Судалгаа:Эр нөхрүүдийг гэрийн ажилд сургая гэвэл балчир наснаас нь эхэл

Судалгаанаас харахад өсвөр насны хөвгүүд яг л охидтой адилаар гэрийн ажилд ханцуй шамлан оролцог байна. Тэд цэвэрлэгээ хийж, хоол хийхээс авахуулаад гал тогоонд хүртэл сайн туслагч нь байдаг. Харин охидын хувьд хөвгүүдийг амарч байсан ч хамаагүй гэрийн ажлаа тасралтгүй хийсээр л байдгийг бид анзаардаггүй.
Та хөдөлмөр эрхлэхийнхээ хажуугаар гэр орон, үр хүүхэд, хань ижлээ болгож явдаг бүсгүй бол энэ мэдээлэл танд яах аргагүй чухал гэдгийг онцольё.
Ажил дээрээ бүтэн цагаар ажиллаж ирчихээд гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, тэр бүү хэл нөхрөө өнгө зүстэй харагдуулах хамаг л арын албыг үүрч явдаг бүсгүйчүүд маань одоо шинэ менежмент хийх цаг болоод байна. Нөхөр сүүдэртэй гэлтгүй ганц бие ээжүүдэд энэ мэдээлэл бүр ч чухал.
Өнөөг хүртэл эмэгтэйчүүд маань ажлынхаа хажуугаар гэр бүл хэмээх маш том бүлгийн зохион байгуулалтыг ганцаараа шахам хийж байна. Ингэхдээ тэд маань ихэнхдээ л хамтрагч, хань ижилдээ гэрийн ажил хэмээх ачааг хамт үүрэлцэх хэчнээн чухал болохыг ойлгуулж чадаагүй л байна.
Хэдхэн арван жилийн өмнөхөө бодвол өнөөдрийн аавууд гэрийн ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагыг хамтдаа хамжилцахад илүү оролцдог болжээ. Гэхдээ ачааллыг тэнцүү хуваарилах гэдэг ойлголт хоцрогдсон хэвээрээ л байна.
АНУ-ын Вашингтон хотноо төвтэй нийгмийн судалгааны Pew Research Center-ийн гаргасан судалгаагаар харамсалтай дүр зураг гарсан нь эмэгтэйчүүд бид өөрсдөө амьдралын хэв маягаа илүү нэг хүйст ачаалал өгөх чиг хандлагад хэвээр барьж, тийм хэвшилд өөрсдөө үр хүүхдээ сургасаар байгаа юм.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооноос гаргасан дүнгээр өсвөр насны хөвгүүд охидоос илүүтэйгээр зав чөлөөтэй байж, элдэв дугуйлан, секцэд хамрагдах боломж нь ч илүү байдаг аж.
Харин охидын хувьд нэг цагийн 23 минутыг арьс арчилгаандаа, 21 минутыг гэрийн даалгаварт, 14 минутыг гэрийн ажилд, хүний зарлаганд явахад 10 минутыг зарцуулдаг гэдгийг баталж гаргажээ.
Энэ хэвшил зуршил хүүхдүүдийг өсвөр насандаа хүрэхээс бүр өмнө эхэлдэг гэдэг нь сонирхолтой сэдэв юм. Энэхүү судалгааны өмнөх хэсэгт охид, хөвгүүд хар багаасаа л өөр хоорондоо ялгаатай зорилгыг тээн өсдгийг харуулсан байлаа. “Ээжүүд охиддоо хөвгүүдээсээ илүү олон цагаар хамт байдаг. Тэд охидтойгоо дэлгүүр хэсч, хоол хийх, гэрийн ажил хийхийг заах зэргээр маш удаанаар хамт байдаг. Харин хөвгүүдийн хувьд ээжүүдэд ийм зуршил бараг л байдаггүй. Харин аавууд гэрээ илүү сайхнаар тохижуулж болох төлөвлөгөөнүүдийг боловсруулж, эсвэл хамтдаа зурагтын өмнө хөгжилтэй нэвтрүүлэг, шоу үзэхэд цагаа зориулдаг” хэмээн АНУ-ын “The Atlantic ” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.
Хүүхдүүдийн энэ амьдралын хэвшил нь насанд хүртэл нь үргэлжилнэ гээд бодохоор их хачин байгаа биз.
Харамсалтай нь, ажиллаж, хөдөлмөрлөж буй ээжүүд маань үр хүүхэддээ энэ хэвшлээ өөрсдөө өвлүүлээд, өөрсдөө нуруун дээрээ дааж давшгүй ачаагаа үүрсэн хэвээр үлддэг аж. Ингээд л гэр бүлийн ачаалал даах тэнцвэрт байдал алдагдаж, эрчүүд илүү завтай, бүсгүйчүүд илүү завгүй байх эрин үргэлжилж байна.
Гэхдээ энд нэг сайн мэдээ бий. Хөдөлмөр эрхэлж буй ээжүүдийн хувьд хүйсийн тэгш байдлыг хангах бололцоо байна. Ажил эрхэлдэг ээжийн хөвгүүд долоо хоног бүр дунджаар 50 минутыг гэр бүлийнхээ төлөө зарцуулдаг гэдгийг өнгөрсөн жилийн судалгаагаар нотолжээ. Энэ нь гэртээ хүүхдээ харж үлддэг ээжүүдийн хөвгүүдийнхээс илүү оролцоотой байна гэсэн үг юм. Тиймээс эрчүүдийг гэрийн ажилд оролцоог нь нэмэх боломжуудын талаар судлаачид хэрхэн зөвлөснийг хуваалцъя.
Гэр бүлийн гишүүд бүгд тэгш байдлаар гэрийн ажилд оролцох дүрэм гарга
“Гэр бүлийн хүн бүрийн үнэ цэнийг мэдэрч өсөх нь хүүхдүүдийн хувьд маш хүчирхэг мэдрэмжийг өгдөг” гэж Каролинагийн их сургуулийн нийгэм судлалын профессор Жилл Яровски хэлжээ. “Энэ нь тэднийг шударга, тэгш байдалд сургаад зогсохгүй эерэг харилцааг бий болгох анхан шатны гүүр нь болдог. Тэгш харилцаатай хосын амьдрал нь гэр бүлийн сэтгэл ханамжийг үүсгэх гол хүчин зүйл” гэж тэрээр нэмж хэлжээ.
Тэгвэл АНУ-ын Fordham их сургуулийн Америк судлалын профессор, түүхч Кирстен Свинт “Зөвхөн тэгш харилцааны суурийг харуулахад насанд хүрэгчдийн харилцаа чухал гэдгээс гадна бүхий л үүрэг, хариуцлага дээр тэгш хандах ёстойг өөрсдийн амьдралаар хүүхдүүддээ үлгэрлэх хэрэгтэй” гэж хэлсэн нь бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн аав аяга, таваг угааж хүүхдүүдийнхээ нүдэнд харагдах биш ээжүүд ч бас хананд өлгүүр хадах, машины дугуй солих гээд ажлыг хийж чаддаг гэдгийг үзүүлэх нь чухал юм.
Хөвгүүд гэр цэвэрлэхэд нь магт, охидыг ч бас хөвгүүдийн үүргийг хуваалцахад нь урамшуул
Хүү чинь аяга угааж, хоол хийе гэвэл дуртайяа зөвшөөр. Охин чинь чийдэнгийн шил сольж, утасгүй интернэтийнхээ төхөөрөмжийг засъя гэвэл урамшуул. Профессор Свинтийн зөвлөж буйгаар зөвхөн эрчүүдийн л хийдэг ажил, эсвэл зөвхөн эмэгтэйчүүдийн л хийх ёстой зүйл гэсэн хориг, хязгаарлалтыг гэртээ тогтоох биш, хэн ч үүнийг хийж болно, бүгд тэгш эрхтэй гэж хандах нь илүү үр дүнтэй аж.
Эр хүн бүсгүй хүний хийдэг ажлыг хийх нь “гутамшиг” гэж үзэхээ боль
Бид охидоо одон оронч, эсвэл хуульч болбол бахархан дэмждэг. Гэтэл хүүгээ багш эсвэл сувилагч боллоо гэвэл тэгтлээ их таашаадаггүй. “Өнөө цагт ажил эрхлэлтийн төвшинд хүйсийн хувьсгал явагдаж байна” гэж доктор Яворски хэлсэн юм. “Өнөөдрийн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд эрчүүдээр овоглосон салбарт хүч үзэж байна. бүсгүйчүүд анагаах ухаан, бизнесийн салбарт гарч ирлээ. Гэвч тэднийг өвлөх дараагийн эмэгтэйчүүд бэлтгэгдэж амжаагүй л байна” гэж тэрээр нэмж хэлэв. “Эцэст нь бид бүсгүйчүүдэд өөртөө анхаарал тавь, бусад нь хамаа алга гээд хэлчихвэл тэд мэдээж дуртай байхгүй л байх” гэж доктор маань ярьж байна.
Таны хамтрагч багийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөр
Үүнийг заавал хэлэх шаардлагагүй л дээ. Гэхдээ л энэ бол чухал хэсэг. Учир нь аавууд л хөвгүүдийг эмэгтэйчүүдийн хийдэг гэх тодотголтой олон зүйлд урин дуудаж чадна. “Эрчүүд хөвгүүдийн төлөвшилд хамгийн чухал байр эзэлдгийг бид хэзээнээсээ л мэднэ. Тогтсон амьдралын хэвшил маань хөвгүүдэд багаас нь л охидын хийдгийг хийх нь хөвгүүдийн хувьд байж боломгүй муу зүйл гээд сургачихсаныг бид өөрсдөө ойлгох ёстой” гэж доктор Яворски хэлэв.
Охид, хөвгүүдэд хичээлээ хийхэд нь л үүнийг ойлгуулах гээд үз
Pew Research-ийн судалгаанаас харахад өсвөр насны охид нь хөвгүүдийг бодвол хичээлээ хийхэд хоёр дахин илүү цаг зарцуулдаг байна. “Охид хичээлдээ төгс байхын тулд даалгавраа ягштал хийдэг бол хөвгүүд эсрэгээрээ. Харин гэр бүлийнхэн нь хөвгүүдийнхээ энэ байдалд огт санаа зовдоггүй бөгөөд цаг нь болохоор эр өсч, эсгий сунана гэдэгт итгэдэг” гэж доктор Свинт үзэж байна.
“Хөвгүүд хичээлээ сайн хийх нь тийм сайн зүйл гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл тэд үүнийг охидын хийх ажил гэж боддог. Энэ нь ч өнөөдөр батлагдаж байна. Өнөөдөр бүсгүйчүүд ажил хөдөлмөрийн тавцанд манлайлж байна. Гэтэл эрчүүд байгалиасаа л ухаантай төрсөн учраас өөрсдийгөө аваад явчихна гэсэн нийгмийн суурь байгаад байна” гэж доктор ярив. Үнэндээ энэ байдлыг л ойлгох хэрэгтэй. Хичээлээ сайн хийх нь ганцхан охидын биш харин өсөж дэвжиж, амжилт олохыг хүсдэг бүх хүний хийх ёстой ажил гэдгийг хүүдээ ойлгуулах нь гэр бүлийн үүрэг билээ.
Гэр бүлээ хөгжилтэй байлга
Өсвөр насны хөвгүүд охидыг бодвол өдөрт наад зах нь нэг цаг илүү зурагт үздэг аж. “Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Гэр бүлийн бүх гишүүд оролцсон хөгжилтэй адал явдлын цагийг бид өөрсдөө л зохиох нь чухал. Жишээ нь, гэр бүлийн бүх гишүүдийг оролцуулсан унадаг дугуйны цаг, эсвэл амралтын өдрийн оройн хоолыг гэр бүлийн бүх гишүүний оролцоотойгоор хийнэ зэрэг зуршлыг гэртээ тогтоож өгөх хэрэгтэй” гэж доктор Яворски зөвлөж байна.
Ирээдүйн эр нөхрүүдийг гэрийн ажилд оролцох дуртай, гэрийн үүрэг хариуцлагыг хамтдаа үүрэлцдэг болгоё гэвэл дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Эх сурвалж:Workingmother.com
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.