Эзэгтэй та үүнийг мэдэх үү?

2017.07.19
|
12,291
Эзэгтэй бид нар чинь гэр бүлийнхээ эрүүл мэндийн манаач нь байж эрүүл хүнс, бүтээгдэхүүнээр тэднийгээ хангаж байх чин үүрэгтэй хүмүүс. Тиймээс доорх хуванцар савны тэмдэглэгээг өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ төлөө цээжлэх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх олон олон эзэгтэй, ээж нар байгаа байх гэж бодож байна.

Хуванцар түүхий эдийн тэмдэглэгээг хүмүүс нэг бүрчлэн харж, хянаж, таньж чаддаггүй. Аль тэмдэглэгээ нь халуун хоол хийж болох, аль тэмдэглэгээтэй нь хүнс хадгалж болохгүй гэх мэт. Иймд хуванцар түүхий эдийн түгээмэл 7 тэмдэглэгээг та бүхэндээ товч тодорхой, ойлгомжтой байдлаар хүргэхийг хичээе. 

1 PETE эсвэл PET (Polyethylene Terephthalane) : Энэ хуванцар нь хэт яагаан туяа, болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг тул хэзээ ч халуун зүйл хийж болохгүй, наранд тавьж болохгүй, дахин хэрэглэж болохгүй. Савласан бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг хянаж байх шаардлагатай ба зөвхөн нэг удаагийн хэрэглээний хуванцар гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө нийтлэг хэрэглэгддэг хуванцар ба ундаа ус, тосны сав болон гоо сайхны бүтээгдэхүүний сав хийдэг. 

2 HDPE (Өндөр нягтралшилтай полиэтилен) : Энэ хуванцар нь хэт ягаан туяа, болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг тул халуун зүйл хийж болохгүй, мөн наранд удаан тавьж болохгүй юм байна. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага

3 PVC эсвэл V (Винил, Поливинил хлорид) : Аюултай хуванцар буюу хүний гормоны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хлорид болон фталат зэрэг хортой бодисуудыг агуулдаг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйл агуулж болохгүй.

4 LDPE (Бага нягттай полиэтилен) : Энэ хуванцар нь хүнсний бүтээгдэхүүн савлахад аюулгүй гэдэг нь тогтоогдсон боловч байгаль орчинд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй юм байна. Энэ савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.

5 PP (Полипропилен) : Халуунд тэсвэртэй, хүнсний хэрэгцээнд аюулгүй байдлыг хангаж чаддаг тул халуун бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой, дахин хэрэглэж болдог. Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг.

6 PS (Полистирен) : Аюултай хуванцар . Хорт хавдар үүсгэдэг хортой стирен гэдэг бодисуудыг агуулдаг байна. Халуун бүтээгдэхүүн хийхэд бүтэц нь задарч, хортой нэгдэл бүтээгдэхүүнд нэвчин ордог. 

7 OTHER (Бусад төрлийн хуванцарууд) : Аюултай хуванцар. Энэ төрлийн зарим хуванар нь хорт хавдар үүсгэх магадлалтай "Bipshenol A" (BPA) гэдэг бодис агуулдаг тул анхааралтай сонсох хэрэгтэй, ийм саванд халуун зүйл хийж болохгүй. 

Эдгээр тэмдэглэгээг андахгүй тогтоочихсон байхад та гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо гэсэн үг юм. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар