Г.Лхагвасайхан:Шүдний өвчин даамжирсаар зүрх, бөөрийг өвчлүүлдэг

2019.04.25
|
6,401
Улаанбаатар хотын есөн дүүргийн 1190 хүүхдийн дунд явуулсан шүдний өвчлөлийн судалгаагаар нийт 86 хувь нь шүд цоорох өвчтэй, шүд цоорох өвчлөл “маш өндөр” гэсэн түвшинд үнэлэгджээ. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 44 хувь нь шүд, эрүү нүүрний гажигтай гарсан байна.

Б.Туул

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг. Энэ тухай “Бестдент” шүдний эмнэлгийн их эмч Г.Лхагвасайхантай ярилцлаа.

 

-Хүмүүс шүдээ өвдвөл авхуулчихдаг байсан. Гэтэл сүүлийн үед шүдэндээ анхаарал тавьж их эмчлүүлдэг болжээ. Энэ бол аргагүй зөв хандлага юм?

-Намайг дөнгөж эмч болж байх үед хүмүүст шүдний эмчилгээний талаар ойлголт бага, өвдвөл бушуухан авхуулъя гэж ирдэг байлаа.  Харин одоо шүдээ авхуулахгүй, аль болох эмчилгээ хийлгэдэг болсон нь сайшаалтай. Хүмүүсийн өөртөө хандах хандлага өөрчлөгдөж, аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй болох талаар цахим хуудас, эрүүл мэндийн ном, товхимол, ТВ, сонин, FM радио, сайтаас мэдээлэл авч байна.

Хэдийгээр эрүүл мэндийн боловсрол нь нэг талаар дээшилж буй ч хоол хүнсэндээ анхаарал тавихгүйгээс шүдний цоорол өвчин жилээс жилд нэмэгдсээр байна. Шүдний өвчин хувь хүний өөртөө сахих ариун цэврээс их хамаардаг.Өөртөө анхаарал тавьдаг хүн амны хөндийн өвчнөөр тэр бүр өвчилдөггүй.

 

 

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг олон. Олон жил ажилласан эмч хүний хувьд, үйлчлүүлэгчдээ татах, чанартай эмчилгээ хүргэх гээд ямар зарчим баримталж ажилладаг вэ. Танай эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд цөөнгүй ирдэг юм байна?

-Манай эмнэлгийн үнэт зүйл бол халдвар хамгаалалтын найдвартай байдал, чанартай материал, багаж төхөөрөмж, чадварлаг мэргэжилтэн гэсэн гурван зарчим юм. Халдвар хамгааллын найдвартай байдлаа хангаж бид гуравдагч буюу хөндлөнгийн хяналтын дор ариутгал, халдваргүйтгэлээ хийсээр ирсэн. Үйлчлүүлэгчдээ гэр бүлийн багажтай болгох, хүүхэд, том хүний багажийг тусгаарлах, нэг удаагийн багаж хэрэглэх зэрэг бүхий л боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Материалын хувьд АНУ-ын “Ультра дент” фирмийн технологийг 10 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Энэ технологийг түрүүлж нэвтрүүлсэн анхдагч эмнэлгүүдийн нэг. Одоо АНУ, Герман, Японы материалыг түлхүү хэрэглэдэг. Дэлхийд тэргүүлж буй фирмүүдийн материал, багаж төхөөрөмж ашиглаж байгаа болохоор эмчилгээндээ хамгийн олон жилийн баталгаа өгч чадна.

2004 оноос хүний нөөцөө бэлтгэж, эмч нарынхаа ур чадварыг дээшлүүлж, гадаад дотоодод сургасан. Эмч пар маань ч ажилдаа хариуцлагатай хандахын тулд байгууллага доторх зарчмыг сайн баримталдаг. Мөн ажилдаа дуртай чин сэтгэлээсээ хийдэг эмч нар л миний хажууд тогтож ажиллана даа. Сэтгэл сохор бол нүд сохор гэдэг. Эмчийн хандлага сэтгэл эзэмшээгүй хүнийг ажиллуулах дургүй.

Монголын эмч нарын нэр хүндийг унагааж байгаа гол асуудал нь зарим эмч нар эмч хүний сэтгэхүйгээр биш бизнес сэтгэлгээгээр хандах болсон. Нийгмээ дагаад залуу эмч нар сайн эмч болохын тулд биш цалин мөнгөний араас хөөцөлдөх болжээ. Ямар ч хүнийг сэтгэлээсээ үзэхээс илүү хэтэвч рүү харах, тэр хүнд тохирсон эмчилгээ хийхээс илүү оорт ашигтай эмчилгээ сонгуулах гэх мэт үйлдэл ихэссэнээс эмнэлгийн мэргэжилтний нэр хүнд унаж байна.

 

-Аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй гэж хэллээ. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг дээ?

-Шүд бол дотор эрхтнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь хэл бол дотор эрхтний толь болдог. Шүдний өвчнөөс маш олон өвчин үүсдэг. Хүмүүс шүдээ эмчлүүлэхгүй дотор эрхтнээ эмчлүүлээд байдаг. Хэрэв өвчин үүсгээд байгаа шалтгаанаа таслахгүй бол өвчин эдгэрэхгүй архагшаад л байна. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг.

Хоолойны ангины булчирхай болон шүдэнд байгаа нян бактерийн хор цусанд шууд дамждаг.Цусаар дамжиж халдварласан нян, түүний хор захын эрхтэн системийг гэмтээж зүрх, улмаар элэг, бөөрийг өвчлүүлнэ. Т иймээс шүдээ эрүүл, бүтэн байлгах нь чухал. Шүд үүргээ гүйцэтгэхээ боливол дотор эрхтэнд өвчин үүсэх эхлэл тавигдахаас гадна гоо сайхан алдагдана. Хүмүүс шүдийг зөвхөн аманд орсон зүйлийг зажилж бутлан, хоол боловсруулах эрхтэнд дамжуулах үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл шүд гоо сайхан болоод хэл, ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тухайлбал, үүдэн шүдний хэсэг таслах, соёо шүд зулгаах, араа шүд бутлах, арын араа шүд жижиглэн буталж улаан хоолой, залгиур руу дамжуулах үүрэгтэй. Араа шүдгүй бол ходоод, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хамгийн түрүүнд алдагдаж доголдоно. Залуу насанд араа шүдгүй байсан ч ходоодны шүүрэл их ялгардаг тул хоол боловсруулж чаддаг. Нас ахихаар ходоодны шүүрэл аяндаа багасаж бүхлээр нь залгисан хоолоо боловсруулж дийлэхээ больдог.

 

-Та шүдний эмчээр олон жил ажиллалаа. Туршлагадаа тулгуурлаж судалгаа хийв үү?

-Би мэргэжлээрээ 20-иод жил ажиллаж байна. Олон жил ажилласан эмчийн хувьд нэг зүйлийг ажиглаж анзаарсан юм. Манай эмнэлэгт нэлээн хэдэн хүн шүд сэнгэнээд байна ямар эмчилгээ хийлгэх вэ гэж хандсан. Миний хувьд ясны сийрэгжилтэд орсон байж болзошгүй гээд хэсгийн эмчилгээ хийж байсан юм. Гэтэл хэдэн жилийн өмнөөс бүдүүн гэдэсний хавдартай болсон, шулуун гэдсэнд өөрчлөлттэй, гэдэснээс цус их алдсан хүн байх жишээтэй.

Эрдэмтэд ч гэсэн энэ тал дээр судалгаа хийх нь зүйтэй. Шүдэнд илэрч байгаа эмгэгүүд дотор эрхтний зарим өвчнийг болон ямар хүнс хэрэглээд байгааг илтгэж байдаг учир зарим хүмүүст “Та шүдээ эмчлүүлэхээс гадна нарийн мэргэжлийн эмчид даруй үзүүлж, дотор эрхтэн болоод бүдүүн гэдсээ дурандуулж шинжилгээ өгөөрэй” гэж зөвлөдөг.

 

Шүд бол яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн. Тэгвэл хүний бие нэг бүтцийн бие организм чинь шүдний өөрчлөлт өөр хоорондоо хамааралтай л байгаа шүү дээ. Үүнд л анхаарлаа их хандуулдаг. Шүдийг нь эмчлэхдээ ерөнхий биеийн байдлыг сайтар ажиглах. Би хүний шүдэнд эмчилгээ хийхдээ өөрийнхөө шүд шиг хайрладаг Манай эмнэлгээр анх цэцэрлэгийн наснаасаа эмчлүүлж байсан залуус өдгөө 25-30 нас хүрчээ. Т эд ихэнх нь бүрэн шүдтэй явдгийг анзаарсан. Би эмчлүүлсэн хүнээ урьдчилан сэргийлж үздэг. Ингэж үздэг болсноор шүдний цоорол болоод бycaд өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн талтай Харин судалгааныхаа ажлыг өөр чиглэлээр хамгаалсан.

 

ШҮДНИЙ ӨВЧИН ХҮНИЙГ СТРЕССТҮҮЛЖ ИХ ЯДРААДАГ

 

-Тантай ярилцах зуур “Шүд авхуулах, шүдгүйдэл үүсэх нь мэдрэлийн үйл ажиллагаанд ч нөлөөтэй” гэж хэлж байсныг чинь санаж байна. Тархины ажиллагаанд хүртэл нөлөөлдөг хэрэг үү?

-Тийм ээ. Шүдний өвчин хүнийг стресстүүлж их ядраадаг. Өвдөнгүүт нь шүдээ авхуулаад байвал эд, эс тасраад л байна гэсэн үг. Шүдээ их авхуулснаар гурвалсан мэдрэлийн өвчинд өртөх нэг суурь нь болдог. Тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж аймхай, цочимхой болно. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үг бий. Гоо сайхан алдагдаад ирэхээр сэтгэл зүйн өөрчлөлт болно.

Араа шүд нь унаад 10 жил болоход нүүрний хэлбэрт өөрчлөлт орж, хүзүүний арьсанд үрчлээ нэмэгддэг. Шанааны булчин доош унжихаар нүүр шөмбийх, хацар хонхойн арьс унжих шинж тэмдэг илэрдэг. Шүд дүүжлүүр эрхтэн. Бүх талаасаа нэг түвшинд байрлаж байдаг. Хоорондоо холбоотой байдаг тул нэг шүд унавал зай гарч хажуу талынх нь хоёр шүд хөдөлгөөнд орж ганхана, эсрэг талын шүд сунана. Тэгэхээр нэг ч шүд авхуулахгүй байхыг хичээх нь зүйтэй. Хэрэв шүд унасан бол даруй хийлгэх хэрэгтэй.

 

-Хүүхдийнхээ унаган шүдийг хайрлаж эрүүл, бүтэц байлгах ёстойг эцэг эхчүүд мэддэг хэр нь нэхсэн амттан болгоныг авч өгдөг. Энэ нь нэг талаар шүд гэлтгүй эрүүл мэндийг нь хорлож байгаа байх. Ер нь залуу эцэг, эхчүүд юуг илүү анхаарах вэ?

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл шүдтэй байлгах хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд гэр бүлийн гишүүд шүдний ямар нэгэн өвчлөлгүй байх шаардлагатай.

 

ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН БУЛЧИН ЧАНГАРВАЛ ХЭЛ ЯРИА Ч ТОД БОЛНО

-Хүүхдийн шүд эвгүй ургах, хэлд муу орох зэрэг нь бас үүнтэй холбоотой гэж та хэлж байсан. Энэ тухай мэдээллийг жаахан тодруулаач?

-Хатуу зүйл зажилж, буталж, хазаж идэх тусам хүүхдийн амны хөндийн булчингууд чангарч хөгждөг. Хөгжих тусмаа хэл яриа нь тод чанга болно. Гэтэл зөөлөн зүйл идсээр байгаад шүд нь бөөгнөрч, ургах нь хүргэл саатаж, хэлд удаан орж байна. Ааруул иддэг, мах иддэг хүүхдийн шүдний ургалт, хэл ярианы хөгжил харьцангуй өөр байдаг. Цагаан идээ түлхүү хэрэглэдэг айлын хүүхдүүдийн шүд зөв байрлалтай, бат бөх ургасан байхад зөөлөн мах, гурил, боов гэх зэрэг зоолон хүнс хэрэглэсэн хүүхдийн шүд бөөгнөрсөн эсвэл шүднийх нь ургалт сарий мурий, удааширч саатсан байдаг.

 

-Настай хөгшчүүд ач, зээгийнхээ шүдийг загатнахаар аяга зуулгадаг байсан гэдэг. Гэтэл орчин үед эцэг, эхчүүд хүүхдэдээ хаймар голдуу зуулгаж харагдах юм?

-Монголчууд хүүхдийнхээ шүдийг загатнахаар гангар шаазан аяга хазуулдаг уламжлал өнөө цагт алдагдсан. Хатуу ааруул, хурууд мэрүүлж, бүлх, булчин зулгаалгуулж шүдийг нь зөв байрлалтай хөгжүүлдэг байв. Бүлх, мөгөөрс идэхээр уураг коллаген болж хүүхдийн яс, үе мөчинд ч сайн.

Хүүхдийн шүд ургахдаа мэрж, хазаж, зулгаах гээд байгалийнхаа жамаар, биологийн хуулиар бие нь шаардаад байгаа тул хатуу зүйл сайн хазуул, зулгаалга. Гэхдээ хаймар, хуванцар биш. Хүүхдийн сүүн шүд томрох тусам зай үүсээд байвал маш сайн. Эрүүний хөгжил хэвийн байна гэсэн үг. Хүүхдийнхээ шүдэнд гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

 

-Шүд сулрах өвчин хүмүүсийн дунд их байх юм. Энэ юутай холбоотой үүсдэг вэ?

-10-аад жилийн өмнө 60-аас дээш настай хөгшчүүдийн шүд нь суларч эмчилгээ хийлгэдэг байсан. Тэгвэл энэ өвчин залуужиж байна. Шүдээ авхуулснаас хажуу талын шүднүүд ганхах, мөн амны хөндийн тойрон буй эрүүний булчингуудыг ажиллуулаагүйгээс, бас гадаа халуун, хүйтэнд удаан зогсож ажилладаг хүмүүс, олон жил жолоо барьсан хүмүүс шүд сулрах өвчинд өртдөг.

Шүдээ бат бэх байлгах амны дасгал хийвэл сайн. Мөн холбогч эдийн өвчин буюу үе мөчний өвчтэй, сахрын шижинтэй хүмүүст илүү тохиолдоно. Сахрын шижинтэй хүнд ясны хайлалт явагддаг. Тиймээс сахрын шижинтэй хүний шүдийг аль болох авахгүй байх нь зүйтэй. Ийм өвчтэй нэлээд хүн миний хяналтад байж эмчлүүлдэг.

Уншигч та зөвлөгөө, мэдээлэл авах бол 99164251 дугаарын утсаар холбогдоорой

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар