Чамайг явуулж чадах тийм их хайраар би чамайг хайрласан

Хорвоо ертөнц биднийг уулзуулах гэж л тэр нэгэн өдрийг хэдэн зууны өмнөөс магадгүй хэдхэн өдрийн өмнө ч юм уу төлөвлөсөн мэт санагддаг. Би хэзээ ч хэнд ч өгч байгаагүй тийм их хайраар чамайг л хайрласан, бас тийм л их сэтгэлээ чиний өвөрт шингээсэн. Үнэнээ хэлье. Чамтай анх үнсэлцэхдээ л би чамд хэчнээн их хайртайгаа, чамгүйгээр энэ орчлонг туулах хэчнээн хэцүү бэрхийг ойлгосон.
Тэр нэгэн удаа чи надаас “Надад хайртай болсноо чи яаж мэдэрсэн бэ” гэж асуухад чинь би хариулах үгээ олохгүй баахан түгдэрч билээ. Яг хэзээ, яг яаж чамд хайртай болсноо би бүгдийг нь дүрсэлж хэлж чадахгүй ч чиний л төлөө зүрхний минь цохилт бүхэн зориулагддагийг баталж чадна.
Гэхдээ би мэднээ...
Зөвхөн чамайг л хайрлахын тулд би өдөр бүр амьсгалж, өглөө бүр нарны алтан цацрагийг угтан сэрдэг. Чамтай анх уулзахад зүрх минь цээжин дотроосоо хариугүй дэлбэрч гарах гэж байгаа юм шиг л чанга чангаар цохилж, хамаг бие минь цахилгаанд цохиулах мэт болсонсон. Чамтай тавхан үг солиход би ухаан санаагаа алдаж, байгаль дэлхийн чамд өгсөн гоо сайхныг дуу алдан биширсэн.
Би бие, сэтгэл, бас цээжинд булгилах хамаг бүхнээ чамд өгөөд л дурласан юм. Чи миний гэрэлтэй бас сүүдэртэй бүх зүйлийг мэддэг боллоо. Гэхдээ чи нэг ч удаа намайг шүүж байгаагүй нь гайхалтай. Чи бол энэ дэлхий дээр миний мэдэх хамгийн үнэн, хамгийн сайхан зүйл минь юм шүү. Чамтай л хамт байхдаа би өөрт байгаа бүх зүйлдээ талархаж, бас өөрийнхөө хэн гэдэгтээ бүрэн итгэж чаддаг. Ийм л учраас чи бол миний тухай бүхнийг мэдэх, магадгүй хязгааргүйгээс цаашхыг минь онгичсон цорын ганц хүн болох байх.
Биднийг хоёр биенээсээ холдох тэр хугацаанд зүрх минь хэзээ ч амсаж байгаагүй тийм их өвдөлтийг мэдэрсэн. Чи зүрхний минь талыг аваад явчихсан гэдгээ мэдэх үү. Шархалж уйлсан сэтгэл минь чамайг явснаас хойш хэзээ ч өмнөх шигээ аз жаргалтай, өнгөлөг, жавхаатай байж чадсангүй. Чиний явсан мөрөөр миний нулимс гол мөрөн шиг л урсаж, одоо ч татраагүй л байна.
Тийм ээ, би чамайг явуулж чадахаар тийм их хайраар чамайгаа хайрласаан.
Хэзээ ч салахгүй гэж, хэзээ ч гараас чинь тавихгүй гэж би боддог байсан ч амьдралын салаа зам чамайг минь авч оджээ. Чамтай хамт мөрөөддөг байсан ирээдүй хэмээх цэцэрлэгийн шатыг өгсөхдөө би ганцаараа байна. Тийм ээ, одоо чамайг явуулах цаг нь болж... Бас өөрийнхөө сэтгэлийг ч би тавьж нисгэх цаг нь болжээ...
Чи надад хайртай гэж хэлж байсан. Үнэхээр тэр чинь үнэн бол чи ч бас намайг тавьж явуулж чадах тийм л их хайраар намайг хайрладаг байсан гэж би найдаж байна.
Хувь тавилан яаж оноож зурагдсаныг би мэдэхгүй ч амьдрал минь намайг сорьж байгаа гэдэгт би итгэхийг хүсч байна. Тийм ч учраас одоо болж байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч, тавьж явуулах ёстой бүхнийг инээмсэглэн үдэхийг хүсч байна.
Гэхдээ үнэн гэвэл, миний зүрх мөнхөд чинийх... Чамайг хайрласан шиг тийм их хайраар хэн нэгнийг би хэзээ нэгэн цагт хайрлаж чадна гэдэгтээ эргэлзсэн хэвээр... Гэхдээ би өдөр бүр ахиад ганцхан алхам ч гэсэн урагш алхахыг хичээж байна.
Чи аз жаргалтай амьдрах ёстой шүү. Яагаад гэвэл энэ миний туйлын хүсэл. Чамайг аз жаргалтай байна гэж итгэж байгаа учраас чамайг хайрласан тэр их хайраараа би чамайг үдсэн юм.
Одоо миний хэлэх үгийг сонс.
Намайг тавьж явуул. Зүрхний минь талыг буцаагаад өгөөч дээ...
Мөнхөд зүрхний шаналантай амьдрах тийм хувь тавилангаар намайг бүү шийтгэ. Би чамд хайртайгаа мэднээ... Гэхдээ асуулт байна. Чи намайг хайрлаж байсан уу...
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.