Өөртөө цаг гаргадаг ээжүүдийн хүүхдүүд оюуны өндөр чадвартай байдаг

2019.02.11
|
6,087
Бидний ажил хүүхдүүдийн маань сэтгэл зүй, оюуны чадавхид хэрхэн нөлөөлдгийг бид мэдэж чадвал ажилдаа илүү үр бүтээлтэй, илүү үр дүнтэй хандах арга замыг олно.

Бэлтгэсэн Ж.Цогзолмаа

Бидний ажил бидний хүүхдүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ. Энэ асуултын талаар бодож байсан уу. Тэгвэл энэ талаар нэгэн судалгааг 20-иод жилийн өмнө Дрекселий их сургуулийн доктор Жефф Грийнхаус тэргүүтэй эрдэмтэд хийсэн байна. Энэхүү сургууль нь АНУ-ын Филадельфид байрладаг бөгөөд олон төрлийн судалгаа явуулдаг билээ.

25-63 насны 900-гаад бизнесмэнүүдийн дунд явуулсан энэхүү судалгаа нь эцэг эхчүүдийн ажил нь гэр бүл олон үр хүүхэддээ хэрхэн нөлөөлдгийг тогтоох зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийнх нь ажил гэр бүлийн амьдралд дайсагнадаг уу, эсвэл найрсаг холбоог үүсгэдэг үү гэдгийг харуулахыг зорьжээ. Энэ нь томчуудын ажлын амьдрал хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, оюуны чадавхид хэрхэн нөлөөлдгийг илрүүлэх түлхэц болжээ.

            Судалгаанаас эн тэргүүнд илэрсэн зүйл бол аав, ээж нь хэчнээн завгүй ажил хийдэг ч гэр бүлээ хамгийн чухалд үздэг айлын хүүхдүүд бусдаасаа хөгжлөөр илүү байв.

            Харин ажилдаа сэтгэлээсээ ханддаг аавуудын хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвараар бусдыг давж байв. Өөрөөр хэлбэл, тухайн аав ажлаа илүү бүтээлч сэтгэлгээгээр хийдэг байх нь хүүхдийг нь өөртөө итгэлтэй болох шалтгаан болдог аж.

            Гэтэл ажлын нөхцөл, ажлын стресс дарамтаа гэртээ авч ирэх, гэр бүлийн амралтын цагаар гар утас, компьютер зэрэг ажлын багаж хэрэгслээсээ ангижирдаггүй ээж, аавуудын хүүхдүүдэд зан төлвийн бэрхшээл үүсэх магадлалтай гэнэ.

            Ээжүүдийн хувьд ажилдаа эрчүүдээс илүү болгоомжтой хандах шаардлагатай гэнэ. Ээжүүд ажил хийх үед гэр бүл, үр хүүхдэд нь хэрхэн нөлөөлөхийг мэдэрдэг байх нь нэн чухал аж. Энэ нь ээжүүд зүгээр л гэрийн мухар сахиад суугаад бай гэсэн үг биш. Харин тэд ажил хийгээгүй үедээ гэртээ юу хийх талаарх ойлголт юм.

            Гэвч ээжүүд гэрийн ажилд дарагдаж өөртөө цаг гаргахаас татгалзаад байвал энэ нь хүүхдэд нь зан ааш, төлөвшлийн асуудал үүсгэх шалтгаан болдог юм байна. Ингэснээр эмэгтэйчүүд гэр бүлийн сэтгэл зүйн эрүүл мэндэд эрчүүдээс илүү чухал үүрэг хүлээсээр байгааг эндээс харж болно. Энэхүү судалгааны хамгийн чухал хэсэг бол ээжүүд гэрийн ажлаа түр хойш тавиад, өөртөө болон хүүхдүүддээ цаг гаргах нь ямар чухлыг ойлгоход туслах болно.

            Харин аавуудын хувьд хүүхдүүддээ сэтгэл зүйн дархлааг нь сайжруулахын тулд илүү их ярилцаж, хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлийг хуваалцсанаар тэднийг хувь хүн болгох хөгжилд чухал нөлөөтэй.

            Бидний ажил хүүхдүүдийн маань сэтгэл зүй, оюуны чадавхид хэрхэн нөлөөлдгийг бид мэдэж чадвал ажилдаа илүү үр бүтээлтэй, илүү үр дүнтэй хандах арга замыг олно. Ингэснээр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн гүнд нэвтэрч, тэднийг нийгэмд сэтгэлийн дархлаатайгаар алхаж ороход тусалж чадна.

            Хамгийн чухал нь ажлаа бага хий, гэртэ их цаг гарга гэсэн үг биш. Харин цагийг хаана ч бай үр дүнтэй өнгөрөөхийн талаар ярьж байгаа хэрэг. Цагийг үр дүнтэй, үнэ цэнэтэй байлга. Гэртээ ч, ажил дээрээ ч зөвхөн хийх ёстойгоо л хий.

           

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар