Азгүй амьтнаас алдартан болох 7 “заль”

2019.05.11
|
2,712
Цаанаасаа л нэг хайр татмаар, хүндэтгэмээр, биширмээр, хажууд нь байгаад л баймаар сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү баян, бас илүү аз завшаантай амьдардаг нь нэгэнт батлагджээ.

Ж.ЦОГЗОЛМАА

 

Тэгвэл та ч бас бусдын хайрыг татаж чадна гэдгээ мэдэх үү. Түүгээр ч зогсохгүй бүх хүний хайрлан хүндэтгэдэг, биширдэг, суралцдаг, үлгэр дууриалал нь болсон хүн нь та болж чадна. Үүний хамгийн гол “орц” нь зоригтой байдал, өөртөө итгэх итгэл+тууштай зан. Үүнийг илүү ойлгомжтой тайлбарлахын тулд дараахь 7 зүйлийг мэдэх ёстой.

 

Хэн гэдгээ олж мэд

Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөртэйгөө танилцах. Өөрийгөө таньж мэдэх. Өөрийнхөө юу хүсдэг, юунд дуртай, бас юунд дургүйг жинхэнэ утгаар нь олж мэдэх хэрэгтэй.

Би хэн бэ гэдэг асуултанд 30 секундын дотор хариулж чадахгүй бол та өөрийгөө олж хараахан чадахгүй байна гэсэн үг. Цорын ганц давтагдашгүй өөрийгөө олж нээхээс таны “Алдар хүнд” эхэлнэ. Хэн нэгэнтэй адил биш гагцхүү өөрийн тань “Би” таныг алдаршуулна.

 

Үнэнд үнэнч бай

Магадгүй баг өмсөөд, хэн нэгнийг дууриачихвал илүү хайр татам болчих юм шиг санагдаж мэдэх юм. Гэхдээ яг өөрийнхөөрөө байж та үзсэн үү. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээс хэзээ ч бүү ай. Шинэ номын талаар та юу бодож байна, тэрийгээ хэлэх итгэлтэй бай.

Бусдад нь таалагдсан ном танд таалагдаагүй байж болно шүү дээ. Тэгвэл бусдыг дагах биш өөриийнхөө бодлыг хэлэх зоригоо бүү нуу. Үзэл бодлоо үнэнээр нь хэлж сур. Дуу хоолойгоо сонсгож бай. Яагаад гэвэл таны үзэл бодол таны бодитоор оршин буйн шалтгаан биш гэж үү. Тэгэхээр бусдад таалагдахын тулд үзэл бодлоо нууж, бусдын үзэл бодлоор амьдарна гэдэг та өөрийнхөө гэрлийг унтрааж буй хэрэг. Таны гэрэл асахгүй бол бусдын гэрэл замыг чинь гэрэлтүүлнэ гэж үү. Сэтгэл хөдлөлөө ч нуух гэж битгий оролд. Таныг уурлуулсан, бухимдуулсан зүйлийг баярласан нүдээр харах гэж өөрийгөө бүү  хүчил. Дургүйцлээ боловсноор илэрхийлж сур. Учир нь та энд байгаа гэдгээ тэдэнд мэдрүүлэх ёстой.

 

Бусадтай найз шигээ харьц

Бид ихэнхдээ найзууд, дотны хүмүүстэйгээ элэгсэг, найрсгаар харьцдаг. Тэгвэл танихгүй хүмүүстэй ч гэсэн ийм харьцаагаар харьцаж болохгүй гээд хуульчилчихсан юм уу.

 

Найз нөхөдтэйгөө яаж шивнэлддэг, яаж сайхан дурсамжаа хүүрнэдэг, ямар их сэтгэл амгалан инээж хөхрөлддөг тэр л янзаараа бусад хүмүүстэй харилцвал бидний амьдрал илүү хайр татам болохгүй гэж үү. Гэтэл бид зөвхөн найз нөхөдтэйгөө л сайхан харьцаад бусадтай нь төмөр баг зүүгээд ярилцах ёстой юм шиг ойлгоод байдаг. Ингэхээр халуун дулаан харилцаа гэдэг зүйл таны эргэн тойронд биш, харин хэдхэн найзын чинь дунд л үлдэж байгаа биз. Энэ тохиолдолд та хайр татам, хүндэтгэмээр хүн байж чадна гэж үү.

 

Тайван бас итгэлтэй бай

Бидний бие болоод ухаан санаа хоорондоо үргэлж мэдээллээ солилцож байдаг. Тархины мэдрэмж биед шингэнэ. Харин биеийн мэдрэмж тархиндаа шингэнэ. Тэд нэг нэгнийхээ толь нь юм.

Уртаар амьсгаа аваад, йогийн дасгал хийгээд ирэхэд тархи аяндаа тайвширдаг. Яагаад гэвэл бие тайвшрахаар сэтгэл, ухаан хүртэл дагаад амгаланг олж буй хэрэг юм. Та бие болоод сэтгэлийн амгалан байдлаа хадгалж чадсанаар хүссэн ч эс хүссэн ч хайр татам амгалан, хажууд нь байхад л аз жаргал мэдэрдэг сайхан хүн болон хувирна. Хажууд чинь байсан хүмүүс тайвшралыг мэдэрч, аз жаргалыг эдэлдэг болохоор хажуунаас чинь холдохыг хүсэхгүй л болов уу.

 

Өөрийгөө тайвшруулах “зэвсэг”-ийг ашиглаж сур

Ямар нэг ажиллагаанд оролцохоосоо өмнө, олон нийтийн уулзалтад очихоосоо өмнө өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглэж дадах нь чухал юм. Хүсвэл ганцаараа дуу дуулсан ч болно.

Товшоо бүжиг хийж, эсвэл чангаар инээсэн ч болно. Бүр бүжиглэсэн ч яадаг юм. Юу хийх нь хамаагүй, гол нь энэ нь таныг тайвшруулдаг зүйл мөн л бол боллоо шүү дээ.

 

Байнга дадлага хий

Нийгэмших нь үргэлж хамгийн сайн дадлага болдог. Тэгэхээр нийгмээсээ холдох гэж оролдох хэрэггүй. Харин ч илүү ойр байхыг хичээгээрэй. Өөрийгөө чин сэтгэлээсээ хүндэтгэ.

Та л өөрийгөө хүндэтгэхгүй бол бусад нь таныг яаж хүндэлж, хайрлах юм бэ. Амьдралаас аз жаргал, гоо сайхныг мэдрэх сайхан аяллыг эрж хай. Бас өөрөө төлөвлө, зохион байгуул. Үр дүн таны өөртөө итгэх итгэлийг хэдэн мянган хувиар өсгөх болно.

 

Дотор хүнтэйгээ ажилла

Бүх зүйл хаанаас эхэлдэг билээ. Таны амьдралын бүх зүйл таны өөртөө итгэх итгэлээс эхэлдэг юм шүү дээ. Таны хүндэтгэн дээдэлдэг тэр хүн шиг амьдрахыг хичээ. Бусдын жаргалаар жаргаснаас өөрийн зовлонгоор зов гэдэг дээ.

Дотод тань байгаа тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрла. Та дахин хэзээ ч энэ хүн шиг хорвоо дээр амьдрахгүй гээд бодоод үз дээ. Магад та үхсэний дараа дахин төрлөө ч хэзээ ч өнөөдрийн хувь тавиланг туулахгүй. Тэгэхээр энэ хувь тавиланг туулж байгаа дотор хүнээ хүндэтгэн хайрла. Амьдралынхаа хамгийн хүндэтгэл хүлээх хүн хэмээн хайрлан дээдэл. Тэр цагт тэр хүн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах хайр энэрлийн ачаар хамгийн сайхан амьдралыг туулах болно.

 

Эх сурвалж:entrepreneur.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар