Бага насны хүүхдүүдийг сүрьеэгээс хэрхэн сэргийлэх вэ?

2019.05.16
|
2,402
Сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн мэдээлэл эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал боллоо. Тэгвэл Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлснийг хүргэж байна.

Wikimon.mn-ий мэдээлснээр Монгол Улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг аж. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигддэг аж. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэгийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

 

 

БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор,

2-р тунг 8 настайд тарина.

 

Сүрьеэ яаж тархдаг вэ?

Дэлхийн нийт хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тоо баримт байдаг. Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.

 

Сүрьеэгийн халдвар авсан хүн яагаад өвчилдөг вэ?

Хэрэв хүний дархлалын тогтолцоо сул бол нянгийн өсөлтийг зогсоож чадахгүй. Зарим хүмүүс халдвар авсны дараа удалгүй өвчилдөг бол зарим хүмүүс тодорхой хугацааны дараа ямар нэгэн шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл нь сулрахад өвчилж эхэлдэг. Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд  идэвхижиж үржсэнээр эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ. Энэ байдлыг сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлнэ. Амьсгалж буй агаартай хамт хүний уушгинд орсон нян тэндээ өсч үржиж уушгийг гэмтээж эхлэх ба үүнийг уушгины сүрьеэ гэдэг. Цус тунгалгийн шингэнээр дамжин биеийн бусад эд эрхтнүүдийг гэмтээж буй тохиолдлыг сүрьеэгийн уушгины бус хэлбэр гэнэ.

 

Биеийн дархлалын тогтолцоо сулрах ямар шалтгаанууд байж болох вэ?

Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болдог. Ялангуяа Хүний Дархлал Хомсдлын Вирус нь бие махбодын дархлалын тогтолцоог гэмтээж аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог. Мөн бага насны хүүхдүүдийн дархлалын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчинд өртөмтгий болгодог байна.

 

 

Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд  идэвхижиж үржсэнээр

эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ. Энэ байдлыг сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлнэ.

 

Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?

Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100%, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10%, холын хавьтал 1%   байдаг байна. Мөн

ХДХВ-ийн халдвартай хүмүүс

Орон гэргүй хүмүүс

Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс

Асрамжийн газар байгаа хүмүүс

Шоронгийн хоригдлууд

Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.

Сүрьеэ нь агаараар дамждаг гэдгийг та санаж байгаа байх. Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.

 

 

Сүрьеэгээр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.

2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах

Цээжээр өвдөх

Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:

Ядарч сульдах

Турах

Хоолонд дургүй болох

Халуурах

Шөнө хөлрөх

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?

 

Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.

 

Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?

Цээжний рентген зураг

Туберкулины сорил

Цэрний шинжилгээ

 

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг арьсан дээр сорил тавих замаар тодорхойлно.

 

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг арьсан дээр сорил тавих замаар тодорхойлно. Та харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер дээр очиж сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арьсны сорилыг тавиулах боломжтой. Зориулалтын тариураар мэргэшсэн эмнэлгийн ажилтан гарын бугалганы дотор талд туберкулин хэмээх бэлдмэлийг тарьдаг. 2-3 хоногийн дараа арьсан дээр гарсан өөрчлөлтийг хэмжиж үзнэ. Хэрэв халдвар аваагүй бол хүний биеийн дархлалын эсүүд гадны биет гэж танихгүй бөгөөд хариу урвал үзүүлэхгүй. Энэ нь сорил тариулснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт үүсэхгүй гэсэн үг юм. Харин халдвар авсан бол тухайн хүний дархлалын эсүүд сорилоор бие махбодид орсон нянг дайснаа гэж танин дархлалын урвал явагдана. Энэ нь тарьсан газар гүвдрүү үүсч өөрчлөлт гарах байдлаар илэрнэ. Гэхдээ арьсны сорил эерэг гарах нь сүрьеэгээр өвдсөн гэсэн үг биш бөгөөд та зөвхөн халдвар авсан эсвэл өвдсөнөө мэдэхийн тулд өөр бусад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай гэсэн үг юм.

 

Сүрьеэгээс яаж урьдчилан урьдчилан сэргийлэх вэ?

 

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт

Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэсэн хэлбэрүүдтэй.

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт

БЦЖ вакцин

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин нь ямар нэг хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос  сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх болжээ.

 

Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд

хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна.

 

Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна.

Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол тэжээлийн дутагдал болон тэдний биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө. Вакцины дараах урвал 2-4 долоо хоногийн дараа эхэлнэ.

Тарьсан хэсэгт гүвдрүү үүснэ

Гүвдрүү нь шар ногоон идээтэй цэврүү болно

Цэврүү нь хагарч шархлаа үүснэ

Шархлаан дээр тав тогтоно

Тав нь унаснаар 4-5 мм хэмжээтэй хонхордуу цагаан сорви үлдэнэ.

БЦЖ вакцины II тунг тарихаас өмнө хүүхдийг халдвар авсан эсэхийг тодорхойлох туберкулины сорилыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Доорх тохиолдлуудад сүрьеэгийн вакцин хийхийг хориглодог.

ХДХВ-ийн халдвартай хүүхдүүд болон дархлалын тогтолцооны үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс

Жирэмсэн эхчүүд

Арьсны үрэвсэлт өвчтэй хүмүүс

Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

 

Халдвар авсан хүн болгон өвчилдөггүй. Г‎эхдээ зарим хүмүүсийн хувьд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Үүнд:

ХДХВ-ийн халдвартай

Сүүлийн 2 жилийн хугацаанд сүрье‎‎эгийн халдвар авсан

Бага насны хүүхдүүд

Бие махбодын дархлалын тогтолцоог сулруулах бусад өвчин ‎эмгэгүүд

Настай хүмүүс

Урьд өмнө сүрье‎эгээр өвдөж байсан бөгөөд эмчилгээг горимын дагуу хийлгээгүй

Х‎эрэв та сүрьеэгийн халдвар авсан ба дээрхи эрсдэл бүхий бүлгүүдийн аль нэгэнд багтаж байгаа бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний аль тохирохыг ‎эмч тань хэлж өгнө. Хэрэв та эмчийн зөвлөсний дагуу эмээ зөв уувал сүрьеэгийн халдвар сүрьеэ өвчин болохоос сэргийлж чадна.

Харин эмчийн зөвшөөрөл зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэрэглэх, бусад өвчний үед сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэх нь нян эмэнд тэсвэртэй байдлыг үүсгэх аюултай юм.

Ихэвчлэн урьдчилан сэргийлэх эмчилгээнд нэг төрлийн эмийг хэрэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд эмийн гаж нөлөө илэрч болзошгүй тул эмчийн хяналтанд тогтмол байх шаардлагатай. Хэрэв

Хоолны дуршил буурах

Дотор муухай оргих

Огиулах, бөөлжих

Нүд, арьс шарлах

3 болон түүнээс дээш хоногоор халуурах

хэвлийгээр өвдөх

хөл гарын хуруу мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдэг урьдчилан сэргийлэх эмчилгээний явцад илэрвэл эмчдээ хандаарай.

Сүрьеэгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж буй үед архи согтууруулах ундааны төрлийг хэрэглэх нь эмийн гаж нөлөөг нэмэгдүүлэх аюултай.

 

 

Сүрьеэгээр өвчилсөн бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

 

Хэрэв та шинжилгээгээр сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал айж сандрах хэрэггүй. Учир нь сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу тасралтгүй зөв горимоор нь хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин төгс эдгэрэх боломжтой. Энэ бол сайн мэдээ юм.

 

Эмчилгээг эмчийн зааврын дагуу тасралтгүй зөв горимоор нь

хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин төгс эдгэрэх боломжтой.

 

Сүрьеэгийн эсрэг эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан ууж хэрэглэдэг. Учир нь зарим эм нь нянг устгах үйлчилгээтэй байдаг бол зарим нь нян эмэнд дасалтай болохоос сэргийлж, нөгөө хэсэг нь ариутгах үйлчилгээ үзүүлдэг.

Гэхдээ эдгээр эмүүдийг өөр өвчний болон сүрьеэгийн эсрэг эмчилгээнд тохирсон бус тунгаар, эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэх нь эмийн дасалтай нянг үүсгэх, сүрьеэ өвчнөөс ангижрах боломжоо бүрмөсөн алдах аюултай юм.

Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээг эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор 6-8 сар хийлгэдэг. Сүрьеэгийн эсрэг эмчилгээ нь  хоёр үе шаттай явагддаг.

Эрчимт эмчилгээний шат. Энэ шатанд идэвхтэй байгаа нянгуудыг бүрэн устгана. Эмчилгээний энэ үе шат 2 сар үргэлжлэх бөгөөд хэрэв та уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол энэ шатанд зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.

Үргэлжлэх шатны эмчилгээ. Энэ шат нь 4-6 сарын хугацаанд үргэлжлэнэ. Энэ шатанд хэрэглэж буй эмүүд нь эсийн дотор унтаа байдалтай байгаа нянгуудыг устгаж, сүрьеэ өвчин дахихаас сэргийлнэ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар