Миний нөхрийн тэмдэглэлийн дэвтэр

Нийтлэлч: Гантуул
2017.08.03
|
71,186
Тэр жижигхэн дэвтэрт сараачсан үгс сэтгэлийг минь тэгж хөмөрнө гэж би санаагүй юм даа.

Тэр тэмдэглэл хөтөлдөг байсныг би мэдээгүй юм. Тэр нэгэн өдөр хүртэл.

Одоогоос долоон жилийн өмнө би мэргэжил дээшлүүлэх курст сурч байхдаа түүнтэй танилцсан юм. Нүд хөмсөг болсон даруухан залуу. Анх харц тулгарах тэр агшинд тэр надад тийм нэг сонин мэдрэмж төрүүлж билээ. Тухайн үед нүдэнд дулаахан юм даа гэж бодсоноос биш өөр зүйл толгойд буугаагүй. Курсээ ч төгслөө, тэр хооронд бид хэдийнэ танилын хэмжээнээс халиад амжсан байв.

Харин одоо бид хоёр охины эцэг эх болжээ. Бидний амьдралд тэгтлээ асуудал өнөөдрийнх шиг тулгарч байсан нь үгүй. Би ажил хийдэг, аав ээжээс өвлөж ирсэн орон сууц минийх. Ингээд л бид хоёрт бусад айлууд шиг байрны зээл авна, хаана амьдрах вэ гэсэн хэрүүл, зовлон дагуулсан асуудал байгаагүй.

Би мэргэжилдээ шаггүй болохоор орлого мөнгө тасрахгүй. Хааяа хааяахан ажлын нэрээр гадаад дотоодод зорччихно. Уйдах зав ч байсангүй.

Харин нөхрийн минь хувьд арай өөр. Хамаатан садан, ээж аав маань түүнийг орон гэрээ бэлдээгүй, эхнэрийнхээ гэрт амьдарч байна гэж элдвээр ам уралдуулан ярьсан нь их. Манай аав бол нүдэн дээр нь муухай харц чулуудаж, эсвэл хорон үгээр булах нь энүүхэнд. Гэхдээ ингэлээ гээд нөхөр минь нэг ч удаа надад дургүйцлээ илэрхийлж байсангүй. Бас би тэдний үгийг зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг болохоор асуудал гарч байсангүй.

Гэхдээ хүн гэдэг энэ амьтан жаргал даадаггүй юм байна. Миний халаас үргэлж шахам түнтгэр явдаг, хүссэн үедээ орлогоо өсгөж болдог хувийн чанартай бизнес маягийн юм надад бий. Харин нөхөр маань төрийн байгууллагад энгийн л нэг алба хашдаг болохоор цалин нь сарын хүнс авахад л таардаг байлаа. Гэлээ гээд тэр минь надад нэг удаа ч гэсэн муу үг хэлж, муухай хандлага гаргаж байгаагүй юм шүү.

Харин энэ бүхэн миний даварсан зөрүүд аашнаас эхэлсэн гэж хэлж болно. Би ийм их орлого олдог, гэтэл энэний олж байгаа нь..., хүний нөхрүүд орон гэрээ бэлддэг байтал би л өөрөө байр саваа өгч байдаг..., хүн шиг нөхрөөрөө элдэв сайхан зүйл авахуулж үзэх юм сан...

Ийм бодлууд тархи зурах болоод удаж байгаа болохоор нэг л өдөр тэссэнгүй түүнийг хорон үгээр утаж эхэлснээ би анзаарсангүй. Олигтой ч мөнгө цаас олохгүй юм даа, би л ганцаараа энэ айлыг тэжээж байна гэж хэлсэн тэр өдрийг буцаагаад аваад ирдэг ч болоосой.

Ингэж хэлсний дараа тэр юу ч хэлээгүй. Үгээ залгисан мэт чимээгүйхэн эргээд хоёр охин дээрээ очоод юу ч юм хэлж тоглоод эхэлсэн. Би бачуурч, “Цаашдаа ч бас ингэж би хамаг юмаа үүрч явах ёстой юм уу. Чиний оронд арай өөр хүн байсан бол дээр байсан юм. Чи байсан байгаагүй ер нь хэрэг алга” гээд уурандаа бахирчихав.

Түүнээс хойш яг зургаан сар өнгөрсөн байна. Харин энэ зуурт би хамт ажилладаг, бизнесийн холбоотой, овоо мөнгө цаас олдог нэг эртэй хэд хэдэн удаа уулзаж, уур бухимдлаа тайлахыг хичээж байв. Тийм ээ, нэг удаа өнөөх хөнжлийн ажлаас үлдсэн хөх тэмдэг хүзүүн дээр минь тамга болсныг би анзаараагүй байв. Гэртээ хоолоо хийж охидоо хувцаслаж байхад нөхөр маань харчихав. Тэр “Энэ чинь юу юм” гэж харц нь ширүүсч ирээд асуухад нь “Чинийх л лав биш” гэж хэлээд би ширэв татлаа. Тэр бас л юу ч хэлсэнгүй. Түүнээс өөр хүн байсан бол нүүр лүү минь алгадаад авах байсан байх. Эсвэл элдвээр хэлж доромжилж, нус нулимсыг минь барах байсан биз. Гэтэл тэр юу ч болоогүй юм шиг, бас ямар ч уур бухимдалгүйгээр зүгээр л санаа алдсаныг нь би санадаг юм.

Маргааш нь, бас тэрний маргааш гэсээр бараг сарын хугацаа өнгөрөв. Би хааяахан дарс шимэх тансаг ширээний ард өнөөх танил эртэй уулздаг болзооны хуваарьтай болж, шөнө дөлөөр гэртээ орно. Харин нөхөр маань хоёр охиноо унтуулчихсан, хувцас хунарыг нь угаачихсан байдаг байлаа.

Тэр нэг өглөө ямба нь дэндсэн би бухимдал болсоор сэрэв. Хүүхдүүд тоглож, шуугилдаад л. Гэрт харин тэр байсангүй. Охидын минь аав шүүгээн дэх хувцас хунар, ажлаасаа авч байсан шагналын бичгээ хүртэл аваад явчихсан байв.

 

Эхэндээ би “Болж болж, би ямар түүнийг тэжээх гэж төрсөн ялтай хүн үү” гэж өөртөө хэлж, бах тав ханах мэт болж байсаан. Охидоо сургуульд нь хүргэж өгөөд, ирэх замаараа танил залуутайгаа уулзана. Ингэж л бас нэгэн сар өнгөрсөн. Энэ хооронд би түүн рүү нэг ч удаа залгаагүй. Тэр ч бас над руу залгаагүй.

Гэхдээ зүрхний гүнээс шаналал ургана. Харин нөхөр маань охидынхоо сургууль дээр ирж тэдэнтэй уулздаг байсан бөгөөд харин надтай таарахгүйг хичээдэг байсан юм билээ.

Нэг удаа том өрөөнийхөө орны доорхийг цэвэрлэж байгаад би нэгэн цагаан тэмдэглэлийн дэвтэр олсон юм. Тэр жижигхэн дэвтэрт сараачсан үгс сэтгэлийг минь тэгж хөмөрнө гэж би санаагүй юм даа.

“Эхнэртээ би хайртай. Хоёр сайхан үрийг минь төрүүлж өсгөсөн миний амьдралд учирсан хамгийн сайхан эмэгтэй бол тэр. Би цалин тийм ч их авдаггүй ч сар бүрийн орлогоосоо хадгаламж нээснийг тэр маань мэдэхгүй. Миний хадгаламж одоо бараг 9 сая төгрөг болсон. Цаашид ч үүнийг хадгална...”

“Эхнэр маань өөр залуутай их л тухтай уулзаж байгааг сая харлаа. Тэр минь надаас жаргал эдэлж чадахгүй болохоор тэр залуутай уулзаж байгаа юм байлгүй гэж бодлоо. Анх танилцахдаа л мөнгө төгрөг сайн олдог, жавхаатай гэж жигтэйхэн сайхан охин байсан даа. Тэр минь надад хоёр сайхан үр төрүүлж өгсөн, бас сайхан орон байраа бэлдчихээд байхад миний л муугаас болж тэр минь жаргаж чадахгүй байгаа юм байна. Ийм л учраас би яагаад түүндээ уурлах ёстой гэж. Энэ миний л буруу...”

“Өнөөдөр тэр хүзүүн дээрээ шимүүлсэн байна. Тэдний харилцаанд би илүү болжээ. Хань минь наддаа эргээд ирэх байх гэж найдсан ч үгүй байжээ. Миний явах цаг болсон бололтой. Би түүндээ гомдох эрхгүй. Яагаад гэвэл жаргаана гэж авч суучихаад ингэж явуулж байгаа миний л муугийнх...”

“Би цуглуулсан мөнгөө банкинд хадгалж байна. 10 сая төгрөг болсон байна. Энэ мөнгийг цааш нь нэмж хадгалсаар байх болно. Эхнэр, хоёр охинд минь мөнгө хэрэгтэй болох өдөр нэг л цагт ирнэ. Тэр цагт тэд минь юугаар ч дутахгүй байвал миний сэтгэл юу юунаас илүү сайхан байх болно...”

Энэ тэмдэглэлийг унших тутам амьдралын минь ямар их түшиг тулгуур надаас холдон одож буйг би мэдэрч байв. Яг энэ үед утас хангинав. Танил залуугийн утасны дугаар...

Зангирсан хоолойгоо засан байж утсаа авав. Тэгтэл уурандаа бачуурч галзуурсан эмэгтэйн уйлж хашгичих дуу намайг угтав. “Эхнэртэй хүний гэр бүлийг үймүүлж байдаг чи яачихсан балиар заваан хүүхэн бэ. Би төрөөд гуравхан сар болж байна. Чамаас болоод хөхний  минь сүү татарч, хүү минь энд уйлж байна. Хүний зовлонгоор жаргал хийдэг чи жаргана гэж санаа юу. Жаргал чинь там болох өдөр ирнэ ээ чи...” гэж чарлаад л утас тасрав. Дийд дийд...

Би юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Үнэндээ түүний ар гэр, амьдрал ахуйг нь нэг ч удаа сонирхож байгаагүй би зүгээр л нөхөртөө гаргасан бухимдлаа тайлах гэж танил эрийг урхидсан юм байна гэдгээ ойлгов. Юу болоод өнгөрөв өө. Би өрөөлийн зовлонгоор жаргал хийж, эвдэрч цуураагүй гэр бүлийнхээ амьдралыг өөрөө хөл дороо гишгэсэн гэдгээ сая л ухаарав...

Дахин хэзээ ч тэр эртэй уулзах ёсгүйгээ ойлгохын хэрээр тэгш сайхан явсан амьдралаа би өөрөө тасалсан юм байна.

Тэр тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг анх эргүүлсэн өдрөөс хойш жил тойрчээ. Нөхөр минь эргэж ирээгүй. Охид минь сургуульдаа явахдаа ааваараа хүргүүлдэг ч аавтайгаа чухам юу хийсэн, аав нь юу гэж хэлсэн талаар надад хэлдэггүй.

Би түүнийг хүлээж байна. Түүний уучлалыг, түүний хайрыг, зөвхөн түүний л энгэрт дулаацдаг байсан тэр сайхан өдрүүдийг хайж байна.

Хэний ч хувьд хэзээ ч гаргаж үл болох алдааг хийсэн намайг тэр уучлах болов уу. Би уучлал гуйх эрхгүй ч уучлуулахыг хүсэн шөнийн уртыг өнөөх тэмдэглэлийн дэвтэртэй хамт үдэж байна.

Тэр минь эргэж ирэх болов уу... 

Би яах ёстой юм бол. Би юу хийвэл тэр минь халуун энгэрт минь эргэж ирэх бол. Юу ч хийх тэнхэлгүй болсон надад юу хийх ёстойг минь хэлээд өгөөч...

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#