Хүүхэд хүчирхийлэгчдийг гадаад улсуудад хэрхэн шийтгэдэг вэ?

2019.05.02
|
4,859
Намын даргыг огцрохыг шаардаж Сүхийн талбайдаа нойргүй жагсдаг шигээ үрсээ хамгаалахын тулд нэгдье. Хүүхэд хүчирхийлэгчдийг хэрхэн шийтгэх вэ гэхээс илүүтэй нийгмээ хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуултыг хэн хэнээсээ асууж, дорвитой арга хэмжээ авах цаг ирээд байна.

Ж.Цогзолмаа

Хойд эцэгтээ гурван өдрийн турш яргалуулсан бяцхан үрсийн зүрх зүсэм мэдээ, Налайхад гэрийнхээ гадаа тоглож байсан жаахан охин гэмт этгээдийн гарын шүүс болж амиа алдсан аймшигт мэдээ амьтай, голтой бүхний сэтгэлийг өмрүүлж байна.

Энэ бүхний буруутан нь, эн э нийгмийг бүтээсэн бид өөрсдөө. Дарга, сайд нарын сандал ширээний төлөөх жагсаалд өтгөс өвгөдөөсөө эхлээд орь залуус хүртэл өдөр шөнийг умартан жагсаж, чанга яригчаар элдэв афоризм айлддаг. Гэтэл нялх үрсийг нь хамгаалсан хууль сайдын сандлаас ч хямдхан байхад бид дуугараагүй. Одоо ч утасныхаа цаанаас мэргэн үг хэлэхээс өөр зүйл бид хийж чадахгүй байна.

Магадгүй хэн нэгэнд тохиосон гашуун мэдээ өөрийг нь чиглээд ирэхгүй гэж мухар итгэдэг байж мэдэх. Гэтэл бөөрөнхий орчлон дээр тэдэнд ирсэн зовлон бидэнд ирэхгүй гэдгийг хэн гэрчлэх юм бэ. Та бид өөрсдөө үр хүүхдийнхээ төлөө дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах юм бэ.

Намын даргыг огцрохыг шаардаж Сүхийн талбайдаа нойргүй жагсдаг шигээ үрсээ хамгаалахын тулд нэгдье. Хүүхэд хүчирхийлэгчдийг хэрхэн шийтгэх вэ гэхээс илүүтэй нийгмээ хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуултыг хэн хэнээсээ асууж, дорвитой арга хэмжээ авах цаг ирээд байна.

 

Ерөнхийлөгчийн санал мөргүй замхрав уу?

Ямартаа ч хүүхдүүдээ хамгаалж үлдэхийн тулд бидэнд хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Харин төрийн тэргүүнүүд юу гэж харж байна вэ. Энэ тухайд, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох байсан юм. “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм” гэж Ерөнхийлөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайдад илгээсэн албан бичигтээ дурдсан байлаа. Гэвч одоог хүртэл хүүхэд хүчирхийлэгч, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оноох ял шийтгэлийг хэрхэн чангатгах талаар тодорхой мэдээлэл гараагүй хэвээр байна.

 

Энэтхэгт бүх насаар нь хорих, эсвэл цаазална

Тэгвэл гадаад улсуудад хүүхэд хүчирхийлэгчдийг хэрхэн шийтгэдэг талаар зарим мэдээллийг хүргэе.

2013 оны Хүчирхийллийн эсрэг хууль батлахдаа тус улсад хүүхэд хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих эсвэл цаазаар авахаар болсон юм. Тэгвэл АНУ, Колорадод хүүхэд хүчирхийлэгчид ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг төлөвлөх хэлэлцүүлэг өрнөж байна. Учир нь өмнөх хэлэлцүүлгээр сенат энэ хуулийг хэлэлцэхээс татгалзсан учир нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ хуулийг батлахыг шаардаад байна. Хүчирхийлэгчийг Иранд олны өмнө цаазалдаг бол Францад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг 20-30 жил хорих ялаар шийтгэдэг юм байна. Тэгвэл ОХУ-д бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг химийн аргаар засах эсвэл цаазлах ялтай болжээ.

 

Монгол Улс хүчирхийлэлд өртсөн хүмүүсээ хэрхэн хамгаалдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд цэгийн үйлчилгээний есөн төв, түр хамгаалах 16 байр ажилладаг байна. Эдгээрийн 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэй ажилладаг аж. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулахаар төлөвлөж буй аж.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар