Амаржсаныхаа дараа өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй болсон оддын нууц

Тийм ээ, бүсгүйчүүд үргэлж л төрөлт бүх зүйлийг өөрчилдөг гэж ярьдаг. Энэ нь ч үнэн байх. Гэхдээ хамгийн их өөрчлөгддөг зүйл нь мэдрэмж гэж хэлэх байна. Харин оддын хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг бусад бүсгүйчүүдээс илүүтэйгээр өөртөө арчаатай байхын нэр болов уу. Тэднийг түм түмэн нүд ажиглаж байдаг учраас гэртээ суугаа энгийн л нэг ээжийн адилаар жиндээ санаа зоволгүй суух цаг зав байдаг ч үгүй биз. Тэгвэл “People” сэтгүүлээс амаржсаныхаа дараа өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болсон оддыг нэрлэж байна. Хамтдаа сонирхъё. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, тэд бидэнтэй л адилхан. Тиймээс та ч бас бяцхан сахиусан тэнгэрээ өлгийдөж авсныхаа дараа яг л тэдэн шиг тэнгэрийн дагина мэт гэрэлтэж чадна гэдгийг амлая. Магадгүй бүр ч илүү байж мэдэх юм.
Бионсын үсний шинэ засалт
Тэр бол амьдралаас илүүг хүсдэг, бас түүнийгээ ч авч чаддаг агуу эмэгтэйчүүдийн нэг. Харин тэр хөл хүнд болсноосоо хойш хэвлэлийнхний нүд, чихнээс ихэнхдээ л холуур өнгөрч байлаа. Тэгвэл охин Блу-гээ төрүүлсний дараа түүний өөрчлөлт хэсэгтээ л шуугиулаад авсан. Инстаграмдаа үсээ халимаг болгон тайрсан зургаа тавьсан нь фэнүүдэд нь өмнөхөөсөө ч илүү таалагджээ. Тэр ямар ч зүйл бичилгүй зүгээр л нийтэлсэн тэр зураг нь түүнийг харин ч энэ өөрчлөлтөндөө итгэлтэй бас дуртай байгааг илтгэнэ.
Хэйди Клум гүйлтийн зам дээр хичээллэхэд бэлэн!
Дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн Хэйди Клум ойролцоогоор 12 кг жин нэмжээ. Бага охиндоо Лоу нэр хайрласан тэрбээр амаржсанаасаа хойш ердөө л таван долоо хоногийн дараа Викториа Секретийн загварын тайзан дээр алхаж явсан юм даа.
Клумын хувьд энэхүү өөрчлөлт нь асар их хичээл зүтгэлийнх нь үр дүн билээ. Тэрээр “Цаг минут бүрт л хичээл зүтгэлээ адилхан байлгах хэрэгтэй. Гэтэл 20 кг жин нэмсэн бол түүнийгээ хасах гэж бүр ч илүү хугацаа шаардах байлаа” гэж тэрээр эргээд хэвэндээ орсон талаараа тайлбарлажээ. Тэгэхээр бүсгүйчүүд минь, төрөх хүртэлх жин нэмэлтийг 10-12 кг дотор барьж чадвал амаржсаны дараа эргээд хэвэндээ ороход илүү хялбар байх нь.
Ким Кардашианы санаанд оромгүй өөрчлөлт
Хүүхдээ төрүүлсний дараа Ким Кардашиан шоколадан бор өнгийн үсээ шаргал өнгөөр гоёсон юм. Харин түүний стилист Жорж Папаниколас “People” сэтгүүлд “Тэр эрс өөрчлөлт хийхийг хүссэн. Ингэснээр тэр яг л Vogue-ийн моделууд шиг харагдаж байна. Тэр заримдаа шаргал үсэнд дурладаг. Энэ нь ч түүнд төгс зохидог” гэжээ.
Женифер Хадсон дуулж байна
Женифер Хадсан илүүдэл жинтэйгээ нэлээн удаан тэмцсэн нэгэн. Гэвч тэрээр амаржсаныхаа анхны дуулсан дуу нь David Jr., байсан юм. Ингээд бяцхан үрээ долоон сартай болох үед Хадсан “Өглөөний мэнд Америк!”-т оролцох үеэр гайхалтай гоолиг болчихсон байлаа.
Энэ талаар тэрээр “Хүүхдээ төрүүлсний дараа би шуудхан л амьдралынхаа хэмнэлийг өөрчлөхийг хүссэн” гэжээ. Ингээд жин хянах хөтөлбөрийн дагуу анх удаагаа жингээ хангалттай хасч чадсан байна. Энэ хугацаанд Хадсан дуугаа дуулаагүй нь ч үүнтэй холбоотой байх. “Одоо надад үнэхээр тухтай сайхан байна. Би өмнөхөөсөө ч илүү сайхныг мэдэрч байна. Тиймээс бяцхан хүүдээ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг харуулмаар байна” гэж тэр ярьжээ.
Хадсан жин хянах хөтөлбөрийнхөө талаар тийм ч тодорхойгүй тайлбарлаагүй аж. Харин тэрээр эрүүл хоол хүнсийг түлхүү хэрэглэж заншжээ. Мөн хэд хэдэн дасгал хөдөлгөөн тогтмол идэвхтэй хийсэн Оскар, Грэммийн шагналтан маань “Энэ бол ерөнхийдөө тэнцвэрийн асуудал юм. Бас өөртэйгөө шударга харьцахын асуудал. Гол нь өөрийнхөө өмнө дүрэм гаргаад түүнийгээ мөрдөж занших хэрэгтэй. Яг л хууль шиг” гэж тэр ярьжээ.
Анжелина Жоли улаан хивсний ёслолд
Тэр бол домог. Дэлгэцийн өмнө хамгийн их гардаг гоо үзэсгэлэн бол түүнийх. Ихэр хүүхдүүдээ төрүүлсний дараа Анжелина яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байлаа. Түүний бие эргээд гоолиг үзэсгэлэнтэй хэвэндээ орчихсон байв. Амаржаад гурван сар өнгөрсний дараа Жоли дасгалжуулагчтай ажиллаж, Версачийн даашинзаар гоёхоор шийдсэн байв. Дасгал хөдөлгөөний хажуугаар хүүхдүүдээ хөхөөр хооллож байсан нь түүнийг эргээд жиндээ ядах юмгүй хурдан ороход нөлөөлсөн гэнэ.
Яагаад гэвэл, тэр чинь Холливудын мөнхийн гоо үзэсгэлэн шүү дээ.
Мятаршгүй Жей Ло
Төрөлт түүний гоо үзэсгэлэнг улам өнгө оруулжээ. Гэхдээ энэ бол Жэй Ло-гийн тэмцэгч чанартай ч их холбоотой. Амаржаад ердөө л долоон сарын дараагаас тэрээр Self сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Люси Данзигер, сургагч багш Ганнэр Петерсон нартай хамтран ажиллажээ. Хагас бээр зайд сэлж, 18 бээр газар дугуйгаар, харин дөрвөн бээр газар гүйнэ. Хоёр ихэр хүүхэдтэй ээжид арай л ахадсан юм шиг санагдахгүй байна уу.
Лопез дараа нь “Өглөөний мэнд Америк” шоунд оролцох үеэрээ “Би үнэхээр сайхныг мэдэрч байна. Би илүү их эрч хүчтэй болсон. Би өөрөөрөө үнэхээр бахархаж байна” гэжээ. Тэр зүгээр ч нэг жингээ хасаад зогсохгүй Лос Анжелосын хүүхдийн эмнэлэгт хандивын мөнгө босгож өгсөн буянтай хүн юм. Тийм ээ, энэ чинь л хүчирхэг ээжүүд шүү дээ.
Гвен Стефанигийн жин хасах төлөвлөгөө
Гвен том хүү Кингстоноо төрүүлэхдээ ердөө ч гоёж гангалж байсангүй. Харин төрсний дараа жингээ хасах нь түүнд амаргүй байсан бололтой. “Нэгэнт нэмсэн жингээ хасах үнэхээр хэцүү ажил байсан. Энэ бол маш их ажил. Гэхдээ чи нэгэнт эхэлнэ гэж шийдсэн л бол хийх хэрэгтэй. Над шиг хөхүүл хүүхэдтэй ээжийн хувьд жин хасах нь ерөнхийдөө асуудал биш. Яагаад гэвэл хөхүүл эхийн бодисын солилцоо жин хасахад маш чухал бас том нөлөө үзүүлдэг” гэж тэрээр хэлжээ.
Харин тэр яг яаж жингээ хаясан юм бол. Энэ талаар тэрээр “Жингээ хурдан бас амархан хаяна гэж байдаггүй. Хамгийн гол нь хичээл зүтгэл бас шударга байдал. Эрүүл хоолны дэглэм бол жин хасах төлөвлөгөөний хамгийн том хэсэг юм” гэж тэрээр хэлсэн байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.