Хэрэггүй бараагаа заруулах дэлгүүрт бүх бараа хамгийн хямд үнээр зарагддаг

2019.04.25
|
7,401
Өөрт хэрэггүй зүйл нь өөр хэн нэгний хамгийн чухал хэрэгцээ болно чинээ санаагүй өнөөгийн бидний хэрэглээг илүү ухаалаг, илүү үр дүнтэй болгох орчин үеийн уур амьсгал бүхий энэ санаачлагыг амьдралд хэрэгжүүлж яваа дэлгүүрийн хамт олонд бас талархууштай.

Ж.Цогзолмаа

Таны хувцасны шүүгээний мухарт шинэхэн шошго нь хадаастай хэр нь нэг ч удаа өмсч байгаагүй цамц, өмд байдаг л биз дээ. Өөртөө таарна гэж итгэлтэй сонгосон ч хэзээ ч зориг гарган хэрэглээ болгоогүй тэр л зүйлс зай эзэлсээр байх уу. Нэгэнт авчихсан юм чинь гээд нүднийхээ өнцгөөр хальт хараад өнгөрсөн тэдгээр зүйлсээ өөртөө бодит хөрөнгө оруулалт болгоход тань туслах нэгэн үйлчилгээ нээгдсэн нь Хэрэггүй бараагаа заруулах дэлгүүр.

 

Танд хэрэггүй мэт санагдах зүйл хэзээ нэг цагт, хаа нэгтээ хэн нэгэнд хамгийн чухал зүйл нь байж мэдэх юм. Энэ л хэрэгцээг хэрэгтэй хүнд нь илүү ойртуулах зорилготойгоор Г.Бат-Учрал хэмээх залуу энэхүү энэ үйлчилгээг Монголдоо анх санаачлан үүсгээд байна.

Дэлгүүр 13 дугаар хороололд Бөхийн өргөөний замын эсрэг талд, “Мөнгөн гүүр” санхүүгийн нэгдлийн байрны залгаа оршиж байна. Өдөр бүр үүдээ цэлийтэл нээлттэй байлгадаг энэ дэлгүүрт олны хөл тасрахгүй юм.

 

Өөрт хэрэггүй зүйл нь өөр хэн нэгний хамгийн чухал хэрэгцээ болно чинээ санаагүй өнөөгийн бидний хэрэглээг илүү ухаалаг, илүү үр дүнтэй болгох орчин үеийн уур амьсгал бүхий энэ санаачлагыг амьдралд хэрэгжүүлж яваа дэлгүүрийн хамт олонд бас талархууштай.

Яагаад гэвэл энэ дэлгүүрт тухайн барааг хамгийн хямд үнээр борлуулна гэсэн ганц л дүрэм бий. Та өөрт төдийлөн хэрэг болоод байдаггүй бараагаа энэ дэлгүүрт авчирч өгөхдөө өөр бусад дэлгүүрээс хямд үнийг санал болгох ёстой. Энэ бол энэ дэлгүүрийн алтан дүрэм нь. Ингэж байж л таны бараа хурдан зарагдаж, хэрэгтэй хүндээ саадгүй очих “хууль” биелэх юм.

 

Харин таны авчирч өгсөн барааны үнэ бусад дэлгүүрийнхтэй ижил байвал тус дэлгүүр таны барааны үнийг 50 хувь хямдруулан тооцож зарах юм билээ.

Хэрэггүй бараагаа заруулах дэлгүүрийн санаачлагыг гаргасан, үүсгэн байгуулагч нь Г.Бат-Учрал хэмээх залуу. Орчин үеийн нийгмийн чиг хандлагыг сэргэгээр ажиглан, олон нийт юу хүсээд байгаа, бидний дунд хэнд ч үл анзаарагдаад байгаа хэр нь хамгийн чухал хэрэгцээт зүйл нь юу байгааг тэрээр түрүүлэн олж харжээ. Энэ бол яах аргагүй, таны, миний, тэдний шүүгээний буланд тоос даран эвхээтэй хэвтэж буй шинэхэн хувцас, гутал, эсвэл хүүхдийн тоглоом. Үүнд бас таны хэдэн жилийн өмнө моданаас хоцрогдоод, “тоож” ашиглахаа больсон шарах шүүгээ, галын өрөөний тавилга, бүр эсвэл хийн зуух, бүрээс нь жаахан л хуучирчихсан болохоос тухтай сайхан буйдангууд ч байж мэдэх юм. Эдгээрээ та хэрэгтэй хүнд нь бас ч гэж “хоосонгүй” өгчихмөөр байгаа л биз дээ.

 

Тийм бол Хэрэггүй зүйлээ заруулах дэлгүүрийн залууст хандаарай. Тийм бол та Facebook дахь Хэрэггүй зүйлээ заруулах дэлгүүр хаягаар нэвтэрч, өөрт байгаа бараагаа санал болгох эсвэл дэлгүүрт аваачаад өгөөрэй.

Дэлгүүрийг үүсгэн байгуулагч Г.Бат-Учралын хувьд Facebook page хөгжүүлдэг нэгэн гэнэ. Ингэхдээ онлайн судалгаа авдаг бөгөөд төрөл бүрийн пост оруулж хандалт авалтыг нь ажиглаж байгаад энэхүү дэлгүүрийнхээ санааг олжээ. Ийм дэлгүүр өмнө нь Монголд байгуулагдаж байгаагүй учраас ажиллуулахаар шийдээд нийгмийн сүлжээнд пост оруулахад маш их хэмжээний санал авчээ. Ингээд тэрээр энэ ажилдаа ханцуй шамлан оржээ.

 

“Бараагаа өгөх хүмүүс мэдээж маш олон байгаа. Үүнийгээ дагаад борлуулалт ч өндөр байна. Манай дэлгүүр хувцас, гутал, хүүхдийн тоглоом зэрэг барааг цоо шинэ байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тавилга, цахилгаан барааны хувьд хуучин буюу Second hand байж болно гэсэн дүрэмтэй” гэж дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Бат-Учрал хэлсэн юм.

 

Энэхүү дэлгүүрт шинэ бараа нийлүүлэх гэж байгаа бол зах зээлд байгаа бусад ижил барааны үнэ ханшаас өндөр байх ёсгүй гэсэн шаардлагыг тус дэлгүүр тавьдаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү дэлгүүрт өөрт хэрэггүй зүйлсээ заруулахын тулд бусад дэлгүүрийн ижил барааны үнээс хямд ханшаар нийлүүлэх хэрэгтэй юм байна. Учир нь тухайн бараа бусад дэлгүүрт илүү хямд байвал “Хэрэггүй зүйлсээ заруулах дэлгүүр” тухайн барааг нь 50 хувиар хямдруулан зарах эрхтэй болох юм байна. Бүр тодруулбал, та бараагаа нийлүүлэхдээ хамгийн хямд үнийг санал болгох нь илүү зохимжтой аж.

 

Цагийн хуваарийн хувьд, тус дэлгүүр даваа, мягмар, пүрэв, баасан гаригт 10.00-20.00 цаг хүртэл ажилладаг юм байна. Харин лхагва гаригт 13.00-20.00 цаг хүртэл ажиллах аж. Амралтын өдрүүдэд 11.00-20.00 цаг хүртэл ажиллах бөгөөд зөвхөн амралын хоёр өдөрт л бараа хүлээн авдаг юм байна.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар