Могойд хатгуулахаас ингэж сэргийлээрэй

2017.07.06
|
10,989
Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед могойд хатгуулах тохиолдол ихсэж байна. Мөн могойд хатгуулсан гэсэн дуудлагын дийлэнх нь 0-15 насны хүүхдүүд байна. Тиймээс хүүхэддээ могойтой таарсан тохиолдолд хэрхэн хатгуулахгүй байх талаар зааж сургах, могойд хатгуулсан үед авах арга хэмжээний талаар эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс доорх зөвлөгөөг хүргэж байна.

Манай оронд дөрвөн овог, долоон төрөл зүйлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой, таван зүйл нь хоргүй байдаг.

Хортой могой тод хар өнгөтэй, биен дээрх хээ нь илүү тод байх ба, нүдний хүүхэн хараа нь гонзгой, хоншоор нь шовх, соёотой байдаг.

Хоргүй могой нь бүдэг саарал өнгөтэй, нүдний хүүхэн хараа нь бөөрөнхий, хоншоор нь бөөрөнхий, соёогүй байдаг.

Могойг хортой эсэхийг мэдэх нь цаашид эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхэд дөхөмтэйн дээр  аюулгүй нөхцөлд могойн зургийг авч болно.

Хатгуулсан үед дараах шинж тэмдгүүд гардаг. Үүнд:

  • Хатгуулсан хэсэгт соёоны ором гарч, хавдах, хөхрөх
  • Өвдөх
  • Ойр орчмын тунгалагын булчирхай цочих
  • Хорын нөлөөгөөр нүд юм харахгүй болох, эсвэл юмс хоёрчлогдож харагдах
  • Шүлс гоожих
  • Амьсгал давчдах, амьсгаадах
  • Хамраас цус гоожих
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Даралт буурах, зүрхний цохилт олширох шинжүүд илэрнэ.

Ихэнхи тохиолдолд хөдөө хээр могойд хатгуулдаг учраас эмнэлэгийн тусламж авахаар өвчтөнг тээвэрлэх шаардлага гардаг. Тиймээс:

Өвчтнийг могой байгаа газраас холдуулах: Могойтой ойр байгаа үед дахин хатгуулах болон өвчтөнд туслаж буй хүмүүс хатгуулах аюултай.

Өвчтөнг тайван байлгах: Могойд хатгуулсан үед өвдөх, цус гарч, өвчтөн айж сандарснаар хорыг биеэр хурдан тархах нэг нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс тайтгаруулж тайван байлгах ба биеийн хатгуулсан хэсгийг зүрхнээс доор түвшинд байлгаж, хөдөлгөөнийг бүрэн хориглох хэрэгтэй.

Яаралтай эмнэлэгт хүргэ:  Эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Архи болон эм өгөхгүй байх: Энэ нь эмнэлзүйн үнэлгээг өөрчилөх эрсдэлтэй.

Хатгуулсан мөчний хэсэгт даралттай боолт хийх: Ингэснээр хорыг биеэр тархахыг удаашруулах ач холбогдолтой юм. Даралттай боолт хийхдээ хатгуулсан мөчний дээд хэсэгт бинтээр чангалуур боолт хийх ба чангалуурын чанга сулыг тохируулахдаа бинтийн дор нэг хурууг байрлуулж чангалж бооно. Хэрвээ чангалуур боолт нь хэт сулдвал тусламж үр дүнгүй болно.  Мөн чиг тавьж мөчийг хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй.


Шархан дээр даралт болохоор цэвэр бинт тавих хэрэгтэй. 


 

Үүнийхээ дээрээс цэвэр боолтоор даралттай бооно. 


 

Чиг тависнаар мөчийг хөдөлгөөнгүй болгох давуу талтай. 


 

Мөн хатгуулсан хэсэг газрыг савантай усаар урсгаж угааж болно. Ингэснээр шарханд халдвар орохоос сэргийлнэ. Мөсөөр жин тавих нь цусны эргэлтийг удаашруулж хор тархахыг удаашруулах нөлөөтэй.

Хатгуулсан хэсгийг зүсэх, амаараа сорох, халуунаар түлэх, цахилгаанаар цохиулах зэрэг үйлдлүүд нь могойд хатгуулсан үед ямар  нэгэн үр дүнгүй бөгөөд өвчтөнг гэмтээх аюултай.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  • Танай гэр бүлийн аялал хийж буй орон нутагт могой элбэг эсэхийг мэдэх хэрэгтэй. Могой нь өндөр ургасан өтгөн өвс, бутан дунд, голын ойр хавьд их байдаг. Могой элбэгтэй ой мод, бут, хад, асгатай газар явахдаа өмд, түрийтэй гутал, савхин бээлий зэргийг хүүхэддээ өмсгөх хэрэгтэй.
  • Шөнө болон бүрэнхий цагаар ой хээр, хад асгатай газраар явахаас зайлшхийгээрэй. Учир нь шөнийн цагаар могойнууд хамгийн идэвхитэй байдаг.
  • Хэрвээ могойтой тааралдсан үед тайван байж, огцом хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулаарай. Мөн дуу чимээ гаргахгүйгээр ухрах, зай барихыг зааж өгөөрэй.
  • Зарим тохиолдолд могойд хатгуулсан даруйд ямар нэгэн зовиур илэрхгүй байж болох бөгөөд үзүүртэй өвс, өргөс зэрэгт хатгуулах шиг мэдрэмж төрүүлээд өнгөрч болох юм. Ийм үед могойн соёоны ором байгаа эсэх, цус шүүрч буй эсэхийг анзаараарай.
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь ой хээрээр явуулахгүй байж, хүүхдэдээ тавих анхааралаа нэмэгдүүлээрэй.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар