Л.Мөнхчимэг: Гайхамшиг байдаг гэж итгэдэг хүнд л гайхамшиг тохиодог

2019.05.11
|
19,622
“Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номын зохиолч Луужир Жиймийтэй та бүхнийг уулзуулж байна. Дээрх ном нээлтээ хийгээд удаагүй байж яагаад бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй байгааг, яагаад тэдний зүрх сэтгэлд нөлөөж, баяр баясал, уярал ухаарлыг бэлэглээд байгааг зохиогчоос нь асуухаар зорин очлоо.

Ж.ЦОГЗОЛМАА 


... Хурууны минь хээг хүртэл давтагдашгүй хийх гээд хурмастын дээр олон бурхад миний  төлөө ажилласан байхад хэн нэгнийг даган дуурайж, хэрэгтэй, хэрэггүй дүр төрх өөртөө нааж, онцгой төрсөн “цор ганц би”-гээ олж авахааргүйгээр гээж  байвал яана вэ?


... Нүдэнд үзэгдэхгүй дээд ертөнцөд нэрэн дээр минь хоёр сав хуваарилаад сайн ба муу үйлийг минь савлаж, ялгаж, хурааж байгаад аль нэг нь дүүрэх үед “тарьсан зүйлээ буцаагаад ав” гээд толгой дээрээс минь асгадаг бол яана вэ?

... Арван түмэн арвай буудайг атга атгаар нь асгахад тэмдчин байж тэвний үзүүр дээр тогтсон тийм ховор хувьтан байж, энэ дэлхийг өөрчлөх хүчээ энгэрийнхээ цаана хав дарчихаад энэ хүртэл алхахдаа сөхөж ч  харах сөгөөгүй яваа бол яана вэ?


... Агуу суутнууд, алдар нэртэй хүмүүс аль нэг талдаа илүү эрхтэнтэй, алаг зүрх нь өөрөөр цохилдог, амжилт бүтээл нь аль эртнээс төлөвлөгдсөн байдаг гэж үү?


Үгүй ээ, тийм байх учиргүй. Хэн нэгэнд илүү эрхтэн заяаж, хэтэрхий шударга бус хандахгүй. Тэгвэл бурханд биш надад, танд  алдаа байгаа юм байна…

Энэ мэт олон гайхалтай өгүүллэг, эргэцүүлэл, бодролууд багтсан “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номын зохиолч Луужир Жиймийтэй та бүхнийг уулзуулж байна. Дээрх ном нээлтээ хийгээд удаагүй байж яагаад бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй байгааг, яагаад тэдний зүрх сэтгэлд нөлөөж, баяр баясал, уярал ухаарлыг бэлэглээд байгааг зохиогчоос нь асуухаар зорин очлоо.

 

Эмээтэйгээ байсан дурсамжаа их удаан

“идэж” амьдрах болов уу

 

-Юуны өмнө уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс Танд талархлаа илэрхийлмээр байна. Эмэгтэй хүний эрэлхэг хүчирхэг чанар, эелдэг зөөлөн ааль, эмтэрсэн шархалсан сэтгэлийн тухай гээд хөндөж болохоор бүх сэдвийг хөндөж, бидэнд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах  ном болсон гэж би хувьдаа үзэж байна. Худалдаанд гараад удаагүй байгаа хэрнээ дуусаад дахин хэвлэлтэнд орсон нь дээрх тодорхойлтын баталгаа байх хэмээн бодож байна?

 


-Баярлалаа. Миний хувьд ч гэсэн урам зоригтой сайхан байна. Хэрэгцээтэй үед сонссон нэг үг  хүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Зохиолч хүн гэдэг бол хүний оюун бодол, сэтгэл санаанд  шууд утгаараа нөлөөлөл үзүүлдэг. Тиймдээ ч би болгоомжтой бас үр дагаврыг нь бодож бичдэг. “Намайг өөрчилсөн 85” эмэгтэй ном бол 85 эмэгтэйн аж амьдрал, сайн муу, сайхан муухайгаас үлгэрлэн бичигдсэн баримтат уран сайхны зохиол гэж хэлж болно.
 

-Зүрхнээс гарсан зүйл зүрхэнд гэдэг шиг бодит үйл явдлуудаас сэдэвлэн бичсэн болохоор хүмүүст ойрхон санагдаж, илүү их үр өгөөжөө өгч байж болох тийм үү. Баримтат уран сайхны кино гэж сонссон болохоос баримтат уран сайхны ном гэж сонсоогүй юм байна…


-Тийм шүү. Гэхдээ бодит явдлаас сэдэвлэн бичигдсэн учир дээрх нэршилээр нэрлэж болох  юм шиг санагддаг.

 

... Мөрөөдлөө зурж, үргэлж тунхаглаж бай. 

Алиа хошин санагдаж болох ч аажимдаа биелэхийг харах болно 

Бие махбодь, бүх дэлхий ертөнцөд 

"Би энд хүрмээр байна" гэж сануулж бай...

 

-Таныг  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумынх гэж сонссон. Таны номд өгүүлсэн “Хүн жаран наснаас хойш жаргах наранг харангаа дулим дулимхнаар бүтээсэн дурсамжаа идэж амьдардаг” гэсэн өгүүлбэр их содон туссан. Та нас дээр гарчихаад ямар дурсамж “идэж” амьдрах бол?

-Эмээтэйгээ байсан дурсамжаа их удаан идэх болов уу. Хайрхандулаан сумын Хар нүдэнгийн талд арагаа үүрээд уулын цаанаас дээлийнх нь хормой дэрвээд алчуур нь намираад гарч ирдэг сайхан эмээгийнхээ дүр дүрслэлийг би хэзээ ч мартдаггүй. Магтаж, загнахдаа хүртэл зүйр цэцэн үг хэрэглэнэ. Тэр нь одоог хүртэл аж амьдралд минь луужин адил чиг шугам болсоор байна. Бага нас минь миний хүсэл эрмэлзэл эмээ, нутаг хоёртой салшгүй холбоотой гэж боддог. Мөн манайх номын сантай цөөхөн айлын нэг байсан. Аав маань утга уран зохиол сонирхдог бичдэг хүн. Тэр ч утгаараа номтой ойр ном уншиж өссөн. Арван жилд байхдаа л “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадмуудад жил алгасалгүй ордог байлаа.


-Авьяас өгөгддөг гэж ихэнх хүмүүс үздэг. Харин зарим хүн авьяас гэдэг бол дадал болтлоо хийж гүйцэтгэсэн хөдөлмөрийн үр дүн гэдэг. Та юу гэж боддог вэ?

-Хүн болгон өөрийгөө давтагдашгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө эрж хайж, энэ орчлонд ямар нэгэн зүйлийг нээж илрүүлэхээр, бүтээн туурвихаар ирсэн агуу нэгэн гэдэгтээ итгэн үнэмшээд “Би ямар зүйл хийхдээ аз жаргалтай байдаг вэ?”, “Би юу хийхдээ цаг анзаардаггүй, бас ядардаггүй вэ” гэх мэт асуултанд хариулт олчих юм бол өртөснийхөө цаана нуугдаж байгаа өгөгдөл авьяас, хувиа олох боломжтой гэж боддог. Яаж ч бодсон бурхан амьд амьтны дээд төрөл болох оюун ухаант хүний бие, сэтгэл, сүнсийг заяахдаа бүхий л насаараа хүний хэлснээр амьдарч хүний өгснийг ав гэж явуулахгүй шүү дээ.  Гэтэл бид гаднах дүр төрхөө үргэлж аждаг толинд хардаг хэрнээ дотор дүрсээ ажиж ч үзээгүй ажиглаж ч байгаагүй завгүй амьдарсаар байдаг юм шиг ээ...

 

...Хог новш битгий хураа

Хаяж сур

Нэг байранд хоёр юм зэрэг орших боломжгүй...
 


 

Игорь Крутойетой таарах аз тохиовол баярласнаа

илэрхийлнэ гэж хүртэл төсөөлдөг

 

-Хүн эх орноо ээж аавыгаа сонгож төрдөггүй. Гэвч энэ хоёроос бусад бүх сонголтыг хувь хүн өөрөө хийдэг. Таны хамгийн зөв сонголт юу байсан бэ?

-Дуртай зүйлээ нээж илрүүлээд түүгээр амьдарч байгаа маань хамгийн зөв сонголт болсон гэж хэлэх байна. Гэхдээ эргээд харахад хэцүү цаг үе сайхан цаг үеийн эхлэл цэгийг тавих гэж тохиодог юм шиг санагдсан.  2010 онд анхныхаа номыг гаргаж байлаа. Түүнээс хойш таван ном бичсэн байна. Энэ хүртэл явж чадахгүйгээр буугаад өгвөл буугаад өгчихмөөр он цаг надад ирсэн ч би бууж өгөөгүй өдий хүрч, өртөснийхөө цаана булиглан догдлох өнөөх мэдрэмжээ өнөөдрийг хүртэл авч үлдсэндээ талархаж байна.  Аливаа зүйлд тохирох цаг хугацаа гэж байдаг гэдэгт итгэдэг. Би номондоо эдгээр санаануудаа хэдэн өгүүлбэрүүдээр ийнхүү илэрхийлэхийг хичээсэн.

 


... Эргэж ирэхгүй юм чинь гээд
  Илээгээд туучаад гарсан тэр замын мөр
  Ирээдүйг минь бүтээхээр
 Ирж яваа бол яана вэ?  

...  Ийм заяатай байж гээд уйлж суухыг чинь хараад
Энийг л давчихвал  “өгөх гээд байна” гээд
Шалгуурын хаан шагналаа бариад  
Шинжиж суугаа  бол яах вэ?

... Ээжгүй өссөн таныг ээжтэй болгож
Энгэр цээжиндээ наасан хойд эх   
Галавын тэр үед
Ганц үр чинь байсан бол яах вэ?

... Хүний тархи мэдээлэл хурааж
Хүссэн бүгдийг биелүүлж чаддаг гэдгийг
Аль багаасаа мэдсэн бол
Амжилтын тухай тасралтгүй мөрөөдөх  байлаа

зэрэг зохиол бүтээлээрээ дамжуулан гунигласан нэгнийг өргөх, гундсан нэгнийг сэргэх, инээсэн нэгэнд бодрол, эргэлзсэн нэгэнд шийдвэр болох хэмжээний юм бичихийг хичээж байна.

-Зохиолч хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бол? Сонирхолтой санагдаж байна?

-Миний хувьд өдрийн цагаар нэг их бичээд байдаггүй. Эсвэл шөнө, эсвэл үүрээр ихэнх зүйлээ бичсэн байдаг. Төвлөрч болохоор цаг гэж хэлж болно. Өдөр нь гадуур дотуурх ажлаа амжуулаад орой нь гэр бүлдээ цаг зарцуулдаг. Харин тэднийг унтсан хойгуур миний эрх чөлөө эхэлдэг. Үүрээр эрт босоод бичих нь илүү үр дүнтэй. Тархи сэргэг байдаг учраас юмны гарц гаргалгааг оновчтой шийдвэрлэдэг санагддаг.  Хүний тархины сэтгэх чадварын дээд оргил нь үүрийн 05:00 цагт байдаг гэж сонсож байсан. Би үүнд итгэдэг. 03-05 цагийн хооронд арай л зэвүүн сэтгээд байгаа юм шиг санагддаг ш дээ. Сэтгэл санаа дагаад тэгдэг ч байж болох. Би зохиолоо бичихдээ заавал хөгжим сонсдог. Хөгжим сонсохгүйгээр бичнэ гэхээр нэг л хуурай санагдаад, үг орж ирдэггүй. Тиймээс юм бичдэг хүмүүст орчин бүрдүүлэх нь маш чухал. Зарим зохиолчид  лаагаа асааж байгаад бичдэг байхад зарим нь хар нөмрөг нөмөрч байгаад бичдэг, зарим нь тал үсээ хусаад өөрийгөө сахилгажуулж байгаад бичдэг гэх мэт тухайн зохиолчийнх зан авар, таашаал, мэдрэмжээс хамаараад олон олон сонин содон баримт дэлхийн агуу зохиолчдод байдаг юм билээ. Оросын алдарт Игорь Крутойгийн ая, аязууд надад тийм гэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг. Хүмүүс “Печальный Ангел” гээд аялгууг нь хамгийн сайн мэддэг.  Би боддог юм. Хэрвээ Игорь Крутойетой таарах аз тохиовол баярласнаа яаж илэрхийлэх вэ гэж хүртэл төсөөлж боддог. Намайг сайн зүйл бичжээ. Сайхан мэдрэмж авлаа гэж магтах хүн гарвал тэр үг өгүүлбэрийг холбоход ертөнцийн сайн муу, сайхан муухайг урсган гаргах хүч чадал, онгод хайрласан зүйлсийн нэг бол яах аргагүй алдартай Игорь Крутойн амьдрал хүүрнэсэн аяз аялгуунууд гэж хэлье


-Тэгнэ ээ. Зохиолчид онгод ороогүй байна. Онгод орохоор энэ тэр гээд их ярьдаг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Онгод гэдгийг би ч өөрөө сайн ойлгодоггүй. Миний бодлоор дээр ярьсанчлан бичих тав тух, орон зай, төвлөрөх орчин бүрдсэн байхад хүн зааж өгөөд бичүүлээд байгаа юм шиг үг өгүүлбэр, санаа сэдлүүд урсаад л байдаг. Үүнийг хэлж болох юм. Онгод энэ тэр гэхээр жаахан шашинлаг сонсогдоод байдаг. Гэхдээ бас бүүр ч тэгж үгүйсгэж болохгүй юм шиг байгаа юм. Учир нь титаник хөлгийн түүх, дөрвөн найз хээр төөрөөд өлссөндөө нэг нэгийгээ барьж идсэн түүх зэрэг амьдрал дээр болсон үйл явдал урд нь уран зохиолын номон дээр гарсан байдаг. Титаник хөлгийн сүйрсэн үед нас барсан хүний тоо зохиол дээр байсан тоотой ижил байх жишээтэй. Түүнийг хэн ч тоолж зохицуулах боломжгүй. Урд бичигдсэн уран  зохиолын зөгнөлүүд амьдрал дээр яг таг давтагдахыг би зүгээр нэг тохиолдол гэж үзэж чадахгүй. Тиймээс мэдээллийн суваг, үгийн шид шидийг амьдралд хэрэгжүүлэгч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аль болох болгоомжтой сэтгэж болгоомжтой бичих шаардлагатай юм шиг санагддаг. Гэхдээ бас өөрийгөө хайрцаглаад булгилаад догдлоод байгаа зүйлээ буулгахгүй байхын тухайд биш юм. Тэгвэл зохиолч өөрөө хөгжихгүй.

-Зохиолчид  бол өөрөө өөрийгөө сахилгажуулан ажиллуулдаг хүмүүс. Нэг ном гаргахын тулд маш их цаг хугацаа, эрч хүч, энерги, мэдлэг  чадвараа гаргадаг. Албан байгууллагын дарга ирээд өнөөдөр үүнийг хийж дуусгаарай гэвэл ажилтан түүнийг нь хийж дуусгаад харих нь ойлгомжтой. Харин зохиолчид бол өөрөө өөртөө дарга, чөлөөт уран бүтээлчид. Та дээр өөрийгөө сахилгажуулах талаар ярилаа. Энэ тал дээр дэлгэрүүлэн ярьж болох уу? Бусдад сонин байх болов уу?

 

... Хашгирч, уйлж, орилмоор байсан ч

Хамаг бүхнээ инээдээр далдлах тэнхээ үлдээх хэрэгтэй...
 

-Яг тийм. Наадах чинь үнэхээр яримаар санагддаг асуудал шүү. Өөрөө өөртөө хатуу хандаж сахилгажуулж байж нэг номны ард гардаг. Тэгэхгүй ”Маргааш бичье, нөгөөдөр бичье” гээд өөртөө чөлөө өгөөд байх юм бол гараас юм гарахгүй. Зохиолчдын арга барилыг судлаад байхад тэд ихэнх нь өдөрт тэдэн хуудас бичнэ гээд норм тогтоосон байдаг. Түүндээ хүрч байж санаа нь амардаг байх жишээтэй. Гэхдээ бас их хүчлэхээр шал наалдахгүй, худлаа зүйл бичээд тэрийгээ маргааш нь устгах, үгүйсгэх тал бий. Тиймээс дэг,  мэдрэмж, төвлөрөл гурвыг л уулзсаны дараа бичвэл л үр дүн нь илүү санагддаг. Зарим нь эмнэлэгт сувилалд очоод өөрийгөө орчноос тусгаарлаж байгаад бичдэг. Хүн бүхэн өөр өөрийн сахилгажуулах, төвлөрөх аргатай. Би бол өдөрт хэдэн хуудас гэсэн зарчмаар бага багаар урагшлуулахыг хичээдэг.


 

Өөр лүүгээ сайн гэгч нь өнгийгөөд үз. Хайсан зүйлээ
олохоос нааш толгойгоо бүү тат.


-Таны ментор хэн бэ?

-Ментор гэхээр урд нь хүмүүс багшийгаа аавыгаа гэх мэт өөртэйгөө ойр дотны нэгнээ нэрлэдэг байж. Харин одоо бол  хаа холын Цукерберг ч юм уу, эсвэл Японы сургуулийн багш эрдэмтнийг өөрийн ментор хэмээн хүлээж авдаг болсон байна. Энэ нь нөгөө глобалчлагдах, даяарчлагдах, техник технологийн эрин зуун ирж байгаагийн илрэл байх.  Хөгжлийн замыг бид өөрсдөө ч мэдэлгүй асар хурдтай туулж явна. Ингэхдээ юуг гээгээд, юуг орхигдуулаад байгаагаа анзаарах сөхөөгүй. Өөртэйгөө ярих дотоод дуу хоолойтойгоо дотночлох нь битгий хэл хүүхдээ цэцэрлэг дээрээ хэрхэн байсныг нь асууж амжилгүй техник технологид бие сэтгэлээ эзэмдүүлээд байгаа нь сайн ба муу үр дагавартай.  Зохиолч хүн “хэрвээ, хэрвээ” гэсэн асуултыг өөрөөсөө их асуудаг. Амьдралыг хүнийг судлагч хүмүүс. Би заримдаа 10 жилийн дараах байдлыг төсөөлөх гэж үздэг. Заримдаа бүүр айдаст автдаг. Заримдаа сонирхолтой санагддаг. Юм яаж хөгжиж хэрхэн амьдрах нь таашгүй. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үе, Z үеийнхэн, индиго, кристал хүүхдүүд, робот, хиймэл оюун ухаан гээд бодоод үзэхээр л адармаатай сонирхолтой  байгаа биз?

 



-Тэгвэл таны өрсөлдөгч хэн бэ?

-Холоос нэг, ойроос нэг өөрийгөө сайн хар. Ховоо татангаа худаг руу өнгийдөг шиг өөр лүүгээ сайн гэгч нь өнгийгөөд үз.  Хичнээн гүн, харанхуй байсан ч хамаагүй. Хайсан зүйлээ олохоос нааш толгойгоо бүү тат. Өөрийнхөө биш өрөөлийн дотор луу өнгийж явсаар өмнөх насаа барсан хүн өчнөөн олон байдаг гэж миний номонд орсон. Өрсөлдөгчөө олохоос өмнө эхлээд өөрийгөө олох нь хамгийн чухал байх. Түүнийхээ дараа өөртэйгөө өрсөлдөж ялчихаад дараа нь жинхэнэ өрсөлдөгчөө олох хэрэгтэй байх.
Өрсөлдөгчтэй байж өөрийгөө хаана яваагаа хаашаа очихоо илүү тодорхой хэлж чадах байх. Өөртөө өрсөлдөгч олж ав. Тэгэхийн тулд агуу мөрөөдөгч, амлалтаа хэрэгжүүлэгчийг олж ав. Үргэлж суралцдаг, өсөн дэвждэг нэгнийг онилж ав. Тэгээд тэр хүнээс түрүүлэх гээд үз. Түрүүлчихээд тэрнээс өөр тэргүүлэгч өрсөлдөгчийг тэр даруйдаа ол гэж бас бичсэн.


...  Гутал тань уранхай, гэдсэндээ хоолгүй байсан ч хамаагүй

Өөрийгөө хүчлээд ч болов сайхныг хүс, мөрөөд.

Өөр гарц байхгүй.

Муу зүйл бодсоор байгаад мундаг болсон жишээ дэлхийд байхгүй...
 

-Энэ номын бичлэгийн хэлбэр нь таны өмнөх бичвэрүүдээс өөр харагдсан. Өөрийгөө нэлээд эвдэх гэж оролдсон санагдсан. Энэ талаараа Та юу гэж хэлэх вэ?

-Найраглал тал руу бичиж үзье гэж бодсон. Өгүүлэл бол үргэлжилсэн үг гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, өөр өнцгөөс харуулах гэж хичээсэн. Энэ нь ч хүмүүст нэлээн таалагдсан юм шиг байна. Энэ номд маань 85 эмэгтэйн бодрол бий. Тухайн эмэгтэйчүүдийн амьдралаас сэдэвлэсэн, өгүүлэл болгоход илүү хүнд сэдэвтэй зүйлсийг хоёр эсвэл хэдхэн мөрөнд багтаах гэж оролдсон. Энэ номыг уншсан хүн нэг их сайхан амьсгаа аваад, дахиад нэг боломжоо олж харах, эсвэл нэг их олз олчихсон юм шиг тийм хангалуун мэдрэмжийг аваасай гэж хүссэн.  


 

“Дээврийн өрөөн дэхь миний мөрөөдөл” ном намайг
цохиод авах шиг л болсон



-Зохиолч хүмүүс маш их ном уншдаг байх. Тэр дундаас таны амьдралд мэдэгдэхүйц нөлөөлсөн ямар ном байна вэ?

-Ном унших гэдэг бол бараг ажил шүү дээ. Хэн хэрхэн сэтгэж яаж бичиж байна гэдгийг мэдэж байж орчноо нийгмээ хүмүүсийн сэтгэлзүйг өөрийгөө ч судлана. Тиймээс олон зохиол бүтээл уншдаг. Гэхдээ би тэр дундаас нэг номыг онцолмоор байна. Энэ ном миний хандлага, бодол гэх мэт олон зүйлд нөлөөлсөн. “Дээврийн өрөөн дэхь миний мөрөөдөл” гээд орчуулгын ном байгаа. Намайг цохиод авах шиг тийм мэдрэмж төрүүлсэн. Мөрөөдөхөд бас чадвар хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Сэтгэл хүрсэн газар бие хүрдэг гэдгийг олон баримт дээр тулгуурлан бичсэн ном. Анхны номоо хүнд алдаад саяхан хайж хайж багшийн дээдийн хуучин номын дэлгүүрээс арай гэж олж авсан. Байсхийгээд л шүүрээд авдаг юм. Одоо худалдаанд бараг л  байхгүй байх. Гэхдээ олоод уншихыг хичээгээрэй.

-Таны номонд "... Амьтай мөрөөдөл. Таны мөрөөдөлд амь бий. Итгэхгүй бол 90 хоног ажиглаад, ажиллуулаад үз. Өөдөөс чинь ярьж, өртөсний чинь цаана бүжиглэх вий. Одоо яагаад хөдлөхгүй байна гэхээр олж нээхгүй, онцолж хайхрахгүй болохоор хөлдчихсөн эсвэл хөгцөрчихсөн магадгүй бүр амьсгал хураахаар амь тэмцэж байж мэднэ. Мөрөөдлөө мөхөхөөс нь өмнө авар" гэсэн байсныг уншаад хүчтэй сэтгэгдэл төрж байлаа. Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг таньд үлдээе

-Би нэг их агуу хүмүүн шиг элдэв захиас хэлмээргүй байна. Би ч гэсэн суралцагч учраас. Гэхдээ хорвоо дэлхий дээр бүх зүйл зорилготой бүтээгддэг. Аяга таваг, шүдний чигчлүүр хүртэл өөр өөрийн үүрэгтэй зохион бүтээгдсэн байдаг. Эд эс, эрхтэн систем нь ер бусаар цогцолсон эрхэм хүн таны  энэ дэлхийд ирсэн үүрэг хийгээд даалгавар юу байж болох вэ гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хариулт нь харин таны дотор бий гэж хэлмээр байна.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар