Ирээдүй:Гэрээсээ ажлаа хийдэг эмэгтэйчүүд илүү баян болно

2019.06.04
|
1,577
Ар гэрийн амьдралаа авч үлдэхийн тулд эмэгтэй хүнд үүрэг хариуцлага оноосон оффисын ажил тохирохгүй нь мэдээж юм. Тэгвэл аль ч улсын эдийн засагт эмэгтэй хүний л хийж чадах бас гайхалтай амжилт гаргах хэд хэдэн салбар байгааг онцолж байна.

И.Ангар

Эмэгтэй хүний ажил-амьдралын өдөр тутмын зуршил эрчүүдийнхээс тэс ондоо. Бүсгүйчүүд аль ч төвшинд ажил эрхэлдэг байдлаас нь үл хамааран бүтэн цагийн ажил нь заавал орон гэр, ахуй амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдож байдаг. Үүнээс хувь илүү зүйл нь юу гэхээр, эмэгтэй хүн гэрлээд, дараа нь хүүхэд гаргасны дараа ажил хийнэ гэсэн ойлголт нь бүр ч ондоогоор эргэдэг. Тэгэхээр өнөөгийн өрсөлдөөнт эдийн засагт эмэгтэй хүн өөрийн оршин буйгаа олж нээж, өөрийгөө авч үлдэж, мөнгөөр тасрахгүй байхын тулд илүү уян хатан, илүү мэргэжлийн төвшинд, бас хувийн болоод хувьсгалын амьдралынхаа тэнцвэрийг хадгалах ажил олж хийх шаардлага бэлхнээ тулж ирээд байна. Ингэснээр тэд заавал гэрийн мухар сахиж, хүүхдүүдийн хоол цай, нөхрийн хувцас индүүдэх аар саар бүхнийг ягштал хийх эргүүлгээс гарч, амжилтаа ахиулах боломж бүрдэнэ. Бүр өөрөөр хэлбэл, ар гэрийн амьдралаа авч үлдэхийн тулд эмэгтэй хүнд үүрэг хариуцлага оноосон оффисын ажил тохирохгүй нь мэдээж юм. Тэгвэл аль ч улсын эдийн засагт эмэгтэй хүний л хийж чадах бас гайхалтай амжилт гаргах хэд хэдэн салбар байгааг онцолж байна.

 

УЯН ХАТАН БАС ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ

Өнөөгийн эдийн засгийн өөрчлөгдөн байгаа үйл явц нь экосистемд чиглэсэн бизнесийн санаачлагуудыг өргөн хэмжээнд дэмжиж байна. Өглөөний 09.00 цагаас 17.00 цагийн хооронд эмэгтэйчүүд ямар л бол ямар ажлыг амжуулах боломж бүрджээ. Ялангуяа, Ази Номхон далайн орны эмэгтэйчүүдэд энэ эдийн засгийн нөлөөлөл хүчтэй мэдрэгдэж байгаа. Дээрх газар нутагт нийт ажтил эрхлэгчдийн 84 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд уян хатан бас эрх чөлөөтэй ажлын цагийг баримталдаг байна. Учир нь урьдчилан төлөвлөгдөөгүй уулзалтууд, гэнэтийн шийдвэр гаргалт зэрэгт эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү байдаг. Эдийн засгийн хурд асар их нэмэгдэж байгаа учраас эмэгтэйчүүд байгууллагын менежер, харилцааны мэргэжилтэн зэрэг ажил эрхлэхэд тун зохимжтой аж. Хонгконгд төвтэй “Noble House” судалгааны газрын мэдээлж буйгаар нийт зөвлөх үйлчилгээний компаниудын 40 хувь нь эмэгтэйчүүдийг хөлсөлж байна. Ингэхэд тэдгээр эмэгтэйчүүд ажил-амьдралын тэнцвэрээ ягштал хадгалж чаддаг аж.

 

АДИЛ ТЭГШ БАС УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО

Эдийн засгийн өнөөгийн хурдацтай нөхцөл байдал нь эмэгтэйчүүдийг яг л гэр орноо төвхнүүлдэг шигээ ажил хэргийн төвшинд өөрийгөө илэрхийлэх боломж завшаанаар хангаж байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү цалин хөлс авдаг, эмэгтэйчүүдээс илүү ачаалал даах чадвартай гэсэн уламжлалт ойлголт одоо үгүй болж байна. Эрчүүдийн ухаж ойлгохооргүй нарийн ширийн бизнесийн эргүүлгийг эмэгтэйчүүд мяндсан ухаанаараа илүү ойр тусгаж авснаар бизнесийн “хэл”-ийг ойлгож дамжуулах орчуулагч нар болж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд сайн зөвлөх, сайн харилцагч болж байна гэсэн үг.

2018 онд Ази Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны байгууллагаас ажиллах хүчний дотоод бүтцийн судалгааг гаргахад уламжлалт бүтэн цагийн ажлын байран дахь эмэгтэйчүүд болон эрчүүдийн ялгаа 12 хувьтай байжээ. Гэхдээ үүний таван хувь нь эмэгтэйчүүдийн талаас гаргаж буй өөрчлөлт байсан байна. Энэ нь бүсгүйчүүд ажил хөдөлмөр эрхлэхдээ эрчүүдээс давамгай төдийгүй илүү санаачлагатай, өөрчлөлтөд уян хатан ханддагийг илэрхийлж байна.

 

ЧАДВАРАА ӨСГӨЖ ЧАДДАГ БА ХЭТ НАРИЙН МЭРГЭШИЛ ШААРДСАН ЗҮЙЛД ГАЙХАЛТАЙ ТОХИРДОГ

Эдийн засгийн өргөн хүрээтэй өөрчлөлт, хурдтай байдал нь эмэгтэйчүүдийг ур чадвараа өсгөх төрөлхийн хэв зуршлыг нь урамшуулахын хажуугаар аль нэг чиглэлд хэт нарийн мэргэших боломжийг олгож байна. Бүр томоохон байгууллагууд хүртэл өнөөдөр эмэгтэйчүүдийг хэт нарийн мэргэжлийн салбарт төвхнүүлэн ажиллуулах боллоо. Учир нь ийм ажилд олон зүйлийг нэг зэрэг хийж амжуулах байгалиасаа өгөгдсөн өгөгдөлтэй, бас нөөц бололцоотой мэргэжилтэн л тохирох билээ. Тодруулбал, эдгэр салбар нь үйлдвэрлэлийн зөвлөх, компанийн ПР шинжээч, хуулийн зөвлөх зэргийг багтааж байна. Эдгээр салбарт эмэгтэйчүүд дээд төвшний алба хашдагт нь гайхах зүйл алга.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА

Өнөөдөр та ажиглавал, гэрээсээ компьютерийн хэдхэн товч дараад л дэлхийн дайтай сэтгэж чадаж байгаа эмэгтэйчүүдийг харж болно. Учир нь эмэгтэйчүүд хаанаас ч юуг ч амжуулж хийж чаддаг төрөлхийн байгалийн зөнгөөрөө эдийн засгийн сор болсон шийдлийг бий болгож байна. Гайхалтай биш гэж үү. Эмэгтэйчүүдийн хүчин дээр суурилсан эдийн засгийн өсөлт хэдийнэ бидэнд үр өгөөжөө өгөөд эхэлснээр үүнийг баталж байна.

 

ИРЭЭДҮЙ ИЙМ БАЙНА

Бүсгүйчүүдийн ажил эрхлэлт ирээдүйд улам өсөн нэмэгдэх бөгөөд технологийн давуу талыг эмэгтэйчүүд л нийгмийн эрэлт хэрэгцээнд яг цав нийцүүлж чадна хэмээн судлаачид харж байна. Бүр тодруулбал, 2030 он гэхэд нийт ажил эрхлэлтийн 80 хувьд нь эмэгтэйчүүдийн оролцоо бий болох нь. Ингэхдээ Азийн орнуудын эдийн засгийн талбар нь эмэгтэйчүүдэд илүү ээлтэй байгааг судалгаанаас харж болох юм.
 

Эх сурвалж:entrepreneur.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар