2019 оны 12 жилтний Хятад зурхай

Бэлтгэсэн Ж.Цогзолмаа
Гахай жил бидэнд гэгээлэг, аз жаргал, баяр хөөр, хөрөнгө бэлээр дүүрэн богцоо дөнгөж задалж байна. Энэ дунд дунд морь жилтнүүдийн эд мөнгө арвижих хосгүй сайхан үе тохиож байгаа бол үхэр жилтнүүд мөнгөний авдарт хүрч, харин хулганууд мөрөөдлийнхөө оргилд хүрэх ерөөл, тохиол айсуй.
Энэ жил хятад зурхайн тооллоор эм гахай жил тохиож буй. Эм гахай нь хишиг буян, олз омог далладаг ажээ. Иймээс ч тун удахгүй шинэ оны бэлгүүд өндөр өсөлтийг бий болгоно хэмээн Их хэрмийн эзэд итгэж буй.
Хулгана жилтэн:
1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996 онд төрсөн хулгана жилтнүүд. Хулгана хөл хальтраад голд унаж болох ч гахай түүний үнэнч анд учир түвэггүйхэн татан гаргана. Иймд хулгана жилтнүүд юунд ч санаа зоволгүй нийгмийн амьдралд шунан дурла. Эрсдэл тохиовол өмнөөс чинь асуудлыг гахай жил даагаад л гарна.
Амжилт:
Хулгана бол маш гэгээлэг, бас өвөрмөц амьтан. Хурдан шаламгай, тиймээс аливааг хурдан сурна. Амжилт олох нь энэ удаад хулганын хувьд тоглоом л гэсэн үг. Гахай жил хулгануудад амжилтаа ахиулах үнэнч анд, хүчирхэг туслагч нь байх болно. Гахайн заасан зүгт хөдөлбөл хулганууд мөрөөдлийнхөө оргилд заавал хүрнэ.
Мөнгө, орлого:
Гал уснаас айдаг. Гал бол таны мөнгөний билэгдэл. Гахай мод болон усыг эрхшээдэг ч галыг бол үгүй. Тэгэхээр таны орлого, мөнгөний асуудалд санаа зовох зүйл алга. Ус нь таны нөхөрлөл, хамт олон, найз нөхөд, бизнесийн түншүүдийг илэрхийлж буй. Орлого багатай үедээ хамаатнууд, найз нөхөд, түншүүддээ мөнгө зээлэх гэсний хэрэггүй. Тооцоо бүрэн хийгдээгүй зүйлд хөрөнгө оруулах нь ч өндөр эрсдэлтэй. Ийм үед мөнгө гаргавал эргэж танд олдохгүй.
Хайр дурлал:
Хятад зурхайд гахай болон хулгана нь бие биедээ татагддаг хэмээжээ. Өөрөөр хэлбэл, гахай жилийн турш хулганууд үргэлж сайн сайхан хүмүүстэй учран золгоно. Та нийгмийн амьдралд илүү идэвхтэй оролцож, интернэт ертөнц танд амьдралын идэвхээ нэмэхэд илүү тусална. Болзоо, аялал, мартагдашгүй дурсамжууд хулгануудад амрах зав өгөхгүй л болов уу.
Эрүүл мэнд:
Хулгана бол хүйтэн чанарын амьтан. Харин гахай усанд дурлана. Ус ч бас хүйтэн байх нь мэдээж. Энэхүү давхцал нь сэрүүн цагт биеэ энхрийл хэмээн захиж буйн илрэл. Доороосоо даарахаас сэргийлж, бөөр нуруугаа дулаан байлгаарай. Алхах, явган аялалд явах, дугуй унах, усанд сэлэх, жимсэнд явах зэргээр өөрийгөө чийрэгжүүлэхэд гэмгүй.
Жилийн ерөнхий төлөв:
Гахай жил хулгануудад сайн сайхан хүмүүс, хайрын харилцааг бэлэглэнэ. Амжилт, аз завшаан дүүрэн байна. Мөнгө, олз омог өмнөх жилүүдтэй харьцуулшгүй ихэснэ.
Гэхдээ та тийм ч их мөнгө хадгалж чадахгүй л болов уу. Учир нь аз таныг илүү их зүйлд мөнгөө зарлагадахыг шаардана. Гал танд мөнгө бэлэглэж, нарны илч танд эрүүл мэнд хайрлана.
Үхэр жилтэн:
1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997 онд төрсөн үхэр жилтнүүд. Гахай жил энэ удаад таны дээрээс орлого, ашгийн хурыг хувингаар асгах шиг л болно. Мөнгөний бороонд норохдоо бэлдээрэй, анд минь.
Энэ бол маш ховор тохиох сайхан жил. Бүх зүйл хамгийн сайхнаар үргэлжлэх болно.
Амжилт:
Үхэр бол газар махбодийн билэгдэл. Модод газарт үндэслэдэг. Мод бол эх дэлхийгээс эхлэлтэй. Мод нь таны амжилтын билэгдэл юм. Гахай харин модыг эрхшээнэ. Ингэхээр гахай жил танд аз, амжилтыг зэрэг авчирна. Түүнчлэн гахай жил таны хэтэвчинд ч нөлөөллөө үзүүлнэ. Тиймээс танд энэ жил амжилт, орлого ашиг аль аль нь ээл хишгээ харамгүй хайрлах нь .
Мөнгө, орлого:
Ус дэлхийгээс хүчээр сул. Ус бол таны мөнгөний билэгдэл. Харин гахай бол гол мөрөн. Өөрөөр хэлбэл, гол мөрөн адил хязгааргүй мөнгөний урсгал таныг зорин айсуй.
Үхэр бэлчээрлэн амьдардаг. Хөлгүй их үер тохиовол бэлчээр хийгээд усаа авч үлдэхийн тулд үхрүүд хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэг гарах нь.
Өөрөөр хэлбэл, өндөр ашиг орж ирэхэд түүний тэнцвэрийг хадгалах хөшүүрэг үхрүүдэд хэрэгтэй. Саалиа бэлдэхээр саваа бэлдэх цаг ирж байна. Үер үргэлж хохирол дагуулдгийг мартаж болохгүй.
Хайр дурлал:
Бүсгүй хүний хувьд мод нь найз залуу эсвэл нөхрийг илэрхийлнэ. Харин эр хүний хувьд ус нь хайрт бүсгүй эсвэл гэргий юм. Гахай ус болон модыг эрхшээнэ. Иймд ганц бие хүмүүс жинхэнэ хайраа олох боломжийг гахай жил олгож байна. Харин гэрлэсэн, эсвэл хайртай хүнээ дөнгөж олоод буй хүмүүст чихэр шиг хайрын амьдрал хүлээж буй.
Эрүүл мэнд:
Гахай жил таны мөнгө болон амжилттай холбогджээ. Тиймээс та амжилт, олз омогтоо төвлөрөх нь мэдээж. Энэ нь танаас их хүч, урам зориг, оюуны чадамж шаардана. Та амжилт, мөнгөө өөртөө үлдээхийн тулд илүү эрүүл, илүү хүчтэй байх ёстой. Нарны илчийг эрүүл мэндээ хадгалах хөшүүрэг болгохыг зөвлөе. Өдрийн сайханд алхалж, тохирсон амралт, зугаалгыг өөртөө зориулаарай.
Жилийн ерөнхий төлөв:
Эрч хүчтэй, өөдрөг сэтгэлгээ, хийморьлог хүсэл тэмүүлэл, бүтээлч байдал улам нэмэгдэнэ. Ашиг орлого ч үлэмж өснө. Зорилго хүсэл тань биелнэ.
Бар жилтэн:
1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2000 онд төрсөн бар жилтнүүд. Бар жилтнүүдэд гахай амсхийх чөлөө хайрлаж байна. Олон жилийн ядаргаагаа тайлж, өөртөө завсарлага өг. Удахгүй ирэх аз завшааныг хүлээ.
Амжилт:
Энэ жил барыг илэрхийлэх махбод нь мод. Төмөр нь модыг хагалах хүчтэй. Төмөр нь модонд дарамт үзүүлнэ. Таны амжилтыг илэрхийлэх махбод нь төмөр. Гахай нь ус болон модыг эрхшээдэг ч төмрийг бол үгүй. Иймд ойрын ирээдүйд өөрөөсөө томоохон хэмжээний амжилт хүлээх хэрэггүй л болов уу. Ус бол гахай жилийн цэцэн ухааны билэгдэл. Энэ утгаараа барнуудад мэргэн ухаан, урам зориг дээд тэнгэрээс харамгүй ирнэ.
Мөнгө, орлого:
Мод газраас ургадаг. Мод бас дэлхийн үндэс. Бар бол модны билэг тэмдэг. Харин дэлхий нь мөнгийг билэгдэнэ. Дэлхий таны мөнгөтэй холбогдох махбод. Гахай мод, усыг эрхшээх ч дэлхийг бол үгүй. Өөрөөр хэлбэл, гахай жил танд мөнгө дуудаж авчрахгүй. Иймд мөнгөө өсгөх элдэв хөрөнгө оруулалтуудаас хол байж, хөрөнгөө илүү тогтвортой байлгахыг зөвлөж байна.
Хайр дурлал:
Бар бол мод махбодийн нэг хэсэг. Бүсгүй хүний хувьд төмөр нь эр хүнийг илэрхийлнэ. Харин эр хүний хувьд дэлхий нь эмэгтэй хүний билэгдэл. Гахай ус болон модыг эрхшээх ч дэлхийгээс хол. Тэгэхээр та ганц бие нэгэн бол өөрт тохирох хосоо хайж олох гэж яарах хэрэггүй.
Гахай болон бар нь модтой илүү ойр харилцаатай учир бусад хүмүүстэй харьцах харилгаа хэвийн. Нийгмийн амьдрал ч идэвхтэй өрнөнө.
Гэр бүлтэй, хайрттайгаа хамт байгаа барууд харилцаагаа шинэ төвшинд аваачихад анхаарах хэрэгтэй. Илүү романтик, илүү гүнзгий харилцааг эрэлхийл.
Эрүүл мэнд:
Бар бол мод. Маш өндөр мододтой тэднийг зүйрлэж болох юм. Гахай нь мод болон усыг эрхшээнэ. Иймд бар жилтнүүд илүү чийрэг, илүү эрүүл байх болно. Бас бар нь өөртөө дэлхийг эрхшээнэ. Ингэснээр дэлхий барыг илүү өндөрт дүүлэхэд тусална. Жилийн турш таны эрүүл мэнд гайхмаар сайн байх болно. Гэвч сануулахад, хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаараарай.
Жилийн ерөнхий төлөв:
Гахай танд анхаарал халамж, хайр дурлалыг харамгүй бэлэглэнэ. Бас тэрээр таныг зарим ажил амжилтаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Оронд нь нарны илчийг талархалтайгаар хүлээн авч, өөдрөг хүсэл тэмүүллээр аз завшааныг хүлээгээрэй.
Туулай жилтэн:
1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онд төрсөн туулай жилтнүүд. Гахай жил яг л өвлийн өвгөн шиг гайхмаар олон бэлгийг танд авчирчээ. Татгалзахын аргагүй сайхан бэлгүүд туулайнуудыг хэсэгтээ л амраахгүй нь.
Амжилт:
Туулай бол эм мод. Төмөр түүнийг хэрчим хэрчмээр нь хувааж чадна. Төмөр яалт ч үгүй модыг дийлнэ. Төмөр нь таны амжилтыг билэгдэнэ. Гахай төмрийг биш харин ус, модыг эрхшээдэг билээ. Тэгэхээр туулайнуудын хувьд илүү том амжилт гаргахын тулд илүү их цаг хугацаа хэрэгтэй. Гахай таны өвөг дээдэс, хамт олон, найз нөхөд, ээж аавтай чинь ч холбогдож мэднэ. Тэд танд амжилтын шинэ харгуй нээхэд тусална.
Ажлын зүгээс ямар нэгэн дарамт шахалт алга. Ажил дээр гарсан ямар ч асуудал бэрхшээлийн үед танд туслах хэн нэгэн хаанаас ч юм гараад л ирнэ. Тэд гэнэтхэн л гарч ирээд асуудлыг ядах юмгүй эргээд хэвэнд нь оруулж чадна.
Таны хувьд жинхэнэ дарамт шахалт нь дээд төвшний хүмүүсийн таныг анхаарч буй ажиглалт, судалгаа, дүгнэлт байх болно.
Мөнгө, орлого:
Мод газраас ургадаг. Дэлхий бол таны мөнгөний билэгдэл. Гахай нь дэлхийг биш харин модыг эрхшээнэ. Тэгэхээр гахай жил танд мөнгө авчрах зорилго өвөрлөөгүй. Та мөнгөө өсгөхийг хүсч байгаа бол асуудлыг илүү бодитоор хардаг хэн нэгнээс тусламж хүсээрэй. Могой жилд төрсөн хүмүүс танд мөнгөний талаар мэргэн зөвлөгөө өгнө. Учир нь могой дэлхий болоод галыг эрхшээнэ.
Хайр дурлал:
Туулай нь мод махбодийн илэрхийлэл. Эрчүүдийн хувьд дэлхий нь найз охин, гэргийн билэг тэмдэг болно. Харин бүсгүйчүүдийн хувьд эсрэг хүйстнийг илэрхийлэх махбод нь төмөр. Гахай нь төмөр болон дэлхийг бус харин ус ба модыг эрхшээнэ.
Өөрөөр хэлбэл, ганц бие хүмүүс хосоо олох гэж гахай жилд яарах хэрэггүй.
Гэрлэсэн болон хайр дурлалтайгаа нэгэнт учирсан хүмүүс хамтрагчдаа илүү их цаг хугацаагаа зориулах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ талархал, хүндэтгэлээ илэрхийлж байгаарай.
Эрүүл мэнд:
Гахай жил танд эрүүл мэнддээ санаа тавих боломж өгч байна. Дандаа л завгүй гүйж явдаг туулайнууд энэ жил ганц удаа ч болов амралт, сувилалд явахыг зөвлөе. Энэ нь танд удахгүй ирэх амжилтуудаа хүчирхэгээр угтахад тусална.
Жилийн ерөнхий төлөв:
Гахай жил танд чөлөөт амьдралын хэв маягийг бэлэглэнэ. Бие даан шийд гаргаж, өөрийн хувь хүний хөгжилд анхаарч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл. Ингэснээр таны төсөөлөө ч үгүй сайхан харилцаа холбоо таныг хүссэн газарт тань хүргэнэ.
Луу жилтэн
1916, 1928 , 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн луу жилтнүүд.
Гахай өөрийнхөөрөө байх дуртай амьтан. Луу ч бас. Хүчирхэг, тэнгэрийн жигүүртэн. Гахай луутай илүү ойр байхыг хүснэ, харин луу өөрийнхөөрөө дүүлэн нисэхийг бас хүснэ. Өөрөөр хэлбэл, гахай жил луунуудад ээлтэй, лууг улам өндөрт дүүлэн нисэх боломжийг тэр олгож байна.
Амжилт:
Мод газарт ургадаг. Ингэснээр мод нь газарт даралт үзүүлдэг. Луу бол дэлхийн махбод юм. Тэгвэл мод нь лууны амжилтын билэг тэмдэг. Гахай мод ба усыг эрхшээнэ. Ус нь модны эх. Усгүй бол мод нэг сөөм ч ургахгүй. Ингэхээр өндөр өсөлт дагуулах амжилт таныг чиглэн айсуй. Ажлын шугамаар орж ирсэн аз завшаан танд орлого ашиг харамгүй өгнө. Гэсэн хэдий ч ажлын дарамт үүнийг дагаад нэмэгдэх төлөвтэй. Мэдээж, ажил тань таныг завгүй байлгаж байгаа бол энэ нь танд хөгжил дэвшил авч ирнэ гэсэн үг.
Мөнгө, орлого:
Гахай жилийн турш мөнгөний тал дээр санаа зовох зүйл алга. Гэвч айсуй аз завшаандаа хэтэрхий бардахгүй байхыг одод зөвлөж байна. Та мөнгө болоод менежментийн талаар тэртлээ ихийг мэдэхгүй бол морь жилд төрсөн хүнээс зөвлөгөө аваарай. Учир нь морины гал дөл нь лууны эх сурвалж билээ. Морь танд ус агаар шиг л дэм тус болно. Тэгээд ч морь болон гахай нь хоорондоо нийцтэй амьтад.
Хайр дурлал:
Луу бол дэлхий мах бод. Эрэгтэй хүний хувьд ус нь найз охин эсвэл гэргийг нь төлөөлнө. Бүсгүйчүүдийн хувьд мод махбод нь эр нөхөр, эсвэл найз залууг илтгэнэ. Гахай мод, усыг эрхшээдэг учир хайр дурлалын аль ч асуудал нааштай байна. Ганц бие хүмүүс жинхэнэ хайртайгаа учирч, гэрлэсэн хосууд илүү романтик амьдралыг мэдэрнэ.
Эрүүл мэнд:
Амжилт танд амрах зав өгөхгүй. Иймд эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Бөөр, нуруунаасаа дулаан байж, стресс ядаргаанаас зайлсхийх хэрэгтэй.
Жилийн ерөнхий төлөв:
Орлогоо өсгөх алтан боломжийг гахай жил танд амлаж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхдээ анхааралтай байгаарай. Бүрэн ойлгоогүй зүйлд мөнгөө хийхээс зайлсхий.
Могой жилтэн:
1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онд төрсөн могой жилтнүүд. Гахай жил могойнуудад сорилт санал болгож байна.
Амжилт:
Могой бол гал махбодийн билэгдэл. Ус махбод нь таны амжилтыг илэрхийлнэ. Гахай жил танд юунд ч үл торох амжилтын үүдийг нээн иржээ. Гэвч ажил хөдөлмөрийн аз завшаануудыг дагаад дарамт нэмэгдэх магадлалтай. Учир нь гахай болон могой нь үргэлж хоорондоо тэмцэлдэж байдаг амьтад.
Могой нь хуурай элс, өндөр хад, уулс зэрэг дэлхийн шинжийг өөртөө агуулна. Энэхүү шинжүүд нь усны урсгалыг ч зогсоох их хүчтэй. Өөрөөр хэлбэл, сорилтонд бэлэн байхыг гахай жил танд сануулж байна.
Гахай мод махбодыг эрхшээнэ. Мод гол галын үндэс. Гахай үргэлж л могойноос болгоомжилсоор ирсэн. Танд ажлаас тань мэргэжил дээшлүүлэх урилга, хөтөлбөрүүд санал болгох байх. Та үүнийг бүү алдаарай. Учир нь таныг сорилт хүлээж байгаа. Та бэлэн байх ёстой.
Мөнгө, орлого:
Төмөр нь галаас айна. Төмөр нь таны мөнгөний махбод. Гахай ус ба модыг эрхшээдэг ч төмрийг бол үгүй. Тэгэхээр гахай жил танд мөнгө дуудах цаг нь биш л болов уу. Мөнгөтэй холбоотой алсын хараа бүр нь идэвхгүй болно. Бүх хөрөнгө оруулалт тань илүү бодит чиг хандлагад суурилна. Ажлын амжилт сайн. Орлого ч тогтвортой байх болно.
Хайр, дурлал:
Гахай нь мод ба усыг эрхшээдэг. Бүсгүй хүний хувьд ус, харин эрчүүдийн хувьд төмөр нь эсрэг хүйстнийг илэрхийлнэ. Тэгэхээр ганц бие эрчүүдийн хувьд шинэ харилцаа холбоо үүсгэх гэж яарах хэрэггүй болов уу. Гахай болон могой нь тэмцэлдэх махбодьтой амьтад. Тэд нэг нэгэндээ итгэх нь ч ховор. Үүний улмаас энэ жил хайр сэтгэлийн харилцаанд итгэл үнэмшил бий болох, нэг нэгэндээ итгэхэд бэрх байж мэдэх юм.
Эрэгтэй могойнуудын хувьд хайрттайгаа хэрэлдэж, муудалцахаас аль болох зайлсхийгээрэй_ бүсгүйчүүд харин хайр сэтгэлийн бат бөх дотно харилцааг мэдрэх болно. Гэрлэсэн хосуудын хувьд хайр сэтгэлээсээ илүү их хүндэтгэл, аз жаргалыг мэдэрнэ.
Эрүүл мэнд:
Ажлын дарамт шахалт хэрээс хэтэрвэл эрүүл мэндэд тань ноцтой асуудал үүсгэж мэднэ. Жолоо барихдаа анхааралтай байхыг сануулж байна. Ой мод, цэвэр агаарт зугаалж, аль болох стресс бухимдлаас зайлсхийж, бухимдлыг зөв тайлах аргад суралцаарай.
Жилийн ерөнхий төлөв:
Зарим зүйл санаснаар болохгүй байх нь бий. Тиймээс өөрийгөө илүү чөлөөтэй байлгаж, сэтгэлээ тайван байлгахад суралц. Мөнгө болон орлого тогтвортой байна. Амжилт ирнэ.
Морь жилтэн
1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 онд төрсөн морь жилтнүүд. Завгүй өнгөрсөн өмнөх жилүүдийг бодвол энэ удаад морь жилтнүүд алтан нарны дор тухтай амарч, цөөрмийн уснаас тавтайхан зооглох завшаан тохионо.
Амжилт:
Ус галыг дийлэх хүчтэй. Гал нь таны амжилтын билэг тэмдэг. Гахай усыг эрхшээнэ. Ингэснээр гахай жил танд үл хязгаарлагдах ажилтыг амлаж байна.
Та энэ жил ажил мэргэжилдээ хөгжил дэвшил гаргахад төвлөр. Ажил таныг улам л завгүй болгоно. Та ажилдаа илүү хариуцлагатай байх бөгөөд албан тушаалын шатаар өгсөнө. Морины галын шинж чанар, гахайн усан мах бод хоёул модонд хүрэх замд таатай харилцааг бий болгоно. Мод бол галын эх. Мод нь морь жилтний хувьд багш, чиглүүлэгч, аврагч, сахиусан тэнгэр нь байх нь. Ямар нэг байдлаар ажил дээр тань бэрхшээл гарахад хэн нэгэн хүн хаанаас ч юм гарч ирээд, хамгийн сайн шийдлийг танд хэлж өгнө. Гахай жил таныг хэзээ ч бэрхшээлтэйгээ ганцаараа нүүр тулж, зовж үлдэхийг зөвшөөрөхгүй. Мод нь галыг улам өөдөө асахад тусална. Ажил дээр дарамт ирэхэд гал танд эрч хүч, энерги өгнө.
Мөнгө, орлого:
Морь бол галын тэмдэг. Хятадын таван махбодийн онолоор гал нь төмрийг хайлуулна, бас давтана. Төмөр махбод нь таны мөнгийг эрхшээнэ. Гахай нь мод ба усыг агуулах боловч төмрийг бол үгүй. Гэхдээ энэ нь та мөнгөний ямар ч аз, одгүй байна гэсэн үг биш. Морь жилтнүүд амжилтын одыг өөрийн хүчээр шүүрч чадна. Та ажлын байрандаа тогтвортой байж, орлогоо зөв хуваарилах нь чухал. Морь мөн эд мөнгөний ялалтыг ч өөрийн болгож чадна. Ажлын амжилт таныг тансаг сайхан амьдралд хөтөлнө.
Хайр, дурлал:
Морь болон гахай нь маш сайн харилцаатай амьтад. Тэд бие биедээ татагдана. Энэ нь та ганц бие бол жинхэнэ хайраа олох сайхан боломж болно. Эмэгтэй хүний хувьд ус нь нөхөр эсвэл найз залууг илэрхийлнэ. Та хайртай залуугаа удаан хүлээсэн нэгэн бол таны хүссэн хүн яг урд чинь байх болно.
Харин эрчүүдийн хувьд төмөр махбод гэргий эсвэл бүсгүй хүнийг илэрхийлнэ. Гахай төмөр махбодийг эрхшээдэггүй. Та ганц бие эр бол өөрт тохирох бүсгүйг олоход дахиад хэсэг хугацаа хэрэгтэй гэсэн үг.
Гэрлэсэн болон нэгнээ олсон хосуудын хувьд хайрын харилцаа нь үнэхээр аз жаргалтай байх болно. Хуримын ойгоо ч тэмдэглэхэд гэмгүй.
Эрүүл мэнд:
Мод бол галын эх. Энэ нь таныг эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж буйн шинж. Бөөр, нуруунаасаа дулаан байж, доороосоо даарахаас сэргийлэх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам болно.
Жилийн ерөнхий төлөв:
Гахай жил таныг хүний сайнтай учруулна. Хичээнгүй ажиллах нь таныг аз хийморьтой болгоно. Гахай жил бол эд мөнгө тань хэд дахин арвижих хосгүй сайхан үе байх болно.
Хонь жилтэн
1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 онд төрсөн хонь жилтнүүд. Гахай жил хонинуудыг амжилт, эд мөнгөний баян булагт хүргэж өгнө.
Амжилт:
Хятад зурхайд хонь нь дэлхийн нэг хэсэг. Мод нь газарт ургадаг бөгөөд дэлхийг ялна. Мод бол таны амжилт юм. Гахай нь модыг эрхшээнэ. Ингэхээр гахай жил танд өндөр амжилт даллан иржээ.
Ус нь дэлхийгээс эмээнэ. Ус бол таны мөнгөтэй холбогдож буй махбод. Өөрөөр хэлбэл, гахай жил танд ажил болоод орлогыг зэрэг өгнө.
Мөнгө, орлого:
Ус дэлхийгээс эмээнэ. Ус бол таны мөнгөний махбод. Харин гахай гол мөрний илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, хязгааргүй мөнгөний урсгал хонийг чиглэн айсуй. Хонь бэлчээрийн амьтан. Гол үерлэвэл бэлчээрийг халин ус цутгана. Ингэснээр мөнгөө алдах эрсдэл бий. Мөнгө асар их олдохын зэрэгээ түүнийг алдах эрсдэл ч бий. Та эрсдэлийг удирдаж чадахгүй бол мөнгөний урсгалыг ч өөрийн болгож чадахгүй.
Гахай болон хонь нь модны нөхөрлөлтэй. Харин мод нь ажил болон хууль цаазтай холбогдоно. Та урдах хөрөнгө мөнгөнийхөө ухааныг алдвал дагаад хуулийн базаахгүй асуудал учирч болзошгүй.
Хайр дурлал:
Гахай болон нь хонь хоорондоо маш сайн харилцаатай. Гахай хонинд үнэхээр тохирно. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр, ганц бие хүмүүс өөрт тохирох хосоо олно.
Гахай ус болон модыг эрхшээнэ. Бүсгүй хүний хувьд мод махбод нь эсрэг хүйстнийг нь илэрхийлнэ. Харин эр хүний хувьд ус махбод гэргий болоод найз охиныг төлөөлнө. Тэгэхээр хайрын аливаа асуудал хамгийн сайн сайхан үр дүнг билэгдэж байна.
Гэрлэсэн хосуудын хайрыг бурхан ивээнэ. Бурхнаас ивээгдсэн аз жаргалтай амьдрал танд уйдах зав өгөхгүй. Та дахин дурлаж, илүү романтик хайрын өдрүүдийг өнгөрөөнө.
Эрүүл мэнд:
Гахай жил танд амжилт, орлогын аль алиныг харамгүй хайрлана. Та аз жаргал, эрүүл мэндийг зэрэгцүүлэн хүртэнэ. Гэхдээ бөөр нуруугаа дулаан байлгах нь чухал. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаараарай.
Жилийн ерөнхий төлөв:
Танд мөнгөний хязгааргүй урсгал ирнэ. Ажлын амжилт орлогоо баталгаатай болгох боломж өгнө. Мөнгөндөө хэт бардамнавал хуулийн асуудал босно гэдгийг мартаж болохгүй.
Мич жилтэн
1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 онд төрсөн мич жилтнүүд. Мичнүүд гахайн ундаалах дуртай цөөрөмд тоглохыг хүснэ. Тэд гахайн тав тухыг алдуулж, замбараагүй байдал үүсгэнэ.
Амжилт:
Мич бол төмөр мах бодийн билэгдэл. Харин төмөр нь галд дийлэгдэнэ. Гал бол таны амжилтын төлөөлөл. Гахай нь ус ба модыг эрхшээх боловч галыг бол үгүй. Өөрөөр хэлбэл, таны амжилтанд тийм ч их өөрчлөлт гарахгүй. Мод бол таны орлогыг илэрхийлнэ. Харин ус нь таны зан чанар, харилцаа холбооны ур чадвар, ажил мэргэжил, туршлагыг билэгдэнэ. Иймд гахай жил танд ажил мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулах боломж олгож байна. Мөнгөө өсгөхийн тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөх шаардлага гарах нь.
Энэ жил судалгаа хийх, сургалтанд суух, өөрийгөө боловсруулах, ажлын ур чадвараа өсгөхөд таатай. Шинэ зүйл судалж, ирээдүйн боломжийг атгахын тулд бэлтгэх нь амжилтаа хөгжүүлэх чухал алхам болно.
Мөнгө, орлого:
Төмөр модыг дийлнэ. Мод нь харин таны мөнгөний билэг тэмдэг. Гахай модыг эрхшээнэ. Гахай жил танд орлогын үүдээ нээн иржээ. Ерөнхийдөө та авьяас чадвараа дайчлан, төсөөлөл, бүтээлч байдал, хичээнгүй зүтгэлийнхээ дүнд мөнгийг өөрийн болгоно. Учир нь төмөр бол усны эх булаг. Харин ус нь модны дээд язгуур. Ус байсан цагт мод улам өндөрт ургана.
Үйлдвэрлэл эрхлэгч, оюунлаг чадварлаг хүмүүсийг мөнгөний аз ямагт дагана. Харин залхуу хүмүүсийн мөнгөний урсгал хашигдах нь тодорхой. Түүнчлэн эрсдэлтэй хөрөнгө оруулалт гарз хохирол дагуулна.
Хайр дурлал:
Төмөр бол усны эх билээ. Та гахай жилд хэн нэгнийг хайрлан халамжлахыг хүснэ. Гэвч гахай танаас хайр халамж хүртэхийг хүсэхгүй. Гахай өөрийн хамгийн чухал зүйлд анхаарна. Тиймээс та хэн нэгнийг халамжлахаасаа өмнө түүний юунд дуртай, юу сонирхдогийг анзаарахыг хичээгээрэй.
Бүсгүй хүний хувьд гал нь нөхөр эсвэл найз залууг илтгэнэ. Гахай нь галыг бус харин ус ба модыг эрхшээнэ. Иймд ганц бие бүсгүйчүүд өөрт тохирох залуугаа гахай жилээс хайх хэрэггүй болов уу.
Эрчүүдийн хувьд мод нь эхнэр эсвэл найз бүсгүйг нь илтгэнэ. Иймд ганц бие залуу өөрт тохирох бүсгүйг олох сайхан цаг хугацаа ирж байна.
Хайртай хүнтэйгээ хамт байгаа хүмүүсийн хувьд илүү их халамж хайраа харуулах цаг иржээ. Гэрлэсэн хосууд хайраа бусниулах алхам хийхээс зайлсхий. Та харилцаагаа сайжруулахын тулд зүгээр л жаахан хичээхэд хангалттай.
Эрүүл мэнд:
Гахай нь бороо болон шуургатай холбогддог. Гахай таныг ядрааж, бүр цухалдахад ч хүргэж мэднэ. Завгүй, идэвхтэй амьдралдаа хангалттай эрч хүчтэй байгаа эсэхдээ та итгэлтэй байх ёстой шүү.
Гахай нь усыг эрхшээнэ. Иймд та даарахгүйн тулд бөөр нуруугаа дулаан байлгаарай. Алхах, явган аялалд оролцох, усанд сэлэх, дугуй унах зэргээр өөрийгөө чийрэгжүүлэх алхмуудыг хийгтүн.
Жилийн ерөнхий төлөв:
Мичнүүд сахилгагүй. Бас эмх замбараагүй байдлыг бий болгогчид. Иймд гахай жилд илүү томоотой байх нь зүйтэй. Санхүүгийн хөрөнгө оруулалт илүү үндэс суурьтай, бодит байх хэрэгтэй. Авьяас билгээ хөгжүүлж, дараагийн боломжийг хүлээ.
Тахиа жилтэн:
1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 онд төрсөн тахиа жилтнүүд. Гахай, тахиа хоёр хоёул бэлэн болсон, эсвэл хурааж бэлтгэсэн жимс, ногоо идэх дуртай. Энэ чанар нь энэ жилийн гол онцлог байх болно.
Амжилт:
Тахиа бол гал махбод. Гал нь төмрийг дийлж, бас хайлуулна. Иймд гал нь танд дарамт авчирна. Гал нь таны амжилттай холбогдож буй махбод. Гахай нь ус ба модыг эрхшээдэг ч галыг бол үгүй. Та амжилтаа хөгжүүлэхийн төлөө төвлөрөх цаг ирснийг хэлж байна. Учир нь таны амжилтанд тийм ч их өөрчлөлт гарахгүй.
Амжилтаа ахиулах тал дээр асуудал гарвал морь жилтэнд ханд. Учир нь морь нь гал болоод дэлхийг цугт нь эрхшээнэ. Морины дэлхийг эрхшээх чанар, гахайн модонд тэмүүлэх чанар нь нийлж сайн харилцааны эхлэл болно. Дэлхий бол төмрийг бүтээгч махбод. Дэлхий нь галын учруулж буй дарамтыг танаас чөлөөлнө. Морины галын чанар, гахайн усан шинж нийлээд модонд хүргэх замыг нээнэ. Харин мод нь танд мөнгө дуудна. Морь жилтэн бол таны сахиусан тэнгэр, чиглүүлэгч байх болно.
Мөнгө, орлого:
Тахиа бол төмөр махбодийн шинжтэй. Гахай усыг эрхшээх учир модыг улам өндөрт ургах нөхцлийг бүрдүүлнэ. Гэвч төмөр нь модыг дийлнэ. Ингэснээр гахай жилийн турш мөнгө танд татагдах болно. Гахайн эрхшээдэг ус нь модыг улам өндөрт ургуулна.
Ус бол таны холч хараа, төсөөлөл, авьяас билэг, зан чанарын илэрхийлэл. Та нэмэгдэл орлоготой болохыг хүсвэл авьяас чадвараа бусдад нээн харуул.
Түүнчлэн тахиа нь алт, үнэт чулуу, гоо үзэсгэлэн болоод нуур цөөрмийн билэгдэл болдог. Нуурын ус голд цутгавал эргэн хэзээ ч ирэхгүй. Алтыг далайд унагавал үл олдоно. Тодруулбал, та мөнгөнийхөө урсгалд ихээхэн анхаарал, болгоомжтой байвал зохино.
Хайр дурлал:
Тахиа болон гахай нь эх үрийн харилцаатай. Гахайг тахиа асар их халамжилна. Гэвч гахай энэ их халамжийг үл ойлгоно.
Та ганц бие бүсгүй бол гал нь таны эр нөхөр, найз залууг илтгэнэ. Гахай ус ба модыг эрхшээдэг ч галыг бол үгүй. Та хайртай залуугаа хайж байгаа бол илүү хугацаа шаардах нь.
Харин та ганц бие эр бол мод нь таны эсрэг хүйстнийг билэгдэнэ. Тэгэхээр танд гахайн ивээлээр хайртай хүнээ олох боломж олдоно.
Нэгэнт гэрлэсэн, хайрттайгаа учирсан хүмүүс нэгнийхээ сонирхол, хоббиг хуваалцахад анхаарал хандуулаарай. Магадгүй хамгийн сайхан романтик аялал төлөвлөсөн ч болно шүү дээ.
Эрүүл мэнд:
Тахианы төмөр шинж чанар нь гахайн усан махбодийн эх бөгөөд илүү хүчирхэг байдлыг бий болгохоос гадна хүйтэн хэмийг үүсгэнэ. Иймд доороосоо даарахаас сэргийлж, сайтар дулаалаарай. Тахиа нь зөөлөн агаар, манан, нүүрстөрөгчийн хийтэй холбогдоно. Энэ нь гахай жилд тахианууд цэвэр агаарт амрахыг зөвлөж байна.
Жилийн ерөнхий шинж:
Гахай нь дарсан, эртнээс бэлдэж тавьсан бэлэн жимс, ногоонд дуртай. Тэгэхээр бизнесмэнүүд шийдвэр гаргахдаа хурдан шаламгай байхыг гахай жил шаардана. Эргэлзээ, тодорхойгүй байдал, удаан хөдөлгөөн нь таны мөнгийг хийсгэж мэдэх юм.
Нохой жилтэн
1922, 1934, 1916, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2019 онд төрсөн нохой жилтнүүд. Гахай, нохой хоёр хоёул хамтдаа голын урсгал даган газар хороох дуртай. Өөрөөр хэлбэл, айсуй сорилтууд нь танд хөрөнгөлөг ирээдүйг бэлэглэнэ.
Амжилт:
Мод газрын хамгийн дээд хэсэгт ургадаг. Иймдээ ч мод дэлхийг ялна. Мод ч дэлхийд өөрийн дарамтаа үзүүлнэ. Мод бол таны амжилтын билэгдэл. Гахай нь ус ба модыг эрхшээнэ. Ус нь модны эх. Ус бол модыг тэжээгч амин сүнс. Харин мод гахайн хамгийн хүчирхэг шинж.
Өөрөөр хэлбэл, гахай нь танд амжилтын сайхан аз завшааныг амлаж байна.
Хэрэв та сэтгэлдээ хүртэл амжилтыг мэдэрч чадахгүй байгаа бол морь жилд төрсөн хүнээс зөвлөгөө аваарай. Морь дэлхий болоод галыг адил эрхшээх учир гахай түүнд илүү таатай харилцаатай байдаг билээ.
Мөнгө, орлого:
Нохой бол дэлхий хийгээд уулсын билэгдэл юм. Ус махбод бол таны мөнгөний од. Харин гахай бол гол. Ус тан руу чиглэн урсана. Өөрөөр хэлбэл, мөнгө олох сайхан завшаанууд таныг чиглэн айсуй.
Уулс бүх усыг өөртөө шингээж чадахгүй. Харин ус уулсыг тойрон урсдаг. Ингэхээр та мөнгөнийхөө зарим урсгалыг алдаж өнгөрөөж мэднэ. Иймд мөнгөний асуудалд мэргэжлийн хүнээс зөвлөгөө мэдээлэл сайтар аваарай.
Хайр дурлал:
Гахай, нохой хоёр хамтдаа романтик харилцаа үүсгэнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Нохой нь дэлхий, гал, төмөр махбодийг өөртөө агуулна. Энэ нь гахай жилд нэгэн хэвийн нөхцөл байдлыг бий болгоно. Учир нь гахай нь ус ба модыг эрхшээдэг бөгөөд гал ба төмрийг тойрон гарна.
Эрэгтэй хүний хувьд ус нь бүсгүй хүнийг төлөөлнө. Харин эмэгтэй хүний хувьд мод нь эр хүний билэгдэл болно. Гахай нь ус болон модыг эрхшээнэ. Ганц бие эрчүүд өөрт тохирох бүсгүйг олох боломжийг бүү алдаарай. Нийгмийн идэвхтэй байж, сайхан хүмүүстэй цагийг өнгөрөөхөөс буцах хэрэггүй.
Харин та хайрттайгаа нэгэнт учирсан бол талархал, баяр хөөрөө илэрхийлэхээс бүү цааргал. Талархал хайрын галыг өөд нь асаадаг юм шүү.
Эрүүл мэнд:
Нохой бол уулс шиг л тогтвортой, бас их нөмөр нөөлөгтэй амьтан. Магадгүй та залхуураад хаа нэгтээ газар хэвтээд өгмөөр санагдаж мэдэх юм. Тэгвэл энэ жил хөдөлгөөнтэй байж, дасгал сургуулилтанд цагаа өнгөрөөхийг зөвлөе.
Жилийн ерөнхий төлөв:
Гахай болон нохой нь хоёул голын урсгал даган уулын өөд зугаалах дуртай. Энэ нь танд хязгааргүй мөнгөний урсгалыг атгах боломжийг олгож байна. Та харин энэ урсгалыг хэрхэн тогтвортой байлгах арга замыг олох ёстой.
Гахай жилтэн
1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019 онд төрсөн гахай жилтнүүд. Хоёр гахай уулзах жил. Хоёр гахай өөд өөдөөсөө харахад юун түрүүнд сөрөг мэдрэмж төрөх нь мэдээж.
Амжилт:
Дэлхий усыг өөртөө шингээнэ. Дэлхий усанд дарамт өгнө. Дэлхий бол таны амжилтын мах бод. Гахай нь мод болон усыг эрхшээдэг ч дэлхийг бол үгүй. Тэгэхээр та амжилтын талаар томоохон хүлээлтэд автахгүй байвал зохино. Үүний оронд туршлага, санаа бодлоо түншүүдтэйгээ илэн далангүй хуваалцаарай. Танд одоогийн ажлын тань нөхцөл байдал таатай байх болно. Ерөнхийдөө таны ажлын боломж завшаан сайн байна. Гэхдээ ойрын ирээдүйг донсолгох амжилт тохиохгүй л болов уу.
Та бизнесийн түншүүд, өрсөлдөгчидтэйгөө байнга уулзах шаардлага гарна. Одоогийн ажил чинь маш завгүй байгаа бол хамт ажиллагсдаасаа зөвлөгөө тусламж аваарай. Танд туслах хүчирхэг хамтрагч гарч ирэх нь дамжиггүй. Та бизнес эрхлэгч бол алтан боломжууд танд чөлөө зав өгөхгүй. Таныг оргилд хүргэх үнэнч түнш, хамтрагчаа олох бөгөөд хамтдаа манлайллыг бий болгоно.
Харин компани, үйлдвэрийн эзэд удаашрах төлөвтэй учир бизнесээ өргөжүүлэх тал дээр хүлээзнэсэн нь дээр.
Мөнгө, орлого:
Ус нь галыг ялах хүчтэй. Гал нь таны мөнгөний билэгдэл. Гахай мод ба усыг эрхшээнэ. Галыг харин үгүй. Үнэн чанартаа танд энэ жил мөнгөний хангалттай эх үүсвэр бий болохгүй. Тэгэхээр танд нэмэлт орлого, нэмэлт эрч хүч хэрэгтэй.
Хоёр гахай давхцахад гал нь усан орчинд тэсч үлдэхэд үлэмж хэцүү болно. Гахайнууд тус тусдаа өөрсдийн мөнгийг авч үлдэхийн төлөө тэмцэх болно.
Ингэснээр мөнгөний хэт зарлага бий болох, эсвэл алдагдал хүлээх эрсдэлтэй. Иймд аливаа хөрөнгө оруулалтад маш болгоомжтой хандаарай.
Хайр дурлал:
Гахай гахайтайгаа давхцах үед таны нийгмийн идэвх илт сэргэнэ. Гэвч гахай гахайнаасаа зөвхөн нөхөрлөлийг хүснэ. Тэд хайрын харилцаанаас татгалзана.
Эмэгтэй хүний хувьд дэлхий нь эр хүнийг билэгдэнэ. Харин эрчүүдийн хувьд гал нь бүсгүй хүнийг төлөөлнө. Гахай мод болон усыг эрхшээх ч гал ба дэлхийг бол үгүй. Тиймээс хайрын шинэ харилцааг гахай хайх хэрэггүй л болов уу.
Гахай нь таны хамтрагч, ажлын хамт олон, хамаатнуудтай холбогдоно. Иймд та ганц бие, тэгээд хайртай хүнээ хайж байгаа бол өрсөлдөгчдийнхөө дундаас хайсан нь дээр болов уу.
Хайр сэтгэлтэйгээ нэгэнт учирсан хүмүүс хайрынхаа харилцааг сайжруулахын тулд эргэн нэг харах цаг болжээ.
Илүү романтик байдалд цаг гарга. Ингэснээр хэн нэг нь таны хайрын харилцаанд гаднаас нэвтрэхээс хамгаалж чадна.
Эрүүл мэнд:
Гахай гахайтайгаа уулзахад тодорхойгүй байдал, тусгаарлах мэдрэмж, элдэв сөрөг бодлууд орж ирнэ. Иймд сэтгэлгээгээ эрүүл байлгахад түлхүү анхаараарай. Явган алхах, аялалд гарах зэргээр өөрийгөө завгүй байлгах нь тархиндаа “салхи оруулах” арга болно.
Жилийн ерөнхий төлөв:
Гахайнуудад адил төстэй чанарууд дэндүү их. Тэдэнд бас яг адил зорилго бий. Гэвч бид тэднийг хамтагчид, эсвэл өрсөлдөгчид гэдгийг нь таних аргагүй билээ. Иймд мөнгөний асуудалд нухацтай хандаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.