Д.БАЗАРДОРЖ: ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ИХ ГҮРЭН БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА

2018.11.24
|
10,194
Д.БАЗАРДОРЖ: ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ИХ ГҮРЭН БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хөрш орны салбарын эрхлэгч, залуу судлаач Д.Базардоржтой ярилцсан ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

        -Ярилцлагаа таны талаар эхлэе гэж бодлоо. Та өөрийгөө уншигчдад зориулан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? 
       -Намайг Дамдиндоржийн Базардорж гэдэг. Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Өдгөө Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хөрш орны салбарын эрхлэгчээр ажиллаж байна. МУИС-д түүхийн мэргэжлээр суралцаж улмаар мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Үндэсний төв архивд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Хятадын ӨМӨЗО-ы Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцах завшаан гарснаар 2008 онд Хөххотыг зорьж, 2012 онд доктор зэрэг хамгаалсан хүн. Өвөр Монгол очиж суралцах болсон тухайгаа ярихад хоёр улсын боловсролын салбарын харилцааны түүхээс цухас өгүүлэх шаардлагатай болох юм. ХХ зууны 50-иад оны үе бол Монгол, Хятад хоёр улс бүх талаар харилцан туслалцдаг цаг үе байсан тул Хятадын Засгийн газрын тэтгэлгээр тухайн үеийн Монголын шилдэг залуус Хятадад хүрч аспирантурт суралцсан бөгөөд голдуу Бээжингийн Их Сургуулийг зорин очсон байлаа. Тэд хэдийгээр тооны хувьд цөөн байсан ч хожим нэр алдартай мундаг том эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтнүүд болж, манай улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Гэсэн ч 60-аад оны үеэс эхлэн хоёр улсын харилцаа бүх талаар зогсонги байдалд ороход боловсролын салбарын солилцоо ч мөн тасалдсан байдаг. 2008 онд Хятадын Засгийн газраас Монголын залууст тэтгэлэг өгч Хятадын их дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцуулах болсноор энэ харилцаа өнөөг хүртэл үргэлжилж байна. Олон залуус Хятадад суралцаж төгсөн, өөр өөрийн мэргэжил чиглэлээр улс орныхоо өнцөг булан бүрд амжилт бүтээлээр дүүрэн байж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж явна. Энэ бол 50 орчим жил тасраад байсан Хятадын Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөр дахин сэргэсэн үзэгдэл бөгөөд миний бие дахин сэргэсэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт анхлан хамрагдагсдын нэг, мөн Өвөр Монголд докторын зэрэг хамгаалсан анхны монгол залуусын нэгэн болсондоо тун сэтгэл хангалуун байдаг.
        - Таны судалгааны чиглэл юу вэ? Хятадын ямар асуудал дээр илүү анхаарал хандуулдаг бэ?
        -Би докторын ажлаараа Монгол, Хятадын худалдааны түүхэн харилцааны асуудлыг “Да Шэн Күй” пүүсээр төлөөлүүлэн судалж, олон сайхан Хятад, Өвөр Монгол багш нар, найз нөхдийн тус дэмийг хүртэн амжилттай сайхан хамгаалсан. Төгсөж ирээд олон улсын харилцааны асуудал, тэр дундаа Монгол, Хятадын харилцааны тодорхой чиглэлүүдээр ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын талаас санаачлан дэвшүүлсэн “Бүс ба зам” стратеги болон Монгол улсын “Хөгжлийн зам” бодлогыг хамарсан хоёр талын хөгжлийн бодлогыг хэрхэн уялдуулан хөгжүүлэх, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим төслийн хүрээнд судалгаа хийж байгаа нь голчлон манай хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа судалгааны чиглэлтэй шууд холбогдож байна. Харин сүүлийн үед хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх үүднээс соёл, хүмүүнлэгийн асуудалд анхаарал хандуулж байна. Эдүгээ манай хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрч, ялангуяа худалдаа эдийн засгийн харилцаа урьд хожид байгаагүй өндөр түвшинд хурдацтай хөгжиж байна. 1990-өөд оноос хоёр улсын харилцаа бүрэн сэргэхэд улс төрийн харилцаа идэвхжихийг дагалдаад худалдаа эдийн засгийн харилцаа түлхүү хөгжсөн. Хэдийгээр соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сэргэсэн боловч худалдаа эдийн засгийн харилцааны хүрсэн түвшнээс их хоцорсон. Үүнийг онцгойлон анхаарч зохицуулалт хийхгүй бол хоёр улсын харилцаа дахин цааш өргөжин хөгжих боломжгүй төлөвт хүрээд байсныг сүүлийн жилүүдэд байгуулсан хоёр улсын өндөр дээд хэмжээний уулзалтуудын үр дүнд залруулан тусгасан нь маш чухал явдал болсон юм. Гэвч соёл, хүмүүнлэгийн харилцаа нь нэг л дор огцом хөгжих боломжгүй тул худалдаа эдийн засгийн харилцааны түвшинд хүртэл хөгжихөд цаг хугацаа шаардагдах нь мэдээж билээ. Үүнд хоёр талын хүчин чармайлт чухал, ялангуяа иргэд бидний идэвх зүтгэл ч дутагдаж болшгүй хүчин зүйл хэмээн боддог. Иймээс Өвөр Монголд сурч байх хугацаандаа бидний хэдэн оюутнууд Монгол-Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийг байгуулсан юм. Нийгэмлэг маань одоо хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Нийгэмлэгийнхээ үйл ажиллагаагаар дамжуулан Монгол, Хятадын соёлын харилцаа, иргэд хоорондын итгэлцэл ойлголцлыг бэхжүүлэх тал дээр өөрсдийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж явахыг хүсдэг.

        - Та “Монгол-Хятадын Соёлын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тухай нарийн танилцуулаач?
    -Манай нийгэмлэг 2011 онд байгуулагдсан Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм. Соёл, шинжлэх ухаан, боловсролын солилцооны чиглэлээр голлон ажилладаг. Нийгэмлэгийн гишүүд нь Өвөр Монголын Их Сургууль, Багшийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг ӨМӨЗО-ы голлох их сургуулиудад суралцаж байгаа буюу суралцаж төгссөн залуусаас бүрддэг. Хятадад суралцаж байсан ялангуяа Өвөр Монголд суралцаж байсан бидний хэсэг залуус Хятадын хөгжил дэвшлийн хурдацыг биеэр мэдэрсэн хүмүүс юм. Бидний нүдэн дээр Хөххотын өнгө төрх эрс өөрчлөгдөж байсан нь Хятадын хөгжлийн бодит тусгал болж байж л дээ. Гэтэл манай хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа ялангуяа иргэдийн харилцан ойлголцол тун чамлалттай байгаа нь тод анзаарагдсан юм. Иймээс л харилцааны дутагдалтай байгаа талыг өөрсдийн хэмжээнд нөхөх нь үүрэг хэмээн бодож энэхүү нийгэмлэгээ байгуулсан юм. Тухайн үед Хятад улсын Монгол судлал бидний төсөөлж байснаас илүү өндөр түвшинд хүрч хөгжсөнийг олж харж билээ. Тиймээс бодит байдлыг Монгол Улсын судлаачид, оюутан сурагчдад таниулах зорилгоор “Хятад дахь Монгол судлал” гэх эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг гаргаж эхэлсэн билээ. Уг сэтгүүлд Хятадын нэрт судлаачдын Монгол судлалаар хийсэн судалгааны өгүүллийг хөрвүүлж, орчуулан крил үсгээр гаргахын зэрэгцээ Хятад судлаачдын товч танилцуулгыг багтаадаг юм. Уг сэтгүүлийг анхлан гаргахад ӨМИС-ийн Чимэддорж, Өргөөдэй Тайван, Буяндэлгэр, Содбилэг зэрэг Монгол судлалын багш нар болон ӨМИС-ийн захиргаанаас идэвхтэй дэмжсэн юм. Энэ дашрамд багш нартаа дахин талархал илэрхийлж байна. Энэ сэтгүүл манай улсын судлаачид, сурагч оюутанд хэрэглэгдэхүүн болж, дараагийн дугаар хэзээ гарахыг хүсэн хүлээдэг болсон нь бидэнд урам зориг өгч байдаг юм. Нийгэмлэгийн чиглэлээр бид хоёр орны соёл, боловсролын чиглэлээр уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлууд, оюутан залуусын уулзалт цуглааныг Улаанбаатар, Хөххот болон Хятадын зарим газар амжилттай хэрэгжүүлж, энэ хэрээрээ хоёр оронд олон сайхан найз нөхөдтэй болж нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлсээр, хамтран ажилласаар байна. Нэмж хэлэхэд Хөххот миний хоёр дахь нутаг шиг санагддаг юм. Эргээд очиход танил дотно гудамж талбай нь оюутан цагийн сайхан дурсамжийг сэргээдэг болохоор аргагүй биз.
        - Та Да Шэн Күй пүүсийн тухай судалгаа хийгээд доктор зэргээ хамгаалсан гэдэг. Яагаад энэхүү сэдвээр судалгаа хийсэн бол?
      -МУИС-ийн оюутан байхдаа Монголын түүх соёл, урлаг утга зохиолын ном бүтээлийг нэлээд түлхүү уншсан юм уу даа гэж боддог. Монголын түүхэн дэх Хятадын худалдаа мөнгө хүүллийн тухай дүгнэлт, тэмдэглэлүүдэд “Да Шэн Күйпүүс (Монголчууд “Даашинхүү” гэдэг) түүний дамжаад, жангуйдын тухай, олон монголчуудыг мөлждөг хонждог байсан тухай олонтаа дурдагддаг л даа. Иймээс манай улсын 40-өөс дээш насны хүмүүст“Да Шэн Күй” танил ойлголт боловч бас үл таних түүхэн дүр юм л даа. Архивт ажиллаж байхдаа холбогдох баримтуудтай их таарна. Тэр хэмжээгээр үзэж судлах хүсэл төрж билээ. “Да Шэн Күй” Монголын нийгмийн хөгжилд их нөлөө үзүүлсэн боловч Монголын бичиг материалд тус пүүсийн тухайд сөрөг хандлагаар тэмдэглэгдсэн байдаг юм. Харин Хятадад очиж суралцах үедээ мөн үүний тухай анхаарал тавьсанд Хятадад буй Да Шэн Күй пүүсийн тухай ялангуяа Ар Монголтой холбогдох түүхэн бичиг материал тийм олон биш аж. Харин Да Шэн Күйгээр сэдэвлэсэн уран зохиол, кино зэрэг урлагийн бүтээл илүүтэй байх агаад тэдгээрийн агуулгад Да Шэн Күй пүүс ерөнхийдөө эерэг дүртэй байдаг нь бүр ч сонирхлыг өдөөсөн хэрэг юм. Судалгааны явцад тухайн цаг үед яаж тийм өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан мундаг зохион байгуулалтыг буй болгов оо, яаж 300 орчим жилийн хугацаанд оршин тогтнож чадав аа гэдэг асуулт намайг үнэхээр гайхшруулж билээ.

Би тусгайлан судалсан хүний хувьд хэлэхэд өнөөг хүртэл Монголын зах зээл дээр Да Шэн Күй пүүс шиг худалдаа, эдийн засгийн асар их нөлөөг тогтоож чадсан байгууллага төрж гараагүй гэж хэлэх байна. Мөн өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй зарим бэрхшээлийг бид түүх сөхөж, бүр тодруулбал Да Шэн Күй пүүсээс бидэнд өгсөн түүхэн сургамжаас санаа авч харьцуулалт хийн нааштайгаар шийдвэрлэх боломжтой. Мэдээж Да Шэн Күй бол дан ганц худалдаа, мөнгө хүүлэл буюу эдийн засгийн харилцаагаар монголчуудад нөлөө үзүүлсэн гэвэл дутагдалтай болох бөгөөд харин ч Монгол, Хятад ард түмний соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн харилцааны нэгэн суваг болж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Да Шэн Күй пүүсийг олон жил судалсны үр дүнд Хятадын судлаач Дэн Жюган Хиагтаар дамжсан худалдааны их замыг “Цайны зам” хэмээн нэрлэсэн нь өдгөө шинэ цаг үед олон улсын харилцааны нэр томьёо болох хандлагатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар