“Шавь” цогцолбор сургуулийн зургаан настнууд эрмдийн баяраа тэмдэглэлээ

2019.05.16
|
1,924
Цэцэрлэгийн ширээнээс дөнгөж гараад эрдмийн их өргөөний эзэн болсон “Шавь” цогцолбор сургуулийн зургаан настнууд уншиж, бичиж сурсан баяраа тэмдэглэлээ.

Ж.ЦОГЗОЛМАА 

Баянзүрх дүүргийн Хошой тэргүүний тус сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан 700 гаруй хүүхэд нийслэлийн соёл амралтын хүрээлэнд инээд хөөр цалгиулан өнжсөн юм.

 

Д.Тунгалаг: Сурагчдын минь амжилт тив алгасан дуурсч байна

Энэ үеэр тус сургуулийн захирал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, клиник профессор Д.Тунгалагтай ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Хошой тэргүүний “Шавь” цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийнхан эрдмийн баяраа тэмдэглэж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Эрдмийн баяраа тэмдэглэнэ гэдэг хүний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан өдрүүдийн нэг. Эцэг эхчүүд маань бяцхан үрсээ хоёр дахь гэр болсон сургуульд нь хөтөлж ирээд, эрдэм сургахаар тэмүүлсэн нь саяхан байлаа. Хүүхдүүд маань өнөөдөр уншиж, бичиж, бодож сурчихсан, сурагч хэмээх алдрыг хүртэж, аав ээж, эмээ, өвөө, эрдэмтэн олон багш нартаа сурсан мэдсэнээ тайлагнаж байна. Манай сургуульд 700 гаруй хүүхэд нэгдүгээр ангийн 15 бүлэгт суралцаж байна. Энэ олон хүүхдүүдийн минь сэтгэл шингэсэн энэ өргөө мөнхийн гэрэл гэгээ, баяр баясгалангаар бялхаж байдаг. Эрдмийн өргөөний гэрэл гэгээ бүхэн өөдөө гарч, сурсан мэдсэн зүйлээрээ шавь нар маань бахархаж, үүгээрээ Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулах торгон замыг бүтээгчид нь багш нар минь байдаг. Энэ сайхан эрдмийн баярыг зохион байгуулж байгаа эцэг эхчүүд, хамт олондоо, эрдэмтэн олон багш нартаа баяр хүргэе.

 

-Энэ жил нэгдүгээр ангиа төгсч буй хүүхдүүдийн онцлог нь юу байна вэ?

-Дүүргийнхээ хамгийн их хүн амтай, хөдөөнөөс голдуу суурьшиж ирсэн иргэдийн хүүхдүүдийг хүмүүжүүлж байна. Энэ жилийн нэгдүгээр ангийнхнаа харахад эцэг эхчүүд маань харьцангуй залуу болжээ. Тиймээс ч хүүхдүүдийнхээ сурах, мэдэх боломж, сургуулийн үйл ажиллагааг дэмжих маш их тэмүүлэлтэй байгаа нь анзаарагддаг. Ах, эгч, аав ээж нь энэ сургуульдаа сурч байсан болохоор үр хүүхдээ төрөлх сургуульдаа сургах гэсэн тэмүүлэлтэй, үе уламжилсан эрдмийн өргөө гэдгээрээ бид бахархаж байна. Одоо сурч байгаа 700 хүүхэд 10 эсвэл 20 жилийн дараа Монгол Улсын нэрийг гаргасан мундаг иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна.

 

-”Шавь” цогцолбор сургууль хүүхдүүдийн авьяас билгийг нээн илрүүлэх, цааш хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг нь гадаад улсуудад болсон тэмцээн уралдаануудаас авсан шагналуудаас нь харагддаг. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Давхардсан тоогоор урлаг, спортын 25 секц, дугуйланд 3000 гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний минь амжилт нийслэл, дүүрэг гэхгүй, тив алгасан дуурсч байна. Ялангуяа, 100 буудалт даам бол дэлхий нийтэд танигдах боллоо. Монгол бүжгийн гайхамшгийг түгээсэн сурагчид маань Өмнөд Солонгос улсад болсон олон улсын тэмцээнээс Ганпри шагнал хүртлээ. АНУ-ын Вашингтон хотноо болсон Хүндийн өргөлтийн тэмцээнд манай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч тавдугаар байр эзэллээ. Сургуулийн маань урлаг, спортын авьяас билэгтэй хүүхдүүд, тэдэнд зааж сургадаг эрдэмтэн багш нарын маань амжилт жилээс жилд ахиж дээшилж байна.

 

-Айсуй шинэ хичээлийн жилийг угтан танай хамт олон ямр төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Энэ хичээлийн жилд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөл баригдаж байна. Мөн ЖАИКА олон улсын төслөөр хичээлийн Б байранд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламжийг иж бүрнээр нь шинэчлэх ажил ирэх сард эхэлнэ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хичээлийн А байранд биеийн тамирын заалны төсөл хэрэгжиж байгаа.

Энэ жилээс манай сургууль хүүхдүүдийг тэгш хамруулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Сургуульд элсээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүд дунд зөв сургах, тэдэнтэй цуг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх төсөл хэрэгжиж байгаад маш их баяртай байна.

 

-Тэгвэл танай сургуульд шийдэх шаардлагатай, тулгамдаад буй асуудал юу байна вэ?

-Манай сургууль хичээлийн гурван байртай. Нэг байр нь 1966 онд ашиглалтад орсон. Олон жил ашигласан болохоор даац, эдэлгээ маш муудсан. Энэ талааараа хотод хандчихсан байгаа. Гурван байрны гадна талын зам тээврийн орчин, аюулгүй байдалд анхаарах шаардлага тулгараад байна. Сургуулийн зүгээс эцэг эх болон өөрсдийнхөө хэмжээнд хурд сааруулагч, хашлага зэргийг хийж байгаа ч энэ нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Замын цагдаагийн газар эсвэл нийслэл, дүүргээс замтай ойрхон байдаг, ялангуяа, гэр хорооллоос ирж суралцаж буй хүүхдүүдийн зам, тээврийн аюулгүй байдлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна. Бид одоо жолооч нарт хандаад захидал хүртэл бичиж байна. “Ах аа, эгч ээ, бид энд зорчиж байна шүү. Та өнөөдөр хурдаа сааруулаарай” гээд бичиж байна.


 

А.Тунгалагтамир:Зургаан настнуудын өөртөө итгэлтэй зан амжилтын үндэс болдог

Тус сургуулийн 1в ангийн багш, боловсролын тэргүүний ажилтан, клиник профессор, үндэсний сургагч багш А.Тунгалагтамиртай ярилцлаа.  

-”Шавь” цогцолбор сургуулийн 1в ангийн эрдмийн баяр болж байна. Анги удирдсан багшийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бяцхан шавь нар минь А үсгээ сурч, 10-ын тоогоо тоолж, эрдмийн анхны гараагаа надаар дамжин эхэлж байгаад нь маш их баяртай байна. Хүүхдүүд маань бүгдээрээ уншиж, бичиж сурлаа. Энэ өдөр хүүхдүүдэд маань, бас миний хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан өдөр боллоо. Бяцхан шавь нартаа илүү их амжилт, сурч мэдэхийн хүсэл тэмүүлэл ерөөе. Шавь нар минь сайн хүн болж төлөвшөөд, хүнд үгүйлэгдэж, үргэлж хамгийн хэрэгтэй хүн нь болж өсч төлөвшинө гэдэгт багш нь итгэж байна.

 

-Та боловсролын салбарт чамлахааргүй олон жил ажилласан хүний нэг. Энэ хугацаанд хэчнээн шавь төрүүлэн гаргав?

-Би боловсролын салбарт 23 жил ажиллаж байна. Тоогоор илэрхийлбэл дөрвөн удаа тавдугаар анги төгсгөлөө. Үүгээр тооцвол 600-700-гаад шавь бий.

 

-Нэгдүгээр ангид суралцаж буй хүүхдүүдийн онцлог нь юу байдаг юм бол?

-Зургаан настай хүүхдийг суралцуулж эхэлснээс хойш гардаг хүндрэл нь сурах хөдөлмөрт сургах байдаг. Үүнийг даван туулж чадвал суралцах амжилт гаргах чадвар ерөнхийдөө найман настай хүүхдүүдтэй адилхан байдгийг харж, танадаж мэдэж сууна.

 

-Энэ насны хүүхдийн онцлог нь юу байна вэ. Эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой юм бол?

-Зургаан настнууд найман настнуудаас сэтгэхүйн хувьд ялгаатай. Их л тоглох гээд, ярьж хөөрөх гээд байдаг. Бас эхэлснээ дуусгана гэж байдаггүй. Маш их “Би” төвтэй улс. Өөртөө маш итгэлтэй. Сайн хүн болж төлөвшихийн гараа болсон өөртөө маш их итгэлтэй байх цаг үе нь бий болчихсон байдаг. Энэ чанарыг нь ээж аавууд маань цаашид маш сайн дөрөө болгож авч явж чадвал ирээдүйд “Би“-гээсээ “Бид” төвтэй нийгэмд сайн хүн болж төлөвших гараа эхлэх юм.

 

-Гэрийн даалгавраар дамжуулан хүүхдүүдийнхээ бүтээлч чанарыг хэрхэн бий болгох вэ. Энэ талаар эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ?

-Хүүхдэд хоёр төрлийн авьяас бий. Нэг нь бүтээлч, нөгөө нь гүйцэтгэх. Бүтээлч авьяас гэдэг бол тухайн хүүхдийн өөрийнх нь төрмөл авьяас билгийг нэгдүгээрт тавьж, дараагийн алхмаа төлөвлөх хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн “Тэгэх ёстой” гэж хандаад байвал хүүхэд бүтээлч авьяас гэж байхгүй, харин хүний үгээр байдаг, баригдмал сэтгэлгээтэй хүн болж төлөвших гээд байдаг.

 

-Тун удахгүй ирэх есдүгээр сард элсэх зургаан настнуудын бүртгэл эхлэх гэж байна. Энэ хүүхдүүдийн аав, ээжүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Зургаан настай хүүхдүүд сургуульд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Хүүхдүүд сургуульд орж байж л бүгдийг сурдаг гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгааг залуу эцэг эхчүүд анзаараад хэрэгжүүлээд байна. Нэгдүгээр ангид орж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хэдиийнэ хөгжөөд ороод ирчихсэн байхад зарим нэг эцэг маань хүүхдээ багшид өгч байж л хөгжинө гэж бодоод байдаг. Ингэснээр багшид ачаалал нэмэгдээд ирдэг. Залуу ээж аавуудад хэлэхэд, тухайн хүүхэд маань хамгийн наад захын ойлголт, хэл ярианы хувьд ч тэр хөгжчихсөн байх ёстой.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар