Бүсгүйн хүслийн жагсаалт

Нийтлэлч: Гантуул
2018.09.22
|
115,013
Намар эртийн цас уулсын оройгоор малгайлаад, өвлийн сарууд хаалга тогшиж байна. Хоёрхон сарын дараа шинэ жилийн гацуур модод гоёлоо зүүж, ирэх оны төгөлдөр сайхан мөрөөдлүүд зүрхэн дээр тань гэрэлтэнэ.

2019 он гарахад 60 гаруйхан хоног үлдсэн байгааг анзаарах цаг болчихож. Хором мөч бүхэн биднээс түрүүлэн одож, хаа нэгтэй хэн нэгэн урсах цагийн зүүг ажиглан дараагийн учрал, тохиолуудыг тавилангийн хуудсанд сийлж байгаа нь лавтай.

Бүсгүй хүнд хоёр төрлийн амьдралыг бурхан заяа төөрөгт нь шигтгэж үлдээсэн юм болов уу.

 

Ханийн халамжинд очиж, үрийн зулай үнэрлэхээс өмнөх алхам бүр маань мичид лугаа гялалзсан тансагхан байдаг биш гэж үү. Гоо үзэсгэлэнгийн тань өмнө хөх тэнгэр хүртэл мэхийх мэт диваажингийн дэгжин учралууд алгасдаггүйсэн бил үү. Хайрын захиа, дурлалын харцанд бялуурч, үдэш орой өдрийн гэгээнээс ялгаагүй хөгжил цэнгэлд умбуулж, хүж дэлхийн салхи бүхэн чиний л төлөө исгэрдэггүйсэн билүү. Эхийн хайр, эцгийн ивээлд жаргаж, зовлон, жаргалын дэнсийг хэнэггүйхэн алгасаад, тас хийтэл инээд алдаж, айдсын хажуугаар гуядаад л гардаггүйсэн билүү. Ганц бие, халуухан залуу бүсгүйн алхам бүр шидэт хивс шиг л хүссэн газарт нь аваачих тээврийн хэрэгсэл л гэсэн үг.

 

Харин нөхөрт гарч, ээж болсны дараа эмэгтэй хүний хоёр дахь амьдрал эхэлдэг гэнэ лээ. Энэ нь ч үнэнээс зөрөөгүй үнэн. Өмнө нь ганцхан өөрийнхөө төлөө амьсгалдаг байсан бол одоо та маш олон хүний өмнөөс амьдарч байгаа. Танд одоо үдшийн цэнгүүнд эрхлэн бүжих нь битгий хэл өвдөх ч эрх байхгүй. Магадгүй та нэлээд хэдэн намрыг гал тогоонд эргэлдэж, жижигхэн хүмүүсийн баастай, шээстэй өмд угаахад зарцуулсан байж мэдэх л юм.

 

Өглөөд хаашаа явж, хэнтэй цагийг зугаатай өнгөрүүлэх тухай бодлууд тань бяцхан булцгар гартнуудыг эрхлүүлж, халуун хоолтой, дулаан хувцастай өнжүүлэх түмэн зүйлийн мөрөөдлөөр солигдсон байх.

Орж ирүүтээ л оймсоо ийш тийш шидэлж, зурагтын удирдлага аваад буйдан дээр өнхрөөд өгдөг нөхөртөө бухимдсаар сууна уу. Гарч оръё гэхээр хүүхэд харах хүнгүй гэдэг ганцхан шалтаг хамаг завыг чинь боочихож байгаа даа. Өмнө нь хэтэвчин дэх мөнгө ганцхан чинийх байсан, хүссэн үедээ кофе шопт ороод хэдэн ч цагаар хамаагүй амттан идэж, нэт ухаад суудаг байсан цаг хугацаагаа үгүйлэх ч завгүй яваа даа.

 

Хорвоо тэр чигээрээ чамайг мартчихсан юм шиг санагдаж байна уу. Хоолноос хоолны хооронд бөгтөлзсөөр, аяганаас аяганы хооронд угаалтуур тосож зогсоод, арилгасан төмсний хальстай хамт өөрийнхөө хүсэл мөрөөдлүүдийг хаяж орхиж байгаа юм шиг санагдаж байгаа байх.

 

Дуусахгүй юм шиг санагдаж байгаа нэг л хэвийн энэ өдрүүдийн цаана чамайг хамгаас том бэлэг хүлээж байгаа гэдгийг одоо хэлье.

Тийм ээ, ийм л хоёр төрлийн амьдралаар чи аялж яваа. Энэ аялал бол тоглоом биш. Хайраар хэмжигддэг үнэ цэнэтэй, халамжаар тэтгэгддэг цаг хугацаатай аялал. Аяллын тийзээ мартаж болдоггүй шиг чи энэ цаг хугацааны дундуур өөрийгөө мартаж болохгүй гэдгийг ямагт санаж яваарай.

 

Аль болох эрт босвол олон зүйлийг амжуулах бас төлөвлөх завтай болно. Өглөөдөө 07.00 цагаас хэтрүүлэлгүй босч сурахад гэмгүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь энэ үеийн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг юм шүү.

Хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад, түүнийхээ дагуу өдрийг бүтээлчээр өнгөрөөхийг хичээвэл амьдрал илүү сонирхолтой болно. Ядаж л та өдрийнхөө сул цагийг хөрөнгө болгож чадна гэсэн үг шүү дээ.

 

Жишээ нь, хүүхдийнхээ багадсан хувцсаар шинэ хувцас урлах бяцхан төлөвлөгөө боловсруулж болох юм. Эсвэл нөхрийнхөө хуучин цамц, өмдөөр хүүхдүүддээ хувцас хийж ч болно. Ялангуяа, аавынх нь багадсан жийнсэн өмдөөр хүүхдийн өмд хийвэл их урамтай бас хялбархан ч байдаг.

 

Одоо улам хүйтрэх учраас хуучин ноосон хувцаснуудыг ашиглан хүүхдийн жижиг өмд, цамц эсгэвэл хэмнэлттэй бас хөгжилтэй.

 

Амьдралаа бүтээлчээр төлөвлөж, өөрийгөө улам үнэ цэнэтэй байлгая гэж бодож байгаа бол яг одооноос эхлэн таван жилийн төлөвлөгөөгөө боловсруул.

 

Жишээ нь

        -2019 онд өөртөө зориулж хадгаламж нээнэ.

-2020 онд гэр бүлээрээ зугаатай аялалд гарна.

-2021 онд байраа зарж, шинэ орон сууцанд орно.

-2022 онд оффис түрээсэлж хувийн бизнесээ эхлүүлнэ.

 

Одоо төлөвлөгөөгөө жилдээ хуваах хэрэгтэй. Жишээ нь

        -2018 оны 10-р сард жингээ хасах талаар судалгаа хийж, төрөхөөсөө өмнөх хэвэндээ орох төлөвлөгөө боловсруулна.

        -2018 оны 11-р сард шинэ хөргөгч авна.

        -2018 оны 12-р сард ууланд Цэцээ гүнд авирах аяллын багт нэгдэнэ.

        

Ийнхүү сараар нь төлөвлөсөн бол одоо сараа дотор нь бүр өдрөөр нь төлөвлөх хэрэгтэй. Та бичсэн бүхнээ заавал хэрэгжүүлэх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамгийн гол нь үүнийг бичиж чадна гэдэг л чухал. Нэгэнт биччихсэн байхад тухайн асуудлыг та зүрхэндээ оруулчихлаа гэсэн үг. Улмаар нэгэнт зүрх сэтгэлд чинь бичигдчихсэн зүйл заавал биелдэг юм шүү. Бас та энэ аргыг хэрэглэснээр амьдралынхаа зорилгыг илүү томоор харж, нийтэд нь дүгнэж чадна. Өнөөдөр хүүхэд хараад өнгөрч байгаа цаг хугацаа чинь түр зуурын л асуудал гэдгийг ч ойлгож чадна.

 

Та нэгэнт дээрх аргыг хэрэглэсэн бол, тэр зүйлийг өдөр бүр санаж бодож зүүдлэхгүй ч гэлээ тухайн мөрөөдлөө биелүүлэх зааварчилгаа, тушаалыг орчлон ертөнцөд өгчихлөө гэж ойлгож болно.

 

Хүүхдүүдээ асарч, нөхрөө халамжилж, өөрийгөө хайрлахын хажуугаар мөрөөдлөө биелүүлэх галт тэргэнд амжиж суух л хэрэгтэй. Орчлон ертөнц зөвхөн эмэгтэй хүнд л бүх зүйлийг зэрэг нэг дор хийж чадах хосгүй нандин ухааныг хайрласан юм шүү дээ.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, таны мөрөөдөл зөвхөн таныг хүссэн үед л биелнэ гэдгийг ойлгуулах гээд байна.

Хичээгээрэй, хонгор минь...

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар