Б.Шүүдэрцэцэг:Эмэгтэй хүний амжилт, аз жаргал өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээс эхэлдэг

Ж.ЦОГЗОЛМАА
Жил бүр зохиогддог номын баяр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Зохиолч, уншигчдыг нэгэн дээвэр дор уулзуулдаг болохоор энэ арга хэмжээ монголчуудын хүсэн хүлээдэг чухал баярын нэг болжээ. Номын энэхүү өдөрлөгийг зорин ирсэн уншигчдын дунд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хагацашгүй” роман нэлээд эрэлттэй байгаа нь ажиглагдаж байв. Түүхэнд гүн толбо үлдээсэн хэлмэгдэлтийн үед залуусын хайр дурлал, энгийн олны амьдрал хэрхэн хатуу ширүүн бүхнийг сөрөн тэсч үлдэж буйг энэхүү романд дүрсэлсэн бөгөөд, нэгэн хосын хайрын бодит түүхээс сэдэвлэсэн байна. Энэ үеэр эл романы зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзах завшаан тохиосон юм. Түүнтэй зохиол бүтээлийнх нь талаар болоод амжилтынх нь зарчмуудын талаар ярилцлаа.
-Юуны өмнө номын баярын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Энэ удаагийн арга хэмжээний онцлог тал нь юу байна вэ?
-25 дахь удаагийн номын баярт би бүх романаа хэвлэн оролцож байна. Өнгөрсөн оны төгсгөлд хэлмэгдлийн үеийн бодит хүний хайрын түүхээр “Хагацашгүй” хэмээх романаа бичсэн. Энэ он гараад, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр “Уулсын домог Хотулун” хэмээх “Хотол цагаан гүнж” романыхаа хоёрдугаар дэвтрийг нээлээ. Базаад хэлбэл, 2018-2019 онд уран бүтээлийн арвин их олз омогтой байна.
Уншигчдад заавал нэг бодол, санаа, эмзэглэл үлдээхийг хамгийн их хүсдэг.
Сүүлд бичсэн бүтээлээс “Хагацашгүй”-г хүмүүс уншаад уйлж байна гэж байна
Өнгөрсөн оны эхээр Эх дагина Цэндийн Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагинын өчил” хэмээх романаа бас бичсэн. Тэгэхээр сүүлийн нэг жил хагасын хугацаанд 3 роман бичсэн байна. Ингээд энэ удаагийн номын баяртаа 2 шинэ романтай, өмнө гаргасан 6 романаа бүгдийг нь хэвлэн оролцож байна. Мөн “Сувдан даруулга” хэмээх өгүүллэг, туужийн бүтээлээ номын баярын өмнөхөн хэвлэлтээс авлаа. Энэ ном маань бараг л “бүлээнээрээ талх” гэдэг шиг л сайхан байна.
Манай “Шүүдэр” продакшнаас эрхлэн гаргадаг дэлхийн сонгодог зохиолуудын нэг “Нью-Йорк таймс”-ын бестселлер, “Таймс” сэтгүүлээс XX зууны шилдэг роман хэмээн нэрлэгдсэн, зохиолч Жийн Рисийн "Саргассогийн уудам тэнгис" пост модернист романаа авчирсан. Энэ номоо бүр 50 хувь хямдруулан худалдаалж байна. Түүнчлэн хүний эрхийн дээд туурвил гэж дэлхий даяар үнэлэгдсэн “Анна Франкийн өдрийн тэмдэглэл” байна. Энэ бол хүүхдүүдийн ширээний ном. 20-50 хувь хүртэл хямдралаар уншигчиддаа бэлэг барьж байна. “Аз Хур”-ын хямдралд очиж амжаагүй хүмүүс өнөөдөр, маргааш Д.Сүхбаатарын талбайд ирвэл зохиолч, хэвлэлийн газруудын энэ их сайхан хямдралын эзэд болно.
-Та бол эмэгтэй зохиолчдын томоохон чухал төлөөллүүдийн нэг. Зохиол бүтээлээ уншигчдын дуртай, хүсэн хүлээдэг “бүтээгдэхүүн” болгох Таны зарчим юу вэ?
-Уншигчдад заавал нэг бодол, санаа, эмзэглэл үлдээхийг хамгийн их хүсдэг. Сүүлд бичсэн бүтээлээс “Хагацашгүй”-г хүмүүс уншаад уйлж байна гэж байна. Уйлуулахдаа гол нь биш л дээ. Хүн яагаад уйлж байна гэхээр, 1937 оны хэлмэгдэл, коммунизмын махан тээрэм хэмээх тэр аймшигтай улс төрийн үзэгдэл эгэл жирийн хүмүүсийг, аз жаргалтай явсан залуучуудын гэр бүлийн амьдралыг яаж бусниулж байсныг хүмүүс энэ зохиолоос ойлгож, эмгэнэж, гашуудаж байгаа юм болов уу гэж би бодож байна.
-Эмэгтэй хүн нуруун дээрээ мөнгөөр үнэлэгдэхээргүй их ачааг үүрээд явж байдаг. Өдөр тутмын үүрэг хариуцлагаас гадна хувь хүнийхээ амжилтыг бий болгоно гэдэг их өндөр шалгуур байдаг юм шиг. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Хамгийн гол асуудал бол энэ. Өнөөдөр нийгмийн сүлжээ, инстаграм гээд хаашаа л харна хүн заавал амжилттай байх ёстой, амжилтгүй байна гэдэг ямар ч утгагүй амьдрал мэтээр ойлготол нь ярьж байна. Гэтэл эмэгтэй хүн амжилт биш зөвхөн үүргээ гүйцэтгээд явах нь асар хүнд ачаа байдаг. Үүнийг гэр бүл зохиож үзсэн, ээж болсон эмэгтэйчүүд бүгд ойлгож байгаа. Заавал ар гэр, ээж, аав гэлтгүй ураг төрлийнхний зовлон зүдгүүр, өвчин, асаргаа сувилгааны ажил бас л эмэгтэй хүний нуруун дээр буудаг. Заавал гэр бүлтэй гэлтгүй, ганц бие байсан ч гэрийнхнээс нь хэн нэг нь хэвтэрт орлоо гэхэд эмэгтэй хүн л өөрийгөө золиослох болдог. Аавыгаа, ээжийгээ, эгчийгээ гэнэтийн осолд орлоо гэхэд бүх ажлаа хаяад асардаг эрэгтэй хүн гэж маш ховор.
Тэгэхээр хань нөхөр, үр хүүхэд гэлтгүй амьдрал өөрөө эмэгтэй хүнд маш их ачаа үүрүүлдэг юм байна гэж би боддог юм.
Аавыгаа ч юм уу 2-3 жил асраад сууж байгаа эмэгтэй хүнд юу бодогдох вэ. Үеийнхэн нь битгий хэл дэлхий ертөнц тэр аяараа асар хурдан хөгжөөд байхад тухайн эмэгтэй дотроо юу бодох вэ гэдэг чинь маш эмзэг асуудал.
Хаашаа л харна хүн заавал амжилттай байх ёстой, амжилтгүй байна гэдэг
ямар ч утгагүй амьдрал мэтээр ойлготол нь ярьж байна. Гэтэл эмэгтэй хүн амжилт биш
зөвхөн үүргээ гүйцэтгээд явах нь асар хүнд ачаа байдаг
Зөвхөн ажил төрлөө хийгээд, үеийнхнээсээ хоцрохгүй явахаас гадна бурхнаас хүнд янз бүрийн хувь тавилан, өгөгдөл өгдөг. Харин салбартаа үнэхээр амжилттай мундаг явъя гэвэл эмэгтэй хүн эр хүнээс гурав дахин их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Тэр хооронд үр хүүхэд, гэр бүлийн амьдралаа хаяхгүйгээр хамтад нь аваад явъя гэвэл тухайн салбартаа биш юм гэхэд байгууллагадаа амжилттад тооцогдож буй эрчүүдээс дандаа л илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болдог шүү дээ.
-Харин Таны хувьд зохиол бүтээлээ бичээд, өнөөдрийн энэхүү амжилтад хүрсэн цаг хугацаагаа эргээд харвал баримталсан зарчим тань юу байв?
-Миний хувьд 30 нас дөхөж явахдаа бичиж эхэлсэн. Миний хань Д.Болдхуяг нийтлэлч, юм бичдэг хүн болохоор бусдаас арай илүү азтай юм уу гэж боддог. Юм бичээд суухаараа оюун ухаан минь түүндээ бүрэн төвлөрч, бусад ажлаа анхаарч чадахгүй байх цаг үед үүнийг маань ойлгох ханьтайдаа талархдаг. Хоёрдугаарт, 30 нас гарчихсан болохоор амьдрал нэлээд цэгцэрч эхэлж байсан. Түүнээс биш үр хүүхэд, хань ижил, ураг төрлийнхөө хамаг л ачааг үүрээд юм бичээд явна гэдэг үнэхээр хүнд байх байсан гэж би боддог.
Одоо бол би бүр ч их “хөнгөлөлттэй”. Хүүхдүүд том болчихлоо, зөвхөн бүтээлээрээ амьдрах нөхцөл бүрдчихсэн байна. Юунд ч санаа зоволгүйгээр зөвхөн номоо бичээд явж байна. Номныхоо нэг хэсгийг хэвлэлтийн зардалд, үлдсэнийг нь амьдралдаа хэрэглэж болохуйц хэмжээнд хүрлээ.
Харин шинээр зохиол бүтээл бичиж эхэлж байгаа, нялх хүүхэдтэй, ар гэр нь ойлгодоггүй хүний хувьд уран бүтээл, уран зохиолоор амьдарна гэдэг асар хүнд. Заавал нэг ажил хийж тогтмол орлого олох хэрэгтэй болно. Номоор орлого олно гэдэг тийм ч амар зүйл биш.
Миний хувьд 2003 онд анхны “Хулан” номоо хэвлүүлснээс хойшхи 16 жилийн хөдөлмөрөөр, уран зохиолын ертөнцөд шантралтгүй зүтгэсний хүчинд өнөөдөр олон номтой, сайн уншигчидтай боллоо. Одоо миний уншигчид бол дандаа 30-аас дээш насны, төлбөрийн чадвартай, үнэнч хүмүүс байна.
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Сайн зохиол бүтээл туурвих таны өдөр бүрийн тогтсон хэвшил, зуршил юу вэ?
-Өнөө өглөө кофегоо чанаж уугаад, өглөөний цайгаа бэлтгээд л шууд номын баяртаа яараад ирлээ. Ер нь бол ар гэрт хүлээдэг миний үүрэг гэвэл өглөөний цайг заавал бэлтгэж, ханьдаа, охиддоо өгөх. Бусад ажлаас ер нь бараг л чөлөөлөгдчихсөн. Манайх дөрвөн ам бүлтэй, гунхалзсан хоёр сайхан охин байна. Хань минь бас юм бичдэг болохоор бид хоёрын амьдралын хэвшил их төстэй.
Амбиц ихтэй, амжилтыг хүсдэг эмэгтэй бол “Би ийм зорилготой.
Намайг ойлгоод, надад туслаарай” гэж хань ижилдээ хэлж, ойлгуулах хэрэгтэй гэж боддог
-Тэгвэл эмэгтэйчүүд маань өөрийнхөө эрхэлж буй зүйлдээ амжилт олж, өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдрахын тулд юуг хамгийн түрүүнд хийх ёстой юм бол.
-Хамгийн түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүл л гэж хэлнэ. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөө өөр дээрээ хэтэрхий их үүрэг авдаг. Хань ижилтэй болоод л “Би бүхнийг хийх ёстой”, “Энэ хүнийг би л халамжлах ёстой” гэж өөртөө ч, нөхөртөө ч ойлгуулчихсан байдаг. Гэтэл гэр бүлийн амьдрал гэдэг ямар хүнд билээ. Гэрлэсэн анхны өдрөөсөө л гэрийн ажлаа хамтарч хийж яагаад болохгүй гэж. Ажил хийлгүй гэртээ зүгээр суудаг эмэгтэй гэж Монголд ховор. Хоёулаа л адилхан ажил алба эрхэлж байгаа болохоор шууд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Ялангуяа, амбиц ихтэй, амжилтыг хүсдэг эмэгтэй бол “Би ийм зорилготой. Намайг ойлгоод, надад туслаарай” гэж хань ижилдээ хэлж, ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш шууд л “Би сайн эзэгтэй байх ёстой” гээд бүх үүргийг өөр дээрээ авчихвал дараа нь нөхөртөө ойлгуулах маш хэцүү. Анхнаасаа л гэрийн ажлыг хувааж аваад, хүүхдээ харж хэсэг суусны дараа, цэцэрлэгт оруулаад, цаашид амжилтад хүрэх замд хань ижлээ туслуулах хэрэгтэй. Үүнийг анхнаас нь л хэлж ойлгуулах ёстой. Яагаад дэлхий даяараа гэр бүлийг гэрээгээр зохицуулаад байна гэдэг чинь энэ бүхнийг албажуулчихсан хэрэг шүү дээ. Харин үүнийг ойлголгүй гэрлэсэн хүмүүс амархан салж, дараа нь ямар их маргаан дэгдэж байна вэ. Зөвхөн хадмууд, хамаатнууд гэлтгүй өөрийнхөө аав, ээжид хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулах ёстой юм байна гэж би боддог. Ингэснээр чамайг хүндэлдэг хүмүүс, ажлыг чинь ойлгодог хүмүүс бий болно.
-Ийм сайхан ярилцлага өрнүүлсэн Танд баярлалаа. Уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Баярлалаа. Залуучууддаа хандаж, сайн уншаарай л гэж хэлье. Дэлхийд өндөр хөгжилтэй улсуудын иргэд нь маш их уншиж байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар хөгжиж яваа орнуудаас гэвэл Энэтхэг, Хятад улсууд хамгийн их уншдаг ард түмэнд тооцогдоод байна. Тэр нь тусгай аргачлалтай. Долоо хоногийн хэдэн цагийг уншихад зарцуулдаг, нийт орлогынхоо хэдэн хувиар ном авч байна вэ зэрэг шалгуур үзүүлэлтээр Монгол Улс их хойгуур ороод байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.