Б.БИЛГҮҮН: ХЯТАД УЛСАД СУРСНААР НАДАД ОЛОН ЗҮЙЛИЙГ ӨГСӨН

2018.11.24
|
10,220
Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Хятад улсын Нанжин хотноо магистрт суралцаж буй Монгол Улсын оюутан Б.Билгүүн уригдан оролцлоо.

 Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны талаархи мэдээллээр эхлэе, болох уу?

-Баярлалаа. Намайг Бүрэнтэгшийн Билгүүн гэдэг. 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Русская Гимназия 10 жилийн сургуулийг төгссөн. 2007-2012 оны хооронд Шанхай хотын Фүдан Их Сургуульд Хятадын соёл судлал болон хятад хэлний мэргэжлээр сурсан. 2015 онд Тянжин хотын Бинхай дүүрэгт байрлах Монголын Засгийн газрын төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Энэ нь надад их туршлага болсон. 2017 оноос Хятадын Нанжин хотын Аудитын их сургуульд аудитын мэргэжлээр магистрт сурч эхэлсэн ба одоогоор Монгол Улсын Үндэсний Аудитын газар ажиллаж байна.

- Үндэсний Аудитын газар гэж яг ямар байгууллага байдаг юм бэ?

-Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын Төрийн байгууллагуудад тавих хяналтыг хэрэгжүүлдэг. Эх орон, ард түмний нүд чих нь болсон байгууллага гэж ойлгодог. Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын харьяа 7 байгууллагын нэг юм.

- Та хятад хэлийг яаж ийм сайн, сурсан юм бэ?

-Шинэ хэл сурна гэдэг нь шинэ соёл сурч, шинэ аргаар бодож сэтгэх хэрэгтэй болдог. Анх Хятад улсыг сонгон Хятад улсад явахад хятад хэлний талаар ямар ч ойлголтгүй байсан. Тиймээс хятад хэл сурахад их хүндрэлтэй байсан. Хятад хэлний хөг их хэцүү. Би өөрөө хятад хэлний орчинд нь очсон учраас найз нөхөд, багш, дэлгүүр гээд дэргэд байгаа бүхэнтэйгээ хятад хэлээр харилцах шаардлагатай болж байсан. Анх очоод дохио зангаа ашиглан харилцдаг байснаа бодвол багш найзуудынхаа тусламжтайгаар хятад хэлийг богино хугацаанд гадарладаг болсон. Хятад хүнтэй илүү ойрхон, илүү нөхөрлөж байсан. Тухайн орны түүх соёл, хэл, ёс заншлыг ойлгохын тулд яг тэр орны хүмүүстэй нь илүү харилцаж илүү нөхөрлөж, хамт байх юм бол сурахад илүү хялбар гэж би ойлгодог. Мэдээж хэл сурахад тодорхой цагийг тухайн хэлийг давтахад зарцуулах хэрэгтэй юм.

Арван жилд манай ангид 10 гаруй хүүхэд байсан. Би ганцаараа Хятад улсыг зорьсон. Хятад улс миний хувьд их сонирхолтой санагдсан. Эдийн засаг нь хөгжсөн, Хятадын түүх соёл миний сонирхлыг их татдаг. Хятад улс нь Монгол Улсын дэргэд оршиж байгаа ч гэсэн бид Хятад улсын талаар сайн ойлголттой байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хятад улсад сурдаг хүүхдүүд олширч байгаа учраас Хятадыг ойлгодог мэддэг хүмүүс улам илүү олон болж байгаа.

Үргэлжлэл

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар