А.Энхпүрэв: Иог нь бие, сэтгэл, сүнсний нэгдэл юм

2017.06.30
|
11,937
Хүний бие болон сэтгэлийн тэнцвэрт байдал нь эрүүл, удаан амьдрах гол түлхүүр болдог. Тэгвэл бид энэ тэнцвэрт байдлыг хадгалж чаддаг билүү. Өдөр тутмын ажлын стресс, гэр орны ажил, хэрэглээний мөнгө, нийгмийн уур бухимдал гээд бид бүхнийг тойрсон олон асуудлуудаас хэрхэн ангижрах аргаа олж яддаг шүү дээ. Бие болон сэтгэлийн амар амгалан байдлыг иогоор хичээллэснээр олж авч болохыг та мэддэг үү.

Хүний бие болон сэтгэлийн тэнцвэрт байдал нь эрүүл, удаан амьдрах гол түлхүүр болдог. Тэгвэл бид энэ тэнцвэрт байдлыг хадгалж чаддаг билүү. Өдөр тутмын ажлын стресс, гэр орны ажил, хэрэглээний мөнгө, нийгмийн уур бухимдал гээд бид бүхнийг тойрсон олон асуудлуудаас хэрхэн ангижрах аргаа олж яддаг шүү дээ. Бие болон сэтгэлийн амар амгалан байдлыг иогоор хичээллэснээр олж авч болохыг та мэддэг үү.

Анхлан суралцагсдын иог, иогын дасгалуудын талаар, мөн анхаарах шаардлагатай зүйлсүүдийн талаар “Family fitness club”-ийн Иогын багш А.Энхпүрэвтэй ярилцлага өрнүүлэх боломж олдсон юм.

Ярилцлагынхаа эхэнд таны ажлын туршлага болон үзүүлсэн амжилтуудын талаар асуумаар байна л даа. Энэ талаар яриагаа эхлье?

Анх 2006-2008 оны хооронд таквендогоор хичээллэж байгаад, 2008 оноос аэробикийн спортоор хичээллэсэн. Аэробикээр хичээллэж багшлахынхаа хажуугаар иогын талаар сонирхож, одоо бол бүр амьдралынхаа нэг хэсэг болгосондоо. 2012 оноос хойш иогын багшаар ажилласан туршлагатай.

Аэробик гимнастикийн улсын аврага шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл нийлсэн  15 орчим медальтай, 2012 оны Болгарын Софи хотод болсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс багийн степ аэробикийн төрлөөр Хүрэл медаль, 2014 онд Солонгос улсад болсон азийн аврага шалгаруулах тэмцээнд Алтан медаль, 2016 онд Солонгосын Инчеон хотод болсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс  Хүрэл медаль тус тус авч байсан.

Биеийн тамир спортын  тэргүүний ажилтан, Аэробик гимнастикийн ОУХМ цолтой.

Аэробик болон иог хоёрыг харьцуулахад миний бодлоор хоорондоо нилээд ялгаатай юм шиг санагдаж байна л даа. Яагаад энэ хоёр өөр төрлийг сонирхон заах болсон бэ?

Мэдээж энэ хоёр төрөл ялгаатай. Аэробикын хувьд илүү эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж  зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлж богино хугацаанд их калор шатааснаар хурдан жин хасахад туслана.  1 цагтын хугацаанд  шатаах энерги өндөр буюу 800-1200ккал орчим байдаг. Харин иогын хувьд  зүрх судасны үйл ажиллагаанд ачаалал бага өгч биеийн бүх булчинг жигд чангалж, сунгаж, сулласнаар биеийг галбиржуулж өгдөг, энерги шатаалт 300-500ккал орчим байдаг.

Миний хувьд иогаар хичээллэхийн ач тус маш их байдгийг мэдснээр үүгээр хичээллэж, заах хүсэлтэй болсон. Иогийн төрлөөр хүмүүст зааж мөн өөрөө хийснээр маш их бие болон сэтгэлийн таашаалийг авдаг.

Иог гэж чухам яг юуг хэлэх вэ, иогоор хичээллэснээр хүний бие махбодид ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Иог бол хүний бие, сэтгэл, сүнсний нэгдэл юм. Энэ гурван зүйлийг зөв удирдах нь иогоор хичээллэхийн зорилго байдаг. Иогын үүсэл гарлын хувьд эртний Энэтхэгээс гаралтай бөгөөд одоо үед олон чиглэлээр хөгжсөн байдаг.

Миний хувьд Аштанга чиглэлээр хичээлээ явуулдаг. Энэ нь иогын үндсэн дасгалууд, платис барилтууд, тачигийн амьсгалын дасгалын хамт заадаг.

Иогын хамгийн анхан шатны, үндсэн дасгал бол Sun solutation буюу наранд мөргөх дасгалаар эхэлдэг. Энэ нь хамгийн энгийн дасгалууд байдаг гэж ойлгож болно. Үндсэн дасгалуудаа амьсгалын дасгалын хамт сайн хийж сурсны дараагаар дасгалуудаа хүндрүүлж иогын бусад төрлүүдээр хичээллэх боломжтой. Платис барилтууд гэдэг нь биеийн бусад  нарийн булчингуудыг чангалах дасгалыг хэлдэг.

Иогоор хичээллэснээр хүний биеийн бүх л булчинг ажиллуулж, чангалснаар зөв галбиржихаас гадна, бие болон сэтгэлийн тэнцвэрт байдалд орсноор аливаа хүн илүү амар тайван, стресс ядаргаанаас бүрэн ангижирдаг.

Таны хичээлийн үеэр эгшиглэх дуунууд их ритмтэй, сүүлийн үеийн дуунууд зонхилж байгаа харагдсан. Энэ нь таны хичээлийн бас нэг онцлог юм шиг санагдсан. Тухайн дасгалаасаа хамаараад дуугаа сонгодог уу?

Тийм. Хөнгөн, удаан хэмнэлтэй, сунгалтын болон амьсгалын дасгалын үед уянгын, зөөлөн аяыг сонгодог. Харин илүү хүчний буюу хэвлийн, нурууны эрчимтэй дасгалуудын үед ритмтэй ая тавих нь хичээллэж байгаа хүмүүст илүү урам, эрч хүчийг өгч хүнд хэцүү дасгалуудыг сайн хийхэд их тустай байдаг. Ая дуу бол тухайн хүн өөрийгөө сонсож, хүнд хэцүү дасгалын үед өөрийн биеийг мэдэрч, тэнцвэрээ илүү удаан барихад туслах зүйл учраас дууны сонголтонд их ач холбогдол өгдөг.

Иогоор анхлан хичээллэж байгаа хүмүүсийн хувьд юуг анхаарах шаардлагатай байдаг вэ?

Хамгийн түрүүнд амьсгалын дасгал хамгийн чухал байдаг. Дасгал хөдөлгөөн хийж байх явцад амьсгалаа зөв удирдаж байх хэрэгтэй. Иогоор анхлан хичээллэж байгаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь амьсгалаа түгжчихдэг. Тухайн дасгалын үед багшийн удирдлагыг маш сайн анхаарах хэрэгтэй. Ямар үед амьсгалаа гаргах болон авах талаар багш зааварчилдаг тул сайтар анхааралаа төвлөрүүлээд, багшийнхаа зааварчилгааг сонсож байх нь их чухал.

Мөн тольтойгоо сайн харьцаж, өөрийн хөдөлгөөнийг хянаж байх хэрэгтэй. Дасгалыг олон удаа буруу хийх нь бэртэл гэмтэл авах нэг нөхцөл болдог. Буруу хийж байгаа тохиолдолд багш зааж өгдөг тул дасгалаа зөвөөр, сайн хийж сурахад тольтойгоо харьцах шаардлагатай болдог.

Мэдээж иогоор хиээллэх хүн биеэ бэлдэх хэрэгтэй. Хичээлдээ суухаас хоёр цагийн өмнө хоол ундаа идэх хэрэгтэй. Хичээлдээ суухын өмнөхөн юм идчихвэл ходоод гэдэс идсэн хоолыг боловсруулах ачаалал нэмэгдсэнээр анхаарал төвлөрөлт буурч, хэт цатгалдаж дасгалуудаа хийж чадахгүйд хүрдэг. Мөн хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, гудсаа байрлуулж байраа эзлэх хэрэгтэй. Хичээлийн зааланд утасныхаа дууг хаасан байх хэрэгтэй. Хичээллэж байх явцад утасны хонх дуугарах нь анхаарал саринаж, бие цочролд ордог тул анхаарах хэрэгтэй.

Хажуудаа уух ус, хувийн эд зүйлсээ тавих тал байдаг. Иогын дасгалууд сунгалт их шаарддаг тул зарим дасгалын үед хажууд байгаа эд зүйлс дасгал хийхэд саад болдог тул өөрөөсөө хол, тусад нь тавьж, хувцасны шүүгээндээ зарим зүйлээ үдээх хэрэгтэй.

Мөн хувцаслалтын хувьд биед чөлөөтэй, хөдөлгөөнд саад болохооргүй хувцасыг сонгож өмсөх хэрэгтэй.  Их хөлөрдөг хүн бол алчуураа авч ирэх нь зүйтэй.

Ариун цэврийн үүднээс хүмүүс иогоор хичээллэхээр ирэхдээ өөрийн хувийн гудсаа авч ирвэл зүгээр байдаг. Учир нь фитнессийн, заалны гудсуудыг янз бүрийн хүмүүс дамжуулж дундаа хэрэглэдэг тул маш амархан бохирдчихсон байдаг.

Хэрвээ архаг хууч өвчтэй, нуруу нугасны гэмтэлтэй, мэс ажилбар хийлгэсэн хүмүүс байвал багшдаа өөрийн эрүүл мэндийн талаар хэлэх хэрэгтэй. Учир нь зарим хүнд дасгалын барилтууд нь өвчнийг сэдрээж болдог. Аливаа дасгалын үед танд зовиур илэрч байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй бөгөөд дасгалаа зогсоож болдог гэдгийг хэлмээр байна.

Хэдий хугацааны дараагаар биеийн нарийн булчингуудын хүч сайжирч, тэнцэрээ барьж сурах вэ?  

Мэдээж тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаална. Сайн хичээллэж байгаа хүнд ойролцоогоор 3 сарын дараагаас булчингын хүч сайчирч тэнцвэрээ маш сайн барьж сурдаг.  Гэхдээ спортын бусад төрлөөр хичээллэж байсан хүмүүсийн хувьд булчингуудын хүч сайн байдаг тул амархан тэнцвэрээ бариад сурчихдаг.

Ер нь долоо хоногт хэдэн удаа иогоор хичээллэх нь зөв байдаг вэ?

Анхлан сурч байгаа хүмүүс долоо хоногт 2-3 удаа хичээллэх нь зүйтэй. Харин иогоор удаан хичээллэж байгаа хүмүүс долоо хоногийн долоон өдөр хичээллэсэн ч болно. Аяндаа бие махбодь дасан зохицчихдог.

Жирэмсэн болон төрсний дараагаар иогоор хичээллэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Иогыг аль ч насны ямарч хүн хийх боломжтой. Төрсний дараа бол 2 сарын дараагаас иогыг хийж болдог. Харин кесарь хагалгаагаар төрсөн тохиолдолд 3-4 сарын дараагаас хийх хэрэгтэй. Учир нь хагалгааны шарх сайн эдгээгүйгээс болж цус алдах эрсдэл үүсч болно. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд төрөн төртөлөө хийж болно. Гэхдээ зарим хүнд дасгалуудыг хийхийг хориглодог бөгөөд хүнд дасгалыг хялбаршуулаад хийдэг.

 

Ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар