Энэ од охин өнөөдөр ямар харагдах бол?

Нийтлэлч: Гантуул
2018.03.06
|
108,903
Бага насандаа од болох мэдрэмж ямар байдаг бол. Цаашдаа түүнийгээ амьдралынхаа нэг хэсэг болгож, амжилтаасаа няцахгүй явах хэр амар бол...

Бага насандаа олны танил болсон од хүүхдүүд нэг л мэдэхэд хар тамхи, элдэв хорт зуршилд автаж, эсвэл архинд орсноор амжилтаа алдааны ул болгох нь бий. Гэтэл зарим хүүхэд зүгээр л өөрийнхөөрөө амьдарсныхаа төлөө алдар хүндийн золиос болгох нь ч бас бий. Харин зарим нь өнөөдөр ч балчир үеийнхээ амжилтыг ахиулахаар хичээн зүтгэж буй. Тэгвэл эдгээр бяцхан одод өнөөдөр ямар харагдаж байгаа бол.

 

Линдсэй Лохан

 

1998 онд гарсан “The Parent Trap” кино түүнийг ёстой л домог болгосон доо. Энэ киноны амжилт Линдсейг 2000 оны жинхэнэ супер од болгож чадсан юм. 2007 он хүртэл зурайсан тасралтгүй амжилтаар түүний түүхийг тодорхойлж болох ч энэ цагаас хойш бараан жагсаалт эхэлсэн. Тэр жилдээ жүжигчин маань согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад баривчлагдсан нь анхны тохиолдол л болов. Ингээд л Лоханы карьер нурж эхэллээ. Дараагийн хэдэн жил нь тэрээр үдэшлэг дамжин хэсэх ажилтай болж, өсөн дэвжих ёстой гэдгээ шийдтэлээ хэсэгтээ л хэцүүхэн амьдарсан даа. Харин одоо тэр дахин кино урлагт ирэхээр хичээж байна. Түүнийг хүлээж л байхаас…


 

Макаулая Кулкин

 

Үгүй дээ, тэр хараахан үхчихээгүй байна. 1990 онд нээлтээ хийсэн “Гэртээ ганцаараа” кинонд бүтээсэн түүний дүр өөрийг нь хамгийн алдартай хүүхэд болгоно гэж хэн санах билээ. Дараа нь “Гэртээ ганцаараа-2”, “Охин минь” зэрэг кинонд ч тоглосон. Бүр “Баян Ричи”-д тоглосон гээд бод л доо. Кулкины байхгүй газар гэж үнэндээ л байгаагүй дээ. Тэр ч бүү хэл триллер төрлийн “Сайн хүү” (The Good Son) кинонд зэвүүн чөтгөрийн хүүгийн дүр бүтээсэн гээч. Өө мартах дөхөж, энэ ч яахав, цаадах чинь Майкл Жэксоны "Black or White" клипэнд бас л шаггүй тоглосон шүү дээ. Энэ клип Жэксоныг ч Кулкиныг ч дэлхийд аваачихад том гүүр болсон.

2000 он дөнгөж гараад л манай залуу таг болчихсон. Тэр ердөө л 2005-2010 онд Robot Chicken-д дуу оруулсан бол 2013 оноос өөрийн хамтлаг болох The Pizza Underground-д төвлөрөх болсон юм байна.

Гэхдээ азаар, Кулкин дахин дэлгэцнээ гарахаар бэлтгэж байгаа гэсэн шүү. Харж л байя.

 

Хэлий Жоел Осмент

 

Брюс Уиллсын зэвүүн кинонуудын нэг, “Зургаа дахь мэдрэхүй”-г санаж байгаа биз дээ. Аль 1999 онд бүтээгдсэн ч одоо бол өчигдөрхөн л нээлтээ хийсэн юм шиг шинэхэн бас гайхамшигтай бүтээл. Энэ кинонд дандаа л үхсэн хүн хараад байдаг, зожиг, айдас төрүүлэм хүүгийн дүр гардаг даа. Тэр чинь Хэлий Жоел Осмент шүү дээ. Энэ кино түүнийг хэчнээн чадварлаг залуу болохыг нь баталж чадсан бүтээл.

Сүнс хардаг хүүгийн дүр Жоелд олон ч шагнал авчирсан даа. Харин дараа нь 2002 онд манай хүн “Хиймэл оюун ухаан” хэмээх суут бүтээлд бас л гол дүр бүтээсэн юм. Робот хүү ээждээ хайртайгаа батлах гэж туулсан зам хэн хүний сэтгэлийг хөндөөд зогсохгүй, шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэв нь таныг хэсэгтээ л алмайруулна. Ингээд 2003 онд тэрээр телевизийн шоунд дуу оруулах ажилд дарагдсан юм билээ.

Осмент 2011 онд Нью-Йоркийн урлагийн томоохон сургууль болох NYU Tisch School of the Arts-ыг төгсчээ. Тэгвэл одоо Жоел АНУ-д нэрд гараад байгаа “Цахиурт хөндий” (Silicon Valley) цувралд Keenan Feldspar-ийн дүрийг бүтээж байна.


 

Анна Члумкси

 

My Girl болон My Girl -2 кинонд тоглосны дараа Анна Члумски олны танил болсон юм. Та түүнийг хаа нэгтэйгээс хараад таньсан ч яг хаана харлаа гэж гайхаж байсан ч байж магадгүй. Энэ кинонд бүтээсэн түүний Вадагийн дүр одоо ч үзэгчдийн сэтгэлээс гараагүй л байна. Члумски 1994-2012 онд телевизийн Early Edition, 30 Rock гээд олон цувралд дүр бүтээсэн юм. Одоогоор тэр жаахан завсарлага авчихсан байгаа гэж ойлгож болохоор л юм байна. Бас л хүлээлт...

 

Эдуард Фарлон

 

Та 90-ээд оны хүн биш бол түүнийг танихгүй л байх. Түүний хамгийн том алдар нэр “Терминатор-2”-оос эхтэй. Тэр Жон Коннерийн дүр бүтээж, Арнольд Шварцнеггертэй энэ кинонд тоглосон юм шүү дээ. Энэ дүр нь Эдуардыг олон ч сэтгүүлийн нүүрэнд залж, олон ч охидын зүрхийг шархлуулах ажил болсон юм.

Дараа нь Фурлон жижигхэн дүрүүдэд тоглож байв. 1998 онд American History X  кинонд Danny Vinyard-ийн дүрийг бүтээжээ.

Харамсалтай нь, 2001 онд эм хэтрүүлэн хэрэглэснээсээ болж эмнэлэгт хэвтсэн удаатай. Энэ нь эм хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт орооцолдуулж, цаашлаад түүний карьерт ч нөлөөлжээ. Ингээд тэрээр жижигхэн л дүрийн төсөл дээр ажиллах болсон доо.

2011 онд The Green Hornet кинонд гол дүр бүтээсэн нь түүнийг кино урлагт эргэн ирэх зам болох байсан ч тэр дахиад л шоронд орсон юм. Түүнийг өөрийн замаа олно гэж найдахаас өөр зүйл үзэгчдэд үлдээгүй юм даа.

 

Тина Мажорино

 

Та түүний нэрийг мэдэхгүй байх л даа. Гэхдээ л та түүнийг танина. “Усны ертөнц” киног та мартаагүй л байгаа. Галзуу бүтээл шүү. Хүн төрөлхтөн хуурай газрын төлөө, чимх хөрсний төлөө үхэлдэн тэмцэнэ гээд бод доо. Энэхүү уран зөгнөлт, гайхамшигт бүтээлд Тина Мажорино бяцхан Энолагийн дүрийг бүтээсэн шүү дээ. Мэдээж, домогт Кевин Костнерыг мартаж яаж болохов.

Ингээд л 90-ээд он тэр чигтээ түүнийх л юм шиг байлаа. Гэвч 2004 он хүртэл л үргэлжилсэн гэх үү дээ.

Гэхдээ тэр сүүлд олон кинонд дүр бүтээсэн. “Грей эмчийн найзууд” (Grey's Anatomy )-ыг санаж байгаа биз дээ. Энэ кинонд тэрээр доктор Хитер Брүүксийн дүрийг бүтээсэн. 2014-2015 онд “Legends” цувралд тоглосноосоо хойш тэр тийм ч идэвхтэй биш л байна.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар