Баярын “өөхөн давхарга”-ыг хайлуулах халуухан аргууд

2019.02.06
|
12,882
Цагаан сарын дараа бүсгүйчүүд бидэнд тулгардаг бяцхан хэрнээ нэлээн жин дардаг асуудлын нэг нь яах аргагүй баярын “нэмэгдэл”-тэй тэмцэх талаарх баахан асуултын тэмдэг билээ.

Ж.Цогзолмаа

Хотол олноороо энх мэндийн баяраа угтаж, өвлийг өнөтэй давж, хавартай амгалан золгосон сайн өдрүүд тохиож байна. Айл бүрийн ширээн дээр алагласан амттан, идээ будаа элбэг дэлбэгийн хишиг буяныг даллан айсуй.

Энэ зуур Цагаан сарын дараа бүсгүйчүүд бидэнд тулгардаг бяцхан хэрнээ нэлээн жин дардаг асуудлын нэг нь яах аргагүй баярын “нэмэгдэл”-тэй тэмцэх талаарх баахан асуултын тэмдэг билээ. Салат, бууз, сүүтэй цай, чихэр, жимс тэргүүтэй таргалах үйл явц хурдны галт тэрэг шиг л гүйцэгдэхгүй. Гэхдээ үүнийг шийдэх хэд хэдэн маш энгийн хэрнээ хэрэгжүүлэхэд хялбар бас өндөр үр дүнтэй аргууд бий. Эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцъя.

 

           

Ус, бас дахин ус

Ихэнх хүмүүс цангаагаа өлсөж байна гэж андуурдгаас жин нэмэх нь элбэг. Дотор харлах мэдрэмж төрөх тоолонд тавагтай хоол руу хошуураад ирдэг нь гэм биш зан. Тэгвэл яг ийм мэдрэмж төрвөл та юун түрүүнд ус уугаарай. Биед тань шингэн дутагдсанаас сульдаж ядрах, өлсч байгаа мэт санагдах нь олонтаа байдаг. Харин ус уусны дараа цатгалан мэдрэмж төрөхийн дээр бодисын солилцоог хурдлуулж, хоол шингээлтийг сайжруулснаар жин хасахад ихээхэн тустай байдаг аж.

 

        

Зорилготой болъё

Долоо хоногт хасвал зохих жингийн хэмжээг 500 гр-аас хэтрүүлэхгүй байх нь биеийн тэнцвэрээ хадгалахад тустай. Ингэж жингээ хассан хүмүүс таргалах нь ч удаан байдаг аж. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шийдээд, маргааш хүссэн даашинзандаа багтана гэж бодох биш, наанадаж зургаан сарын дараа зорилтот жиндээ хүрнэ гэж тооцоолох нь хавьгүй дээр. Учир нь одоо “нөмөрч” байгаа өөх тань ганцхан шөнийн дотор бий болчихоогүй шүү дээ.

 

 

Өөртөө зориулж зууш бэлд

Ширээн дээрх амттан бүхнийг л идээд байвал та хэзээ ч жингээ хасч чадахгүй. Бас хамаг л амархан болдог бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сонгоод байвал зорилгодоо хүрэх цаг хугацаа тань улам л удааширна. Яагаад гэвэл иймэрхүү бүтээгдэхүүнүүдэд орсон амт, үнэр оруулагч зэрэг нь их хэмжээний өөх тос агуулсан байдаг аж.

Үүний оронд амттайг нь биш шим тэжээлтэйг нь бодож хооллох төлөвлөгөө, зуушыг өөртөө бэлтгэх нь хамаагүй эрүүл бөгөөд хялбархан байх болно. Жишэээ нь, тахианы цээж мах цэцэгт байцаатай зууш, геркулес, хар чавгатай тараг зэргийг өөртөө зориулан бэлдэж болно.

 

           

10 хүртэл тоол

Дөнгөж сая идсэн хэрнээ л хоол бодогдоод, шүлс гоожоод, өлсөөгүй байхад л ходоод хоржигноод байгаа юм шиг санагдаад байна уу.  Яг ийм агшинд дотроо 10 хүртэл тоолоод үзээрэй. Энэ хооронд тэр хоол танд үнэхээр хэрэгтэй эсэх талаар тархи чинь ядаж л эргэцүүлээд амжина. Ингээд урт амьсгаа авсны дараа та цатгалан хэрнээ дахин идэх гэж яарахгүй л болов уу.

            Ер нь жингээ хасахын тулд та өлсөхгүй байх ёстой. Гэхдээ шим тэжээллэг, чанартай, илчлэг багатай хэрнээ уургаар баялаг хоол хүнсийг сонгох ёстой юм шүү. Өдөрт дор хаяж таван удаа хооллох хэрэгтэй гэдгийг судлаачид зөвлөж байна.

 

           

Долоо хоногийн төлөвлөгөө гарга

Нэг л удаагийн үйлдлээр хэтэрхий олон зүйл өөрчлөхийг хүсвэл та замынхаа эхэнд ч оролгүй цөхөрч, унана. Үүний оронд долоо хоног бүр өдөрт ядаж ганц ширхэг алим иднэ гэх зэргээр төлөвлөгөө гаргаарай.

 

           

10 хувиас эхэл

Жингээ амжилттай хассан хүмүүсийн хамгийн чухал дүрэм бол 10 хувийн зарчим. Та эхний ээлжинд хасах ёстой жингийнхээ 10 хувьд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та эхний 10 хувиа амжилттай биелүүлж чадвал дараагийн 90 хувь нь өөрөө аяндаа л хэрэгжинэ.

Дөнгөж 100-хан гр жин хаслаа гэж үү хэмээн өөртөө гоморхох хэрэггүй. Энэ бяцхан тооны цаана эрүүл мэндийн асар их дэвшил нуугдаж байдаг юм байна. Гэтэл ганц л өдрийн дотор гэдэснээсээ сална гэж элдэв арга турших нь маш аюултай байж мэдэх юм.

 

           

Гуравны нэгийн зарчим

Баярын дараах жин хасах төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг бол оройн хоолны гуравны нэгийг л идэх зарчим. Үүнийг та өдөр бүртээ биелүүлэхийг хичээгээрэй. Та энэ аргаар өдөрт дор хаяж 500 ккал илчлэг шатаана гээд бод доо.

 

           

Шар айраг ч таргалуулдаг

Согтууруулах ундаа нь илчлэгийн эх сурвалж гэдгийг бүү мартаарай. Ганц шил шар айраг 150 ккал-оос багагүй илчлэг агуулж байдаг аж. Элдэв амт оруулсан коктейл, дарс зэрэг нь уудаг амттан л гэсэн үг. Үдэшлэгт уригдаад аргагүй байдалд орлоо гэхэд эдгээрийг устай хольж хэрэглэх нь хавьгүй дээр гэнэ шүү.

 

           

Өөртөө зориулж тэмдэглэл хөтөл

Тэмдэглэл бол таны сайн багш байх болно. Хоол сонгохын өмнө эдгээрийг идвэл би даашинзандаа багтах уу, энэ хоол надад шим тэжээл болох уу, өөх болох уу гэдгийг тунгаан ганцхан өгүүлбэр бичээд үзэхэд ямар их үр нөлөөтэй гэж санана. Бас зохистой хооллохын тулд юу хийх, яаж хичээх талаар өөрөө өөртөө захидал бичсэн ч болно.

 

Содатай ус, хийжүүлсэн ундаанаас татгалз

Хийжүүлсэн ус бол америкчуудын дэлгэрүүлсэн “үл үзэгдэгч” калори. Эдгээрийг элдэв амт, үнэр оруулаагүй ус, цайтай харьцуулахад таргалуулах магадлал нь өндөр гэдгийг судлаачид онцолж байна.

 

Зүгээр л идэх биш, харин хоолло

Тавагтай хоолыг идэх гэж бүү яар. Үүний оронд бүрэн утгаар нь хоолло. Хоолныхоо шим тэжээлийг мэдэр. Хазалт бүрээ мэдэр, илүү удаанаар зажил. Ширхэг, зүсэм бүрийн амтыг мэдрэхийг хичээ. Ингэснээр илүү хурдан цадахын дээр хоол тань илүү сайн шингэнэ.
 

Уургаа нэм

Судлаачдын үзэж буйгаар нүүрс уснаас илүүтэйгээр уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь илүү шим тэжээлтэйгээс гадна илүү цатгалан мэдрэмж өгдөг аж. Шотланд, Дани, Швед, Англид хийсэн судалгаанаас харахад өглөөний цайндаа уургаар баялаг хүнс хэрэглэсэн хүмүүс өдрийн хоол хүртлээ илүү эрч хүчтэй, бас цатгалан байдлыг мэдэрч байжээ.

 

Амттаныг ухаалгаар орлуул

Ухаалаг нийгэмд ухаалаг шийдэл хэрэгтэй. Өндөр илчлэгтэй амттаныг ч орлуулах боломж бий. Чихэрний оронд үзэм, хөлдөөсөн усан үзэм сонгож яагаад болохгүй гэж. Шоколад идмээр байвал зэрлэг гүзээлзгэнийг хар шоколаданд дүрээд идвэл ямар вэ.

 

           

Хамгийн гол нь өөдрөг бай

Судлаачдын тэмдэглэлд дурдсанаар өөрийгөө үнэлдэггүй, хүндэлдэггүй хүмүүс хэтрүүлэн идэх талтай байдаг аж. Иймд сул талуудаа бодон гуниглаж суухын оронд хамгийн сайн чанарууддаа төвлөрвөл амьдрал танд илүү өнгөлөг харагдана. Хувцас сонгохдоо ч өөрийнхөө яг одоогийн жин, хэлбэр, хэмжээндээ тохируулан сонго. Яг одоогийн өөрийнхөө сайн чанаруудад илүү их дурла, хайрла. Өнөөдөр хамгийн хөөрхөн харагдахын тулд үсчид, гоо сайханчдаас зөвлөгөө авч байгаарай.

            Жингээ амжилттай хасч чадсан олон хүний нэг нь магадгүй та байх. Тийм бол сэтгэгдэл хэсэгт өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай. Таны туршлага бидний үнэт боломж юм шүү.

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар