Н.Жавхлан: Амжилттай эр хүний ард заавал хүчирхэг эмэгтэй байдаг

2017.07.04
|
6,953
Магадгүй зарим эрчүүдийн хувьд сэргэлэн, хөгжилтэй, хөөрхөн зүс царай, гоолиг биетэй эмэгтэй үзэсгэлэнтэй гэж хариулж болох юм. Миний хувьд ухаалаг зан эмэгтэй хүнийг чимдэг.

Бид энэ эрхмийн бизнесийн мэргэн зөвлөгөө, хүний нөөцийн үнэтэй туршлага, боломжуудын талаар хэдэнтээ уншиж, бас сонсч байсан байх. Харин энэ удаа тэрээр Mongoljingoo.mn сайтын уншигчидтай гэр бүл, ахуй амьдралын талаар хөөрөлдөхөөр уригдсан юм. Тэр бол “Могул Консалтинг Сервис” компанийн захирал Н.Жавхлан.

 

-Өнөөдөр ажлын эхний өдөр болж байна, энэ утгаараа таны ажил хэрхэн эхэлдэг тухай яриагаа эхэлэх нь зүйтэй байх?

-Даваа гариг болгоны өглөө манай компани weekly meeting буюу долоо хоногийн уулзалтаар ажлаа эхэлдэг. Өнгөрсөн долоо хоногт бид юу хийв, энэ долоо хоногт юу хийх вэ гэх зэргээр нарийвчилсан жижиг асуудлуудаа ч ярилцдаг. Компанийн том төлөвлөгөөний хувьд жилийн эхэнд гарч, сар болгон төлөвлөгөөн дээрээ анализ хийж бататгаж, засаж залруулаад явдаг. Сарын төлөвлөгөөг сарын эхэндээ гаргаад долоо хоног тутамд уулзалт хийж юу хийснээ нарийвчлан ярилцана даа.

 

-Таны ярилцлагыг уншиж байхад нэлээд албаны, бизнес зөвлөгөө өгсөн байдаг санагдсан. Тиймээс энэ удаад би таны гэр бүлдээ гаргадаг цаг завын талаар асуумаар санагдаад байна л даа. Тухайлбал амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Урьд нь гэр бүлдээ зарцуулдаг цаг маань их хомс байжээ. Одоо хүүхдүүд өсч томорч байна. Манайх хоёр хүүтэй. Том нь 5 настай, бага хүү маань 3 настай. Өөрсдөө гүйж ирээд л хэзээ зав гаргах юм, хэзээ надтай хамт дугуй унах вэ гэж асууж шалгаагаад эхэлж байна.

Урьд нь чөлөөт цагаа янз бүрийн арга хэмжээ, сургалт семнар, уулзалт зөвлөгөөн гэх мэтчилэнгээр өнгөрөөдөг байсан. Харин одоо бол үүнийгээ засаж хүүхдүүддээ тодорхой хэмжээгээр цаг зарцуулахгүй бол нийгэмд сайн иргэн болон төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил их чухал юм байна гэж бодох болсон. Мөн хүүхдүүдийн насны хувьд анхаарал халамж, боловсролд нь  ч анхаарах хэрэгтэй учраас зориулж цаг гаргахын тулд их хичээж байгаа.

 

-Том хүү чинь мөд сургуульд орох болж байгаа юм байна. Хэр бэлтгэж байна вэ?

-Миний бодлоор сүүлийн үеийн дийлэнх эцэг эхчүүд хүүхдийн боловсролд анхаарч байна гээд 3 настай хүүхдийг уншуулж бичүүлж сургах цэцэрлэгт явуулах, багаас нь англи болон бусад орны хэлийг сургах гээд л хэт туйлшраад байгаа юм шиг санагддаг. Би өөрөө 8 настай сургуульд орж байсан. Сургуульд орох хүртлээ уншиж бичих талаар сурч байгаагүй. Ингэлээ гээд би үеийн хүүхдүүдээсээ хичээлээр хоцорсон зүйл байхгүй. Тийм болохоор хүүхдүүдээ сургуульд орох насанд нь үзэх ёстой, сурах хэрэгтэй зүйлсийг нь сургаад явах нь зөв гэж боддог. Үүнд яарах шаардлага байхгүй. Харин хүүхэд үед нь гадаад орчноо танин мэдэх, юмны учрыг олох хүслийг нь өдөөсөн зүйлсийг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

 

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулж, дэлхийн түвшний боловсрол олгоно гэж их ярих болж. Хүүхдийн хөгжилд сургууль хэр нөлөөтэй гэж боддог вэ?

-Мэдээж сургууль хүүхдийн ирээдүйн хөгжилд маш их хэрэгтэй. Сургуулиас сурах ёстой зүйлсээ сураад гарах нь цаашдын ирээдүйд эерэг нөлөөтэй гэж бодож байна.

 

-Хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Хүүхдүүд маань дугуй унах дуртай. Эрэгтэй хүүхдүүд гэдэг утгаар нь спортлог байлгах гэж хичээдэг.

 

-Бизнесийн салбар маш их өрсөлдөөнтэй, тухайн хүнээс цаг зав их шаарддаг. Мөн бизнесийн орчин хурдан өөрчлөгдөж байна. Үүнд дасан зохицож хурдтай ажиллахыг шаардаж байна. Ийм нөхцөлд гэр бүлдээ зарцуулах цаг заваа тохируулах хэрэг гардаг байх л даа. Амралтын өдрөө гэр бүлдээ бүрэн зарцуулж чадаж байна уу?

-Ер нь бол долоо хоногийн нэг өдрийг бүтэн зарцуулдаг.

 

-Ханийн тань талаар асуумаар байна л даа. Гэр бүлийн хүнээ манай уншигчдад танилцуулаач?

-Манай эхнэрийг С.Буянхүү гэдэг. МУИС-ийг маркетингийн чиглэлээр төгсөж, Япон улсад магистрын зэрэг хамгаалсан. Цахим бизнес, цахим маркетинг чиглэлээр мэргэшсэн хүн. Миний хийж буй ажилд мэргэжлийн зөвлөгөө өгч,  миний ажил мэргэжлийг ойлгодог учраас их баяртай байдаг. Бид хоёр хийж буй ажлуудынхаа талаар ярилцаж, миний алдаа оноо, зарим зүйлийн гаргалгааны олж хараагүй зүйлийг мэргэжлийн хүний үүднээс  сануулдаг.

Амжилттай яваа эрэгтэй хүний ард заавал хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг. Миний амжилтын ард эхнэрийн минь найдвартай байдал, бас эр нөхрийнхөө ажлыг ойлгож, тусалж дэмждэг зан, ар гэрийн амьдралаа зохицуулж, хамгаалж явдаг сайн чанар, ханийн халамж анхаарал байдаг даа.

Миний амжилтын ард эхнэрийн минь найдвартай байдал, тусалж дэмждэг зан, ханийн халамж анхаарал байдаг даа.

-Анх танилцсан түүхээ хуваалцаач?

-2009 онд Бизнетворкийг дөнгөж нээсэн үедээ олон байгууллагаар сурталчилгаа хийж их явдаг байсан юм. Тухайн үед “Ситинет” дээр манай эхнэр маркетинг хариуцаж ажиллаж байсан. Ажлын шугамаар уулзаж танилцаад, сүүлдээ дотносож, эхнэр нөхөр болсон доо.

 

-Эхнэртэйгээ хамт ажиллаж байгаа юу?

-Үгүй, бид өөр компаниудад ажилладаг. Хоёлаа хамтдаа нэг газар ажиллахаар ажлын цаг хоёуланд маань адилхан, дээрээс нь ачаалал ихтэй үед ар гэр, хүүхдүүдийг харах асуудал их. Тиймээс аль болох өөр газруудад ажиллах нь дээр гэдэг шийдэлд хүрч, тусдаа ажиллаж байгаа.

 

-Танай гэр бүлийн хобби юу вэ?

-Гэрийн хобби гэхээсээ илүү, аль болох цэвэр агаарт гэр бүлээрээ байхыг хичээдэг. Энэ утгаараа лагерь дээр очиж, хүүхдүүдтэйгээ дугуй унах дуртай болоод байгаа. Ингэж хүүхдүүдээ интернэт, гар утас, компьютерээс холдуулж, нэг өдөр ч гэсэн гэр бүлээрээ хөгжилдөж, агаар салхинд өнгөрөөхийг зорьдог.

 

-Орчин үед гэр бүлийн харилцаа ямар байхаас ажлын амжилт их хамаардаг болжээ. Хүн гэртээ дулаан уур амьсгалтай, гэрэлтэй, гэгээтэй байвал ажил дээрээ амжилт гаргахад нөлөөлдөг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол мэдээж үнэн. Миний хувьд хүний нөөцийн салбарт ажилладаг. Гэр бүлийн хүмүүжил, суурь хүмүүжил гэдэг дээр маш их анхаарч байна. суурь хүмүүжил сайтай хүн ямар ч орчин нөхцөлд ажилласан ажлын бүтээмж, амжилт илүү байдаг. Мөн өөртөө хэрэгтэй мэдлэг боловсролыг авч чадаж байна. Жишээ нь, сайн ажиллах хүн гэж хэнийг хэлэх вэ гээд аваад үзэхэд, боловсролын хувьд тийм гоц гойд биш хэрнээ, ажил даалгахад хэрэгтэй зүйлсийг судлаад л өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж чадаж байвал тухайн компанид алт шиг ажилтан нь гэж үнэлэгдэнэ.

Одоо үед бүх л салбарт багийн тоглолт их чухал болсон байна. Аливаа хүн гэртээ гаргадаг ааш ариншингаа ажил дээрээ, хамт олныхоо дунд гаргадаг юм байна л даа. Тэгэхээр гэр бүлдээ дулаан уур амьсгал түгээж, түүн дотор амьдарч байгаа хүн бол ажил дээрээ ирээд хамт олон дундаа ч мөн адил дулаан уур амьсгалыг бусдад түгээдэг.

 

-Таны бодлоор эр хүн, эцэг хүн ямар байх ёстой юм болоо? Зүгээр мөнгө олж ирээд, түүнийгээ захиран зарцуулах үүрэгтэй юм уу? Эр хүний хувьд хүлээдэг үүрэг нь чухам юу байдаг гэж боддог вэ?

-Гэр бүлийн дотор үүссэн томоохон асуудлууд дээр зөв мэдээллээр хангаж байх шаардлагатай гэж боддог. Тухайн нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж, зөв бурууг дэнсэлж, боломжит хувилбаруудыг гаргаж эрэмбэлж, хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргадаг хүн байх ёстой. Энэ нь эцэг хүний гол үүрэг гэж боддог. Мэдээж дангаараа шийдвэрийг шууд гаргах нь өрөөсгөл учраас гэр бүлийн хүнтэйгээ зөвшилцөж, санаа бодлыг нь шийдвэртэй тусгах хэрэгтэй.

Мөнгө төгрөг олохын тухайд эхнэр бид хоёр хоёулаа ажилладаг учраас цалингаараа гэр бүлийн сан үүсгэж, түүнээсээ гэр бүлдээ зарцуулаад л явдаг. Тийм болохоор би илүү олдог гэсэн үзэл манай гэр бүлд байдаггүй.

 

-Аавууд ямар байхаас эрэгтэй хүүхдийн хүмүүжил хамаардаг гэдэг. Эрэгтэй хүүхэд ер нь аавыгаа харж өсдөг юм байна л даа. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Үнэн үнэн. Жишээ нь, гэртээ орж ирээд утсаа маажаад хэвтчихвэл манай хүүхдүүд жоохон болоод ч тэр үү шууд л дуурайгаад хажууд утас авна гээд л хэвтчихдэг. Заримдаа уур бухимдалтай үедээ гаргаж байгаа занг маань хүртэл дараа нь гаргаж байгаа тохиолдлыг харж байлаа. Тийм болохоор хүүхдүүдийнхээ хажууд сэтгэл санааны байдал ямар ч байсан өөрийнхөө үг, үйлдлээ хянаж, үлгэр дуурайлал болох ёстой гэдгээ санаж байх хэрэгтэй гэж боддог. Үүний төлөө их хичээж байгаа.

 

-Таны хувьд гэр бүл чинь бат бөх, сайхан уур амьсгалтай явж байгаагийн гол нууц нь юу байдаг гэж боддог вэ? Гэр бүлдээ тавьдаг таны хамгийн гол зүйл юу вэ?

-Эхнэр бид хоёрын хувьд сэтгэлийн хөөрлөөр хамтын амьдрал зохиогоогүй. Хоёр биенээ маш сайн таньж мэдсэн, үүрэг хариуцлага маань юу вэ, ямар үед нь бие биедээ туслах вэ гээд л хоёр биенээ маш сайн мэддэг. Мөн хоёр биенээ маш сайн ойлгодог.

 

-Манай сайтын дийлэнх уншигчид маань эмэгтэйчүүд байдаг. Тэр утгаараа таны эхнэрээ олж харахад тусласан зан чанар гэдэг юм уу, эсвэл эмэгтэй хүнд заавал байх ёстой, эмэгтэй хүнийг чимдэг зүйл юу гэж та боддог вэ?

-Магадгүй зарим эрчүүдийн хувьд сэргэлэн, хөгжилтэй, хөөрхөн зүс царай, гоолиг биетэй эмэгтэй үзэсгэлэнтэй гэж хариулж болох юм.  Миний хувьд ухаалаг зан эмэгтэй хүнийг чимдэг. Ухаалаг эмэгтэй ямар ч үед үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж боддог.

Эхнэрийнхээ ухаалаг занд хамгийн түрүүнд татагдсан. Аливаа асуудлыг маш олон өнцгөөс нь харж, шийдвэрлэдэг. Байнга өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг уншиж судалж, олон хариулт нь олдохгүй асуудлын гаргалгааг гаргахад зөв шийдлийг зөвлөдөг.

Жишээ нь, заримдаа ажил төрөл бүтэхгүй, гундуу үе тохиолдож л байлаа. Ийм үед гэртээ ороод очиход ямар асуудал гарсан талаар хоорондоо ярилцахад надтай адил мэргэжилтэй учраас шийдвэрлэж болох гаргалгаа, шинэ санал, санаачлага, шинэ нийтлэлээс санаа авах гэдэг ч юм уу мэргэжлийн зөвлөгөө өгч чаддаг. Заримдаа олон хоногоор хонож өнжөөд ажилласан үед ажиллах идэвхи буураад эхнэртээ хийх ажлынхаа санааг хэлэхэд л өглөө босоход бэлдээд тавьчихсан байдаг.

Миний хань тайван бай, аяндаа ажил чинь бүтнэ гэж хоосон тайвшрал өгөхөөс илүү бодитойгоор, шийдвэрлэх боломж, шийдлийг санал болгож өгдөгт нь маш их баярлаж явдаг. Хүүхдүүдийн маань боловсрол, ирээдүйн сайн хүн болж төлөвшихөд ээж хүн хамгийн ойр байдаг учраас ийм ухаалаг эмэгтэй байгаад нь бас баярлаж явдаг даа.

Өөрийн эмэгтэй дүү нартаа боловсрол эзэмш, олон сайн ном унш гэж байнга хэлдэг л дээ. Ядаж л нөхөртэйгөө ойлголцоход хэрэгтэйг сануулдаг.

Ухаалаг зан эмэгтэй хүнийг чимдэг. Ухаалаг эмэгтэй ямар ч үед үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж боддог.

-Ямар ч гэр бүлд маргаан гарах үе байдаг шүү дээ. Тэр үеийг та хоёр яаж даван туулдаг вэ?

-Би ер нь их адгуу, яаруу ханддаг хүн л дээ. Аливаа асуудалд түргэдэх гээд байдаг тал бий. Миний хань харин эсрэгээрээ маш тайван, дуугай хүн. Бид хоёрын байр солигдчихсон гэж яриад багахан хошигнох дуртай.

Эхнэртэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэлэхээсээ илүү үйлдлээрээ харуулах нь зөв шүү дээ.

 

-Та хэр романтик хүн бэ?

-Бидний амьдарч байсан 1990-ээд он бол нэлээд хэцүү нийгэм байсан юм шиг байгаа юм. Зоогийн газарт орлоо гэхэд миний үеийнхэн хоолоо үлдээлгүй бүгдийг иддэг шүү дээ. Картын бараанд дугаарлаж зогсч байсан үед амьдарч байсан болохоор хэзээ ч хоол ундаа илүү гаргаж хаях талаар боддоггүй байх. Бас бидний үед чөлөөт цагаа өнгөрөөх хобби, таатай орчин гэж бараг л байсангүй. Би гэхэд хичээл амарлаа л бол хөдөө өвөөдөө очдог, мал аж ахуйд нь тусалдаг хүүхэд байлаа. Нийгэм солигдонгуут ямар ч хоббигүй хүн чинь өөрийн гэсэн хоббитой болж авна аа гэж бодоод л яваад байна.

Сүүлийн үед дугуй унах хоббитой болох сонирхолтой байгаа.

 

-Хүүхдүүдээ ямар мэргэжилтэй хүн болгоё гэж зорьж байна вэ?

-Би карьераа хэд хэдэн янзаар зурж бодож үзсэн л дээ. Одоо хийж байгаа бизнесийн ажлуудаа бодоход ирээдүйд давуу болон сул талаа дүгнээд, хэрхэн мэргэжлээ сонгох вэ гэдгээ бодож байна. Иймд насаа яваад ирэхээр хүмүүст ямар мэргэжил тохирох талаар зөвлөгөө өгдөг ажил мэргэжилтэй болбол зүгээр гэж бодож байгаа.

Миний том хүү их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд. Нэг зүйлд удаан тогтож суух дургүй. Өөрөө сонирхвол бизнесийн удирдлага, борлуулалтын чиглэлд ажиллуулъя гэж боддог юм.

Харин бага хүү минь их тогтож суудаг хүн. Тиймээс нарийн мэргэжлийн хүн болох болов уу гэж бодож байна. Гэхдээ болоогүй, дахиад 14-15 жил байна шүү дээ.

Ер нь эцэг эхчүүд хүүхдүүддээ тодорхой хэмжээгээр зөв давуу талуудыг хэлж ойлгуулах ёстой. Түүнийгээ хүүхдүүд сонирхохгүй байсан ч сонирхдог болтол нь хүсэл эрмэлзлэлээр нь жигүүрлүүлэх хэрэгтэй. Иймд тухайн үеийн байдлыг харж л шийдвэр гаргана гэж бодож байгаа.

Тэгэхгүй бол одоо манай үеийнхнийг харахад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн ч ховор байна даа. Энэ нь хүмүүс мэргэжлээ буруу сонгосонтой холбоотой байх өндөр магадлалтай.

Насаа яваад ирэхээр хүмүүст ямар мэргэжил тохирох талаар зөвлөгөө өгдөг ажилтай болбол зүгээр гэж бодож байгаа.

-Таны хувьд давуу тал чинь юу байсан юм бэ?

-Миний хувьд юм цээжлэхдээ сайн, ой тогтоолт өндөртэй хүүхэд байсан. Тиймээс ч хуульч, эсвэл нийгмийн ухааны салбарт мэргэжил эзэмшсэн бол давуу талтай байх байсан болов уу. Тухайн үед бодож байхад Монголоор дүүрэн хуульч байна гэж ярьдаг байсан. Гэтэл би тухайн үед тэгж олон хүн суралцаж төгсч байна гэдгээс айлгүй орж суралцсан бол өнөөдрийнхөөсөө илүү боломжид хүрэх байсан гэж боддог. Ингэхээр хувь хүний давуу талуудыг харуулсан ажил мэргэжлийг залуу хүмүүс эзэмших ёстой гэж боддог юм.

 

-Карьер зурах гэлээ. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?

-Хүн ер нь нийгмийн харилцаанд ороод л өөрийгөө ямар мэргэжилтэй хүн болох юм бэ, ямар албан тушаалтай болох юм бэ, ямар мэдлэг чадвартай болох юм бэ, ямар орлоготой хүн болох юм бэ гэдгээ ч тооцдог байх нь зүйтэй.

Байгууллагууд ч ялгаагүй хүнээ ажилд аваад хэрхэн сургаж дадлагажуулах вэ гэдгээ ч анхаардаг. Жишээ нь, банк гэхэд шинээр ажилд авч байгаа бол заавал теллерээс эхэлж байна.

Хүүхдээ багаас нь инженер болох уу, эмч болох уу гэж асуухын оронд алтан гартай инженер болох уу гэх зэргээр сонирхлыг нь татаж, өдөөх байдлаар ярилцах нь илүү үр дүнтэй байх болов уу.

 

-Тэгвэл Монголд хамгийн эрэлттэй байгаа мэргэжил юу байна вэ? Магадгүй ирээдүйд 10 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөх бол?

-Монголд эрэлтгүй мэргэжил гэж байхгүй л дээ. Тухайн эрэлтийг хангасан ур чадвар байна уу л гэдэг байна. Орчин үед ер нь харьцуулан шинжлэх чадвар маш чухал болж байна. Борлуулалтын менежер гэхэд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулаад давуу болон сул талуудыг олж харж чаддаг, түүнийгээ хэрэглэгчдэдээ танилцуулж чаддаг байх хэрэгтэй. Удирдах ажилтан гэхэд ажилтнуудаас ирж байгаа тайлан мэдээллийг аваад дүгнэлт хийгээд оновчтой хувилбарыг сонгож чаддаг байх. Өнөөгийн нийгэмд бид маш их мэдээлэл авч байна. Тэр олон мэдээллийг аваад харьцуулаад, өөрийн гэсэн оновчтой хувилбарыг гаргаж чаддаг тийм л хүнийг Монголын нийгэм, дэлхийн эдийн засаг тэр чигээрээ л хайж байна.

Өмнө нь World, Excell дээр ажиллаж чаддаг, эсвэл англи хэлтэй хүн илүү чухал байсан бол одоо эдгээр нь тухайн ажилтанд заавал байх ёстой ур чадвар юм, харин тухайн хүний төрөлхийн аливааг дүгнэж шинжлэх чадвар нь хэр юм бэ гэдгийг маш их хардаг.

Байгууллагууд сайн ажилтанг маш их хайж байдаг. Харин тухайн хүн хувь хүнийхээ давуу талыг маш сайн ил гаргаж харуулж байх хэрэгтэй. Ингэж давуу талуудаа сурталчлах гэдэг маань онгироод бай гэсэн үг биш шүү дээ. Би нэг ийм юм мэддэг, ийм юм хийж чаддаг гэдгээ нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр харуулчихад гэмгүй гэж би боддог.

 

-Ярилцлагаа “Могул Консалтинг сервис” ХХК-д хандуулъя. Танай компанийн сүүлийн үеийн сонин хачнаас сонсъё?

-Манай бизнесийн үндсэн гол философи нь юу юм бэ гэдгийг ярья. Хүн өөрөө бизнест маш чухал оролцоотой байдаг юм байна. Магадгүй үүдний угтах үйлчилгээний ажилтнууд хүртэл байгууллагын нүүр царай болдог. Тухайн газраас бараа, үйлчилгээ худалдан авах гэж байгаа хүн эхлээд тэр угтах хүнтэй уулзаад тэр компанийн талаар мэдээлэлтэй болдог. Тэгэхээр өнөөдөр Монголын бизнесүүд хүнээр л дутаж байгаа юм байна гэж би дүгнэсэн. 1990-ээд онд бизнесийн эзэд яаж мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгадаг байлаа. 2000 оноос эхлүүлээд 2010-аад он хүртэл хаанаас томоохон төсөл ажил авч хийх вэ гэж хайдаг байлаа. Илүү төслийн менежмент, нөү хау, мэдлэгийг хайж байлаа. Харин одоо Монголын бизнесүүдэд эдгээр хайсан зүйлс нь хоёулаа байна. Томоохон төслүүд, ажлууд нь бүгд байна. Гэтэл эдгээр ажлыг хийх хүн нь дутагдалтай байна. Монголд хүн байна уу гэхээр байна, гэтэл яагаад ажиллах хүн олдохгүй байна вэ.

Ингэхээр Монголын жижиг, том бүхий л бизнесүүд дээр хүний нөөцийн менежментийг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас болоод ажилтнууд нь өөрийгөө зөвөөр үнэлүүлж чадахгүй болжээ. Эндээ үнэлэгдэж чадахгүй хүн Солонгост очиж ажиллая гэж байна шүү дээ. Үүн дээр л Монголын компаниудаа хүн гэдэг асар үнэтэй энэ баялгаа зөв удирдах ухаанд сургахад бид дэмжлэг туслалцаа үзүүлье, үүнийг хийхэд хүндрэлтэй байгаа бол энэ ажлаа бидэнд даалгаач гэсэн үндсэн философи дээр бизнес маань эхэлсэн. Одоо бид нэлээд хэдэн байгууллагын хүний нөөцийн асуудлыг өдөр тутамд нь аваад явж байна.

 

-Таны харж буйгаар Монголын компаниуд юун дээр алдаад байна вэ. Бид ямар алдаа гаргасан учраас хэрэгтэй хүнээ тогтоон барьж чадахгүй байна вэ?

-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө шижир алт юм гэдгээ компанийн эзэд харуулж чадахгүй байна. Ийм асуудал байгаа учраас өнөөх “гууль” чинь очихгүй байна шүү дээ. Аль нэг байгууллагад хүн ажилд орохдоо удирдлага нь ямар хүн байна, эсвэл Америк, Германд сургууль төгсөөд ирсэн боловсон хүчнүүдийг өөрсдийнх нь шалгуурт хүрэхээргүй хүн удирдахаар чамлалттай санагдах зэрэг хандлага байна. Ийм нөхцөл байдал байгаа бол тухайн бизнесээ танилцуулаад, энэ нь нийгэмд ямар үлгэр дууриалалтай, хэрэгцээ шаардлагыг нь хангана гэх зэргээр танилцуулах нь хамгийн чухал.

Гэтэл ингэхгүйгээр “Чи үүнийг хийчих. Чамд би сард тэдэн төгрөг өгье” зэргээр ажлынх нь утга учрыг тайлбарлаж ойлгуулахгүй байна. Нөгөөтэйгүүр хүн гэдэг маань үргэлж өсөж дэвжихийг хүсч байдаг. “Ирээдүйд чи ийм юм хийж чадвал чи түлхүүр ажилтан болно, бид чамайг дэмжье, тусалъя” гэх зэргээ ойлгуулж танилцуулах хэрэгтэй. Залуус ч ийм орчныг хайж байна. Харин ийм орчин бэлдэж чадаагүй бол хүмүүс аль ийм орчин бэлтгэсэн рүү нь л хошуурч байна. Энэ бол нууц биш шүү дээ.

 

-Магадгүй таны ярилцлагыг уншиж суугаа хүний нөөцийн менежер байгаа бол та тэр хүнд хандаад юу гэж зөвлөх вэ?

-Хүний нөөцийн менежер гэдэг бол тал бүрийн өргөн мэдлэгтэй байхыг шаардаж байна. Ажиллаж буй салбарынхаа бүхий л жаргал зовлонг мэддэг байх хэрэгтэй. Жаргах цагт нь хамт жаргаж, зовох цагт нь хамт зовдог байвал та хамгийн сайн хүний нөөцийн менежер болно.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар