Аз жаргалтай амьдрахын тулд зөвхөн хүүхдүүдээс л ойлгож болох 9 үнэн зүйл

2019.05.31
|
2,907
Энэхүү зүйлсийг томчууд бид өдөр бүрийн амьдралдаа хэвшүүлж чадвал хэчнээн аз жаргалтай амьдрах байсан бол...

И.АНГАР   

Би өмнө нь хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг байлаа. 10 хүртэлх насны хүүхдүүдтэй ажилладаг байсан болохоор тэднээс суралцах хугацаа ч надад байсан билээ. Энэ хооронд тэдгээр бяцхануудаас ойлгож мэдсэн гайхамшигт зүйлсээ хуваалцмаар санагдлаа..

 

ҮНЭНДЭЭ ЭРГЭН ТОЙРНЫ ТАНЬ БҮХ ЗҮЙЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, САЙХАН БАЙДАГ

Та хүүхдээ хөтлөөд цэцэрлэгт хүрээлэн, эсвэл паркаар зугаалан алхаж байсан уу. Ганц цэцэг хараад л хэчнээн сайхныг нь гайхаад зогсчихдог биз дээ, хүү чинь. Дунд сургуулийн насны хүүхдүүд өнгөлөг, тод өнгөтэй зүйлсэд илүү татагдаж, сайхныг нь илүү мэдэрдэг юм шиг ээ. Сайн сайхныг мэдэрч, анзаарах хүүхдээс л харж болох энэ мэдрэмж, юмыг жижиг, том гэлгүй чин сэтгэлээсээ хайрлах нь хэчнээн гайхалтай вэ.

Аливаа зүйлийг анх удаа харж, анх удаа мэдрэх хэчнээн гайхамшигтай байдаг билээ. Энэ бол хүүхдийн агуу чанар юм. Амьдралын аливаа зүйлс бүхнийг анх удаа хийж байгаа мэт тэр мэдрэмжээр хандаж чадвал амьдрал хэчнээн аз жаргалтай бас уйдах завгүй сайхан байх бол.

 

ЖААХАН ТОГЛОХОД ЮУ НЬ МУУ ГЭЖ 

Бид нас ахих тусмаа бүх л зүйлийг илүү цэвэрхэн, илүү нямбай, илүү дэг жаягтай байлгахыг хичээдэг. Гар нь халтар болчихсон яваа хүнийг хараад та лав огиудас нь хүрч, эсвэл нэлээд дургүйлхэх болоь уу. Гадаа жаахан тоглоод хувцас хунараа халтартуулах эсвэл гараа бохирдуулахад юу нь болохгүй гэж. Цэвэрлээд л боллоо биз дээ.

Хүүхдүүд бидэнд хааяа ч гэсэн тоглож наад, амьдралыг илүү хөнгөнөөр олж хар гэж зааж сургадаг. Үнэн хэрэгтээ эмх замбараагүй байдал нь өсөж дэвжихийн эхлэл байдаг гэдгийг хүүхдүүд л бидэнд зааж өгдөг. Бид тэгж амарснаараа л амьдралыг илүү өөрөөр олж харж, илүү тухтай байдаг биш билүү.

 

БАЙГАА БҮХЭН ЧИНЬ ТАНЫ ЯГ ОДООГИЙН БАЙДАЛ

Хүүхдүүд яг одоо байгаа тоглоомоороо хэчнээн хөөрхөн тоглож нааддагийг та мэдэх үү. Тэд хэзээ ч байгаа тоглоомоо голж, тэднийг хэрэггүй гэж хаядаггүй. Яаж ийж байгаад л айл гэрдэх юм уу эсвэл байлдаад тоглоод болоод байдаг. Тэд яг одоо байгаа зүйлээрээ тоглож наадаж, учрыг нь олж чаддаг. Энэ бол бидэнд байгаа бүхэн бидний яг одоогийн байдал гэдгийг хэлж зааж өгч байгаа хэрэг билээ.

 

ХААНААС Ч ХӨӨР БАЯСЛЫГ ОЛЖ БОЛНО

Байгаа газраасаа илүүг хайж, билүү долоох хэрэггүй. Яг одоо байгаа орчноосоо аз жаргал, хөөр баяслыг мэдэрч болно гэдгийг хүүхдүүд бидэнд зааж сургадаг. Аз жаргалыг гаднаас биш гэрээсээ, бүр цээжин дотроосоо ч олж харж болно гэдгийг бид хүүхдүүдээсээ л олж хардаг.

 

ХУВЦСАНД ТЭГЖ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХӨӨ Л БОЛЬЧИХ

Хүүхдүүд бидэнд хувцас өмсөхдөө илүү тав тухыг мэдрэх нь чухал гэдгийг зааж өгдөг. Заавал бие барьж, амьсгалахад ч хэцүүхэн хувцаснаас татгалзаад, яг өөрт таардаг, тааламжтай мэдрэмж төрүүлэх хувцаслалт юу юунаас илүү чухлыг та хүүхдүүдээсээ олж харна.

Анзаараад байвал, хүүхдүүд нэг л хувцсаа өмсөнө гээд дайраад байдаг шүү дээ. Үнэндээ тэр хувцас нь өөрт нь үнэхээр тухтай байдаг болохоор л тэр. Үүний буруу гэж юу байхав.

 

ХАЙРЛАНА ГЭДЭГ ХЯЗГААРЛАХЫН НЭР БИШ

Хүүхдүүд бие биенээ хэчнээн хөөрхөн хайрлаж, хүндэтгэдгийг та анзаараарай. Том байна уу, жижиг байна уу, эр байна уу эм байна уу үүнд огтхон ч хамаагүй. Хүүхдүүд баян хоосны ялгааг ч үл харгалзан нэгнээ хайрладаг нь хэчнээн гайхалтай вэ. Тэд хэнийг ч айдасгүйгээр тэвэрч, тэнтэй ч ялгаварлалгүйгээр тоглож наадна. Тэд хэнийг ч өөрийнх нь унаган шинж чанараас хамааран ялгаварлаж, хязгаарладаггүй.

Хүүхэд ингэж бүгдийг хайрладаг болохоор энэ зан чанар нь бидэнд хайрын хичээл болдог билээ.

 

БУСДААС ТУСЛАМЖ ГУЙХ НЬ ЯАГААД БУРУУ ГЭЖ

Хүүхдүүд ядрахаараа эсвэл ямар нэг зүйлийг чадахгүй болохоороо бусдаас тусламж гуйхаас цааргалдаггүй. Тэд хэзээ ч энэ хүн надад туслах болов уу яах бол гэж эргэлздэггүй. Хэрэгтэй зүйлээ хэлэх л юм бол бусад хүн түүнд тусална гэдэгт тэд чин сэтгэлээсээ итгэдэг.

Томчууд бид яг ийм хандлагатай байвал бидний ажил хэчнээн хурдан, сайхан амжих байсан бол. Бодох л зүйл.

 

УУЧЛАХЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ НЬ ӨНГӨРСНИЙГ МАРТАХ ЮМ

Та дөрвөн настай хүүхэд хэн нэгэнд атаархаж байсныг харсан уу. Та өсвөр насандаа хэн нэгэнд худал хэлж, эсвэл хэн нэгнийг анаж өширхөж байсан уу. Хүүхдүүдээс уучлалын сайхан бүхнийг бид өдөр бүр хардгаа анзаардаггүй нь энэ. Уучлалын хамгийн чухал нь өнгөрснийг ор мөргүй мартах юм гэдгийг хүүхдүүд бидэнд зааж сургадаг.

Тэд танд гомдчихоод хэдхэн минутын дараа юу ч болоогүй юм шиг таныг хайрлан тэвэрнэ. Энэ л уучлал юм. Өнгөрснийг хэзээ ч болоогүй юм шиг бүгдийг март.

 

БҮХ ЗҮЙЛД ДОГДЛОН ХҮЛЭЭХ НЬ АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС

Амралтын өдрөөрөө хөлбөмбөг тоглож буй хөвгүүдийн нүднээс ямар их догдлол анзаарагддагийг та ажиглаж байсан уу. Хүүхдүүд болох гэж буй бүхэнд үнэхээр, дандаа бүр дандаа шүү догдлон ханддаг. Тэд амьдралын сайхан мөч бүхэнд талархан догдолдог болохоор хүүхдүүд үргэлж гэрэл гэгээтэй амьдардаг.

Үүнийг л томчууд бид хүүхдүүдээс суралцаж чадвал өдөр бүр хэчнээн аз жаргалтай байх бол.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар