30 өдрийн challenge: Эрчимтэй жин хасах хооллолтын зөвлөмж

Нийтлэлч: Бямбаханд
2017.07.30
|
40,494
”Family Fitness Club”-ийн мэргэжлийн багш төгс бие галбирын нууц 30 өдрийн challenge-ийг хэрэгжүүлэхэд туслах энгийн бас эрүүл хооллолтын зөвлөмжүүдийг хүргэж байна.

Монголжингоо бүсгүйчүүдэд минь “Family fitness club”-ын багш дасгалжуулагч Б.Дүвжидийн гучин өдрийн өөх эрчимтэй шатаах өндөр эрчимтэй дасгалын хөтөлбөрийг эхлүүлээд эхний долоо хоногтойгоо золгож байна. Энэхүү хөтөлбөр нь зориг, тэсвэр тэвчээр багагүй шаардах хэдийч бүсгүйчүүд маань өөрийгөө ялан дийлж хөтөлбөртөө нэгдээд байгаа билээ.

Энэ хугацаанд манай сайт, пэйж хуудсаар Б.Дүвжид багшийн хөтөлбөрийн туршид  хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар асуултууд бүсгүйчүүдээс маань нилээдгүй ирсэн.

Тиймээс “Family fitness club”-ын Б.Дүвжид багшийн хоолны зөвлөгөөг хүргэж байна.

 

Б.Дүвжид: Юуны түрүүнд өөрийгөө дайчилж, зориг, тэвчээр гарган энэхүү хөтөлбөрт нэгдээд буй бүсгүйчүүд маань бүү шантраарай гэж хэлэхийг хүсэж байна. Гучин өдрийн эрчимтэй дасгалын хөтөлбөр нь илүүдэл өөхийг шатааснаар жингээ хурдан хугацаанд хасаж, биеийн булчингуудыг жигд ажиллуулснаар төгс сайхан галбиртай болгох үр дүнтэй хөтөлбөр юм шүү.

Өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа хэдийч хоолоо хэтрүүлж, ихээр битгий идээрэй.

Өдөрт бага хэмжээгээр “дөрвөн” удаа хооллох хэрэгтэй.

Ингэхдээ өглөө орноосоо босоод  хоёр аяга буцалсан ус ууж заншаарай. Учир нь дасгал хөдөлгөөн хийх нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хортой бодисыг гадагшлуулах эрчим нэмэгддэг. Тиймээс бие махбодид шингэний хэрэгцээ нэмэгддэг тул өглөөд ус уухаас гадна, өдрийн турш тогтмол шингэн зүйлийг уугаарай. Мөн ногоон цай, лемонтой ус, зөгийн балтай ус, шингэн байхуу цай ууж болно.

Өглөөний хоёр аяга усныхаа араас өндөг, 1-2 зүсэм хар талх иднэ. Зарим өдрүүдэд шинэ ногооны салат хийгээд хамт идээрэй.

Үүний дараа үдээс өмнө 11 цагт хөнгөн хооллоорой. Үүнд: бүх төрлийн шөл, зутантай хамт шинэ ногооны салат юмуу, эсвэл 1 зүсэм хар талх идэж болно. Энэ цагт хөнгөн хооллох учраас шинэ ногооны салаттай хамт нэг ширхэг алим, банана, жүрж зэргээс аль нэгийг нь идээрэй.

Үдийн хоолыг 1 цагт идэх ба 200гр үрхийн мах, тахианы цээж махны аль нэгийг шинэ ногооны салаттай хамт идээрэй. Энэ цагт хоолондоо мах хэрэглэх нь булчингын массыг нэмэх зорилгоор уураглаг хүнсийг сонгох нь зүйтэй шүү.

Оройн хоолыг 4 цагт идээрэй. Гэртээ хийж иддэг оройн хоолоо идэх ба хэмжээний хувьд багасгаарай. (Урьд нь иддэг байсан хэмжээнийхээ хагасыг иднэ) Жишээ нь: Нэг аяга цуйван иддэг байсан бол хоолныхоо хагасыг буцааж тогоондоо хийгээд, оронд нь шинэ ногооны салаттай хамт идээрэй.

Энэ цагаас хойш хоол идэх хэрэггүй. Хоолны дэглэм барьж байх эхний хоногуудад оройн цагаар гол харлах мэдрэмж төрж магадгүй юм. Тэгвэл энэ үед нэг аяга тараг, ½ банана, эсвэл ½ алим идэж болно. Хойшид жин хасахын хэрээр хоолны дуршил буурах тул оройд өлсөх мэдрэмж арилах болно.

Хоолны зөвлөгөөнд маань шинэ ногооны салатны зөвлөгөө түлхүү орсон. Учир нь бүх төрлийн ногоон навчит байцаа, өргөст хэмх, улаан лооль, олив, амтат чинжүү, эрдэнэ шиш гэх зэрэг ногоонууд нь эслэг ихтэй тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, гэдэс сайн цэвэрлэдэг тул хөтөлбөрийн турш шинэ ногооны салатыг хоолныхоо нэг хэсэг болгоорой.

Мөн амархан задрах нүүрс устай хоолыг хориглоно. Үүнд: чихэр, шоколад, зайрмаг, чипс, төмс, хиам, лаазалсан бүтээгдэхүүн, майонез, хийжүүлсэн бүх төрлийн ундаа, цагаан гурилан бүтээгдэхүүнүүд гэх мэт хүнсийг дасгалын туршид аль болох хориглох хэрэгтэй шүү.

Дасгалынхаа хажуугаар өдөрт хоёр литрээс дээш шингэн уугаарай.

Бүсгүйчүүддээ амжилт хүсье.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар