавих, зуун настын шүүсийг түрхэх, аль болох шингэн зүйл хангалттай ууж, сайн амрах хэрэгтэй.  

Ярилцсан танд баярлалаа.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар