Ээжийн блог:Нэгэн зэрэг сайн ээж, шилдэг ажилтан, босс эмэгтэй болж болох уу?

2019.05.17
|
2,574
Үүнийг ээж бүхэн өөрөөсөө асуудаг байх. Амьдралд хэрэгтэй гэдэг нь батлагдсан энэ бүх зүйлийг ээжүүд нэг дор өөртөө агуулж чадна гэж үү.

Ж.ЦОГЗОЛМАА

Үүнийг ээж бүхэн өөрөөсөө асуудаг байх. Амьдралд хэрэгтэй гэдэг нь батлагдсан энэ бүх зүйлийг ээжүүд нэг дор өөртөө агуулж чадна гэж үү. Миний хувьд өөрөөсөө бараг өдөр бүр энэ урт асуултыг асуудаг. Эхнэр, ээж, сэтгүүлч, бас блоггер гээд энэ бүх “албан тушаал”-ыг нэгэн зэрэг хаших шалгарсан мундаг арга байна уу. Хамгийн гол нь тэнцвэрийг нь яаж олж, бас хэрхэн аз жаргалтай амьдрах вэ. Энэ урт асуултын хариулт нь хоёр үгнээс бүрдээд байх шиг. Миний хувьд тэр хариулт  нь “Би чадахгүй”.

 

Энэ урт асуултын хариулт нь хоёр үгнээс бүрдээд байх шиг.

Миний хувьд тэр хариулт  нь “Би чадахгүй”.

 

Нэг л зүйл маш тодорхой байна. Би амьдралаас надад өгсөн бүх зүйлийг талархан хүлээн авч, тэдгээртээ итгэл үнэмшилтэй хандсан цагт асуултын маань хариулт эерэг байж болох юм. Ээжийн минь хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Чи дуртай бүх малгайгаа авч болно. Гэхдээ чи нэг үдэшлэгт нэг л малгай өмсөж чадна” гэж хэлснийг нь санадаг. Тийм ээ, бид хэчнээн хүссэн ч нэг үдэшлэгт нэг л малгай өмсөх ганц толгойтой. Гэхдээ бид төлөвлөж чадвал бүх малгайгаа дуртай цагтаа өмсөж чадна. Үүнд бидэнд хэрэгтэй зүйл юу байх вэ. Бидэнд ухаалаг төлөвлөгөө хэрэгтэй. Миний бодлоор ээжүүд хамгийн мундаг төлөвлөгч нар.   

 

Би оффистоо зөвхөн ажилдаа л анхаарна. Харин гэртээ ээжийн ажлаа хийвэл бүх анхаарал, мэдрэл тэр чигээрээ хүүхдүүдэд зориулагддаг. Миний хувьд гурван хүүхэдтэй ээж. Гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг хугацаа яаж өнгөрдгийг энгийнээр хэлбэл, нэг хүүхэд нь хөтөвчинд шээчихлээ гэж ээжийгээ дуудахтай зэрэгцээд нөгөө нь өлслөө гэж гомдоллоно. Харин үлдсэн нэг нь зурагтын суваг сольж өгсөнгүй гэж хашгична.

 

Жаахан дуг хийх гээд хэвтэхийг чинь тэд андахгүй.

“Ээж баачихлаа, онжиго арчихгүй юм уу” гэж гомдоллоно.

 

Ажлаа хийж байхад аливаа зүйлийг төлөвлөж, дуусгаж болдог бол гэртээ ээжийн ажил хийж байгаа бүсгүйчүүдийн хийх зүйлс хэзээ ч дуусдаггүй. Дандаа огт төлөвлөгдөөгүй үйл явдал таныг тойрно. Та хүүхдүүдийнхээ хэзээ яахыг мэдэж чадахгүй учраас та яг л адал явдалт киноны гол баатар шиг бүх зүйлд бэлэн байх ёстой. Дуртай цувралаа үзэж байтал бага хүү чинь аягатай хоолоо хивсээр нэг тарааж орхино. Та “шалбааг” болсон хоол хатаж хивс завааруулахаас өмнө цэвэрлэж авах ёстой. Бас та хэзээ ч амарч болохгүй. Жаахан дуг хийх гээд хэвтэхийг чинь тэд андахгүй. “Ээж баачихлаа, онжиго арчихгүй юм уу” гэж гомдоллоно.

Тиймээс надад энэ гэнэтийн олон үйл явдлаас өөрийнхөө зорилгыг авч үлдэх ганц арга зам нь хийх ажлын жагсаалт гаргах байлаа. Энэ нь зорилгоо мартахгүй байхад минь тусалдаг учраас би энэ тэмдэглэлийг хэзээ ямагт бичсээр явна. Гэхдээ сүүлийн үед утсан дээрээ хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг болсон. Ингэснээр энэ олон үйл явдал дунд мартагдахгүйгээр зорилгодоо хүрч чадна гэсэн үг шүү дээ. Яг одоо би Do It (Tomorrow) хэмээх энэ аппликейшинд үнэхээр хайр зарлачихаад байна. Энэ нь хийх ажлын жагсаалт бичихэд маш энгийн бас ойлгомжтой төдийгүй тухайн өдөртөө амжуулаагүй зүйлсээ эргэн санахад тусалдаг.

 

Тиймээс надад энэ гэнэтийн олон үйл явдлаас өөрийнхөө зорилгыг

авч үлдэх ганц арга зам нь хийх ажлын жагсаалт гаргах байлаа.

 

Би жагсаалтаа энэ аппликейшн дээр гаргаад, гүйцээсэн ажлаа чагтална. Эсвэл тэдгээрийг маргааш хийх ажлынхаа жагсаалт руу зөөдөг. Нөгөөтэйгүүр энэ апп нь өнөөдөр амжуулаагүй ажлыг автоматаар маргаашийн хийх ажил руу зөөж аваачдаг давуу талтай. Тийм болохоор ээж бүхэнд үнэхээр хэрэгтэй, сайн апп гэж би хэлнэ.

Үүгээр л би төлөвлөсөн ажлуудаа амжуулах боломжтой болж байна даа. Тэгэхээр энэ бичвэрийн эхэнд асуусан асуултын хариулт нь мэдээж “Do It (Tomorrow)” аппликейшн.

Эцэст нь нэг зүйл хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Ээжүүд өөрсдийгөө бусадтай харьцуулахдаа гаршсан улс шүү дээ. Ялангуяа, Facebook дээр тавьсан найзынхаа зургийг харчихаад шуудхан өөртэйгөө харьцуулчихдаг. Нийгмийн сүлжээн дэх зургийг харах шиг амархан юм үгүй. Гэхдээ ихэнхдээ бид өөрсдийнхөө амьдралыг бусдынхаас дутуу юм шигээр мэдэрч, бусдынхыг өөрсдийнхөөсөө илүү гэсэн нүдээр хардаг юм шиг санагддаг. Хэн нэгний сайхан гарсан зургийг харчихаад “Түүний амьдрал үнэхээр төгс юм аа. Харин миний байж байгааг хар даа” гэж өөрийгөө голоод суучихдаг байж мэдэх юм.

 

Амьдралаа хэзээ ч бусдынхтай бүү харьцуул.

Бүгд л алдаж, онодог хорвоод аливаад хэт автах хэрэг байна уу.

 

Амьдралаа хэзээ ч бусдынхтай бүү харьцуул. Бүгд л алдаж, онодог хорвоод аливаад хэт автах хэрэг байна уу. Би л хувьдаа нийгмийн сүлжээнд сөрөг мэдээлэл тараахаас аль болох зайлсхийдэг. Миний хувьд энэ бол бидний аз жаргалтай дурсамжаа үлдээх хэсэг биш гэж үү. Өнөөдөр амьдрал хэцүү юм шиг санагдаж болох ч хэдхэн жилийн дараа та ингэж явснаа ч санахааргүй тийм сайхан амьдралд хүрсэн байх болно. Бүх зүйл хэтийн төлвөөрөө хэмжигддэг гэдгийг ойлгож чадвал бид билүү аз жаргалтай амьдарна шүү дээ. Монголчууд бид “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. Өвөг дээдсийн минь үг өнөөдрийн бидний хүрэх амжилт, аз завшааныг билэгдсэн биз ээ.  

Жич:Гурван хүүхэд өсгөнө гэдэг сэтгүүлч миний хувьд том ажил. Гэхдээ л би өмнөхөөсөө ч ихийг амжуулдаг болсон. Бас хэзээ ч байгаагүйгээрээ их аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд бол аз жаргал. Танд заяасан үр хүүхэд таныг илүү аз жаргалтай, илүү сайн сайханд хүрэх алтнаас үнэтэй бэлэг юм шүү.  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар