Ирэн дээр гүйгчийн төгс бүсгүй

Риан Гослин, Ева Мендес нар Холливудын хамгийн нууцлаг хосуудын нэг яах аргагүй мөн. Бүхэл бүтэн зургаан жилийн хайрын романсаа тэд хэвлэлийнхнээс хүртэл далдалж чадсан “авъяаслаг” хүмүүс.
Өдгөө 37 настай Риан Гослин өнгөрсөн жил “Ирэн дээр гүйгч” киногоороо дэлхийг дахин байлдан дагуулж чадсан бол 43 настай Мендес хоёр охиноо өсгөж, гэр бүлийн амар тайван амьдралыг илүүд үзсэн билээ.
Жинхэнэ хайрын эхлэл
Гослинийг манай уншигчид 2004 онд нээлтээ хийснээсээ хойш өнөөдөр ч үзэгчдийн хамгийн үзэх дуртай бүтээлүүдийн нэг “Тэмдэглэлийн дэвтэр” киногоор нь илүү сайн мэдэх байх.
Тэгвэл Мендес, Риан нар үүний дараахан буюу 2011 онд “The Place Beyond The Pines” кинонд хосуудын дүр бүтээснээр хайрынхаа эхлэлийг тавьсан байж мэдэх юм. Энэ киноны зураг авалт дууссанаас ганцхан долоо хоногийн дараа тэд Диснэйлэндэд зугаалж яваад хэвлэлийнхний нүдэнд хайрын романсаа илчилжээ.
Романс ингэж үргэлжлэв
Ийнхүү тэд болзож эхэлснээсээ хэдхэн сарын дараа хайрынхаа дараагийн шатаар өгсөв. Талархлын баяраар тэд Парист романтик үдшүүдийг үдэхээр нисцгээсэн юм.
Дараа нь шинэ жилийн баяраар Гослин Мендесийг Нью-Йоркт амьдран суугаа ээждээ танилцуулснаар энэ хайр баталгаасан билээ. Ингэж дотноссоор байсан ч үнэн хэрэгтээ Мендес хэвлэлийнхэнд ам нээгээгүй хэвээр л байв.
Ээжтэй нь танилцсанаасаа хойш хэдэн сарын дараа Мендес хайртынхаа тухай анх удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний мөрөөдлийн ханхүү” гэжээ.
Анхны хүүхдээ өлгийдсөн хосын амьдрал
Хэвлэлийнхэн тэднийг нэгэнт олзолсон тул бүх зүйл нүдний өмнө байсан гэхэд болно. Хайр сэтгэлийн харилцаанаас нь хэдхэн жилийн дараа жүжигчин бүсгүй хөл хүнд болсон мэдээ 2014 оны хоёрдугаар сард тархав.
2014 оны есдүгээр сарын 12-нд мэндэлсэн тэдний анхны охин Эсмералда Амада өдгөө гурван настай. Харин үүний дараахан Гослин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аав болно гэдэг миний хувьд хамгийн том мөрөөдөл минь биелсэн юм” гэж хэлсэн байдаг.
Хоёрдахь хүүхдээ дахиад л нууцлав
Өдгөө дөнгөж нэг настай тэдний хоёр дахь охин Амада Лий өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд мэндэлсэн юм. Үнэндээ хосууд маань охиноо хорвоод мэндлэхэд ганцхан сар дутуу байхад ч хүртэл энэхүү нууцаа олон нийтээс далдалсан хэвээр байлаа.
Энэ талаар Гослин “Анх аав болоход үнэхээр ер бусын сайхан байсан. Харин хоёр дахь охин минь төрөхөд би энэ мэдрэмжийг улам ч гүнзгий мэдэрсэн” гэжээ.
“Би охиддоо үнэхээр их хайртай. Миний хувьд Ева мөрөөдлийн ээж. Харин хүүхдүүд минь мөрөөдлийн хүүхдүүд. Тэгэхээр яг одоо би мөрөөдлөө жинхэнэ утгаар нь биелүүлж чадлаа. Би маш азтай хүн” гэж Гослин 2016 онд GQ Magazine сэтгүүлд ярьжээ.
Энгийн л гэр бүл
Тэд хэзээ ч гэрлэж байгаагүй ч, гэр бүлийн уламжлал, уур амьсгалд ихээхэн анхаардаг аж. Хэдийгээр тэд дэлхийн хэмжээний кино одууд боловч хүүхэд асрагч хөлсөлж, баячуудын амьдралаар амьдрахыг хүсээгүй. Өнгөрсөн жил л гэхэд Мендес Алтан Бөмбөрцөг наадмыг хүртэл өнжиж хүүхдүүдээ өсгөсөн юм. Харин Гослин Ла Ла Лэнд мюзиклээрээ шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.
Шагналаа гардан авч байхдаа Гослин эхнэртээ хэчнээн талархдгаа илэрхийлээд, эх хүн үрээ өсгөх хэчнээн сайхан хийгээд хүнд бэрх ажил байдгийг хүн бүр мэдрээсэй гэж хэлсэн нь бий. “Намайг дуу дуулж, төгөлдөр хуур дарж байхад миний бүсгүй охидыг минь өсгөж байлаа. Тэр минь том охиноо асрахын хажуугаар хэвлийдээ отгон үрээ тээж байлаа. Ингэх зуураа тэр минь ахынх нь биед үүссэн хавдартай хамтдаа тэмцсэн юм” гэж Гослин хэлжээ.
Ева охидоо Латин соёлд сургаж, Испаниар ярихыг илүүд үздэг
Хэдийгээр Ева завгүй ээж боловч загварын ертөнцөд хүчээ сорьж буй нэгэн. Үүнийхээ хажуугаар охидоо өсгөөд завгүй явна. Түүний “New York & Company” загварын коллекц амжилттай яваа.
“Улаан хивсэн дээр алхахын оронд гэртээ охидтойгоо хамт байх нь надад таалагддаг гэдгийг хүмүүс мэддэггүй” гэж Ева SHAPE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.