Жүжигчин Софи Турнер ”Хаадын тоглоом”-ын камерын цаадах нууцыг дэлгэв

Түүнийг жинхэнэ англи төрхтэй бүсгүй гэж Европынхон нэрлэдэг. Урт шаргал үс, өндөр хамар, цаанаа л соёлыг гайхуулах гэсэн мэт намбалаг, гуалиг төрх. Холливудын зарим од насан өндөр болж байж алдрын бамбар атгадаг бол түүнд тэгэх “зав” олдсонгүй. Харин ч “Х хүмүүс” цувралд дүр бүтээхийн хажуугаар НВО-гийн цуутай цуврал “Хаадын тоглоом”-ын хатагтай Старкын төрх түүнийг дэлхийн жүжигчин болон хувиргав. Зөвхөн “Х хүмүүс” цувралын трэйлэрийг 50 сая хүн үзжээ.
Өдрийн 13 цагийг жүжиглэхэд зориулав
Английн Уаруикшайрийн бүс нутаг даяар “Хаадын тоглоом”-ын дүрийг шалгаруулах үйл ажиллагааны үеэр 13 настай Турнер Старкын том охины дүрийг бүтээхээр шалгарчээ. “Санса бол үнэхээр гайхалтай бас хүнд дүр байсан. Дүрийнхээ дотор орж, түүнийхээр сэтгэнэ. Аавыг нь цаазлуулах агшинд Сансагийн бодлыг камерын өмнө гаргах маш хэцүү байсан” гэж тэрээр хэлжээ.
Турнер жүжигчин болох хүслээ 11 настайгаасаа нээн илрүүлжээ. Лондоны Балетын их сургуульд сурч байхдаа эзэмшсэн боловсрол нь түүнд жүжигчин болох хүслийг нь бүр ч илүү ойр болгосон байна. Тиймээс ч “Х хүмүүс” цувралд дүр бүтээхийн тулд жүжигчин Женифер Лауренсээс ихийг сурах хэрэг гарсан байна. Энэ тухайгаа тэрээр “Би хурдан хугацаанд биеийн хэлбэрээ энэ кинонд тааруулан өөрчлөх хэрэгтэй болсон” гэж ярьсан байдаг.
Ингэхдээ тэрээр өдрийн 13 цаг ажиллах шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн зургаан өдөр ажилласан байна. “Би өдөр ийм удаан өнгөрдөг гэж хэзээ ч бодож байгаагүй. Би үүрийн 05.00-07.00 цагийг зөвхөн нүүрээ будахад зориулж байлаа” гэж киноны зураг авалтын талаар хэлсэн үгэндээ дурджээ. Тэр төрөлхийн шар үстэй бол Санса Старк улаан үстэй байв.
Кино нь дэлгэцнээ гарсны дараа түүний хамгийн их санаа зовдог зүйл нь хүмүүсийн сэтгэгдэл. Интернэт дэх 100 эерэг сэтгэгдэл уншсаны дараа ганц л сөрөг сэтгэгдэл уншихад бүхэл өдөржингөө хямардаг тухайгаа тэр хэлж байна. Тиймээс ч тэрээр дахин хүмүүсийн сэтгэгдлийг уншихаа больжээ.
Киноны зураг авалтын үеэр ихэнх цаг нь гадаадын хөдөө нутагт өнгөрдөг болохоор түүнийг суурин суудаг гэж хэлэхэд бэрх. Жишээ нь, Турнер Лондоны орон сууцандаа хоёр долоо хоногоос илүү хугацаагаар суусан гэвэл худал болно. Түүний гэр бүлийг харвал хоёр ах нь эмч бол ээж нь сувилагчийн сургуульд багшилдаг. “Би маш зөрүүд хүүхэд байсан. Яг л өөрийнхөөрөө зүтгэдэг. “Хаадын тоглоом”-д тоглох дүрийн шалгаруулалтад тэнцэхэд анхандаа ээж маань маш дургүй байсан. Гэлээ ч би өөрийнхөө хүссэн замыг сонгосон. Бусдын зөвлөмжийг сонссон ч эцсийн шийдвэрийг би өөрөө л гаргадаг” гэж ярьжээ. Үнэхээр ч тэрээр жүжигчин болоогүй бол гэр бүлийнхээ уламжлалыг дагаад сувилагч эсвэл эмч болох байж.
Кино зураг авалтын үеэр жүжигчдийн жин, биеийн хэлбэрийг алдагдуулахгүйн тулд зөвлөх үүрэгтэй зөвлөхүүд гэж бий. Тэдний нэг болох Фармер Софигийн хооллолтонд ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарчээ. Учир нь Софи өглөөний цай уудаггүй, бас сайн хоол хүнс иддэггүй байсан нь үүнд нөлөөлжээ. Фармер энэ талаар “Өглөөний цай уухгүй байх нь биеийн хэлбэрээ хадгалахад маш муугаар нөлөөлдөг. Тиймээс хүн өдөртөө уургаар баялаг хоол хүнс хэрэглэхийн хажуугаар эслэг ихтэй хоол идэхэд анхаарах хэрэгтэй” гэж ярив.
“Хаадын тоглоом”-ын үеэр хэт их жин хассаны улмаас Софи эмчилгээнд оров
Санса Старк харгис хаан Жоффри, аймшигт хэрцгий Рамзи Болтонтой тэмцэх аюултай замыг туулдаг. Гэвч камерын цаана бол Софи Турнер өөртэйгөө тэмцэх их тэмцлийг эхлүүлсэн байсан юм. Кино зураг авалтаас өмнө хэсэг амрах хугацаанд хэт их жин нэмснээс болж яг зураг авалт эхлэх үед огцом жингээ хасахаас аргагүйд хүрсэн байна. Түүнчлэн үзэгчдээс ирсэн “Мяраалаг байна” хэмээх шүүмжлэл нь түүнийг галзууруулах дөхдөг байжээ. Энэ шүүмжлэлтэй тэмцэж, тэсч үлдэхэд асар их хүч гаргах хэрэгтэй болсныг залуу жүжигчин маань “Асар их дарамт юм шиг л санагддаг байсан” гэж тайлбарлав. Иймээс ч кино зураг авалтын дараа эмчилгээ хийлгэх шаардлага тулгарчээ. Харин одоо 23 настай жүжигчин маань 29 настай, дуучин, жүжигчин Жое Жонастай сүй тавьсан билээ.
Софи Турнерийн нийт хөрөнгө
Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол мэдээж мөнгө. “Хаадын тоглоом”-ын нэг ангид тоглоод хэчнээн мөнгө авдаг вэ гэж тэд асуудаг. Софи Турнер энэ тухайгаа “Хаадын тоглоом”-ын нэг ангийн зураг авалтад дүр бүтээгээд 175 мянган ам.доллар авдаг. Энэ бол залуу жүжигчний хувьд тийм ч чамлахаар мөнгө биш гэж бодож байна” гэжээ. Одоогоор түүний нийт хөрөнгө зургаан сая ам.доллараар хэмжигдэж буй юм.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.