Өндөр өсгийтийн төгсгөл ирэв үү?

2019.05.16
|
2,227
2016 онд Англид угтагчийн ажил хийдэг байсан Никола Торп өндөр өсгийт өмсөхөөс татгалзсаны улмаас ажлаасаа хөөгдсөн түүхтэй.

Ж.Цогзолмаа 

2014 оны нэгдүгээр сард Карл Лагерфилд агсан Шанелын загварын шоуны гол загваруудаа өндөр өсгийтөөр чимдэг байлаа. Энэ бол тухайн үеийнхээ загварын гол шугам, дүрэм байсан гэж хэлж болох юм. Харин өнөөдөр загварын тайзнаа пүүз, кэт өмссөн моделиуд салхи татуулан алхалж байна. Тэдний өмссөн ганц л пүүз гэхэд 3000 еврогийн үнэтэй гээд бод доо.

 

 

 

Өнөөдөр загварын тайзнаа пүүз, кэт өмссөн моделиуд салхи татуулан алхалж байна.

Тэдний өмссөн ганц л пүүз гэхэд 3000 еврогийн үнэтэй гээд бод доо.

 

Бүр Селена Уиллиамс хүртэл ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын ёслолын үдэшлэгт Валентино-гийн даашинз өмсөөд хөлдөө кэт угласан байхыг харж болно. Dress code гэдэг зүйл тогтсон хатуу дэг жаягт баригдалгүй, илүү чөлөөтэй, цаг хэмнэсэн, хамгийн гол нь биед эвтэйхэн байх шалгуурыг тээх болсон нь үүнээс харагдана. Нэг үе өндөр өсгийт л өмсөхгүй бол болдоггүй байсан бидний үе ийнхүү шинэ цагийн босгоны ард үлдэж байх шиг. Гунигтай ч юм шиг.

 

Өндөр өсгийт үнэндээ эр зориг, бэл бэнчингийн тэмдэг байжээ

Өндөр өсгийт болоод эрх мэдэл хоёр хоорондоо түүхийн нэлээн улбаа, холбоотой. Эрх мэдэлтнүүдийн хувцаслалтад гутлын өсгий ихээхэн нөлөөтэй байжээ. XVI зууны үед Азиас Европт өндөр өсгийт анх нэвтэрсэн бөгөөд эзэд нь эрчүүд байв.

 

Эрчүүд мориндоо мордоход өсгийтэй гутал тохиромжтой байсан гэж үздэг. Персийн цэрэг армийн үед ч эрчүүдийн эр зоригийн бэлгэдэл нь өсгийт байж. Харин хүүхэд, эмэгтэйчүүдийн гутлын хувьд өндөр өсгийт хамаагүй сүүлд нэвтэрчээ. 1643-1715 онд Францыг удирдаж байсан XIV Луй өндөр өсгийтийг түгээмэл болгоход анх нөлөөлсөн хүн юм. Түүний цэцгэн хээ бүхий гутлыг эр хүн өмсөхөд мэдээж түвэгтэй байсан. Гэхдээ л энэ нь түүний хүч чадал, эрх мэдлийн илэрхийлэл байсан юм шүү дээ.

 

Персийн цэрэг армийн үед ч эрчүүдийн эр зоригийн бэлгэдэл нь өсгийт байж.

Харин хүүхэд, эмэгтэйчүүдийн гутлын хувьд өндөр өсгийт хамаагүй сүүлд нэвтэрчээ.

 

Харин өнөөдөр зарим албан байгууллагад эмэгтэй хүнийг заавал өсгийтэй гутал өмсөхийг шаарддаг Dress Code гаргасан байна. 2016 онд Англид угтагчийн ажил хийдэг байсан Никола Торп өндөр өсгийт өмсөхөөс татгалзсаны улмаас ажлаасаа хөөгдсөн түүхтэй. Энэ нь сүүлдээ олныг хамарсан маргаан болтлоо өргөжиж, 150 мянган хүнийг хамарсан дуулиан болсон билээ.

 

Шалтгаан нь ажил дээр заавал өндөр өсгийт өмсөхийг шаардсан Dress Code-ийг эсэргүүцсэнд байв. Улмаар Их Британийн парламент ажлын байран дээр өсгийтэй гутал өмсөхтэй холбоотой Dress Code бүхий хуулийг шалгах ажлын хэсэг хүртэл байгуулж байв. Гэсэн ч энэ хууль өөрчлөгдөөгүй түүхтэй. Өндөр өсгийт одоо ч гэсэн Улаан хивсний ёслолын үеэр “Алтан дүрэм” хэвээр мөрдөгдсөөр байна.

 

2018 онд Кристэн Стюфарт дээрх яршигтай дүрмийг шоглож,

нүцгэн хөлөөрөө улаан хивсийг “туучсан” түүх ч бас бий.

 

 

2015 оны Каннын олон улсын кино наадмын Улаан хивсний ёслолд хавтгай ултай гутал углаж ирсэн бүсгүйг илэрхий биш ч элдвээр шүүмжилсэн, шоглосон хандлага ихээр ажиглагдсан нь үүнийг гэрчилнэ. Эмили Блант, Беничио дел Торо зэрэг жүжигчид Улаан хивсний ёслолын энэхүү хэрцгий дүрмийг эсэргүүцсэн бол 2018 онд Кристэн Стюфарт дээрх яршигтай дүрмийг шоглож, нүцгэн хөлөөрөө улаан хивсийг “туучсан” түүх ч бас бий. Гэвч загварын сургагч багш нар өндөр өсгийтөөс хэрхэн “бултахаа” мэдэхгүй л байна. Яагаад гэвэл загварын тайзыг тэд үүнгүйгээр төсөөлж чадна гэж үү.

 

Өсгийтэй биш харин биед эвтэйхэн...

Тансаг загварын хувцасны загварын шинжээч Бет Голдстейн ВВС-д өгсөн ярилцлагадаа “Заавал өндөр өсгийт өмсөх ёстой гэж бодохгүй байна. Хэрэглэгчид завгүй амьдралдаа аль болох тээргүй, түвэггүй, цаг хэмнэсэн, бас илүү загварлаг, биед эвтэйхэн хувцсыг шаардаж байна шүү дээ. Тиймээс зах зээлд биед эвтэйхэн, бас аль болох намхан өсгийтэй гутлууд ноёлоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

 

Хэрэглэгчид цаг хэмнэсэн, бас илүү загварлаг, биед эвтэйхэн хувцсыг шаардаж байна.

Тиймээс зах зээлд намхан өсгийтэй гутал ноёлно гэдэгт итгэлтэй байна

 

Лондонд төвтэй зах зээлийн судалгаа явуулдаг Mintel фирмээс өнгөрсөн жил хийсэн судалгаагаар 18-34 насныхны гутлын сонголтын тэргүүн шалгуур нь “Биед эвтэйхэн байх” гэсэн сонголт байжээ. “Биед тухтай байна гэдэг нь загварлаг байна гэдгийн эсрэг тал нь юм” гэж Лондонд төвтэй тансаг зэрэглэлийн хувцасны Matches Fashion фирмийн худалдаа, загвар хариуцсан захирал Натали Кинхам хэлжээ.

 

 

“Биед тухтай байна гэдэг нь загварлаг байна

гэдгийн эсрэг тал нь юм”

 

Түүний харж буйгаар хэрэглэгчид яг ч пүүз биш харин илүү хавтгай ултай сандалыг хүсч байгаа аж. “Манай гутлын загварын чиг хандлага бол 90 мм-ийн өндөртэй өсгийтэй гутал. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа Wandler зэрэг загваруудын гутлын өсгий нь 90 мм-д ч хүрэхгүй байна. Тэд бөөрөнцөг хэлбэртэй, өмсөж байгаа хүндээ илүү эвтэйхэн байх өсгийг л эрхэмлэж байна” гэж тэрээр нэмж хэлэв.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар