Хайртай дотны хүмүүстэй бэлэглэх уруул өнгөлөгч хийж сурцгаая

Бүсгүйчүүд бид уруулын будаг, уруул өнгөлөгчийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Харьцангуй чанартай будаг, өнгөлөгч авахад үнэтэй тусдаг тал байдаг шүү дээ. Чанарын хувьд гадаадын брендүүдтэй адил өнгөлөгчтэй болно гэвэл ямар вэ? Мөн та өөрийн хийсэн өнгөлөгчөө найз нартаа, ээждээ, эгчдээ гээд хайртай хүмүүстэй бэлэглэвэл ямар вэ?
Тэгвэл байгалийн гаралтай, чанартай, өөрт таалагдах өнгөтэйн дээр, зөвхөн чамд л байх уруул өнгөлөгч хийж болох нь ээ. Хамтдаа хийж сурцгаая.
Хамгийн түрүүнд бидэнд вазелин хэрэгтэй болно. Вазелин нь уруул өнгөлөгчийн гол бүтээгдэхүүн бөгөөд уруулыг чийгшүүлж, тосон түрхлэг нь бидний уруулыг хамгаалах суурь болдог. Шаазан аяганд 2 ширхэг хоолны халбагыг тасалж хийнэ.
Үүнийгээ богино долгионы зууханд 30 секунд байлгасны дараа гарган ирж хурдан хутгана. Дахин 30 секунд зууханд хийж хайлуулаад, гарган ирж хутгах байдлаар шингэн хэлбэрт ортол нь дээрх үйлдлээ давтаарай. Вазелин бүрэн хайлж, ямар нэгэн хөвсөн, дутуу хайлмагтсан зүйлгүй болтол үйлдлээ давтах ба энэ нь ойролцоогоор 3-4 минут болно.
Уруул өнгөлөгчөө өөрийн дуртай өнгө оруулцгаая. Таны дуртай өнгөтэй уруулын будаг, өнгөлөгч зэргээсээ багахан хэсгийг авч хайлсан вазелин дээрээ хийж жигд өнгөтэй болтол сайтар хутгана. Мөн хацар өнгөлөгч, нүдний тень зэргийг хийж болно.
Коконатын тос нэмэх нь уруул өнгөлөгчийг маань чийглэг болгох юм. Үүнийг заавал нэмэх шаардлага байхгүй ч, илүү тэжээллэг, чийглэг өгч чадах өнгөлөгчийг гарган авахад туслана. Өнгө орж, хайлсан вазелин дээрээ ¼ цайны халбага коконатын тос нэмж, сайтар хутгаарай.
Дуртай үнэрээ гарган авахын тулд какаоны нунтаг, гааны нунтаг зэргийг нэмж болох юм. Энэ нь заавал нэмэх шаардлагатай гэсэн үг биш юм шүү.
Бэлэн болсон хайлмагаа зориулалтын косметик саванд хийгээрэй.
Одоо уруул өнгөлөгчөө бэлэн болтол нь хүлээхэд хангалттай. Ойролцоогоор 1-2 цагийн дараа ганцхан чамд зориулагдсан, мөн хамгийн гол нь өөрийнхөө гараар хийсэн өнгөлөгч маань бэлэн болох болно. Хэрвээ та уруул өнгөлөгчөө хэрэглэх гээд догдолон яарч байвал хөргөгчиндөө 10-15 минут хөргөсний дараагаар хэрэглэх боломжтой шүү.
Бүтээлч Монголжингоо бүсгүй чамд амжилт хүсье.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.