Яг одоо толиндоо хар, бүсгүй минь

Нийтлэлч: Гантуул
2017.12.01
|
9,501
Тэр толь байгаагүй бол... Дахиад хэзээ ч өнөөдрийнх шигээ мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхийг үүрд мартах байсан байх.

00-ын өрөөнөөс өөр сэтгэлээ онгойтол уйлчих газар олдсонгүй. Тэнд л хамаг сэтгэлээ уужирч, гомдол цөхрөлөө тайлах боломж надад олдсон юм. Гурван жил хүүхэд харж гэртээ суусан надад утас цохих анд нөхөд үгүй болж, уужиртлаа ярих ээж, учирлаж хайрлах аавгүй болж.

Хажууд хань ижил байгаа хэр нь ойлголцож чадахгүй болох тэр агшин хэцүү. Хэлье гэхээр хэлэх үг олдохгүй ам эвлэхгүй хэрүүл хэцүү.

Ингээд л ариун цэврийн өрөөнд нүүр гарын алчуурнаас өөр хань болж, гомдлыг минь хуваалцах нэгэн байсангүй. Нүүрэндээ нааж уйлах бүрт нулимс, амьсгал хоёрт минь бүлээцсэн тэр алгын чинээ алчуур яг л ээжийн минь энгэр шиг дулаахан, ээжийн минь сэтгэл шиг зөөлхөн санагдаж билээ.

Нялх үеийнх шигээ ээжийнхээ энгэрт асгартал уйлж, айлын хүүхдийн тоглоом булаацалдсан дэггүй хонгор насандаа эргээд оччихсон юм шиг болоход өөрийн эрхгүй уужраад ирсэн юм. Ингэж л цээжин дотор оволзоод байсан өнөөх их гомдол, хоолойд тээглээд байсан цөхрөл салхи мэт туугдан одож, харин миний сэтгэлд ээжийн минь үнэр, тэвэр хоёр тодоос тод мэдрэгдэж билээ.

Уйлж, санасан үрээ эргэж ирсэн юм байлгүй ээж минь... Гурвын гурван хүүхдийн ээж болчихоод ээжийгээ саналаа гэж хэндээ би хэлэх билээ. Эр хүний эхнэр болчихоод ажилдаа түүртэж ядаж байгаа ханьдаа өөрийг минь ойлгоогүйд буруутгаж, орилж чарлалтай нь биш дээ... Бачууралд балбуулсан зүрх сэтгэл нэг л өдөр хэн нэгний болчимгүй, эсвэл зориуд хэлсэн бараан үгний хурц үзүүрт хатгуулахдаа өр өвдөхийн шаналанг тэсч гарах гэж нулимсаараа тайтгарахыг хичээдэг бололтой.

Нулимсыг минь ээжийн энгэр шиг зөөллөж өөртөө шингээсэн өнөөх алгын чинээ ягаан алчууранд би хайртай. Яг л миний ээжийн үнэр шиг сайхан анхилам.

Хавагнаж, улайсан нүдээ хүйтэн усаар шавшиж, угаасныхаа дараа ханан дахь хаалга шиг том толиндоо өөрийгөө харав. Миний хэзээ ч анзаарч хараагүй “Би” уруу царайлан зогсож байв. Тэрхэн агшинд хачин зүйлийг мэдэрсэн юм. Яг л хажуунаас хэн нэг нь “Энэ чинь юу болж байна аа. Чи ийм арчаагүй царайлах гэж дээд сургууль төгсч, гадаадад мэргэжил дээшлүүлсэн юм уу. Чи ингэж арчаагүй дорой явах гэж ачит ээжийнхээ биеийг хуваан байж энэ орчлонд мэндэлсэн юм уу. Чи ийм тэнэг мангар хүн шиг үлдэх гэж гурван хүүхэд төрүүлсэн юм уу. Одоо хангалттай. Гомдоллож, гонгинохоо боль. Мөрөөдлөө эргэн сана. Чи өөрийгөө мартвал мөрөөдөл чинь чамайг мартана...” гэж чихэнд чангаас чангаар хэлэх шиг тод томруунаар мэдрэгдсэн юм даа.

Яг энэ мөчид би өмнө нь хэзээ ч толинд олж хараагүй өөрийнхөө яг одооны үнэн дүр төрхийг мэдэрсэн. Хувцас хунарандаа ч анхаарахаа болиод, жиндээ ч санаа зовохоо болиод, таардаг хувцасгүй, дандаа тарган бүдүүн хүний хэлхгэр цамц, өмднөөс өөр хөрөнгөгүй болчихсон байгаагаа харав. Үсчинд оролгүй магадгүй жил болсон байх. Үс нь салаалах нь салаалаад, унах нь унаад залуугийн цог жавхаа, баяр хөөр, гоо үзэсгэлэн бүгд хар хөшигний цаана нуугдсан мэт санагдсан.

Хажуунаас дэлсээд авах шиг болсон энэ мэдрэмж намайг яг тэр мөчид аварсан гэж би боддог. Хэрэв тэр алгын чинээ алчуурыг тэвэрч уйлаагүй бол, хэрэв ээжийнхээ энгэрийг эргэж санаагүй бол, хэрэв сэтгэл дэх асгарсан гунигаа ганц удаа ч болов ингэж зөвхөн өөрийнхөөрөө аадар мэт асгаруулаагүй бол би өдийд өнөөх л хормойдоо тээглэсэн эмэгтэйн дүрээр өөрийгөө төсөөлж, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, цог жавхаа, хүсэл мөрөөдлөө магадгүй дахиад хэзээ ч эргэн санахгүй байсан байх. Дахиад хэзээ ч өнөөдрийнх шигээ мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхийг үүрд мартах байсан байх.

Миний бичсэн бүдүүн тоймын хэдэн үгийг уншиж суугаа бүсгүй минь, чи хэн ч байж болно. Гэхдээ хэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү. Чи хүүхэд гаргаад ажилдаа орж чадахгүй, өөрийгөө мартчихсан явж байж болох юм. Тэгвэл зөвхөн өөртэйгөө ярьж болох буланд очоод өөрийгөө эргэн санаарай. Уйлах бол уйл. Бүх зүрх сэтгэлээ цэвэрлэтэл сайхан уйл. Ингэж байж бид тайвширч, тэгж байж эмэгтэйчүүд бид дахин цааш алхаж чаддаг байх.

Бас өдөр бүр толинд хараарай. Би хэн билээ, хэн болох билээ, хэн байх ёстой билээ гэдгээ өдөр бүр өөрөөсөө асууж, тэр зорилгодоо заавал хүрээрэй.

Би ч ялгаагүй яг л чам шиг өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тэмүүлж байна. Хүүхдүүдээ эрүүл өсгөж, өөрийгөө ч бас мартахгүй байхын төлөө тэмцэж байна. Хүн харахад хялбархан юм шиг хэр нь хүнээр хүн хийх хамгийн хариуцлагатай, хорвоогийн хамгийн чухал, бас хамгийн нэр хүндтэй, магадгүй хамгийн их сэтгэлийн зовлонг нинж ариун элбэрэл хайраар сүлдэг ажлыг ээжүүд бид л хийдэг биш гэж үү.

Энэ бичсэн хэдэн эрээвэр хураавар өгүүлбэрүүдийг минь уншаад та урам зориг авч чадвал би ч бас танаас дутахааргүй урамших болно. Та тэмүүллээр хөглөгдвөл би танаас ч дутахааргүй зүтгэх болно.

Ийм л учраас орчлонгийн үргэлжлэлийг амиараа амилуулсан, үр хүүхдийнхээ нүдэнд амьд бурхан нь болсон ачит ээжүүд минь хүсэл бүхэн чинь биелэг. Мөрөөдөл бүхэн чинь алтан нар шиг мандаг. Биенээс чинь биелсэн алдрай бяцхан үрс нь эрүүл энх, амар амгалан, элэг бүтэн амьдарч, урт насалж, удаан жаргаг.  

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#